sonin.mn

-"Эртний домог шиг буурал тал

Эргэн тойрон чимээ алдана

Оддын дунд ижлээ үзсэн юм шиг

Шөнийн талд адуу янцгаана"...
хэмээх шүлгээрээ анир гүмхэн байсан Монголын их яруу найрагт цоо шинэ өнгө аяс оруулж ирсэн хүн бол Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Др.Нямаа билээ.

Энэ эрхэм цагаан нөмрөг өмсч эрүүл энхийн манаанд зогсдог шигээ бийр янтай нийлүүлж үгийн шидээр ард түмнийхээ оюуныг ундаалж байдаг билээ. Энэ эрхэмтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.

-Та "Цэцгийн мандал шиг охидын дунд сэлж явлаа, би" гэж шүлэглэсэн байдаг. Эрхэм найрагч таны залуу насны дурсамжаар ярилцлагаа эхлүүлмээр байна.

-Миний залуу нас Хүн эмнэлгийн техникумд өнгөрсөн. Цэцгийн мандал шиг гэж би сургуулийнхаа охидыг хэлсэн үг. Манай сургуульд арван найман аймгаас ирсэн цэцэг шиг сайхан охид суралцаж байлаа. Хөөрхөн хүүхэн болжуу би гэсэн шүлэг ч энд төрсөн. Анх энэ шүлгийг дуу болгоход дотроо дургүй л байсан. Харин одоо дуу болсны хүчинд шүлэг минь олон жил ард түмний дунд оршиж байна гэж боддог. Хүн эмнэлгийн техникумд би насны хань Отгонбаяртайгаа анх танилцаж ханилсан даа.

-Та ээжийнхээ тухай бичсэн номонд "Миний ээж жин тээдэг байсан" гэж бичсэн байсан. Ижийгээ дурсаач?

-Тийм ээ. Ээжийнхээ тухай ярихад, намар болгон сургуульд явахад хоёр нүдийг нулимас бүрхээд харж болохгүй болохоор нь нэлээн холдож байгаад эргэж харахад хойноос ээж минь сүү өргөөд бөмбийн цайвалзах гэрийнхээ гадаа бөртийтөл ганцаар зогсч үлддэг нь санаанаас гардаггүй юм.

Москвад сургууль төгсч ирснээс хойш олон жилийн дараа нэг өдөр ээж минь "Миний хүү Москва орж явахдаа багштайгаа уулздаг уу" гэж асууж билээ. Тэр нь "Багштайгаа уулзалгүй бол болохгүй шүү" гэсэн нэг ёсны сануулга байв.

Тэр сургууль миний амьдралд ямар их ач буянаа хайрласныг хажуугаас минь харж мэдэрсэн хүний үг байж дээ. Ээжийг бурхам болсны дараа хамгийн түрүүнд надад үгүйлэгдсэн зүйл гэвэл хар багаас минь чихэнд хоногшсон "Миний хүү" гэдэг үг байсан даа.

-Та эмч болох сонирхолдоо хөтлөгдөн Хүн эмнэлгийн техникумд анх элссэн үү?

-Би төрсөн ганц ахтай. Ах минь тэр үед Хүн эмнэлгийн техникумд оюутан байлаа. Би тэр үед долдугаар анги төгссөн байсан. Амьдралын нөхцөл шаардлагаар наанадаж л нэг гэрт суух хэрэг гарна даа. Тэгээд л ах минь намайг дагуулж ирээд өөрийнхөө сургуульд бүртгүүлж шалгалт өгүүлсэн.

Аавын удирдамж гэж байгаагүй учраас би ахын үгнээс ер гардаггүй. Би аавтайгаа тусдаа өссөн. Ах минь намайг Горькийн сургуульд л дагуулж яваагүй болохоос амьдралд намайг замчилж явсан даа.

-Горькийн нэрэмжит утга зохиолын сургуульд суралцсан хийгээд уран зохиолтой амьдралаа холбосон дурсамжаасаа хуваалцаач?

-За яривал ч их дурсамж байна. Горькийд манайхан анх нэрд гарсан зохиолчдоо сургадаг байсан юм билээ. Гэтэл нөгөө архи уугаад сурсан нөхөд тэнд хэрүүл, зодоон хийгээд зөвлөлтийн нөхөдтэй эв түнжин алддаг, хөөгдөх гээд олон шалтгаан татах болж. Хэд хэдэн зохиолч ийнхүү Горькийн сургуулиас хасагдсан.

Тэгээд манай Зохиолчдын хороо нэрд гарсан зохиолч явуулах нь дэмий гэж үзээд зохиолч болох авьяастай, дунд мэргэжлийн, хөдөө гадаа ажилласан хүнийг явуулах нь зүйтэй гэж үзэх болсон. Энэ үетэй зэрэгцээд би өрөгдөл өгөөд явсан даа. Монголынхоо олон зохиолчтой тэнд л танилцсан. Энэ сургуульд манай зохиолчид олон сайхан бүтээлээ тууривсан.

Тухайлбал, Д.Намдаг "Хөгшин чоно ульсан нь" тууж, Д.Пүрэвдоржийн "Чингис", "Тусгаар тогтнол" найраглалууд С.Дашдооровын "Монгол" найраглал гээд дурдаад байвал олон зохиол Горькийн сургуулийн байранд мэндлэсэн дээ. Ер нь Монголын утга зохиолын түүх Горькийн сургуультай салшгүй холбоотой гэж би хувьдаа бодож явдаг.

-Яруу найрагч хүн мөнгө, алдар нэрэнд дургүй гэсэн тодорхойлолт танд л тохирсон мэт санагддаг.

-Би эдийн шуналгүй атлаа номын шуналтай хүн. Горькийн сургууль төгсөхдөө хоёр чемодан номтой ирж байлаа. Өдөр бүр би сонин худалдаж авдаг. Ингээд ном цуглуулаад, сонин уншаад ирэхээр хүн бусад зүйлд сатаарахгүй болдог юм шиг санагддаг. Ер нь би сонин уншилгүй нэг ч хонож чаддагүй хүн дээ.

-Таныг Д.Пүрэвдорж найрагчийн Сайхан хотын хөөрхөн хархүү байсныг хүмүүс тэр бүр мэдээгүй. Монголчуудын сэтгэлд хоногшсон найраглалын баатар болсон түүхээсээ уншигчдад сонирхуулбал?

-1969 оны аравдугаар сарын дунд үеэр Баянхонгор аймагт болох Уран үгсийн чуулганд оролцохоор зохиолч С.Удвал, Ч.Чимид, Д.Пүрэвдорж, С.Дашдооров нарын хэсэг зохиолчдын хамт миний бие радиогийн сурвалжлагчаар явсан юм. Бид Шинэжинст сумын Бүгийн хоолой гэдэг үлэг гүрвэлийн яс олноор олдсон байгалийн өвөрмөц тогтоц бүхий газраар явж танилцлаа.

Ийн явахдаа Надмид хэмээх эмэгтэйн гэрээр орсон юм. Биднийг ийнхүү үймж шуугиж байх хооронд тэмээ хариулж явсан охин нь ирлээ. Арван зургаан настай тэр охиныг Сүхбат гэдэг юм байна. Тэрбээр тогоон дээрээс цагаан шанаганд сүү хутган авч гарав. Хойноос нь түүнийг дагуулан харвал гэрийн онгорхой үүдээр халиун хонгор зүсмийн унага бололтой юм харагдлаа.

Гэтэл тэр нь хулангийн унага юм байж. Түүнийг нялхад нь мал хариулж явахдаа Сүхбат олжээ. Зэлүүд хээрийн онгон ээрлэг амьтан шанаганаас сүү ууж байгаа нь нэг л хөөрхий өрөвдөлтэй санагдав. Амьтны үр зулзага гэхээр хөөрхөн санагдаад "Ээ золиг оо" гээд хоншоор дээр нь үнсээд орхив. Бас ч гэж хөөрхөн цагаан шидмэсэн ногттой юм.

Тэр ногтон дээр нь нэг гоёмсог зүйл баймаар санагдаад cap гаруйхны өмнө Эрхүүд аялж явахад "Восточно-Сибирская правда" сонины газраас дурсгасан ойн тэмдэг энгэрт явааг нь санаж түүнийгээ аваад ногтных нь хамар дээр хадчихлаа. Баруунаа ташиж байгаа нарны гэрэлд тэр "50" гэсэн тоотой алтан шаргал тэмдэг медаль аятай гялалзаад хөөрхөн харагдаж байв.

Айл ч биднийг дайллаа. Архи дарсаа ч задаллаа. Тэгээд бид хэзээний танилууд шиг сүү цацал хойноосоо өргүүлсээр тэднийхээс холдлоо. Их удаагүй гүү барьсан нэг айлд буулаа. Түрүүчийн айлд дөрөө чангалаад мордсон манай нөхдийн яриа нэлээд хөгжөөнтэй болсон байв. Тэгсэн чинь "Охин үнсэх гээд эс чадахдаа унаганы хамар үнссэн, тэмдэг дурсгах гээд булзааруулахдаа унаганы ногтонд зүүсэн" гэх маягийн үг яриа гарсан.

С.Удвал гуай ч гэсэн талархах царайтай. Тийм нэгэн яриа болж байснаа Удвал гуай "Саяны айлд нэг хүлээн авагч авч өгье гэж бодож байна, зөвшөөрнө биз дээ" хэмээн биднээс асуув. Говийн хоёр эмэгтэйд санаа тавьсан С.Удвал гуайн саналыг бид дэмжив.

Ер нь С.Удвал гуай их гярхай хүн байсан. Сэгс цагаан Богдоос буцаж ирээд би радиогийн сурвалжлагчийн хувьд "Зохиолчид Баянхонгор аймагт" гэсэн 30 минутын нэвтрүүлэг бичиж 1969 оны аравдугаар сарын 31-нд Монголын радиогоор нэвтрүүлсэн.

Энэ үеэр Шинэжинстийн нутгаас Сүхбат надад захидал илгээлээ.

Захианд: 1969.10.29.

Хүндэт Д.Нямаа таны амрыг эрье. Та нараар дамжуулан манайд ирсэн ах эгч нарын амрыг эрье. Та бүхэн сайн явж хүрсэн үү. Одоо биесүүд сайн уу? Манай нутгаар дулаан урт намар болж байна. Би тэмээгээ хариулж та нарын явсан мөрөөр Бүгийн хоолой хааяа орох юм даа.

Та бүхэн миний нүдэнд харагдаж байх юм. Хулангийн унага надаас өвс сүү нэхээд л явж байна. Авах гээд хүн хүрээд ирэх болов уу гээд л бодох юм, харах юм. Та нарын өгсөн хүлээн авагч манай гэрт хотын сонин сайхныг сонсгож байна. Таны соотонд зүүсэн "50" тоотой тэмдгийг би аваад зүүчихсэн. Намайг манай дарга "Захиа бич" гэсэн ёсоор би бичлээ. Уучлаарай Танд эрүүл энхийг ерөөе. Ажлын амжилт хүсьө.

ЁСОЛСОН
СҮХБАТ



Энэ эахидлыг аваад би хариу бичсэн эсэхээ санадаггүй юм. Удалгүй Д.Пүрэвдорж гуай нэг өдөр үдийн цайны цагаар намайг гэртээ дуудлаа, Намайг очиход сая дөнгөж гараас гаргаад байгаа "Сэгс цагаан Богд" найраглалаа уншлаа. "Энэ охиноос чинь надад захидал ирсэн шүү дээ" гэвэл "Үзэх юмсан. Юу гэж байгаа бол" гэж хэлснээс нь хойш тун удалгүй уг найраглал "Үнэн" сонины 1969 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн дугаарт гарсан юм.

Түүнээс хойш аль хэр удсаныг мэдэхгүй Сүхбатаас хоёр дахь захидал ирсэн нь гунигтайхан үг үсэгтэй байсан бөгөөд хамгийн гол нь "Соотонг минь хүн буудаад алчихсан" гэсэн нь сэтгэл сэртхийлгэж билээ. Шувуу нисэхээргүй их говийн арван зургаахан настай охины хагацал харууслыг би зүрх сэтгэлдээ мэдэрч байлаа.

Сүхбатын тэр захидлын тухайд би Д.Гармаад дурсах төдийд тэрбээр "Алдуурсан унага шиг бага нас" гэдэг өгүүлэл бичсэн юм билээ. Өнгийн харандаагаар хоёр хөөрхөн цэцэг зурсан тэр захидлыг үрэгдүүлсэн нь харамсалтай.

-Сэгс цагаан богдын баатрууд 44 жилийн дараа эргэн уулзахад танд ямар сэтгэгдэл төрж байв?

- 2013 оны намар Сэгс цагаан богдод Сүхбатынд очсон. Биднийг очиход Сүхбат малд яваад эзэнгүй байлаа. Нар шингэх үед Сүхбат тэмээ унаад ирж явсан. Телевизийн нөхөд ч намайг "Тосоод яв" гэж байна. Би ч ичиж бишүүрхээд байв. Гэсэн ч яая гэхэв, явлаа. Тэр бүсгүй намайг тэмээн дээрээс гайхсан янзтай харна.

-Таньж байна уу гэсэнд тэрбээр

-Танихгүй байна... гэлээ

-Буугаад ир, хоёулаа золгоё гэлээ,

Тэмээнээсээ босоо буугаад (тэмээг хэвтүүлэлгүй буух) хүрч ирэхээр нь золгож үнсээд

-Би яруу найрагч Нямаа гэдэг хүн байна гэсэнд тэрбээр танимхайрч "Даанч үзсэн хүн харагдаад байсан юм. Телевизээр гарахыг тань уг нь бишгүй хардаг л даа" гэв.

Ийнхүү "Сэгс цагаан Богд" найраглалын гол баатрууд болж уран зохиолоор "нэр холбогдсон" бид хоёр 2013 оны аравдугаар сарын 23-ны үдээс хойш Шинэжинстийн аглаг буйд говьд анх удаа хээр нүүр учирлаа. Тэр үед бидэнтэй хамт явсан Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Д.Амбасэлмаа хотод ирээд телевизийн нэвтрүүлэг хийж, сонинд бас бичсэн байв.

Миний хувьд гэвэл Сүхбатыг сайн танихгүй хэрнээ нэг л сэтгэл догдолж, хоолой зангирах шиг болсон. Гэхдээ надад Сэгс цагаан богд найраглал Сүхбатыг хувь хүн талаас нь илүү боловсронгуй болгосон мэт сэтгэгдэл төрсөн.

- Д.Нямаа гэдэг найрагчийн нэрийн хуудас болсон "Шөнийн талд адуу янцгаана" гэсэн шүлгээрээ та Төрийн шагнал хүртсэн байх аа?

-Энэ шүлгийг би 1967 онд бичсэн. Тэгэхдээ мундаг шүлэг бичлээ гэж бодоогүй. Дөчин хэдэн жил өнгөрсөн ч гэлээ энэ шүлгийг цаг ямагт миний бүтээлийн оргилд тавьж ирсэн. Би 1993 оны долдугаар сард "Тэнгэрийн хаяа", "Шөнийн талд адуу янцгаана" түүврээрээ Төрийн шагнал хүртсэн.

- "Хэн хэнээсээ холдохгүй Талын хоёр уул Хэзээ ч гэсэн ойртохгүй Дууны хоёр уул" гэсэн шүлэг өвөрмөц санагддаг. Та энэ шүлгийг хэн нэгэнд зориулж бичсэн үү?

-"Аргалын уул" шүлгийн талаар ярьж байх шиг байна. Энэ шүлэг чинь ер нь орчин цагийн хэллэгээр "Нууц амрагийн" тухай шүлэг. Сүүлчийн мөрүүдийг уншаад үзвэл "Хэн хэнээсээ холдохгүй ч, Хэзээ ч гэсэн ойртохгүй" гэж байгаа. Түүнээс хэн нэгэнд зориулаагүй.

-Таныг Сайд нарын зөвлөлд референтээр ажиллаж байсан гэж сонссон. Одоогийнхоор бол улс төрийн албан тушаал. Тухайн үедээ улс төрд үлдэж болох байсан уу?

-Би тухайн үеийн сайд нарын зөвлөлд референтээр ажиллахаасаа өмнө Монголын радиод ажиллаж байсан. Радиод ажиллаж байхдаа өгүүлбэрийн хаана таслал, тодорхойлох цэг, дундуур зураас бичихийг тэр бүр анхаардаггүй байснаа референт болоод мэдсэн. Сайд нарын зөвлөлд байхдаа найруулга зүй, зөв бичгийн дүрмийг ягштал баримталж сурсан. Дараа нь би "Залуучуудын үнэн" сонины эрхлэгч болж очиход энэ сурсан эрдэм минь их хэрэг болсон доо.

-Та сонины эрхлэгч хүртэл дэвшин ажилласан Монголын туршлагатай сэтгүүлчдийн нэг. Өнөөгийн хэвлэл мэдээллийн салбарыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Хамгийн тод анзаардаг зүйл гэвэл, сонин хэвлэлийн хэлний найруулга зүй байна. Монгол хэл өнөөдөр ямар нэгэн байдлаар ядуурсан шиг санагддаг. Энэ нь монгол ахуй, аж амьдралаасаа холдсонтой холбоотой байх. Ингээд холдоод ирэхээр үг хэллэгүүдийг мартаж, хаяж эх хэлээ ядууруулдаг. Монголын сэтгүүлзүйд өдөр тутмын хэвлэл олон байна.

Олон хэвлэлийг дагаад олон сэтгүүлчид гарч ирдэг. Сэтгүүлчид олон болоход тэдний чанар сайжирдаг. Гэхдээ чанаргүй сэтгүүлчид олширвол сонинг чанаргүй болгодог. Одоо тэрбээр УИХ-д байна уу нэг сэтгүүлч охин "Хонины ширэнд боосон" гэж бичиж байсан. Бодын шир, хонины арьс гэж ярьдаг.

Ингэхээр нэг үгийн алдаанаас болж тэр сэтгүүлчийн материал үнэгүй болдог. Өнөөдөр сэтгүүлчид дандаа мууг олж хараад байх хандлага ажиглагддаг. Дандаа муу муухайг бичвэл хэлтгий болдог. Тийм учраас сайн зүйлийн талаарх гэрэлтэй бичлэг үгүйлэгдээд байх шиг. Тэгэхээр тэнцвэрийг нь тааруулж бичих хэрэгтэй.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин