sonin.mn

Хачин багшийн эрдэм

Онгийн хүрээний /Сайн ноёны хүрээ/ Хачин багшийн багын нэг дүрээр тодруулж 14 настай хүүг Төвдөөс залж иржээ. Хүүг хашир догь, ном эрдэмтэй хэд хэдэн лам нар залсан бөгөөд замдаа элдвээр сонжиж байсан гэнэ. Монголд орж ирээд оройхон нэг хот айлын хажуугаар гарч явтал лам хүү сэлмэн эвэртэй ухнуудыг хараад "Энэ юун сүртэй амьтад явна вэ?" гэж асуухад бараа бологчийн нэг нь "Багш минь ийм нэг аймаар амьтан буй болоод байгаа юм. Эвгүй муухай дуугаран хүн амьтан айлгаад байгаа" хэмээн айлтгажээ.

Тэд холгүйхэн яваад хоноглож гэнэ. Ламтан маргааш өглөө нь босоод удаагүй байтал нэгэн морьтой хүн ирж түүнд хадаг барин бараалхаж "Болгоож хайрла. Урд шөнө гурван сайхан ухна минь үхээд хоножээ" гэж айлтгажээ. Байдал эвгүйтсэнийг мэдсэн бараа бологчид ламын өмнөөс нөгөө хүнд элдэвлэн хандаж уншлага уншиж, арц утлага зэргийг өгч сахиусандаа болгооно хэмээн явуулжээ. Тэд явсаар хүрээний ойролцоо ирэн тусгай гэрт байрлаж гэнэ.

Нэг бараа бологч нь үнэр орсон гуулин домбоо гэр дээр оосорт хавчуулан тавьсан нь салхинд дүнгэнэн элдэв дуу авиа гаргаж эхэлжээ. Тэрхүү авиаг лам хүү гэнэт сонссоноо "Энэ юу дуугараад байна вэ" гэхэд бараа бологч нь бас л сонжихоор "Багш минь манай энд ийм нэг дуу авиа гардаг болчихоод байгаа юм" гэхэд лам хүү хэсэг зуур ном уншсанаа тарнидаж орхитол нөгөө домбоны чимээ нам болчихож гэнэ.  

Гараад хартал домбоны нь ёроол цоо үсрээд, ямар ч дуу чимээ гарахааргүй болсон байсан гэдэг. Олон хоногоор ингэж сонжиж явсан бараа бологчид нь лам хүүгийн ном эрдэм, увидас чанарыг гайхан биширч байв. Гэсэн ч тэд дахин нэг сайн сонжихоор үгсээд хүүд "За багш минь маргааш та анх удаа Цогчин дуганд морилж, түмэн олонд ном айлтгана. Дуганд орохдоо 1000 зулыг зэрэг мандаах учиртай" гэж айлтгажээ.

Лам хүү "Тэр чинь харин амаргүй ажил байна даа" гэснээ өдөр, шөнийн турш тасралтгүй ном уншиж, цаг нь болоход чимээгүйхэн хувцаслан, бараа бологчийн зөвлөснөөр Цогчин дуганд морилохоор дөнгөж босго алхангуут дуганы бүх зул бадран мандаж, сүсэгтэн олныг бишрүүлсэн гэдэг. Энэ мэтээр хачин багшийн ном эрдэм түмэн олонд түгсэн түүхтэй.

Гомбогүр бурхныг залж ирсэн нь

Автай сайн хан Монголд шашныг дэлгэрүүлэхийг зорьж Төвдийн Далай ламтай уулзаж ёс гүйцэлдүүлээд Гомбогүр гэдэг бурхныг нутагтаа залахаар авч явахаар болжээ. Ярьсан ёсоор хаан явах өглөөгөө Гомбогүр бурхнаа бараа бологчдоор өргүүлэн гаргах гэсэн чинь зөвхөн цээжин бие нь зүтгээд бөгсөн бие нь хөдөлсөнгүй гэнэ.

Гэтэл Автай сайн хаан сэлмээ суга татан "Дуртай цээжийг нь авлаа. Дургүй бөгс нь үлдэг" гэж бурхныг хөндлөнгөөр нь тас цавчаад цээжин хэсгийг авчран Эрдэнэзуудаа залжээ. Өнөө ч дундуураа хөндлөн цавчуулсан мэт Гомбогүр бурхан шүтэгдсээр байна.

Гомбогүр бурхан орилсон нь

Галдан Бошигтын цэргүүд Халхад довтлон тэр үеийн шашны том төв Эрдэнэзууд нэвтрэн оржээ. Сүм дугануудын дотоод тавилга, ном судар, тахил тэргүүтнийг эвдэж бусниулан сүйтгэсээр Гомбогүр бурхны дэргэд очоод хурц жадаар мэлмийг нь хатгах гэтэл хачин муухай орилжээ. Бурхны орилох дуунаар Галдан Бошигтын цэргүүд айн балмагдаж, үүнээс хойш сүр сүлд нь ягуухан унасан гэдэг.

Мөн Эрдэнэзуугийн Цогчин дуганы үүдэн дэх чулуун нохой хуцаж, ер бусын айдас ёрложээ. Тэр нохойны хөлийг Ойрдын нэг жанжин тас цавчсан чинь нохой улам чангаар хуцаж бүгдийг цочирдуулсан гэдэг. Ингэж Гомбогүр бурхан орилж, чулуун нохой хуцсан өдрөөс хойш их удалгүй Галдан Бошигтын цэргүүд Орхон голд олноороо живж үхэн сүлд хийморь нь унасан аж.

Үүртийн тохойн домог

Галдан Бошигтын цэргүүд Орхон голын хөвөөнд ирэхэд нэг зайран мэргэлж үзээд "Энэ мөрнийг ихэд аргадмаар байна. Эс арагдваас аймшигтай айдас, муу ёр мэдрэгдэж байна" гэж Бошигтод айлтгажээ. Харин Галдан Бошигт "Бид Халхыг хөлсийг нь гартал хөөж, хүрээ хийдийг нь булаан авч сүйтгэлээ. Одоо Халхын сүр хүч бүрэн дарагдсан. Элдвийг бүү ярь" хэмээгээд цэргүүдээ яаралтай Орхон голыг гатлахыг тушаажээ.

Цэргүүд олноороо Орхон гол руу ортол гэнэт гол үеэрлэн улаанаар эргэж, ихээхэн хохирол учруулсан гэдэг. Бошигтын үхсэн цэргийн цогцос, морь малын зэмдэг, элдэв зэр зэвсэг нь нэгэн тохойд хуралдан бөөгнөрч олон хоногоор муу муухай дүр зурагтай байсан гэнэ. Тэр тохойг хүмүүс Хүүртийн тохой гэж нэрлэх болсон аж. Харин он цагийн уртад Хүүрт нэрийн "X" үсэг гээгдэж Үүртийн тохой хэмээн нэрлэгдэх болжээ.


Бандида ламын удмынхан янга суманд бий

Агь Үйзэн вангийн хүрээний /Одоогийн Арвайхээрийн хүрээ/ Бандида ламын тав дахь дүрийг 1922 онд тодруулсан байна. Шашны дотоод ёс дэгийн дагуу шалгуур шүүлт, сорилт туршилтыг явуулсаар Гончигийн Данзандаргиа гэдэг гурван настай хүүг тодруулсан аж. Аман мэдээллээс үзэхэд Бандида ламтны V дүр 1920 оны сүүлч, 1921 оны эхээр эхээс мэндэлсэн байх зурагтай байсан байна.

Энэ зургаар хөөж үзэхэд Г.Данзандаргиа хүү нь 1920 оны сүүлийн хагаст Сайн ноёны хошууны Их Баруун сумын нутаг Өшгөгийн нурууны Хавцал хэмээх газар төрсөн аж. Хүүг гурван настайд нь эцэг эхийн хамт Агь Үйзэн вангийн хүрээнд ёс жаягаар залан авчирч, тусгай номын дагуу асран хүмүүжүүлж, таван настайгаас нь монгол бичиг, төвд ном зааж эхэлжээ.

Түүний хамт асрагдаж байсан зураач В.Одгийв гуайн өгүүлэн ярьснаар монгол бичгийг нь Арвайн хошууны туслах Гаваагомпил тайж заадаг байжээ. Данзандаргиа лам хүү сурч, мэдэхийн хувьд онцгой авъяастай, ой тогтоолт сайтай хүүхэд байсны дээр Буддын гүн ухаан Чойрын номд багаасаа гүн нэвтэрсэн байна.


1930-аад он гарахад Бандида лам хүү нь өндөр нуруутай, сэргэлэн, шоволзсон цагаан залуу болон төлөвшиж эхэлсэн аж. Мөн хөгжмийн онцгой авъяастай нь илэрч морин хуур, хуучир, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгээр гайхамшигтай сайхан тоглодог байжээ.

Ийнхүү Данзандаргиа ламтан бие бялдар, оюун ухаан, эрдэм боловсролын хувьд ид цэцэглэн хөгжиж байх үед нь буюу 1938 онд түүнийг "Олон түмнийг үймүүлдэг шар феодал" хэмээн хилс хэргээр баривчилан нэг cap орчим эрүүдэн шүүж байцаагаад 1938 оны дөрөвдүгээр сарын 1-нд аймгийн улс төрийн хэрэгтэнг шүүн таслах онцгой бүрэн эрхт комиссын XII хурлын шийдвэрээр цаазаар авч, хөрөнгийг нь хураасан байна.

Бандида ламтан Г.Данзандаргиа нь эхээс хоёр ах, хоёр эгч, хоёр дүүтэй зургуулаа байжээ. Түүний нэг ах, хоёр эгч, нэг дүү нь одоогийн Уянга сумын нутагт амьдарсаар насыг элээсэн байна. Ламтны ах Жүгдэр гуай гэлэн санваартай хүн байсан тул эхнэр авалгүй эмэгтэй дүүдээ нөмөр түшиг болон амьдарч байсан бөгөөд түүний бүсгүй дүү Цэрэнхүү нь Цэрэндулам, Дорж гэсэн хоёр хүүхэд төрүүлсэн байна.

Тэдгээр нь нагац ахаараа овоглон Жүгдэрийн Дорж, Жүгдэрийн Цэрэндулам хэмээн амьдарч байсныг уянгачууд мэддэг байна. Мөн Бандида ламын нэг дүү нь Хайрхандулаан сумын Шоовонгийн Долгортой гэрлэж Сосорбурам, Энхпэлжээ, Энхдаваа, Отгонбаяр, Төгсбаяр, Саранцэцэг гэдэг нэртэй зургаан хүүхэд төрүүлжээ. Одоо Уянга суманд Бандида ламын удмын Жүгдэрийн Доржийн хүүхдүүд болон, Жүгдэрийн Цэрэндуламын Төмөрчөдөр /Бор/ нар амьдардаг байна.

Аман мэдээгээр үзэхэд Бандида лам Данзандаргиагийн эгч Үүхээгийн зээнцэр Ж.Батбаяр нь докторын зэрэг хамгаалж өдгөө ШУТИС-д багшилдаг аж. Г.Данзандаргиа ламтанд холбогдуулсан улстөрийн хэрэг гэгч нь хилс ташаа болохыг нотлон тогтоож Монгол Улсын Дээд шүүхийн 1992 оны наймдугаар сарын 10-ны 127 тоот магдлалаар цагаатгасан байна. Ийнхүү хилс хэргээр цаазлагдсан ламтны яс амарч, амьд үлдэгсдийн айдас хүйдэс өчүүхэн ч айтугай хөнгөрсөн ажгуу.


Говийн Эрдэнэ мэргэн хутагтын билиг чанарын тухай

Сайн ноёны хүрээнд Дарь-Юндэн гэдэг номтой лам байжээ. Дарь-Юндэн ламыг бага балчир байхад нь эцэг эх нь төвд ном зааж улмаар найман нас хүрэх үед нь Чойжидын тойруулга цээжлүүлсэн байна. Хүүгээ сайн лам болгохыг зорьсон эцэг эх хоёр нь Дарь-Юндэнг Эрдэнэ мэргэн хутагтад шавь оруулахаар ойр садангийн нэгэн эрийг дагуулан явуулжээ. Мань эр хүүхдийг дагуулан Улаан Чихий хоолой руу орж сураг тавин явсаар Хутагтын гэрийн барааг харж гэнэ.

Хутагтын гадаа хүрэхийн зуур газарчин эр "Энэ хутагт чинь адуу малтай, авгай хүүхэд авснаас биш нялхаараа хүүхэд гэсэн. Ловон Бадамжунайн айлдвар айлтгаж, Ганданлхарагиагийн шүн хүртээж чадах болов уу" гэх мэтийг бодож явжээ. Тэд зорьсон хэргээ бүтээхийн тулд ламд бараалхахад үнэхээр хутагт лам нь жижигхэн залуу хүү байна гэнэ.

Газарчин эр зорьсон зорилгоо танилцуулж Дарь-Юндэн хүүг танилцуулахад Хутагт лам ер бусын ширүүн харж "Адуу мал, авгай хүүхэд гэж явсаар Ганданлхарагиагийн шүнгээ мартсан шүү" хэмээн хариулахад элдвийг бодож явсан газарчин эр учиргүй балмагдан нүгэл наминчлан мөргөн гуйхад хутагт лам "Буян үйлдэх гэж яваа хүн элдэв муу юм бодож санаж явдаггүйг та мэддэггүй юм уу. Сайн сэтгэлийг барьж явбал зохилтой" хэмээн түс тасхан хэлээд Дарь-Юндэн хүүд Ловон Бадамжунайн айлдварыг айлтган шүн хүртээж, адислажээ.

Эрдэнэ мэргэн хутагт нь энэ мэтээр зөн совингоороо бүгдийг тааварлан мэдэж, саар үйлийг хааж, сайн үйлийг дэмждэг хүн байж. Нэг удаа хангайд нутагтай нэлээд бэл сайтай айлуудын хэсэг банди нар говь орж Эрдэнэ мэргэн хутагтад мөргөхөөр сайн эдлэл хэрэглэл, эмээлээр гоён, сайхан морьдоо унан гарч өгчээ.

Бүгд залуучууд учир холхон замд ингэж шуугиж, элдэвлэн явсаар Хар нүдэнгийн талд орж ирэв. Талыг намрын морьдын дэргэсэн ёргиогоор туулж явтал нэг том чоно таарчээ. Бүгд хурдан морины аагаар нөгөө чоныг элдэн хөөсөөр бүдүүн тэнзэн ташуураар цохиж алаад, тэр дор нь өвчин арьсыг нь ганзагалажээ. Ингэж явсаар Хутагтынд очихынхоо өмнөхөн чонын арьсаа нууцхан газарт шороо, чулуугаар дараад орхиж гэнэ.

Тэд Хутагтад бараалхах ёсыг гүйцэлдүүлэн мөргөж байтал гэнэт Хутагт лам залуусыг зогсоон "Та нар чинь ламд мөргөж буян хийх гэж яваа хүмүүс байж цаг нь болоогүй байхад чоно алж яагаад нүгэл үйлддэг билээ. Заримын чинь моринд чонын шүд хүрсэн байна. Тэр хээр нуусан арьсаа хаяхгүй юм байгаа биз дээ" хэмээн айлтган тэр хэдийг гайхшралд оруулжээ. Дэмий л бүгд Хутагт ламд сүсэглэн мөргөж, рашаан утлага залж гэнэ.

Мөн гарч морьдоо үзэхэд ламын хэлснээр заримд нь чонын шүд хүрсэн байжээ. Ийнхүү тэдгээр залуус Хутагт ламыг бишрэн шүтэж буцахад хоног ч хүрэлгүй морьдын шарх нь эдгэрч, чонын арьс нь гэм хоргүйгээр хишиг буян болсон гэдэг. Нэг удаа хангайн нэг сүсэгтэй явган лам Эрдэнэ мэргэн хутагтад мөргөхөөр нутгаас гарчээ. Нутгаас гарахад нь нэг нөхөр нь "Та очих замдаа сайн, муу юм үйлдэх нь байтугай бодож ч болохгүй. Хутагт мэдчихсэн байдаг юм гэнэ лээ" хэмээн захижээ.

Лам явсаар Хутагтынд очихоосоо өмнөхөн "Хутагт чинь хоёр эхнэртэй юм гэсэн. Өөрөө бурхан юм чинь галынх нь хүн ч бурхан л байгаа даа. Болбол тэдэнтэй нь танилцаж адис авна даа" гэх зэргийг бодож явжээ. Лам Эрдэнэ мэргэн хутагтад бараалхаж аврал хүсэн адис авч буяныг үйлдэн өнжиж хонон саатаж гэнэ. Лам нэгэнт санаснаа гүйцэлдүүлсэн учир нутаг буцахаар гарахын өмнө "Та намайг сураглаж байгаарай. Сахиусандаа болгоож таалал төгссөн үед минь хойдохыг хөөгөөрэй" хэмээн хүсчээ.

Яг гарах гэтэл Хутагт "Та чинь ирэх замдаа манай галын хүнтэй танилцаж адис авна гэж бодоод байсан биш бил үү. Нэгийг Чанцал, нөгөөг нь Дулмаа гэдэг юм" хэмээн танилцуулахад лам сая санаа авч Хутагтын эхнэрүүдтэй танилцаж номын авшиг хүртсэн гэдэг.

Нэгэн ядуу эрийн хөгшин ээж нь нас барж, зав муутай байсан учир нэг залууг Эрдэнэ мэргэн Хутагтад бараалхаж хойдохыг нь хөөлгөөд ир хэмээн явуулжээ. Ингэж явуулахдаа Хутагтад бариарай гэж хадаг, цай, боодол даалимба, 50 лангийн мөнгөн ембүү зэргийг өгсөн гэдэг. Залуу замдаа элдвийг эргэцүүлэн бодож "Хутагт хярам уудаг гэсэн цай хэрэггүй байх. Бас даалимбаар юу л хийв гэж дээ. Хадаг ембүү хоёрыг барьчихад хойдохыг нь хаачих нь биз дээ" хэмээн бодож явсаар хээр тааралдсан овоолгоотой аргал дотор цай, даалимба хоёрыг нууж орхин буцахдаа өөртөө авахаар шийджээ.

Ийнхүү залуу эр Хутагтад бараалхан нас барсан хөгшиний хойдохыг хөөж өгөхийг хүсэн хадаг, ембүү хоёрыг барьтал Хутагт эдгээрийг гардан авч бурхандаа залснаа "Хадаг ембүү хоёрыг нь авснаараа би хөөх үү, цай даалимба хоёрыг авснаараа чи хөөх үү" хэмээн хэлэхэд нөгөө залуу ямар ч үг хэлж чадахгүй дэмий л залбиран мөргөж байжээ.

Хутагт номыг ёсоор уншиж дуусгаад арц, рашаан зэргийг залууд хүртээснээ "За чи бушуухан яв. Цай даалимба, хоёр чинь бусдын гарт орох гэж байна. Чи муу юм бодолгүй тэр хоёроо ав. Уг нь хүний юмыг ингэж нууж хаалгүй надад үнэнээ хэлсэн бол ядуу чамд хэдэн ч даалимба, цайг би өгөх байлаа" хэмээн айлтгажээ. Айж гэмшсэн залуу яаран буцаж нөгөө аргал дээрээ ирж гараа яаравчлан шургуулан үзвэл цай, даалимба хоёр нь яг хийснээрээ байжээ.

 Тэр цай, даалимба хоёроо Хутагтын хэлснээр аваад мориндоо мордон эргэн тойрноо харвал хунзан араг тэгнэсэн тэмээ хөтөлсөн хүн аргалаа авахаар ойртон ирж явсныг хараад "Хутагт энэ аргалын эзэн ирж явааг хүртэл харсан байна шүү" хэмээн сүсэглэн бодсоор буцжээ.

Эрдэнэ Мэргэн Хутагтын хүү

Эрдэнэ Мэргэн Хутагт нь хоёр өргөмөл хүүтэй байжээ. Түүний том хүү Чимэдбазар нь Хутагтын дэргэд багагүй хугацаанд сууж нэлээд зүйлийг сурсан хүн байв. Тэр улстөрийн хэлмэгдлийн үед хүүхэд байсан ч элдвээр сэрдэгдэн байцаагдаж байгаад гэнэтхэн оргон зайлж амьд гарсан аж.

С.Чимэдбазар гуай нэлээд сүүлд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумандаа амьдарч эхэлсэн боловч бас л элдэв хавчилт их байсан учир Хайрхандулаан суманд очиж суурьшжээ. Энд байх хугацаанд хэдийгээр улаан үзэл суртлын үе байсан ч өөрийн увидаст чанар, номын хүчээ гарган өвдсөн зовсон, ад зэтгэрт ороогдсон хүмүүст тусалж явсаар онцгой хүндлэлийг олж байв. Түүнийг нутаг хошуугаараа "Амбаа" хэмээн авгайлж, ач буяныг нь хүртэж байлаа.

Амбаа нь нялхсын өвчин эмгэгийг анагаах, далд муу явдлыг номын хүчээр хаах талаараа бузгай чадалтай хүн байсаар хорвоог элээсэн байна. Түүний том хүү Батдорж нь аавынхаа дэргэд удаан сууж бага зэрэг эрдэм номыг сурч увидаст чадлаа дайчлан байсаар хорвоог орхив. Харин Чимэдбазар гуай /амбаа/ охин Эрдэнэчимэгийнхээ хамт Монгол Улсын Ардын багш, Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох нарыг өсгөн хүмүүжүүлсэн алдартай эцэг аж.

Алдартай зураач Цагаан Жамба

Сайн ноён хан аймгийн алдарт зураач Цагаан Жамба нь Агь Үйзэн вангийн хүрээний XIX зууны зураачдын дэргэд өссөн хүн аж. Тэр XX зууны эхэн үеэр Да Хүрээнд Дагины аймаг байгуулагдахад тахил шүтээнийг бүтээхээр уригдан ирснээр хүрээнд суурьшсан байна. Цагаан Жамба нэгэнтээ Дүйнхорын Лойлон хэмээх шашны зан үйлийн чимэглэлийн бүхий л урлалыг хийж Хүрээний дээдсүүдийн дунд онцгой нэр алдрыг олсон гэдэг.

Тэр шашны зан үйл, бурхан тахилын урлал хийхийн зэрэгцээ чөлөөт сэтгэлгээний зураг, урлалыг хийж бүтээж байсан нь өнөөдөр үнэт дурсгал болон үлдсэн байдаг Цагаан Жамба зураачийн бүтээсэн "Дугар зайран", "Тэмээн сүрэг", "Жаргалын найман морь" зэрэг бүтээл нь тухайн үедээ дүр дүрслэл, өгүүлэмжийн хувьд цоо шинэ хэв маягийг илтгэн харуулснаар ялгарч байжээ. Цагаан Жамба ид бүтээл туурвилаа хийж байх үедээ жа лам Дамбийжанцангийн зураач болж хэдэн оныг элээгээд ноёдын муу явдлыг шоглон үзүүлсэн бүтээлээсээ болж хоёр нүдээ ухуулан таалал төгссөн гэдэг.

Баруун Хүрээний хувилгаан багш

Халх даяар Баруун Хүрээ гэж алдаршсан Шанхын хүрээний Лувсанцэвээнравдан нь Сайн ноён хан Намнансүрэнгийн өндөр өвөг амбан Сайн ноён Цэрэндоржийн ганц охиноос төрсөн хүү аж. Тэрээр долоон настайдаа Баруун Хүрээний хувилгаан багшийн VI дүрээр тодорсон бөгөөд Буддын таван ухаанд гүнзгий нэвтэрсэн нэгэн.

Хүрээний цоржоор дөрвөн жил, Их хамбын суудалд 27 жил заларсан бөгөөд ном эрдмийн увидас, мэрэгч, төлөгч, гүрэмч чанараараа онцгой ялгарсан хүн байжээ. Түүний шавь 1930 он гэхэд 10 мянга гарч байсан түүхтэй. 1935 онд Лувсанцэвээнравдан хувилгаан хүрээний цамыг урд өмнө байгаагүйгээр 60 хүнтэй дэглэн тавьж хол, ойрын муу үйлийг холдуулж, цагийг амаршуулахыг зорьж байсан гэдэг. Гэвч түүнийг улс төрийн хилс хэргийн учир 1937 онд цаазалсан байна.

Самбуу пайтан

Түмэн тэмээтэй Самбуу пайтан гэдэг баян эр Арц Богдын ар хоолой, Зүүн Богдын өврөөр /Өвөрхангай аймгийн Богд сум/ нутагладаг байжээ. Нэгэн удаа Сайн ноён ханыг Манжийн хаанд бараалхахаар явахад нь бараа бологчийн тоонд орж явсан гэдэг. Сайн ноён хан Манжийн хаанд Самбуу пайтангийн хамт бараалхсан байна.

Манжийн хаан Сайн ноёноос элдвийг лавлан асууж ёс журмыг гүйцэлдүүлэх явцдаа "Танай хошуунд хамгийн баян нь хэн гэдэг хүн байна даа" хэмээн асуухад Самбуу пайтан дотроо "Намайг л нэрлэх байх даа" гэж бодон биеэ цэхэлсхийн суужээ. Гэтэл Сайн ноён хан хэсэгхэн бодолхийлснээ "Уушийн Балж гэдэг хүн бий. Тэр хүн долоон хүүтэй юм" гэж хариулжээ.

Энэ хариултыг сонсоод Самбуу пайтны дотор жаахан гонсойж ганцхан өргөмөл хүүтэйгээ бодоод дэмий л үймэрч суусан гэдэг. Тэгээд Самбуу пайтан буцаж ирээд түмэн тэмээнээсээ олон олноор нь ядуу хүмүүст тараан өгч бухимдлаа тайлсан аж. Харин Сайн ноён ханы нэрлэсэн Уушийн Балж гэдэг хүн нь төдий л баян байгаагүй ч долоон хүү нь өсч том болонгуутаа нутаг усандаа алдартай баячууд болсон гэд. Тэдний найм дахь үеийн нэг нь Уянга сумын "Баян Ягаан" хэмээх Цэвэлсодном юм.

Үргэлжлэл бий

Н.Даваадаш /МУСГЗ/