sonin.mn

УИХ-д МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслээс сонгогдсон Догсомын Батцогт бүлгээсээ гарч буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.
Үүнийгээ тэрээр УИХ дахь "Шударга ёс" эвсэл нь ашиг хонжоо хайгч, наймаа тохироо хийгч улс төрийн хүчин болсонтой холбоотой хэмээн тайлбарласан.


Харин УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг түүний эл шийдвэрийн тухай :
"Д.Батцогт  эвслийн бүлгээс гарах гэсэн албан ёсны  бичиг, цаас өгөөгүй. Бүлгийн хуралдааны үеэр л асуудал хэлэлцэж, маргах зуур бүлгийн хуралд суухгүй гэж хэлээд гараад явсан. Ер нь бол УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу гишүүн бүлгээс гарах эрх зүйн зохицуулалт байдаггүй юм билээ. Яагаад гэвэл сонгуульд аль нэг субъектээс нэр дэвшсэн. Тэгэхээр тэр нэр дэвшин сонгогдсон субъекттэйгээ бүрэн эрхийн хугацаанд байх хуулийн зохицуулалттай. Цаашид бүлгийн хуралдаа суухгүй бол  хурал тасалдаг гишүүн л болж хувирна даа.
Яахав, магадгүй Д.Батцогт   улстөрчийнхөө хувьд тодорхой шийдэл гаргах гээд ийм шийд гаргасан байж магадгүй гэсэн таамаг байна.
" хэмээв.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Д.Батцогт өөрийн баз С.Бямбацогттой тохироо хийсэн бөгөөд удахгүй МАН-д орох шийдвэр гаргаж магадгүй гэнэ.

П.Мандах