sonin.mn

УДЭТ-ын нүүр царай, залуу жүжигчдийн төлөөлөл болж яваа СТА Г.Амгаланбаатартай ярилцлаа. Тэрээр өчигдөр УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийсэн "Бүүвэй" жүжгийн Очирсүрэнгийн дүрийг бүтээж байгаа.

-Та театрт тоглогдож буй бүхий л жүжигт хүч сорьдог. Одоо гэхэд л шинэ дүр бүтээж байгаа юм байна?

-Тийм ээ. Би Н.Ганхуяг найруулагчийн найруулж байгаа "Бүүвэй" жүжгийн Очирсүрэнгийн дүрд тоглож байна. Энэ төслийг манай театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар удирдаж байгаа. Төсөл маань маш амжилттай хэрэгжиж эхний жүжгийг АЖ найруулагч Б.Мөнхдорж багш маань найруулан тавьсан. Ер нь энэ хавар манай театр ажлын ачаалал ихтэй байгаа.

-Очирсүрэнгийн дүрээр юуг харуулж байгаа вэ?

-Сүүлийн үед залуу гэр бүлийн нөхөр нь эсвэл эхнэр нь гадагшаа ажиллахаар их явдаг болсон. Түүн шиг Очирсүрэн Америкт таван жил болоод ирж байгаа юм. Гэтэл ирэхэд нь амьдрал нь нэлээдгүй өөрчлөгдөөд эхнэр нь өөр хүнээс жирэмсэн болсон байсан.

Ингэж "Бие холдвол сэтгэл холдоно" гэдэг шиг үүнээс болж залуу гэр бүлүүд салж үр хүүхэд өнчирч байгааг харуулж байгаа. Тэгээд Очирсүрэн ирээд эр хүний уужуу ухаанаар шийдэх нь үү, эсвэл эхнэр хүүхдээ зодож хөөж явуулах нь уу гэдгийг уншигчдадаа тайлаад яахав. Жүжгийг ирж үзвэл илүү сонирхолтой байх гэж бодож байна.

Мөн би долоон найруулагчийн долоон өөр жүжгийн хоёр жүжигт нь оролцож байгаа. Хоёр дахь нь гэвэл төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын нобелийн шагналт Английн зохиолч Пентерийн "Өчигдөр" хэмээх драмын жүжиг юм. Энэ жүжиг ирэх тавдугаар сарын 7-нд нээлтээ хийнэ.

-Төрийн соёрхолт найруулагч Наранбаатар та бүхэн уран бүтээлийн дотно андууд. Олон жил хамтарч ажиллаж байгаа болохоор ойлголцоход ч илүү дөхөмтэй байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. 2000 онд театрт анх АЖ Б.Мөнхдорж багшийн найруулан тавьсан "Бооцоо" жүжгээр Наранбаатар найруулагч бид хоёр уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Үүнээс хойш олон жүжигт хамт тоглосон байдаг. Харин Наранбаатарыгаа найруулагч болсноос хойш түүний найруулсан "Надаар тоглосон хайр, "Парисын дарь эхийн сүм" зэрэг арав гаруй жүжигт тоглосон.

"Өчигдөр" жүжиг эрэгтэй эмэгтэй хоёрхон дүртэй. Эмэгтэйд нь манай театрын залуу жүжигчин н.Тогтохжаргал тоглож байгаа. Зураачаар нь ерөнхий зураач Ганхуяг, бүжиг дэглээчээр нь Г.Ган-Очир ажиллаж байна.

-Та тайз, дэлгэцийн нэлээд олон дүрд тоглосон. Ер нь энэ хоёрын алинд нь тоглох хэцүү вэ?

-Ер нь тэр, энэ гэлтгүй дүр бүтээх гэдэг хэцүү л дээ. Би одоо хүртэл тийм дүр бүтээчихлээ гэж хэлэхээс айж халширч явдаг. Яагаад гэхээр манай алтан үеийн мундаг жүжигчид "Би 200, 300 гаруй жүжигг тоглосон, 20, 30 кинонд тоглосон. Тэндээс гарц тэр маань л дүр юм даа, түүнд л тоглох гэж хичээсэн" гэж ярьдаг. Зарим нь бүр одоо хүртэл би дүр бүтээгээгүй явна" гэж ярьдаг мундаг жүжигчин байдаг.

Миний хувьд 50, 60-аад жүжиг, арваад киноны гол, туслах дүрд тоглосон. Энэ дундаас онцлоод тэр дүрийг товойтол бүтээсэн гэж ам бардам хэлж чадахгүй. Кино, тайз хоёрын хувьд тайзан дээр дүр бүтээх нь илүү хэцүү. Кинонд жүжигчин биш хүн ч гэсэн найруулагчийнхаа зааж өгснөөр, найруулагчийн тавилтаар тоглочихдог болохоор гайгүй.

-"Драмын дөрөв" хамтдаа уран бүтээл хийж байна уу?

-Нараа маань хамаагүй микропон бариад дуулаад явдаг ч юм уу, үгүй ч юм уу сайн мэдэхгүй байна. Харин Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ бид гурав энд тэнд очиж дуулж байгаа л даа. Өнгөрсөн жилийн албан газрын шинэ жил дээр очиж дуулахад Наранбаатар найруулагч маань дуулаагүй.

2005 онд гаргасан "Хайрын дурсамж" цомог маань тухайн үедээ эрэлт хэрэгцээтэй залуусыг байлдан дагуулж байсан. Тийм учраас бид арван жилийнхээ ойд зориулаад цомог эсвэл тоглолт хийх бодолтой байгаа. Угаасаа ч бид театрын уран бүтээлчид учраас дуугаараа дагнаад явах боломжгүй шүү дээ.

-Ихэнх жүжигчид өөрийгөө ирлэж хурцалсан дүрд тоглохыг  хүсдэг. Та ч бас тийм л бодолтой явдаг биз дээ?

-Жүжигчин хүн ямар ч жүжигт тоглоход бэлэн байх ёстой. Ялангуяа жүжигчин хүний шүүсийг нь шахаж ур чадварыг нь харуулж, хүч хөдөлмөрийг нь дуслуулсан сайхан жүжигт тоглох юмсан гэж боддог. Ер нь сонгодог бүтээлүүд жүжигчин хүний авьяас чадварыг нээж, улам илүү дадал туршлагатай болгодог шүү дээ.

Хамгийн сүүлд гэхэд л алдарт "Дон Кихот" жүжгэндээ амжилттай тоглосон. Энэ жүжгээрээ "Гэгээн муза" наадамд шилдэг туслах дүрд нэр дэвшсэн байгаа. Энэ мэтээр сонгодог бүтээлд тоглох сайхан байдаг даа. Ер нь бид дээрээ найруулагчтай учраас найруулагчаасаа маш их шүүмжлэл хүртдэг Үүнийг ямарч тайлбаргүйгээр маш сайн хүлээж авдаг.

-Кинонд тоглох урилга нэлээд ирдэг байх даа?
-Хааяа кинонд тоглох санал ирдэг. Хамгийн сүүлд телевизийн олон ангит "Босго тотго" кинонд тоглосон. Хүмүүс "Нөгөө гурав чинь кино хийчихлээ, та л үлдлээ" гээд байгаа. Тийм учраас энэ зун кино хийх төлөвлөгөөтэй байна. Ер нь тэгээд жүжигчин хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ.

-Сая урлагийн байгууллагууд цалингаа нэмүүлэх гэж жагслаа. Үнэхээр жүжигчдийн цалин 430,000 төгрөг байдаг хэрэг үү. Жагсаад ямар үр дүнд хүрэв?

-430 мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ, хаанаа ч хүрэлцэхгүй. Ард түмэн туйлдлаа шүү дээ. Гэсэн хэдий ч ямар тайван хүлцэнгүй юм бэ. Гэхдээ ард түмнийг ингэж байгаад гэнэт тэсрэх байх гэж би боддог. Цаг цагаараа байхгүй гэдэг шиг нэг өдөр өөрчлөгдөх байлгүй дээ. Хүмүүс биднийг олны нүдэн дээр ил байдаг болохоор мөнгө төгрөгтэй л гэж ойлгодог юм шиг байна лээ.

Манай АЖ Г.Мягмарнаран ах төр ичихгүй байхад би юундаа ичдэг юм гэж хэлсэн. Би ам бүл дөрвүүлээ. Ийм цалингаар яаж гэр бүлээ тэжээх юм бэ. Бидний хувьд гадуур янз бүрийн уран бүтээлд оролцоод нэмэлт орлого олчихно. Гэтэл бид нарын арын албанд ажилладаг хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү.

Театрын ажилчдын дунд судалгаа явуулахад ердөө л 17-18-хан нь өөрийнхөө нэр дээр байртай байна гээд бод доо. Бусад нь гэр хороолол, эсвэл түрээсийн байр, айлын хажууд эсвэл аав ээжтэйгээ хамт амьдарч байна шүү дээ.

Урлаг хөгжинө гэдэг улс хөгжихийн илрэл. Урлаг тэр дундаа драмын, сонгодог, ардын урлаг улс орны нүүр царай байдаг. Ийм урлагаа дэмжихгүй бол улс мөхнө, тэгж ч ярьдаг юм. Яахав уран бүтээлчид олны нүдэн дээр байдаг болохоор ичиж зовдог л юм шиг байна лээ. Гэхдээ бид нарын хувьд одоо ичих нас биш шүү дээ.

Нас тогтлоо Үнэний төлөө дуу хоолойгоо өргөх үе маань ч ирлээ. Тийм учраас бид жагсаалд маш идэвхтэй оролцсон Хот хөдөөгийн урлагийн салбарт нийтдээ 6000 хүрэхтэй үгүйтэй уран бүтээлчид байдаг юм билээ. Шинэ яам маань яагаад ажлаа сайн хийхгүй байгаа юм бэ гэдэг үүднээс л бид жагссан.

-Таны хобби гэвэл лав л сагс хөлбөмбөг тоглож өссөн гэдэг юм билээ?

-Хөгжим их сонсдог. Мөн би зав гарсан үедээ хөгжмийн аялгуу зохиох юм уу эсвэл хэдэн мөрт холбох дуртай. Тавдугаар ангид байхад манай ангийнхан сагс, хөлбөмбөгөөр их сайн байсан. Миний хувьд хөлбөмбөгтөө илүү дуртай.

Тухайн үеийн хүүхдүүдэд, одоогийнх шиг компьютер энэ тэр байсан биш, голдуу л сургуулийнхаа биеийн тамирын талбайд бөмбөг өшиглөж өнждөг байлаа шүү дээ. Хааяа ширээний теннис тоглоно. Гэхдээ шагнал урамшуулал авч байгаагүй ээ. Эргээд бодоход чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, бие бялдраа хөгжүүлдэг байж дээ.

-Спортын хорхойтны хувьд Монголынхоо тамирчин бөхчүүдээс хэн хэнийг дэмждэг вэ?

-Үндэсний бөхчүүдээс гэвэл Д.Сумьяабазар аваргын улаан фэн байсан. Ер нь Наранбаатар бид хоёр олон жил дэмжсэн дээ. Тэгээд зодог тайлчихаар нь нэг их бөх үзэхээ больсон. Бас манай Болд-Эрдэнэ маань аварга А.Сүхбатыг дэмждэг байсан. Харим одоо Ч.Санжаадамба зааныг гайгүй барилдах болов уу гэж хардаг. Гэхдээ наадмын од жаахан муутай юм уу даа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Миний ханийг Оюунжаргал гэдэг. Герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Охиныг маань Энэрэл, хүүг маань Тэмүүлэн гэдэг. Урлагийн хүмүүс тэр бүр гэртээ зав гаргаж амждаггүй.Тийм учраас эхнэр маань л миний мэргэжлийг их ойлгож дэмждэгийн хүчинд өдий зэрэгтэй явна даа.

-Амьдралынхаа хамгийн дурсамжтай мөчөөс хуваалцахгүй юу?

-Олон сайхан дурсамж байна даа Түүнээс онцолбол анх сургуульд орсон үе, оюутан болсон, театрт орсон, олон жүжиг киноны нээлтүүд, үзэгчдийн урам хайрласан алга ташилтууд, гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа уран бүгээлээ хүргэсэн гээд зөндөө байна Гэхдээ хамгийн сайхан дурсамж аав болсон үе юм даа

Д.Нэргүй

Эх сурвалж: