sonin.mn

Энэ удаагийн дугаартаа “Гоёл-2011" наадмын топ модель, "Ninedots promoinal model" агентлагийн захирал Э.Сэлэнгэтэй ярилцлаа.

-Багадаа ямархуу охин байв. Юу хүсч мөрөөддөг байсан бол гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Бага ангидаа "Эрдмийн өргөө" цогцолбор сургуульд суралцаж байгаад 47 дугаар сургуулийн физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Багадаа эмээтэйгээ зусландаа гараад л, өглөө гараад орой орж ирдэг, хөвгүүдтэй баавгайн чих их тоглодог охин байлаа. Сургуульд байхдаа дуулах, бүжиглэх их сонирхолтой байсан.

Сургуулийнхаа урлагийн үзлэгт орчихдог. Юм юманд л оролцоод гүйж байдаг охин байсан даа. Ангийнхаа охид дундаа арай өндөр байсан болохоор сагсан бөмбөг, гap бөмбөгийн тэмцээнд ч оролцдог байсан. Чөлөөтэй зан ааштай, хөдөлгөөнтэй, эршүүд хүүхэд байлаа.

-Гэр бүлийнхнийгээ танилцуулахгүй юу. Айлын хэд дэх охин бэ?

-Би дээрээ нэг эгчтэй. Эгч минь надаас дөрвөн насаар эгч. Би аав ээж, эмээ, эгчтэйгээ өссөн. Миний аав насаараа жолооч хийсэн хүн байдаг. Одоо "Оюу толгой"-д ажилладаг. Ээж минь нарийн боовчин мэргэжилтэй хүн бий.

Эгч бид хоёр их өөр зантай. Эгч маань их даруухан, Эгчийгээ гэртээ хичээлээ хийгээд сууж байхад би гадаа тоглоод л, гүйж харайгаад явж байдаг байлаа. Эгчтэйгээ их ойр өссөн дөө.

-Дунд сургуульд сурч байхдаа үеийнхнээсээ арай өндөр байснаасаа болж шоолуулж, хочлуулдаг байв уу?

-Бага ангидиа бол үеийнхэнтэйгээ нуруу ойролцоо л байсан. Загварын дамжаанд суралцаж байхдаа сунгалтын дасгал, хөдөлгөөний эвслийн дасгал хийдэг байсан болохоор их огцом өссөн. Яахав жаахан байхад хөвгүүд "оцон шувуу", "тэмээ" гээд шоолдог л байсан /инээв/.

-Анх загвар өмсч эхэлсэн үеийн дурсъя. Хэн нэгний нөлөө. зөвлөгөө байсан уу. Анхны тайзны алхааг нь заасан багш хэн байв?

-Би ерөөсөө мартдаггүй юм. 2003 оны гуравдугаар сарын 6-нд би анх загвар өмсөгчийн "Эра" төвд очин бүртгүүлж байлаа. Тухайн үед хуучнаар "Ахуй үйлчилгээний төв"-д байрладаг байсан шүү дээ, Тэгж л Эрдэнэтуяа багшийнхаа шавь болж байсан. Уг нь анх ангийнхаа нэг найзтай хамт явахаар шийдээд бүртгүүлж байсан.

Гэхдээ яг бүртгүүлэхдээ хамт яваагүй болохоор өөр өөр дамжаанд орсон байсан. Би "Эра" төвийг сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Харин ч оносон. Өмнөх жил нь хөлний хагалгаанд орсон байсан болохоор гэрийнхэнтэйгээ нэлээд зөвлөж байгаад явж эхэлсэн. Угаасаа эмч ч алхаа гишгээгээ зүгшрүүлэх нь зөв гэж хэлж байсан.

Эрдэнэтуяа багш нь маань хүмүүст маш их үлгэр дуурайл болдог, их хөдөлмөрч эмэгтэй. Ингэж л анх загварын ертөнцтэй холбогдсон. 15 настайдаа "Монголын дизайнеруудын холбоо"-ны загвар өмсөгч болсон. Тухайн үед Монголын бүх загварын агентлагуудын дунд мэргэжлийн шалгаруулалт явагдаж, "Монголын дизайнеруудын холбоо" загвар өмсөгчид шалгаруулж авч байсан. Энэ бүгд Эрдэнэтуяа багшийн маань ач.

-Тухайн үед 13-хан настай охиноо загвар өмсөгч болно гэсэн шийдвэр гаргахад гэрийнхэн нь хэрхэн хүлээж авсан бол?

-Тухайн үед хүмүүст одоогийнх шиг айхтар мэдээлэл байгаагүй. Загварын агентлагт хүүхдүүд бэлтгэдэг гэдгийг ч сайн мэддэггүй байсан байх. Одоо л маш олон агентлагууд үйл ажиллагаа явуулж, хүмүүсийн ойлголт ч ондоо болж. Өөртөө итгэлтэй байдал, алхаа гишгээгээ засна гэдэг маань хамгийн том зорилго байлаа.

Гэрийнхэн маань маш их дэмждэг байсан. Бид анхан, дунд, гүнзгий гээд үе шат төгсөх болгондоо шалгаруулалт өгдөг байлаа. Тэр чинь тухайн үед наддаа л том тайз байлаа. Тэр болгонд гэрийнхэнтэйгээ шалгаруулалтандаа бэлтгээд л, өмнөх өдөр нь хувцас хунараа янзалдаг байсан. Гэрийнхний минь намайг дэмждэг байсан нь миний сэтгэл зүйн хувьд, амжилтаа илүү ахиулахад их нөлөө үзүүлсэн.

-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Энэ мэргэжлийн чухам юунд татагдаж, яагаад сонгон эззмших болов?

-Багаасаа л телевизийн салбарт их дуртай байлаа. Нэвтрүүлэгч Чимгээ, Ичинхорлоо гээд сайхан бүсгүйчүүдийг харж, тэр хүмүүс шиг нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан. Би ахлах ангид байхдаа "UBS" телевиз, "Андерсен" студийн хамтран бэлтгэдэг "One step" гээд хувцас загварын тухай нэвтрүүлэг хөтөлдөг байсан.

Анх гацаж түгдрэхээс авахуулаад камерийн айдастай байлаа. Гэхдээ өөрөө сонирхдог байсан болохоор зориглоод хийж эхэлсэн. Тухайн үед "Шилмэл загвар" агентлагийн дизайнер байсан Баянзул эгч надад энэ нэвтрүүлгийн шалгаруулалтад ороод үзэхийг санал болгож байлаа.

Нэвтрүүлгээ зургаан cap гаруй хугацаанд хөтөлсөн. Сэтгүүлч мэргэжил өөрөө их сайхан. Энэ мэргэжилдээ хайртай. Би Олон улс судлалын дээд сургуулийн сэтгүүлчийн ангийг 2011 онд төгссөн. Багаасаа хүсч мөрөөдөж байсан мэргэжлээ эзэмшсэндээ баяртай байдаг.

-Манайхны дунд мисс, загвар өмсөгчид толгой муутай, амар аргаар амьдардаг гэх мэт нийтлэг буруу ойлголт яваад байдаг. Энэ тухайд таны бодлыг сонсмоор байна?

-Уулын мод урттай богинотой гэдэг. Хүнийг эзэмшсэн мэргэжил, өмссөн хувцсаар нь дүгнэхэд одоогийн нийгэмд хангалтгүй. Хүмүүсийг нэг хайрцгаар хэмжиж болохгүй. Цаг цагаараа байдаггүй шүү дээ. Нийгэм өөрөө өөрчлөгдөж байна. Хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, цахим ертөнцөөс хангалттай мэдээлэл авч байна.

Худал зүйл бүхэн хэзээ нэгэн цагт бусдад ил болдог. Цаг хугацаа энэ бүхнийг харуулаад өгнө. Тийм учраас аяндаа хэн нь хэн бэ гэдэг нь мэдэгдэнэ. Монголын загварын ертөнц Азид, цаашлаад дэлхийн тавцанд гарч байна. Хөнгөхөн аргаар амьдралаа аваад явъя гэсэн бодлоор энэ салбарт хөл тавьсан хүн ганц хоёр алхамаас хэтрэхгүй ээ.

Гэтэл цаана нь өчнөөн киломерт урт зам байна шүү дээ. Уулын бэлээр зүйрлэх юм бол замд нь уулын хормойд ганц горхи таарахад л нороод үлдэнэ гэсэн үг. Загвар өмсөгч гэсэн мэргэжлийг хайрлаж дурлаж, үнэхээр хүссэн хүн бол өөрийгөө цэгнэж, өөрөө өөртэйгөө ажиллаж чаддаг байх ёстой гэж би боддог. Мэргэжлээ үнэ цэнэтэй байлгах ёстой.

-Хамгийн анх хэрхэн загварын тайзан дээр гарч байсан бэ?

-Анх "Үнсгэлжин" наадамд оролцож байсан. Энэ бол загварын карьераа дөнгөж эхлүүлж байгаа ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог тэмцээн. Дараа нь шинэ залуу загвар өмсөгчид шалгаруулах "New face" наадамд оролцсон. Энэ тэмцээнээс “Гоёл" наадамд оролцох эрхийн бичгийг топ модель Цолмон эгчээс гардан авч байлаа. Тухайн үед “Гоёл" наадамд оролцоно гэдэг их том шалгуур, босготой байсан.

-Хэдэн онд "Гоёл" наадмын тайзан дээр гарч байв?

-2005 онд анх "Гоёл" наадмынхаа тайзан дээр гарсан.



-"Toп модель" гэдэг шагналын үнэ цэнийн тухай асуумаар байна. Загвар өмсөгч Сэлэнгэ биш, топ модель Сэлэнгэ гэж дуудуулахад хариуцлага улам нэмэгдсэн байх?

-Toп гэдэг бол өөрөө аливаа зүйлийн шилдэг нь шүү дээ. Гэхдээ шагнал гэдэг өөрөө асар их хариуцлага дагуулдаг юм билээ. Тийм ч учраас "Гоёл" наадмаас төрөн гарсан топ моделиуд энэ нэр хүндээ авч явахын тулд цааш цаашдаа их хичээдэг. Намайг 2011 онд энэ шагналыг авахад хүмүүсийн хандлага их өөр байлаа, Би өөрийнхөө хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөрөөр энэ шагналыг авсан.

Шагнал авсны дараа миний тэр хүсэл эрмэлзлийг бөхөөхөөр хэл ам гарч байсан. Тухайн үед би өөрийн хүчээр авч чадсан л юм чинь, дааж явах ёстой. Үүнийг л харуулах хэрэгтэй юм байна" гэж бодсон. Намайг муу хэлж байгаа хүмүүст шагналаа ахиулж, амжилт гаргаж харуулахыг зорьсон. Энэ нь надад их урам зориг өгсөн.

-Оролцож байсан олон улсын чанартай тэмцээн уралдануудаасаа дурьдвал?

-Toп моделийн шагнал авсныхаа дараа олон улсын чанартай хоёр ч тэмцээнд оролцсон. Ази номхон далайн орнуудын супер моделиудын тэмцээн, дэлхийн 60 гаруй орны загвар өмсөгчид оролцсон тэмцээнд оролцож, өөрийнхөө ур чадварыг харуулж байсан. Зорилго, тэмүүлэл, мөрөөдөл байхад бүх зүйл хүссэнээр биелнэ. Харин мөрөөдлөө бодит болгохын тулд хөдөлмөрлөх л хэрэгтэй.



-"Ninedots promoinal model" агентлагийг үүсгэн байгуулсан. Энэ агентлагийн үйл ажиллагааны тухайд?

-"Ninedots promoinal model" агентлагаа байгуулахыг хэдэн жилийн өмнөөс л агентлагууд байна. Тэдний урсгал дунд нь урсаад өнгөрөх биш, тэр дунд цохилох цохилгоо болж хүч нэммээр байна. Манай "Ninedots promoinal model" агентлаг гурван төрлийн насны ангиллаар сургалтаа явуулж байна.

Нас насныханд зориулсан хичээлийн програм өөр байгаа. 5-10 насны хүүхдүүдэд зориулсан сургалтад тайзны алхаа, балет, IQ хөгжүүлэх гэсэн хичээлүүд орно. Харин 11-24 насныханд тайзны алхаа, харилцааны ур чадвар, хувцаслах соёл, гоо сайхан, үс засалт, зөв хооллолт, бүжиг, жүжиглэх ур чадвар гэсэн есөн төрлийн хичээл орно.

Мөн 25-аас дээш насныханд зориулсан сургалт явагдаж байгаа. Эмэгтэй хүн хичээл сургууль, ажил гэр, үр хүүхэд гээд өөрөө өөртөө тавих анхаарал багасдаг Магадгүй хүүхэд төрүүлээд өөрийнхөө бие галбирт санаа зовж байгаа бүсгүйчүүд энэ сургалтанд маань хамрагдах боломжтой.

Энэ ангийг маань бүсгүйчүүд нэлээд их сонирхож байгаа. Оройн анги, амралтын өдрүүдийн анги байгаа болохоор цаг заваа тааруулаад суралцаж боломжтой. Загвар өмсөгч хүн зөвхөн инээмсэглээд, гоё сайхан харагдаад явах хангалтгүй болчихоод байна шүү дээ. Гадаад байдал, ярих ур чадвар, жүжиглэх чадварыг цогцоор нь сургана гэсэн үг.

Тийм ч учраас тайзны модель, фото модель, сурталчилгааны модель гэсэн чиглэлээр моделиудаа бэлтгэж байна. Төгсөгчдөөсөө гэрээт моделиудаа шалгаруулж авч байгаа. Моделиуд маань дотроо зэрэглэлтэй байх болохоор эндээс өрсөлдөөн, чанар ялгарч харагдана. Манай үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа болохоор "Ninedots promoinal model"-oop овоглох гэрээт моделиудын маань цахиур хагалах цаг арай болоогүй байна.

-Таны хувьд эмэгтэй хүний хамгийн үнэ цэнэтэй чимэг юу вэ?

-Хүн хэдэн ч настай, ямар мэргэжилтэй бай хувь хүн өөрөө өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх, амьдралын үнэ цэнийг мэдрэх, хайрлуулж байгаа хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдрэх гэдэг амьдралын хамгийн чухал зүйл. Эмэгтэй хүн сайхан гэр бүл цогцлоож, үр хүүхэд төрүүлээд, амьдралынхаа эзэн нь болж явна гэдэг л хамгийн сайхан чимэг гэж боддог доо.

-Эмэгтэйчүүдийг ямар зүйлд хамгийн их сэтгэл хангалуун байгаасай гэж боддог вэ?

-Мэргэжил болгон сайхан. Гэхдээ хүн олон зүйл рүү савчаад байх биш өөртөө хамгийн чухал гэсэн зүйлийг барьж аваад тэрийгээ төгс хийнэ гэдэг хамгийн сайхан. Эмэгтэйчүүдийг материаллаг зүйлд хэт их ач холбогдол өгөлгүй амьдралын энгийн зүйлээс сэтгэл ханамж авч байгаасай. Яг одоогийн байдалдаа сэтгэл хангалуун байгаасай л гэж хүсдэг.

-Найз залуугаа танилцуулаач. Анх хэрхэн танилцаж байв?

-Миний найз залуу маркетингийн чиглэлээр ажилладаг Одбаяр гэж залуу байдаг. Бид хоёр багаасаа сайн найзууд байлаа. Бүх л цаг үед хамт байсан. Сэтгэл санаа, үзэл бодол нэгтэй байснаас гадна маш олон зүйлээр бие биедээ татагдсан. Хамгийн гол нь найз залуугийнхаа амьдралын төлөө тэмцдэг, амьдралын ухаантай зан чанарыг хамгийн их хайрладаг, хамгийн их хүндэлдэг.

-Гоо сайхан, биеийн галбиртаа хэрхэн анхаардаг вэ?

-Багаасаа их туранхай хүүхэд байсан болохоор хоолны хатуу дэглэм барьж байгаагүй. Хүний насны онцлог гэж байна шүү дээ. Одоо бол нөгөө л 25-аас дээш насны бүсгүйчүүдэд тохиолддог асуудлууд надад тохиолдож л байна. Би хоолоо хорихоос илүүтэйгээр зөв хуваарилж идэхийг хичээдэг.

Өглөө, өдрийн хоолоо яг цагтаа идэж, оройн хоолоо болж өгвөл 17:00 цагаас өмнө идээд, унтахаасаа өмнө тараг юмуу жимс гээд хөнгөхөн зүйл идээд л унтдаг. Хөдөлгөөн бас их чухал. Долоо хоногт 2-3 өдөрт тогтмол фитнессээр хичээллэдэг. Гоо сайхны хувьд аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгохыг хичэээдэг.

Гэртээ өндөг, өргөст хэмх гээд гарын доорхи зүйлсээр өөртөө анхаарал тавьчихна. Байнга салон, гоо сайхан гээд явахад хүндрэлтэй шүү дээ. Яг өөрийнхеө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг олно гэдэг хамгийн сайн найзаа олсоноос ялгаагүй шүү дээ/инээв/.

Бас хоолны хувьд хэт дэглэм барьж, махнаас татгалзах нь монгол хүний биений онцлогт тохирохгүй гэж боддог. Зөв хооллолт гэдэг хоолоо сойно гэсэн үг биш.

А.Халиун

Эх сурвалж: