sonin.mn

Эрх мэдэлд ойрхон эсвэл эрх мэдлийг гартаа атгасан хүмүүс хууль санаачлах эрхийг ч бас давхар эдэлдэг болохоор ард нийтээрээ дарга, цэрэг гэлтгүй захирагдах ёстой хуулийг төрийн томчууд үл тоож, хэрэв зөрчвөл зөрчсөн үйлдэлдээ тааруулан хуулийг засч, өөрчлөх нь өглөө босоод орой унтахаас ч амархан болсон байна.

Цэцэд дуудагдсан ч тоохгүй, та хууль зөрчсөн байна гэвэл "Аан тэгвэл хуулиа өөрчлөөд засчихая" гэдэг ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа бодохоор ардчилал гэж юу вэ гэсэн асуултад хариулт авмаар санагдана.

Төрийн томчуудын хууль зөрчсөн үйлдлийг хууль засах замаар зөвтгөдөг бол торгууль төлөөд өнгөрөх хэмжээнд хууль зөрчсөн жирийн иргэдийг бүтэн жил хууль, хяналтын байгууллагын үүд сахиулж, хуулийг мөрдүүлдэг. Хуулийг жирийн, иргэдэд мөрдүүлэхийн тулд гаргадаг бол төрийн томчуудын хувьд засахын тулд хууль баталдаг гэсэн ойлголт нийгэмд бий болоод байна.

Хэн хийдэд ойрхон байна, тэр бурханыг шоолдог гэдэг шиг хэн эрх мэдэлд ойрхон байна тэр төрийг балладаг гаж жишиг ардчиллын буянаар Монголд бий болсон нь улам шинэчлэгдэж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэгийн шилдэг нь болоод байна.

Төрийн зангараг хууль, хуулийн дор ард түмэн амьдардаг гэсэн ойлголт өдгөө төрийн аранга ардчилагчид, хуулийн зангараг Ардчилсан намынхан, ардчилсан намынхны дор ард түмэн ядуурна гэж ойлгогдох болов. Ардчилалд хамгийн ойрхон явсан хүмүүс ардчиллыг нугасалж байгаа нь ёстой л түүхийн тохуурхал гэгч байх даа.

Ардчилсан тертэй ардчилалгүй Монгол Улс өдгөе дарангуйлагч төртэй улсаас долоон дор самуурч, эдийн засаг нь өдөр ирэх тусам уналтад орж байхад төрийн томчууд нь л улам баяжиж "Амьдрал үргэлж сайхнаараа" хэмээн дуулцгааж байна.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин