sonin.mn

Шинэчлэлийн Засгийн газар ард түмний итгэлийг алдалгүй маш сайн ажиллаж байгаа. Гэтэл Алтанхуягийн тэргүүлдэг энэ Засгийн газрыг унагаж хортой алимаа хуваалцах нь гэсэн хоржоонтой яриа оны дараахнаас яваад байсан юм. Бүр дараагийн сайд нараар хэн хэнийг ажиллуулах талаар ч хар зураг гарсан гэдгийг
учир мэдэх хумүүс хэлж байлаа.

Муу ёрлосон юм шиг ийм байдал таамаг төдий биш байсан гэдгийг өнгөрөгч долоо хоногт болсон чуулганы хуралдаан тодорхой харуулаад авав. Улс төрийг "хачир"-тай байлгах зорилготой яриа хаа нэгтэйгээс гарч одоо л нэг юм биелэлээ олох гээд дуншиж байна уу гэлтэй. Энэ бол Н.Алтанхуягийн байгуулсан Шинэчлэлийн Засгийн газрын хойдохыг уншиж, шинээр МАНАН-гийн засаг байгуулах тухай атхаг санаа юм.

Улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, бужигнуулагчид хүслээ гүйцээвэл ард түмэнд төдийгүй улс орны эдийн засагт хор хөнөөлтэй гэдгийг түмний итгэлийг хөсөрдүүлэгч төрийн түшээдэд ухаарах хүн чанар огт алга. Тийм ч учраас Засгийн газраар "туг тахиж" өөрсдөө эрх мэдэлд хүрэхийг санаархсан хүмүүс сүүлийн үед идэвхижиж, энд тэнд хүчтэй лобби хийж байгаа гэсэн "хар" өнөөгийн Засгийн газрынханд эрх биш байгаа байлгүй дээ.

Засаг ойрхон солигдох, өөрчлөгдөх хэнд ашигтай вэ. Яг одоогоор бол эрх мэдлийг мөрөөдөж, 2008 оны долдугаар сарын 1-ний хэргиин дараа байгуулсан стандарт бус хамтарсан Засгийн газрыг дахин мөрөөдөөд байгаа цөөнхөд л ашигтай. Улс оронд, ард түмэмд тогтвортой байдал гадэг юу, юунаас илүү чухал гэдгийг бид өнгөрсөн хугацаан дахь эдийн засгийн бууралтаас харж байна.

Хэрэв шинэчлэлийн Засгийн газар ямар нэг байдлаар "хөдөлвөл" Монгол орны хөгжил, энэ онд бүтээхээр төлөвлөсөн том төслүүдэд тээг болно гэсэн үг.
Дотоодын нийт бүтээгдэхүүнээ, эдийн засгаа өсгөхөөр морь жилийн таван зорилтыг дэвшүүлснээ Ерөнхий сайд танилцуулсан. Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихэд нэг их наядыг зарцуулахаар болж төслүүдийг шалгаруулахаар ажиллаж эхлээд байгаа.

Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиа шинэчилсэнтэй холбоотойгоор Монголд хөрөнгө оруулагчид нэмэгдэх, алтны татварыг багасгаснаар нөөц нэмэгдэж, ам.долларын ханш тогтвортой байх, Оюутолгой, Тавантолгойн үйл ажиллагаа идэвхижиж эдийн засаг тэлэх гэсэн төлөвлгөөнүүдийг ч гаргаад буй юм. "Шинэчлэлийн Засгийн газар унана" гэсэн яриа өмнө нь бас гарч л байсан.

Тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг " Ийм дэмий яриа хэрэггүй юм. Монгол Улсад хэдэн төгрөг орж ирэх гэж байхад хүүг нь нэмэхээс цаашгүй" хэмээж байсан. Улс төр тогтворгүй байна гэдэг Монгол Улсын нэр хүнд унасаар байна гэсэн үг. Ийм нэг нэгнээ хойш чангаасан, амиа бодсон, эв түнжингүй байдлаасаа болж бид хичнээн төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгөө гадныханд алдаж буйг мэдэхгүй.

Эдийн засгийн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн парк, төмөр зам, авто замын томоохон төслүүд ийм л ярианы дараахь хор уршгаар гацаж мэдэх юм. Тогтворгүй ангилалд орсон орны эдийн засгийн орчин улам хэцүү болж, өөрчлөгдсөн Засгийн газар ч өмнөхөөсөө улам дордохоос цаашгүй билээ. Нэгнээ
татан унагаж, өөрсдөө байранд нь очих хүсэлтэй хүмүүс ийм л зураг зохиочихоод сайд, даргын суудал мөрөөдөн МАНАНГ хүсэмжилж буй гэх.

Өдгөө эв нэгдэл, тогтвортой байдал гэдэг зүйл манай улсад эд хөрөнгөнөөс илүү хэрэгтэй болж. Нэгнийхээ ажилд садаа болж, доош чангаадаг муухай монгол зан эх орны хөгжлийг хойш нь мөн их татаж байх юм. Цөөн хэдхэн улстөрч, нам эвсэл, бүлэглэлүүдийн дунд сэмхэн өдөлж байгаа "засгийг огцруулах" нууцхан хуйвалдаан биелэгдэх аваас ард түмний нуруун дээр томоос том ачаа ирнэ.

Гарцаагүй үнэн бол эдийн засаг улам хямарч, гал дээр тос нэмсэн үзэгдлүүд хүчтэй өрнөнө. Эв нэгдлийг нь хангаж, ухаалаг улс төрийг бий болгох гэсэн санаа өнөөдөр эсрэгээрээ эргэж, талцуулж хэрэлдүүлэх, нэг нэгийгээ элдэв бусаар дуудах, ард түмнээ биеэ үнэлэгч, архичин, бөгс долоогчоор нь дуудуулах шалтгаан болж байна.

Үндэсний эв нэгдлийг хангагч гэх Ерөнхийлөгч маань ийн ард түмний дунд хэрүүлийн алим шидэж орхиод таг чиг болох нь тэр. Хуулийн төслийг нь дур зоргоороо өөрчилж, зарим нэг нь дээл тайчих үзүүлбэр хийж, нэг хэсэг нь дээлийг нь өргөж сезонтож байхад ч ямар ч байр суурь илэрхийлсэнгүй.

Гэхдээ эцсийн дүнд юу болох вэ гэхээр энэ хууль батлагдсаны маргаашнаас эхлэн нөгөө хүсээд байсан улс төрийн тогтворгүй байдал гэдэг нь бий болно гэсэн дүр зураг гарч ирж байна. МАН-ын гишүүдийн оруулсан заалт болох 2014 оны долдугаар сарын 1-нээс энэ хуулийг хэрэгжүүлэхээр батлах юм бол өнөөх хүсээд байгаа сайдын марафон эхэлнэ.

Хэн нь дараагийн хоёр жилд тогтож үлдэх вэ, хэнийгээ сайд болгох вэ гэх хор найруулсан сайд нар ажилдаа ирнэ гэдэг ёстой үлгэр биз. Цаашлаад сөрөг хүчин засагт баггчих юмсан гэсэн хүсэл тээж, "Шударга ёс" эвслийн хэдэн нөхдүүд суудал авахын тулд төрөл бүрээр шантааж хийнэ.

УИХ дээр ч ажил урагшаа явахгүй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт наашилсан зэрэг үр дүн энэ санал хураалтын дараа л салхинд хийсэх нь мэдээж. Хоёр cap ч болохгүй солигдох сайдуудтай гэрээ хэлэлцээр байгуулаад сууж байх тэнэг хөрөнгө оруулагч нэг ч олдохгүй.

Засгийн газар нь тогтворгүй болчихлоо, цаашдаа ч иймэрхүү байдалтай улс төр хийх биз гэж бодсоны үндсэн дээр хичнээн хүмүүс манайхаас нүүрээ буруулж, дэлхийд бидний нэр хүнд унахыг тааж хэлэх арга алга.

Эдийн засгаа өндийлгөх гэж ядаж байтал ийм шийдвэр гарчихвал юу болох вэ гэдгийг өнгөрөгч хугацаанд эдийн засагчид хангалттай ярьж, тайлбарласан. Эдийн засаг мууддаг хамгийн том шалтгаан улс төрийн тогтворгүй байдал гэдгийг бид хаа хаанаа хүлээн зөвшөөрчихсөн.

Яамдынхан дараагийн сайд нь хэн гэж нөхөр ирэх талаар таамаг өрнүүлж, хэн нь ажилдаа тогтох бол гэх мэтээр сандарч мэгдэн юуных нь ажил хийх манатай болно гэдгийг надаар хэлүүлэх юун.

Хууль хэрэгжиж эхэлснээр амьдралд ашигтай нөхцөл байдал үүсэх байтал энэ удаад бол эсрэгээрээ зүйл болно гэдэг нь сүүлийн үед өрнөсөн маргаан мэтгэлцээнээс харагдаад эхэлчихлээ. АН ингээд будаа боллоо. Засгийн газар огцрох нь гэх яриа хэдийнэ өвсөнд ассан түймэр шиг хурдан тархжээ. Тэгэхээр энэ бүхэнд одоо цэг тавих хүн нь ганцхан Ерөнхийлөгч.

Хэдийгээр ухаалаг төрийг дэмжих гэсэн түүний бодлого нь зөв ч улс оронд тогтворгүй байдал үүсч, засаг төр нь ганхаж, эдийн засаг хямарсан энэ үед гүйцэтгэх засаглалыг бужигнуулах хүсэл байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Үндсэн хуулийн суурь заалтаа зөрчин байж оруулж ирсэн энэ хуулийн төслөө хурдхан эгүүлэн татах нь хамгийн зөв сонголт биш үү. Тийм ч учраас Засгийг унагах "замын ноход"-д хориг тавимаар байна Ерөнхийлөгч өө.

О.Жаргал

Эх сурвалж: