sonin.mn

Судалгааны мэргэжлийн байгууллага болох “New Era” төвөөс 2014 оны эхний улирлын нийгэм, эдийн засаг, улс төрийн судалгааг хийжээ.Улаанбаатар хот болон найман аймгийн нийт 2200 иргэдийг шууд санамсаргүй түүврийн аргаар түүвэрлэн үнэн бодит мэдээлэл авах боломжийг ханган ажиллалаа. Цаг хугацааны хувьд 2014 оны 3 дугаар сарын 25-аас 4 сарын 5-ны хоорондох  хугацааг хамрав.
 

Судалгааны ажлын зорилго нь нийгэм, эдийн засаг, улс төрийн тулгамдсан асуудлын талаар олон нийтийн санаа бодлыг тандах, улс төрийн нам болон улс төрчдийн рейтингийг тогтооход оршино.  Энэхүү судалгааны дүнг өөрийн байгууллагаас өмнө хийгдсэн судалгааны дүнгүүд болон Стратеги академи, Сант марал сан, MPO  зэрэг судалгааны мэргэжлийн байгууллагын гаргасан дүнтэй харьцуулан зарим шинжилгээ, дүгнэлтийг хийсэн болно.

Судалгааны ажлын товч хураангуйг та бүхэнд үндсэн 3 бүлэгт хуваан хүргэж байна.
 

Нэг. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн талаархи иргэдийн үнэлгээ

Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар нийгэм, эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудал бол бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт(21.6 хувь), валютын ханшийн өсөлт (19 хувь), авилга, хээль хахууль(12.3), орон сууцны үнийн өсөлт(11 хувь) зэрэг сонголтыг иргэд түлхүү хийсэн байна. Хүснэгт 1-ээс харна уу.

Эндээс харахад улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудал нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шууд хамааралтай. Үнийн өсөлт нь иргэдийн амьжиргаанд шууд нөлөө үзүүлж улмаар нэн даруй шийдвэрлэх шаардлагатай асуудал болсон байна. Өмнөх хийгдсэн олон байгууллагын судалгаануудад замын бөглөрөл, ажилгүйдэл, нийтийн тээвэр, агаарын бохирдол гэх мэт асуудал жин дардаг байсан бол энэ удаад үнийн өсөлт, валютын ханшны өсөлт хамгийн тулгамдсан асуудал болсон гэдгийг олон нийт нэрлэсэн.
 

Судалгаанд оролцогчдын улс орны эдийн засгийн байдлын талаарх байр суурь ихээхэн сонирхол татаж байна. Судалгаанд оролцогчдын 4 хүний 1 нь эдийн засаг сэргэх найдвар байгаа(25.6 хувь) гэж үзсэн бол, таван хүн тутмын 1 нь эдийн засгийн тогтвортой байдал нэн чухал(20.6 хувь) гэж тус тус үзсэн. Харин эдийн засаг муудаж байгаа гэсэн үнэлгээг судалгаанд оролцогчдын 19,5 хувь, эдийн засаг сайжирч байгаа гэсэн өөдрөг хандлага 18,8 хувьтай байна. Хүснэгт 2-оос харна уу.

 Эдийн засаг сэргэх, үүссэн бэрхшээлийг даван туулах шаардлагатай гэсэн иргэдийн хүлээлт маш өндөр байгааг судалгааны дүн харуулж байна. Иргэдийн дунд Оюу толгойн төсөл, Таван толгойн төсөл, Чингис бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг ажлын үр дүн удахгүй гарч иргэдийн амьжиргаанд бодит үр дүн өгнө гэсэн хүлээлт өндөр байгаа нь анзаарагдаж байлаа.
           

Хоёр. Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд өгөх иргэдийн үнэлгээ

Судалгаанд оролцогчдоос одоогийн Засгийн газрын хамгийн том алдаа, хамгийн сайн амжилтыг нэрлүүлсэн. Нийт судалгаанд оролцогчдын 21.5 хувь нь аймгуудыг холбосон зам болон нийслэлд хэрэгжүүлсэн гудамж төслийг хамгийн том, иргэдэд хүрсэн амжилттай хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон гэж дүгнэсэн. Мөн иргэний бүртгэлийн шинэчлэл(17.5 хувь), ТҮЦ машин(13.4 хувь) зэрэг арга хэмжээ нь иргэдэд үр дүнгээ өгсөн гэж үзсэн. Үр дүнг хүснэгт 3-аас харна уу.

 Мөн олон нийт иргэдэд үйлчилдэг цагдаагийн байгууллагын шинэчлэл, хотын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, оношлогооны төвүүдийг амжилттай, иргэнд хүрсэн ажил болсон гэж багагүй хувь нь үзсэн байна.

Дүгнэж үзвэл энэ Засгийн газар нь иргэд, олон нийт рүү чиглэсэн ажлуудад түлхүү амжилт олж байгаа нь харагдаж байна. Харин энэ Засгийн газрын хамгийн том алдаагаар валютын ханшын өсөлт(22 хувь), өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт(19.5 хувь) гэж тус тус үзсэн байна. Мөн эдийн засгийн хүндрэл (13 хувь), тэтгэвэр тэтгэмж нэмээгүй(11.5 хувь), Чингис бондыг буруу зүйлд зарцуулсан(8 хувь) зэрэг сонголтууд багагүй жин дарж байна. Хүснэгт 4-өөс харна уу.

 Эндээс дүгнэж үзвэл энэ Засгийн газрын хамгийн том алдааг олон нийт үнийн өсөлт, эдийн засгийн байдалтай холбон тайлбарлаж байна. Энэ алдаа гэж үзэж байгаа хүчин зүйлс нь нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудалтай шууд хамааралтай байгаа нь ажиглагдав.

Харьцуулалтын аргаар 2000 оноос хойш ажилласан Засгийн газрын үйл ажиллагааны талаар олон нийтийн санаа бодлыг тандсан. Судалгаанаас үзэхэд одоогийн ажиллаж байгаа Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн засгийн газар(25.5 хувь), С.Баярын тэргүүлж байсан хамтарсан Засгийн газар(21,2 хувь) зэргийг олон нийт хамгийн сайн ажиллаж байгаа болон ажилласан гэж үзсэн байна. Харин эсрэгээр хамгийн үр дүн багатай  ажилласнаар М.Энхболдын тэргүүлсэн Их эвслийн Засгийн газар(8.6 хувь), Сү.Батболдын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар(13.2 хувь) гэж тус тус үзсэн байна. Үр дүнг хүснэгт 5-аас харна уу.

 Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааг бусад 5 засгийн газраас сайн гэж үзсэн шалтгаан нь иргэдэд нээлттэй, үйл ажиллагаа ил тод, иргэд, олон түмэнд чиглэсэн бүтээлч, ажил хэрэгч байдал зэрэг юм. Эдгээр нөхцөл нь өмнөх засгуудаас өндөр үнэлгээ авах боломжийг бүрдүүлсэн гэж үзсэн байна. Харин С.Баярын тэргүүлсэн хамтарсан Засгийн газар нь Оюу толгойн гэрээ, улсын бүртгэлийн шинэчлэл, атарын аян зэргийг нэрлэсэн байна.
 

Н.Энхбаярын тэргүүлсэн засгийн газар болон Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн засгийн газар тухайн үеийн хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулсан, лидер дагасан хүчтэй байр суурьтай ажиллаж байсныг судалгаанд оролцогчид дурьдсан.
 

М.Энхболдын тэргүүлсэн Засгийн газрыг тодорхой бүтээлч ажил хийгээгүй, олон нам, улс төрчдийг амбиц, нам, бүлэглэлүүдэд үйлчилсэн, чиглэсэн үйл ажиллагаа явуулж байсан. Харин Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар нь ил тод бус, лидергүй ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй гэж дүгнэсэн байна.
 

Гурав. Улс төрийн нам, улс төрчдийн рейтинг

Судалгаанд оролцогчдоос улс төрийн намын рейтингийг авч үзвэл Ардчилсан намын төлөө(42.1 хувь), Монгол Ардын намын төлөө (24.5 хувь), Монгол ардын Хувьсгалт намын төлөө (11.2 хувь) гэсэн үндсэн 3 бүлэгт хуваагдсан. Улс төрийн намын тухай олон нийтийн хандлага нь 2 том намд хуваагдсан байгаа нь сүүлийн жилүүдийн сонгуулийн үр дүн болон бусад судалгааны дүнгээр батлагдаж байна. Сүүлийн  2 жилийн судалгааны дүнгээс харахад гуравдагч хүчний орон зайг МАХН эзэлж байгаа дүр зураг гарч  байна. Харин ИЗНН болон МҮАН-ын рейтинг өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан байдал ажиглагдаж байна. Хүснэгт 6-аас харна уу.

 Ардчилсан намын нэр хүнд өндөр байгаа нь эрх баригч хүчний явуулж байгаа бодлого, шийдвэртэй шууд холбоотой. Нийслэл, зарим аймгуудад АН-ын нэр хүнд тогтвортойгоор өссөн нь УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагуудын зүгээс хийж хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаатай шууд хамааралтай. Харин МАН-ын нэр хүнд өмнөх судалгаатай харьцуулахад буурсан. МАН-ын үйл ажиллагааг олон нийт төдийлөн мэдрэхгүй байгаа нь судалгаанаас харагдаж байна. Эсрэгээрээ МАХН-ны нэр хүнд 2 пунктээр өссөн дүнтэй байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр улс төрд оролцох тухай хэвлэл мэдээллээр гарч байгаа таамаглал иргэдийн дунд зохих хэмжээний хүлээлт үүсгэсэн нь тус намын нэр хүндийн зохих хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн байна.
 

Судалгааны дүнгээс дүгнэж үзэхэд АН-ын нэр хүнд Улаанбаатар төдийгүй хөдөөд тогтвортой нэмэгдсэн, МАН-ын нэр хүнд эсрэгээрээ 3 пунктээр буурсан, МАХН улс төрийн намын гуравдагч хүчний орон зайд өөрийн гэсэн байр суурь эзлэсэн зэрэг зураглал гарч байна. Харин олон нийтийн хувьд бусад жижиг намуудын нэр хүнд төдийлэн өссөн эсвэл буурсан дүр зураг харагдахгүй байна.

Монгол улсад их зүйлийг хийж бүтээх шилдэг 10 улс төрчийг нийт судалгаанд оролцогчид дараахь байдлаар нэрлэсэн. Тус жагсаалтыг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг(12.3 хувь) тэргүүлж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (11.2 хувь) удаалсан, УИХ-дарга З.Энхболд (8.4 хувь) гуравдугаар, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ (8.2 хувь), Хотын дарга Э.Бат-үүл(7.1 хувь) нар айргийн тавд багтсан. Харин шинээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин (4.8 хувь), МАХН-ын дарга Н.Энхбаяр(3.8 хувь), УИХ-ын гишүүн Р.Амаржаргал(3.8 хувь), УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд(2.3 хувь) нарыг шилдэг 10 улс төрч гэж нэрлэсэн байна. Хүснэгт 7-оос харна уу.

 Дээрх хүснэгтээс харахад долоо хоног бүр хийсэн ажлаа олон нийтэд тайлагнаж, олон ажлыг санаачилж, хамгийн их нээлттэй ажиллаж байгаа Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг олон нийт шилдэг улс төрч буюу хамгийн өндөр рейтингтэй улс төрч гэж нэрлэсэн байна. Сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн ажлуудаа хэвлэл мэдээллээр нээлттэй олон нийтэд хүргэж байгаа нь түүнийг шилдэг улс төрчдийг тэргүүлэхэд зохих үр дүнгээ өгсөн. Ерөнхий сайдын нэр хүнд өмнөх судалгааны дүнгээс 5-6 пунктээр өссөн дүнтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд шилдэг улс төрчдийг удаалсан нь түүний авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль санаачлах, шударга ёсыг бий болгох, ухаалаг төр, олон нийтийн оролцооны чиглэлээр сайн ажиллаж байгаа гэж олон нийт дүгнэсэн байна. Ерөнхийлөгчийн нэр хүнд тогтвортой хадгалагдаж өмнөх судалгааны дүнтэй ижил түвшинд байна.
 

Харин шилдэг 10 улс төрчийн эхний 3-т УИХ-ын дарга З.Энхболдыг нэрлэсэн байна. УИХ-ын хууль тогтоох, хуулийг олон нийтэд тайлбарлан таниулах, орон нутагт өөрийн гэсэн имиж бүрдүүлж чадсан гэдгийг судалгаанд оролцогчид тэмдэглэж байлаа.

Харин шилдэг улс төрчийн 4 дүгээрт МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэрлэсэн. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд түүний нэр олон нийтэд улс төрч гэдэг агуулгаараа хангалттай танигдаж чадсаныг илтгэж байна.

Мөн олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн улс төрчид буюу Э.Бат-үүл жагсаалтын айргын тавд жагссан байна. Хотын дарга Э.Бат-Үүлийн  хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь  иргэдэд хүрч байгаагын илрэл болон шилдэг улс төрчдид багтсан дүн гарсан байна.
 

Гуравдагч хүчин болох МАХН-ын дарга Н.Энхбаяр жагсаалтанд багтаж байгаа нь хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч гэдгийг харуулж байна. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарын хувьд олон нийтэд таалагдсан зөв шударга, баяр суурийг илэрхийлдэг. Зөв улс төрийн имиж бүрдүүлсэн ирээдүйтэй улс төрчид гэж олон нийт дүгнэсэн байна.

Эндээс дүгнэж үзэхэд Н.Алтанхуяг, З.Энхболд, Б.Бат-Эрдэнэ нарын нэр хүнд байнга өссөн үзүүлэлттэй, Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл, Р.Амаржаргал нарын нэр хүнд тогтвортой, хадгалагдсан, Н.Энхбаяр, Х.Тэмүүжины нэр хүнд сүүлийн 1 улирлын хугацаанд бага зэрэг өссөн, М.Энхболдын нэр хүнд өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан нь сонирхол татав.
 

Улс төрийн намуудаар авч үзвэл эрх баригч Ардчилсан хүчний лидер улс төрчдийн нэр хүнд тогтвортой өссөн, эсрэгээрээ МАН-ын лидер улс төрчдийн нэр хүнд буурсан. Хүлээн зөвшөөрөгдсөн зарим улс төрчдийн рейтинг тогтвортой байна гэж дүгнэж болохоор байна.

                                              

Нийгэм улс төрийн судалгааны байгууллага  “New Era” төв

 Хөдөө аж ахуйн хоршоологчдын байр, 405 тоот