sonin.mn

1970,1980-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан МУГЖ Ж.Уранчимэгийг "Эх үрсийн элбэрэл", "Ханийн дуу", "Оюутны намар" дуугаар нь ард түмэн андахгүй. Тэрээр 50 насны босго хэдийнэ давсан ч залуу сайхнаараа уран бүтээлээ туурвиж явна. Эстрадын нэрт дуучин маань "Орчлон дэлхийдээ бид жаргалтай" тоглолтоо тун удахгүй толилуулах гэж байна. Түүнийг энэ удаагийн “Гэргий" буландаа урьж ярилцлаа.

-Таны анхны амьдралыг мэдэх юм. Гэсэн ч та библи шүтэж явсныхаа хүчинд аз жаргалтай амьдрал угтсан гэж нэгэнтээ ярьсан байдаг?

-Би ханьтайгаа "Шинэ дуу" цуглаанд явдаг. Манай цуглаан ард түмэн, хүмүүсийн сайн сайхны төлөө үргэлж залбирдаг. Яаж зөв амьдрах, бусдыг яаж хайрлах, уучлах вэ гэж дандаа бурхны сургаалиа дагаж яваа болохоор бид амар тайван аз жаргалтай амьдарч байна.

Тоглолтын захиалга ч ер тасардаггүй.  Хаана л баяр наадам болж байна тэр бүхэнд бид хоёр 1960,1970-аад оны шилдгийн шилдэг, нөгөө л ард түмэндээ домог болсон мөнхийн сэдэвтэй дуунуудаа дуулж явдаг. Бид үнэхээр аз жаргалтай байна. Өнөөдөр би 55 насандаа амьдралын сайн сайхныг амталж байна.

-Та сүүлд хоёр дахь амьдралаа зохиосон. Энэ амьдрал тань зовсны эцэст жаргадаг гэдгийг харуулсан гэдэг?

-Би ертөнцийн эзнээсээ гуйсан. Хоёр охин маань том болж байгаа болохоор сайхан ханьтай болчих юмсан гэж бодож явсан. Гэтэл бурхан надад дуучин, драмын жүжигчин хөтлөгч сайхан хань заяасан. Тиймээс би агуу бурхандаа үргэлж талархаж явдаг. Бид 2005 онд ханилаад 2009 оноос уран бүтээл маань ид цэцэглэж анх хүмүүнлэгийн тоглолт хийж эхэлсэн.

Эмзэг бүлэг, асрамжийн газар, хүүхэд, өндөр настан, хорих ангиар явж алдаж эндсэн хүмүүст амьдрах итгэл, урам зориг өгөх зорилгоор эх орны хил, алс баруун хязгаараар явж хоёр жил тоглолтоо хийсэн.

Би тэднийг "Та нар маань сэтгэлээ битгий гундаа, та нарыг хань ижил, үр хүүхдүүд тань хайрлаж байгаа, нийгэм чинь хүлээж байгаа гэж тэднийг дандаа зоригжуулж урмын үг хэлж дуу хуураараа баясгадаг байсан.

Үүний дараа нийгмийн ажилтнууд нь манай хүмүүжигчид үнэхээр оюутан залуу насаа дурсч байна, анхны захидал, анхны хань, үр хүүхдээ дурсч байна гэж ярьдаг. Эндээс бид ч өөрсдөө урам авдаг. Тийм учраас бурхнаас өгсөн авьяасаараа бусдад хайр энэрэл бэлэглэж хүмүүнлэгийн тоглолт хийж яваадаа сэтгэл хангалуун байдаг.

-Хань тань таны сэтгэлийг юугаараа илүүд татсан бэ?

-Бид хоёр тоглолтоор явж байгаад танилцаж байлаа. Дахиад урлагийн ханьтай болно гэж бодоогүй. Бид хоёрын сэтгэл санаа үзэл бодол нийлдэг. Яагаад гэвэл нэг бурханд итгэдэг, бурхнаас эмээж амьдардаг. Тийм учраас манай гэр бүлийн амьдралд завхайрал, архидалт, бухимдал, худал хуурмаг байхгүй.

Үүн шиг амар тайван амьдрал алга. Би яг л энэ амьдралыг хүсч хайж эрж явсан. Хамтдаа бусдын хайрын төлөө үйлчилж бурхнаас өгсөн авьяасаараа ажиллаж амьдарч байна.

Хөдөө гадаа, Европын орнуудаас "Оюутны намар" дууг дуулдаг Урнаа гавьяат болж гэнэ, ирж тоглохгүй юм уу гэсэн хүсэлтүүд байнга ирдэг. Тийм учраас бид хоёрын тоглолт үргэлжлээд л байх болно. Өмнө нь би залуу насандаа амьдралын уйтгар гуниг, хагацал зовлонг хангалттай амссан.

Миний анхны хань "Соёл эрдэнэ" хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч н.Дамдин гэж хүн байсан. Энэ үед бид хоёр гадаад, дотоодоор олонтаа явж тоглолтоо хийдэг байлаа. Хань маань Эрдэнэт хотын Горняк соёлын ордонд ажиллаж байхдаа арав гаруй дуу зохиосон.

Бидэнд эндээс байр өгсөн. Ингээд л амьдрал ид цэцэглээд бага охин маань ой хүрээгүй, том охин маань дөнгөж гурван нас хүрч байхад хань маань 31-хэн насандаа бөөрний дутагдлаар хорвоог орхисон. Энэ үед жирийн нэгэн дуучин надад амьдралын хүнд цохилт болсон. Ханийнхаа зохиосон дуу болгоныг дуулаад үнэхээр сайхан байлаа.

Хоёр охиноо урлагийн хүн болгоно гэж мөрөөдөж ярьдаг байсан. Гэсэн ч би тэр бүхнийг даван гарч, хүүхдээ Соёлын яамны ясли, дотуур байраар дамжуулж сургасаар байгаад өдий зэрэгт хүргэсэн. Бидний жаргалтай мөчүүд богинохон ч гэлээ маш их зүйл үлдсэн байдаг.

-Хатанбаатар дуучин та хоёрын ижил төстэй чанарууд гэвэл?

-Бурхан хүнийг зөв ариун шударга амьдар гэдэг шүү дээ. Түүн шиг бусдыг уучлах, хүнийг хайрлах, амар тайван амьдрал энэ л хамгийн чухал. Энэ хайраар л бид хөглөгдөж явна.

-Гэр бүлийн санхүүгээ хэн нь барьдаг вэ?

-Ханиасаа хагацсанаас хойш 20 гаруй жил хүүхдүүдтэйгээ амьдарч ирсэн. Тэгээд л хөдөө гадаа тоглолтоор явах үедээ аавдаа хүүхдүүдийн энэ сарын хоолны мөнгө, хувцасны мөнгө гээд бүгдийг нь бичээд үлдээчихдэг байсан. Энэ мэтээр бүгдийг нь зохицуулж хөтлөөд сурчихсан.

Одоо ч хэвээрээ тоглолт хийх захиалгаа хөтөлдөг, хөдөө гадаа тоглосон тоглолтуудынхаа орлого гээд бүх санхүүгээ хөтөлдөг. Энэ дагуу хэнд туслах шаардлагатай байна гээд болж өгвөл бусдад өгч баярлуулах дуртай.

-Одоо охид тань аав ээжийнхээ авьяасыг өвлөөд урлагийн хүн болцгоосон гэсэн байх аа?

-Бага охин маань Хөгжим бүжгийн коллежоо амжилттай төгсөөд Геннисийн академийг онц төгсөөд ирсэн. Одоо хүргэн маань Хөгжим бүжгийн коллежид хийлийн багш, охин маань төгөлдөр хуурын багшаар ажиллаж байна. Хөөрхөн хүүтэй. Том охин маань ёочин хөгжмийн багшаар ажиллаж байна. Одоо үргэлжлүүлэн суралцаж байгаа.

-Хатанбаатар гуайтай суугаад ирэхэд анх хадмууд тань яаж хүлээж авсан бэ?

-Анх бид хоёр Хөх хотод хамт амьдарч ажиллаж байсан болохоор энд байгаа хүмүүс бараг мэддэггүй байсан. Сүүлд амралтаараа ирэхэд л мэдсэн байх. Сайхан хүлээж авсан. Таагүй сэтгэгдэл л лав төрүүлээгүй. Хадам ээж манай сүмд явдаг бас итгэгч хүн байгаа.

-Энэ удаагийн тоглолтыг олон олон онцлогтой гэж сонссон?

-Баярлалаа. Миний хувьд тоглолтоо хийх гээд маш завгүй байна. МУГЖ хэмээх эрхэм цолыг авчихаад зүгээр сууж болохгүй. Тийм учраас нэг жилийн хугацаанд 1960,1970,1980-аад оны ард түмний сонсох дуртай бүх дууныхаа найруулгыг шинэчилж цоо шинээр дуулсан байгаа. 15 дуутай цомогт ханьтайгаа хамтарч хийсэн таван дуу маань багтсан байгаа.

"Орчлон дэлхийдээ бид жаргалтай" цомог, гавьяат болсны, ханьтайгаа хамтарч уран бүтээл хийсэн гээд гурван баяр давхцаж байгаагаараа тоглолт маань онцлогтой. Би эстрад урлагт 35 жил зүтгэж байгаа. Одоо ч гэсэн дуулсаар, хөдөлмөрлөсөөр явна. Үргэлж шинийг эрэлхийлсэн уран бүтээл хийхийг цаг үргэлж эрмэлзэж явна.

-Та залуугийн л Урнаа дуучин хэвээрээ байх юм?

-Сэтгэл санаа өөдрөг.сайхан ханьтай учирсан юм чинь баярлахгүй хайрлахгүй, дуулахгүй яах юм бэ. Тиймээс энэ сайхан хайрыг ард түмэндээ түгээх ёстой. Хүн дотроосоо ч гаднаасаа ч гэрэлтэж явах ёстой гэж нэгэн мэргэн ухаантан хэлсэн байдаг.

Тийм учраас бид ард түмнийхээ өмнө хариуцлагатай сайн сайхан явах ёстой. Гаднах зүс царайнаасаа илүүтэй дотоод бодол санаагаа ариусгаж байж бурхны өмнө тааламжтай, бусдын өмнө зөв шударга байж, бусдад хүндлэгдэнэ, хайрлагдана.

-Амьдрал болсон хойно хааяа маргалдах үе гарна биз. Энэ үед хэн нь эхэлж буулт хийдэг бол?

-Бүх зүйл шулуун дардан байна гэж байхгүй шүү дээ. Амьдралд маргах, бухимдах санал зөрөх үе байлгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь зөв талаас нь зөв хандлагаар шийдвэл үр дүнд хүрнэ. Бид хоёрын хувьд ямар ч тохиолдолд биенээ уучилж чаддаг.

-Таныхаар айл гэрийн эзэгтэй ямар байх ёстой гэж боддог вэ?

-Нөхрийгөө маш их хүндлэх ёстой. Эрэгтэй хүнийг хайрлаж хүндлэх тусам эмэгтэй хүнийг хайрладаг юм билээ. Тийм учраас бид нөхрүүдээ хүндэлж байж тэр хүмүүсээс хайрыг авна. Энэ утгаар хүндлэх тусам хайр амттай болж ирдэг. Эргээд ханьгүй байсан өдрүүдээ бодохоор аймшигтай, яаж өдөр хоногийг өнгөрөөж байсан юм бол гэж боддог юм билээ.

Тийм учраас би өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хараад үнэхээр хайрлаж өрөвддөг. Тэдэнд залбирдаг. Манай цуглаанд ирээд тохирох хүнээ олоод аваасай гэж боддог. Нэгээс хагацсан ч гэлээ тэр чигээрээ явдаггүй юм байна.

Дараагийн амьдрал хүлээж л байдаг юм байна. Би ханиасаа хагацсаны дараа хувь тавилан ингээд л өнгөрлөө гэж бодож байсан. Гэтэл үгүй юм байна гэдгийг би өөрийн амьдралаараа мэдэрч байна. Хань маань надад өглөө болгон хайртай шүү гэж хэлдэг.

Д.Нэргүй

Эх сурвалж: