sonin.mn
Миний бие дээрх үгэнд маш дуртай. Ялангуяа намайг хэн нэгэн ингэж хэлээсэй, хэлж байгаасай гэж үнэн сэтгэлээсээ боддог. Даанч энэ үгийг улаан нүүрэн дээр хэлчих зоригтон одоохондоо гараагүй байна.
 
Одоо энэ үгийнхээ тухай, яагаад түүнийг хүндэлж явдгийг, бас хэн хүн энэ үгийг харьяалах эзнийх нь улаан нүүрэн дээр хэлчихэж чаддаггүйг товчхон тайлбарлая. Энэ үгийн агуулга нь ихээхэн дээрэнгүй өнгөтэй нь үнэн. Илэрхийлэх хэлбэр нь ч тийм байдаг.
 
Ер нь тун үл тоосон, бас дээрэнгүй хандах нөхцөлд энэ үгийг хэрэглэдэг л дээ. Басамжилсан аяс ч ил тод байдаг. Тиймээс энэ үгийг хэлж буй нь ч дээрэнгүй аясаар, хэлүүлсэн нь ч доромжлуулсан өнгөөр хүлээж авдаг талтай.
 
Тэгвэл би үүнийг аливаа юмс, тэр тусмаа хүн гэгч амьтан байнга өөрчлөгдөж байх ёстой гэсэн өнцгөөс нь хардаг юм. Хэн нэгэн хүн хэн нэгнийг муулахдаа, "Тэр хэзээ ийм болцийн. Саяхан л эргүү балай нь мэдэгдэхүй юм яваа биз дээ" гэхийг сонсоод нөгөө хүнд нь баярладаг.
 
Тэр ямар ч байсан өөрчлөгджээ гэсэн агуулгаар баярладаг юм. Ний нуугүй хэлэхэд манайхан хэн нэгнийгээ муу муухай явахад тун дуртай. Мөн хүний сайн тал руугаа хийж буй өөрчлөлтөд дургүй.
 
Уг нь ухаарал гэдэг юм бидний амьдралын мөч бүхэнд өөрийнхөө авир араншинг амсуулж байдаг болохоор хүн хүссэн хүсээгүй өөрчлөгддөг л дөө. Өчигдөрхөн чөтгөр байсан нөхөр өнөөдөр бурхны хэмжээнд очихыг байг гэх газаргүй.
 
Тиймээс товчхондоо хүнийг хэзээ ч бүү өчигдрөөр нь буюу өнгөрснөөр нь дүгнэж бай л гэж хэлэх гэсэн юм. Харин өнөөдөр ямар байгаагаар нь дүгнэ. Бас хар, харьц. Нөгөө талаас хүмүүсээ, залуусаа өөрчлөгд гэж хэлье. Өчигдрөөрөө бүү амьдар. Өнөөдрөөр амьсгал. Ирээдүй рүү тэмүүл.
 
Өдөр бүхэн та нарыг хүмүүс, "Үгүй ер. Энэ хэзээ ийм болцийн..." хэмээн дээрэнгүй, басамжилсан маягтай хэлж байгаасай. Та нар ч бас байнга хэлүүлж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
 
Хурандаа Д.Баасанжаргал
 
Эх сурвалж: “Эх орны манаа” сонин