sonin.mn

СУИС-ын урлаг судлалын тэнхмийн эрхлэгч, зохиолч П.Батхуягтай ярилцлаа. Тэрээр олон сайхан яруу найргийн бүтээл, хурц шүүмжлэлүүдээрээ энэ нийгмийг байлдан дагуулж яваа билээ.

-Өнөөдөр нийгэмд болж бүтэхгүй зүйл бишгүй байна. Энэ бүхэнд та эмзэглэж шүүмжлэлтэй талаас нь ханддаг?

-Энэ нийгэм өөрийн эрхгүй шүүмжлэх байр сууринаас хандахыг шаардаж байна. Мэргэжлийн шүүмжлэгч ч бай, жирийн нэг үзэгч ч бай, уншигч ч бай аливаа зүйлд шүүмжлэлтэй хандах нь маш чухал юм байна. Угтаа ардчиллын үнэт зүйлийн хамгийн чухал нь чөлөөт сэтгэлгээ, эрх чөлөө.

Энэ хязгаараар нь авч үзэх юм бол шүүмжлэх сэтгэлгээ ямарваа нэг зүйлийг муу талаас нь харлуулж, бодит байдлыг үгүйсгэж хэлэхдээ биш хамгийн гол нь хүний өөрийн чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл нь шүүмж. Тэгэхээр нийгэм хэдий чинээ амьд байна, нийгмийн харилцаа төдий чинээ зөв байна.

Нөгөө талаараа урлагийн салбарт ч, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт шүүмж өрнөж байх ёстой. Харамсалтай нь өнөөгийн бидний бүтээж байгаа нийгмийн харилцаанд гажуудалтай тал нь нааштай талаасаа давчихаад байна. Нэг үгээр хэлбэл ёс суртахуун, эдийн засаг, улс төрийн хувьд маш олон гажуудлын дунд амьдарч байна.

Тийм учраас ийм цаг үед шүүмжлэлийг ихээр өрнүүлэх нь нийгэмд илүү ач холбогдолтой. Ийм л байр сууринаас хүмүүс шүүмжлэлийг хүлээж авах нь зөв. Гэхдээ хуучны сэтгэлгээнд байсан нэг дутагдалтай зүйл бол шүүмжлэл гэхээр аливаа зүйлийг харлуулан хутгаж үгүйсгэн гүжирдэн илэрхийлж байгааг шүүмж гэж ойлгоод байсан юм.

Гэтэл одоо нийгмийн харилцаа үнэт зүйлсүүд тодорхой болоод ирэхээр аяндаа нийгмийн харилцаа тогтворжоод тогтлолцоо бүрдээд бид шүүмжийг арай өөрөөр харах ёстой болж байна. Үүний тулд бид өнөөдөр нийгэмд сайн сайхан зүйлийг нээх хэрэгтэй байна.

Үүгээрээ оюун санааны манлайлал мөрдлөг, чиг мөр, зарчмаа болгох ёстой. Үнэнийг хэлэхэд өнөөгийн нийгэмд зарчим, үзэл санаа алга байна. Гэтэл хүн төрөлхтний бий болгосон бүх нийгэмд зарчимгүй, үзэл санаагүй, тогтсон харилцаагүй нийгэм гэж байгаагүй.

-Тэгэхээр та шүүмжүүдээрээ нийгэмд юу хэлэхийг хүсч байна вэ?

-Хүнийг нээхийг л хүсдэг. Тухайн уран бүтээлч, тухайн киноны сайн нь юу юм, эсвэл муу нь юу юм гэдгийг нээх ёстой юм. Ер нь хувь шүүмжлэгчийн өөрийн гэсэн байр суурь байх нь тодорхой. Гэхдээ түүнийг массаараа юу нээвэл манай ирээдүйд хэрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл бидний оюун санааны маргаашд хэрэгтэй гэдгийг бодож мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн үзэл санаатайгаар уран сайхан урлагийн шүүмжлэлд хандахгүй бол бид үнэндээ тодорхой хугацаанд өнгөрсөн, өвгөрсөн хоёроо шүүмжилж ханалаа.

Нэгэнт өнгөрсөн цаг хугацаанд хийдгээ хийгээд өвгөрчихсөн хүнийг шүүмжлээд яах юм. Түүний оронд ирээдүйгээ, өнөөдрөө шүүмжлэг. Магадгүй урлагийн салбарууд дотроос уран сайхны шүүмжлэл гэдэг хамгийн гол онцлог ялгаа нь юм болов уу гэж би олж хараад байгаа юм.

-Уг нь кино зохиолд хэл зүйн найруулга гэж байх ёстой. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдаад байна шүү дээ?

-Урлаг өөрөө урлах гэсэн үг. Товчхондоо хэлэхэд гоо сайхныг урлах гээд байгаа юм. Сүүлийн үеийн дэлхий ертөнцийн утга зохиолоос надад хоёр л уран зохиол ойлгогддог. Нэг хэсэг нь хүнийг сайн сайханд дуудсан итгэл үнэмшил, ирээдүй рүү тэмүүлсэн гэрэл гэгээний тухай бүтээл.

Нөгөө хэсэг нь мууг үлгэрлэж, бурууг сурталчилж байна. Зурагтаар гарч байгаа кинонууд дотор сайн сайхан гэрэл гэгээтэй, маргаашийн тухай гэгээн сайхан мөрөөдөл төрүүлж байгаа кинонууд олон байна. Гэтэл банк яаж дээрэмддэгийг нэг бүрчлэн зааж байгаа кино ч байна шүү дээ.

Энэ нь хүний амьдралд эерэг сөрөг нөлөө үзүүлнэ. Тийм учраас би урлагийг эерэг үнэлэмжит урлаг, сөрөг үнэлэмжит урлаг гэж хоёр хуваадаг. Энэ хоёрын зааг дээрээс шүүмжлэл үүсээд байгаа юм.

Үнэхээр гоо сайхныг нээж хүнд сэтгэлийн ариун сайхныг өгч байгаа юм бол түүнийг сайнаар нь нээх хэрэгтэй. Гэтэл муу зүйлийг сурталчлаад байгаа уран бүтээлүүдээс хүний амьдралд үзүүлээд байгаа сөрөг нөлөөг нь хурцаар шүүмжлэх ёстой.

-Өнөөдөр мөнгөтэй хүн болгон л кино хийдэг болж. Эндээс сайн муу кино гарч үзэгчдийнхээ оюунд хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй мөнгө хөөсөн мэт харагддаг. Үүнд ямар нэг хяналт гэж алга?

-Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд хэмжүүр хяналт байх нь утгагүй. Ерөөсөө л сайн муу киноны хэмжүүр нь үзэгчид юм. Тухайн киног үзвэл амьдраад явна. Хэрэв үзэхгүй бол тэр кино удаан оршин тогтнохгүй. Тэгэхээр үзэгчид урлагийн боловсролтой байх ёстой.

Ямар нэгэн урлагийн суурь боловсрол муутай хүн муу киног мянга үздэг юм. Ямар кино нь жинхэнэ сайн кино юм, ямар нь мөнгө хөөсөн гэдгийг ялгадаг болоод үзэхээ больчихвол муу кино хийхээ больчихно гэсэн үг. Бид 1990-ээд оноос хойш оюун санааны хувьд унасан. Тэр дундаа нийтийн боловсрол бүр унасан.

Тиймээс төр нь боловсролоо бодоод нийтийн урлагийн, нийтийн амьдралын, нийтийн зүрх сэтгэлийн боловсролыг яах юм гэдгийг үнэхээр анхаарах цаг ирээд хаалга тогшоод байна.

Ингээд урлагийн боловсрол өндөр түвшинд оччих юм бол нөгөө урлагийн бүтээлүүдийг сайн муу, сайхан муухай ашигтай ашиггүй, гоо зүйн хувьд үнэлэмжтэй үгүйг нь мэддэг болчих юм бол нөгөө кинонуудыг хүссэн хүсээгүй үзэхээ болино. Тиймээс нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэхийн тулд хэвлэл мэдээллийг ашиглах гол арга зам нь гэж би олж хараад байгаа юм.

-Бас зарим дуучдын дууны клип учир дутагдалтай санагддаг. Та үүнд ямар дүгнэлт өгөх вэ?

-Аливаа зүйлийн түвшин уначихаар түүнийг дагаад бүгдээрээ уначихдаг. Тухайлбал нийтийн дууны үгнүүд, кино, ном зохиол яг үнэндээ нийгэм цаг үеийнхээ уналтыг дагаад оюун сэтгэлгээ унасны гэрчүүд юм. Энэ утгаар аливаа цаг үе өөрийн сайн муу гэрчээ үлдээдэг. Энэ үүднээс нь авч үзвэл бид нар хангалттай муу гэрч үлдээнэ гэдэг ирээдүйд хангалтай сайн гэрч үлдээхийн эхлэл байхыг ч үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний бүтээж буй урлагийн муу бүтээлүүд маргааш эсвэл ирээдүйд магадгүй монголчуудын хангалттай сайн оюуны гэрчүүд үлдээхийн эхлэл болов уу гэж ойлгоод байна. Энэ нь нэг талдаа бүгдийг үгүйсгэх биш нөгөө талдаа сайн сайхны үүдэл угтал байгаа гэсэн итгэл горьдлого юм.

-Та манай урдаа барьдаг шүүмжлэгчийн нэг. Тиймээс танаар олон уран бүтээлчид ном бүтээлээ хянуулдаг байх л даа. Энэ талаар ярихгүй юу?

-Надад нэг л мэдэхэд ийм үүрэг оногдсон байна. Энэ нь магадгүй миний амьдралын зам мөр хувь тавилан, хар багааасаа сонгож авсан утга зохиол гэдэг зүйлдээ хувирашгүй сэтгэлээр хандаж ирсний шагнал юм болов уу. Энэ л зам намайг утга зохиолын сайхан хүмүүстэй холбосон.

Залуучуудтай, одоо ид туурвиж байгаа сайхан зохиолчидтой ойр дотно болгож ер нь урлагийн бүхий л салбарын хүмүүстэй ажил хэрэг, найз нөхдийн харилцаатай байдаг. Би үүнийг хэцүү бэрх ажил гэхээсээ илүү баяртайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл би өнөөдрийн урлаг утга зохиолд хэрэгтэй хүн нь юм байна.

Энэ мэдрэмж аль ч салбарт ажиллаж байгаа хүнд төрж өөрийгөө хаана очсоноо, хаана байгаагаа хаана суугаад байгаагаа, ирээдүйд хаана очихоо төсөөлж байна гэдэг хүнд хамгийн том хувь тохиол гэж ойлгоод байгаа юм. Тэр л үүднээсээ би намайг гээд ирсэн хүмүүст сэтгэлээрээ ханддаг. Ер нь бидний амьдрал зүрх сэтгэлийн л харилцаа шүү дээ.

Өгөх авахын харилцааг нэгдүгээрт тавьчихаад байгаа учраас бидний хүн ёсны харилцаа бүдгэрчихээд байгаа юм. Гэхдээ шуналгүй хүн гэж байхгүй. Хамгийн гол нь үүнийг нэгдүгээрт болгож болохгүй. Залуухан яруу найрагч шүлгийн номоо бариад ирэхэд өөдөөс нь мөнгө нэхэж байна гэдэг утга зохиолдоо ямар ч хайргүй хүний шинж, чиний үнэн нүүр царай л тэр.

Утга зохиолын босгоор алхаад орж ирж байгаа залууг халуун сэтгэлээр угтаж авч чадахгүй байна гэдэг би өөрөө хэн бэ гэдгийн баталгаа. Тийм учраас би хүмүүст нэг л зангаар ханддаг. Хожмын өдөр нөгөө ертөнц рүү явахад энэ зангаараа л дуусъя гэж боддог. Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим.

Тиймээс энэ зарчим маань хүмүүст таалагддаг юм уу, эсвэл энэ зарчмыг маань олон хүмүүс хүлээн зөвшөөрдөг учраас магадгүй надад олноор хандаж ном зохиолоо шүүлгэж, санал зөвлөгөө авч редакторлуулдаг юм болов уу даа. Нөгөө талаас хүнд тодорхой зорилго гэж байх ёстой.

Миний хувьд үгийн урлагийн бүхий л төрлөөр бичдэг. Гэхдээ 1990-ээд оны хямралтай цаг үед өөрийнхөө өмнөх үеийн болоод ахмад зохиолчдын бидэнтэй харьцаж байгааг хараад би хэзээ нэгэн цагт ийм нас, энэ байр суурин дээр очоод хамгийн нээлттэй, хамгийн хүнлэг, сайхан сэтгэлтэй хүү байх юмсан гэж бодсон, Тэр бодол зорилгыг надад манай их зантай, өөрийгөө сансрын амьтан гээд бодчихсон, хүнтэй дандаа байр сууринаас ханддаг хэсэг зохиолчид бий болгосон. Тийм учраас тэдэнд "баярлалаа" гэж хэлмээр байна.

Хэрэв тэд тийм байгаагүй бол одоо би ийм байхыг хичээж амьдрахгүй байх байсан. Тийм учраас муу хүний үйлдэл ч гэсэн сайн үйлс бүтээх хүсэл зорилгыг бий болгодог юм байна.

-Та цаг үеийнхнийхээ тухай ч багагүй шүүмж бичсэн?

-Эхлээд би яруу найргийн хэд хэдэн ном гаргасан. Тэгээд л хүүрнэл зохиол бичиж эхэлсэн. Гурав, дөрөвхөн өгүүлбэртэй өгүүллэг бичдэг байлаа. "Бурхангүй газар" ном минь тийм л өгүүллэгээс бүтсэн. Тэр бол миний яруу найргаас хүүрнэл зохиол уруу шилжиж байх явц. Уянгын өгүүллэг ч хэдийг бичсэн. Харин сүүлийн хоёр жил тууж бичлээ. Тиймээс би утга зохиолын бүх шатыг нь дамжчихсан гэсэн үг.

Д.Нэргүй

Эх сурвалж: