sonin.mn

Пентатоник академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч Б.Долгионтой ярилцлаа. Тэрээр үеийн анд зургаан гавьяатын хамт "Нойргүй хоносон зургаан шөнө " тоглолтоо хийх гэж буй.

-Та монголын эстрад урлагт шинэчлэлт хийх хэрэгтэй гэж үздэг хүн. Тиймээс монголын эстрад урлагийн хөгжил ямар түвшинд яваа гэж боддог вэ?

-Рок попын урлагт бидний үеийнхэн нэлээд ахмад үе рүүгээ орно л доо. Гэсэн ч бид дараа үедээ энэ урлагийн үлгэр жишээ, цог золбоо, эрч хүчийг өөрсдийн биеэр харуулъя гэж гэж боддог. Өнөөдөр урлагийг маш эрт тэтгэвэрт гаргаж байна. Ингэж болохгүй. Энэ босгыг бид уртасгах ёстой.

Залуу үе байгаа цагт рок поп байсаар л байна. Хэзээ ч түвшин нь буурсан гэсэн ойлголт байхгүй. Өнөөдрийн шинээр гарч ирж байгаа залуу дуучид ирээдүйн бидний өнгө зүс.

-Та ид дуулж байх үедээ ямар хувцсаар гангардаг байв. Бид та нарыг шляпан малгай, женсен трафицаар л төсөөлдөг шүү дээ?

-Мода үе үеэрээ байдаг. Өнөөдөр бидний залуу үеийн мода эргэж ирсэн. Ингэж пянз шиг эргэж тойргоор явдаг юм байна шүү дээ. 1970-аад оны бүсгүйчүүд богино даашинз өмсч үсээ задгай тавьдаг байсан. Энэ мода өнөөдөр дахиад л байж байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл мода хүний өсч торниж байгаа бүх үед хэд дахин давтагддаг юм байна. Түүн шиг дууны урлаг ч энэ жимээр явдаг. Өнөөдөр эргээд амьд хөгжмийн урсгал руу явж, зөв голдрил руугаа орж байна. Бид хэзээ ч ам барьж үзээгүй. Ер нь урлаг гэдэг залуу үеийн толь.

Өөрөөр хэлбэл дуу хуураар тухайн нийгмийн түвшинг тодорхойлдог, соёлын том хүчин зүйл юм. Тийм учраас тухайн үедээ үзэгч олноо байлдан дагуулж, хөгжмийн боловсролыг нь дээшлүүлэх ёстой. Ийм л зорилгоор бид явж ирсэн. Одоо ч үүнийгээ баримталсаар л байгаа.

-Тэгэхээр таны хөгжимд дурлах болсон шалтгаан тань рок хөгжим байсан уу?

-Мэдээж би хөдөө явахдаа чихэвчээр "Oasis", "Nirvana" -г сонсдог. Манай найз нар "Үгүй мөн сонин юм аа" гэхэд нь "Та нар хөдөө гараад "Nirvana"- г сонсоод үз дээ. Энэ маш сонин мэдрэмж байгаа биз гэхлээр нээрэн тийм юм байна шүү гэдэг.

"Nirvana" хамтлагийн рок хөгжмийг, байгалийн тансаг намуун орчинтой зохицуулж өөртөө хүлээж авна гэдэг бол өөртөө нэгэн "гоё" хөгжмийг бий болгож байгаа хэрэг юм л даа. Нэг ёсны тэрхэн зуурын сэтгэгдлийг өөртөө гоё болгон хүлээн авч чадаж байгаа явдал юм.

Хүн уг нь нас ахих тусмаа сонсох хөгжим нь поп, ардын дуу гэх зэргээр зөөлрөх ёстой байтал би улам эсрэгээрээ хүнд хөгжим сонсоод байгаа юм. Яагаад ингэдгийг ч мэдэхгүй.

-Магадгүй рок хөгжим өөрөө их эрч хүчтэй байдаг болохоор та одоо ч татагдсаар байгаа юм болов уу?

-Магадгүй. Залуудаа туйлширдаг байсан бол одоо бол тэгэхгүй. Бүх төрлийн хөгжмийг тэр дундаас гоёыг нь түүж сонсохыг хүсдэг. Ер нь хүн төрөлхтөн яагаад шилдэг 500 дуу гэж хийдэг юм бэ.

Үүнийг би хүн улам ухаан суух тусам сонголт нь улам нарийсч энэ хамтлаг л мундаг юм байна шүү гэдгийг илүү тодоор ойлгож эхэлдэг юм уу гэж боддог. Магадгүй цаашилбал илүү философи талруугаа ордог ч байж болох юм. Тиймээс рок хөгжим сүүлийн үед надад илүү гоё санагдаад байх болсон.

-Дууны ая зохионо гэдэг дур сонирхол байвч тэр болгон хүн бүрийн хийж чадах амар ажил биш юм шиг санагддаг.

-Тэгэлгүй яахав. Энэ бол бурхны хишиг. Бурхнаас өгсөн энэхүү хишгийг сайхан зүйл болгоод бусадтай хуваалцах ёстой. Хүн бүр аялгуу зохионо гэж байхгүй шүү дээ. Тиймээс аялгуу зохионо гэдэг бас нэгэн гоц авьяасын нэг юм даа.

-Сүүлийн үед богино настай дуу зохиогдож байна гэсэн шүүмжлэл нэлээд гарах боллоо. Нөгөө талаар бусдын ая аялгууг хуулбарлан дууриаж байна ч гэж шүүмжлүүлж байна. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Энэ үнэн. Сүүлийн үед хэтэрхий хэлбэрийн хойноос хөөцөлдөж байна. Сүүлдээ бүр солонгос дуунаас ялгарахаа байсан. Стиль хөөцөлдөж зохиосон дуунууд хүнд ямар ч үлдэцгүй бүтээл болж байна. Энэ тал дээр бодууштай зүйл их бий шүү. Хүний сэтгэл зүрхэнд үлдэх аялгууг хоцрогдсон мэт ойлгодог буруу өрөөсгөл ойлголт ихэссэн.

Бүх зүйлс өнөөдрийнх шиг харьцангүй чөлөөтэй байгаагүй бидний үед "хөгжмийн бурхад" бидний бүтээлд гэдэг шаардлага тавьдаг байлаа. Одоо бодоход тэрхүү өвгөд бидний дуунуудад өндөр шаардлага тавьж, уран бүтээлийг цэвэрлэн, засч өгч байсан байна. Яг үнэндээ өнөөдөр тэр л дуунууд л амьдраад байна шүү дээ.

Хүний сэтгэл зүрхэнд үлдэж чадах амьдралтай байхыг л дуу гэж хэлнэ. Түүнээс биш стиль хэв маяг хөөцөлдсөн сүүлийн үеийн дуунуудыг би сайн ойлгохоо болиод байгаа. Монгол хүн мөн л юм бол монгол дуугаа зохиодог байх хэрэгтэй. Монгол хүний тархи толгой, зүрх сэтгэлд онож буух аялгууг зохиож чаддаг байх хэрэгтэй.

-Дүү Ангирмаа, Тайванбат нартайгаа хамтарч хийсэн уран бүтээл байдаг уу?

-Дүү нар маань дор бүрнээ л уран бүтээлээ хийж байна. Мэдээж гэр бүлийн уран бүтээлчдийн уламжлал үргэлжилсээр л яваа шүү дээ. Алтан үеийг бид таслах ёсгүй.

Ах захтай. Урд өмнөх зүйлээ дээдэлж түүнийх нь хөрсийг улам соёолуулж явах хэрэгтэй. Тийм учраас би залуучуудтайгаа холбоотой байдаг тэднээсээ их зүйлийг суралцдаг. Ахмад үе гээд бусдад заагаад байхын нэр биш. Залуу үеэсээ сурах зүйл их байна. Тэгж байж би залуу явна.

-Д.Галсанбат З.Зундарь гээд гээд нэрт хөгжмийн зохиолчид өнөөдөр та нарын дунд алга. Тэднийг дурсах бүрд сэтгэл тань өвддөг байлгүй?

-Тэд маань амьд сэрүүн байсан бол өнөөдөр бидний дунд байж л байх байсан. Даанч цагаасаа эрт хорвоогоос буцчихсан юм. Гэсэн ч тэд маань бидэнтэйгээ бурхны орноос хамт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та нарын дуу хэзээ ч хуучирдаггүй. Тэр ч үүднээс одоогийн хийх гэж буй тоглолтыг үзэгчид тэсэн ядаж хүлээж байгаа даа?

-Бид амьдралын уран бүтээлийн андууд. Бид зургаа нийтдээ 3000 гаруй дуутай, бүгд хөгжмийн зохиолч, хөгжимчид. Тиймээс бид монголын ард түмний дунд түгсэн дуунуудаасаа дөрөв дөрвөн дуугаа тоглолтон дээрээ дуулж нийтдээ 24 дуунаас бүрдсэн тоглолт хийх юм.

Мөн зарим сонсогч олондоо танил болсон алдартай дуунуудаас маань залуу уран бүтээлчид дуулна. Нэгэн үдшийг дууны баяр болгоё гэж анхнаасаа төлөвлөсөн учраас үзэгчидтэйгээ хамт дуулна.Орчин цагийн залуучууд энэ дуу тэр хүний,  дуу юм байна гэдгийг мэдэхгүй байсан байж магадгүй. Тэгвэл энэ тоглолтоос тэдгээр дуунуудын эздийг мэдэх боломжтой.

Д.Нэргүй

Эх сурвалж: