sonin.mn
УДЭТ-ын ерөнхий найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржтой ярилцлаа. 
 
-“Чөлөөт хос” жүжгийг 10 гаруй жилийн өмнөөс судалсан гэж сонссон. Гэтэл яагаад одоо л үзэгчдийн хүртээл болгохоор шийдэв? 
 
-Энэ жил театрын уран бүтээлчид бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлээд ажиллаж байна. Төслийн хүрээнд найруулагчид өөр, өөр жүжиг дэглэн үзэгчдийн оюун санаа, сэтгэлийг баясгаж байгааг та бүхэн мэдэх байх.
 
Миний хувьд, Италийн жүжгийн зохиолч, найруулагч, зураач, улстөрч Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Жүжгийн нээлт ирэх сард болно. Энэ жүжгийг би олон жилийн өмнө сэтгүүлч Л.Батцэнгэлээр орчуулуулж авсан юм.
 
Ер нь бол миний хадгалж байсан ганц бүтээл гэж хэлж болно. Гэхдээ олон жил хүлээж, үзэгчдэд хүргэх нөхцөл боломж олдохгүй явсаар өдий хүрлээ. Энэ зохиол маш агуу бүтээл. “Чөлөөт хос” жүжиг бол гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээл юм.
 
Нөхрөө хэд, хэдэн бүсгүйтэй дотно харилцаатай байдгийг эхнэр нь олж мэдээд амиа хорлохоос өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үзэгдлээс жүжиг эхэлнэ. Энэ үеэс тэдний амьдрал хэрхэн өрнөх тухай харуулдаг юм.
 
Орчин үед бидний амьдрал нийгмийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж тэр хэмжээгээр хүмүүсийн хоорондын харилцаанд сэв суух, бие биенээ дээрэлхэх, амьдралын утга учрыг таньж мэдээгүй, ороо бусгаа ийм цаг үед хүний амьдралын үнэт зүйл юу болох, оюун санаа, хүний эрхэм мөн чанар ямар байх ёстойг энэ жүжгээр харуулахыг зорьсон. 
 
-Ямар уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна вэ? 
 
-Эмэгтэй голд дүрд олон улсын ганц хүний жүжгийн наадмаас “Гранпри” шагнал хүртсэн Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан тоглохоор болсон. Эрэгтэй гол дүрийг залуу жүжигчин Б.Гэрэлт-Од бүтээхээр бэлтгэлээ хийж байгаа.
 
Энэ залуу жүжигчин өнгөрсөн жил театрт жүжигчнээр орох эрх аваад одоогоор туршилтаар ажиллаж байгаа юм. Мөн туслах дүрд Соёлын тэргүүний ажилтан М.Төвшинхүү ажиллана.
 
Жүжигт залуу уран бүтээлчид хамтран ажиллаж байгаагаараа ихээхэн онцлогтой. Цаашлаад тайзны засал чимэглэл, нарийн чимхлүүр ажилд олон хүн оролцож байна. 
 
-“Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид дорно дахины сонгодог бүтээлийн нэг “Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийг өмнө нь үзэгчдийн хүртээл болгосон. Энэ нь Азид театрын жүжиг болж амилсан анхны тохиолдол гэсэн?
 
-Энэ романаар Азид болон дэлхийд жүжиг хийж найруулаагүй. Харин Монголд анх удаа жүжиг болж тайзнаа амилсан бэсрэг роман юм. Манайхан “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл” зэрэг телевизийн олон ангит кино зохиолыг сайн мэдэх байх.
 
Харин театрын бүтээл болж байгаа нь анхных. Уг романыг Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг жүжгийн зохиол болгон бичсэн. XX зууны Хятадын шилдэг бүтээл, дорно дахины сонгодог зохиол гэдгээрээ онцлог бүтээл юм. 
 
-Та найруулагч төдийгүй жүжигчний мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчаас үлгэр дуурайлал аваад найруулагчийн амьдралыг сонгосон гэж сонссон юм байна? 
 
-Багшийн их сургуулийн Кино драмын ангид 1980 онд элсэн орсон. Миний мэргэжил жүжигчин шүү дээ. Анх Кино драмын ангид ороод Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлага дор суралцаж байлаа. Театрт 1982 онд жүжигчнээр ороод таван жил ажилласан.
 
Энэ хугацаанд найруулагч Б.Мөнхдорж багшаас их зүйл сурсан. Найруулагч болсон минь үүнтэй холбоотой. Тухайн үед би мэддэг чаддаг бүхнээ чамлаж, урлагийн алтан үеийн уран бүтээлчдийг хараад найруулагч болохоор шийдсэн. Ингээд 1987 онд Беларусийн Урлагийн академийн найруулагчийн ангид орж байлаа. 
 
-Найруулагчаас жүжигчин байх нь илүү сайхан юм биш үү? 
 
-Хүн гэдэг амьтан өсөн дэвжиж байж оршдог. Найруулагч болох шалтгаан тухайн үед надад их олон байлаа. Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч, И.Доржсамбуу агсан гээд мундаг хүмүүсийг би шүтэж, тэдний хэлсэн ярьсан болгоныг амьдралдаа хэрэгжүүлэн илүү ихийг сурч өөртөө шингээж авахыг хүссэн.
 
“Сайн найруулагчийн гараас сайн уран бүтээл, уран бүтээлч төрдөг” гэж манай ахмад үеийнхэн ярьдаг. Найруулагч болохдоо нэгдүгээрт, Б.Мөнхдорж найруулагчийн жүжигчдэд ээлтэй зан чанар, И.Доржсамбуу агсны дэг журам, онол, номыг гарамгай эзэмшсэн авьяасыг мэдэж авахыг хүссэн.
 
Хоёрдугаарт, би 1982-1987 онд жүжигчнээр ажиллаж байхдаа маш олон жүжгийн гол болон туслах дүрд тоглож байлаа. Тухайн үед хавь ойрын хүмүүсийг ажиглахад намайг “Чамгүй сайн жүжигчин” гэдэг байсан ч би өөрийгөө маш их голдог байсан.
 
Ерөөсөө л хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа юм шиг санагдаад эхэлсэн. Энэ бүхнийг нөхөж авахын тулд найруулагч болохоор шийдсэн минь тэр л дээ. Найруулагч хүн тал бүрийн мэдлэгтэй байх ёстой.
 
Тиймээс байнга эрэл хайгуул хийж, үзэж харж, уншиж сурахаар шийдсэн юм. “Чадвал найруулагч болно биз. Чадахгүй бол тэр бүх зүйлээр тархи, оюун ухаанаа цэнэглэж аваад жүжигчний ажлаа хийе” гэсэн бодолтой л байлаа. Тэр хүсэл тэмүүлэл, зорилгынхоо үрээр найруулагч болсон доо. 
 
-Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуайтай оюутан байхдаа өрсөлдөөд “Найрын ширээний ууц” жүжигт анхны дүрээ мөнхөлсөн. Хамгийн анх тоглож байсан дүр үү? 
 
-Улсын багшийн их сургуулийн Кино драмын гуравдугаар ангийн оюутан байхдаа би “Найрын ширээний ууц” жүжигт анх тоглосон. Энэ бол надад тохиолдсон ховорхон боломжуудын нэг.
 
И.Доржсамбуу агсан “Найрын ширээний ууц” жүжгийг найруулж, Ардын жүжигчин П.Цэрэндагва ах тэр жүжигт зоотехникчийн дүрд тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байсан юм билээ.
 
Гэтэл нэг өдөр П.Цэрэндагва гуай “Хатанбаатар” киноны хоёр дүрд тоглохоор болж зоотехникчийн дүр эзэнгүй үлдсэн юм. Тэр үед манай ангийнхан театрт дадлага хийж байлаа. И.Доржсамбуу агсан “Энэ дүр дээр ажилла” гээд Д.Сосорбарам бид хоёрыг өрсөлдүүлж би тэнцсэн.
 
“Найрын ширээний ууц” жүжиг миний хамгийн анхны уран бүтээл. Харин төгсч ирээд хийсэн анхны бүтээл бол Д.Намдаг гуайн “Эрдэмтний яриа” жүжгийн гол дүр юм.
 
Тэр жүжигт Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин Г.Мягмарнаран , Г.Гомбосүрэн гуай зэрэг мундаг жүжигчидтэй хамтран тоглосон. Би энэ жүжигт тоглоод их зүйл сурсан даа.
 
Театрын гал тогоонд орж тэр мундаг жүжигчдээс уран бүтээлч хүний мөн чанар, тайзны соёл, театрын амьдралаар амьдрах, өөрийгөө олох гээд энэ бүхнээс өөрт хэрэгтэй зүйлсийг олж авсан. Ер нь хүн амьдралаас өдөр тутамдаа олон зүйлсийг сурдаг. Хүн хэрвээ олж харж л чадах юм бол амьдрал баян. 
 
-Алтан үеийн уран бүтээлчдээс суралцах зүйл танд их байсан болов уу. Тэр тухай бидэнд дурсана уу? 
 
-Хүн болгон өөр, өөрийн гэсэн гайхамшигтай давуу талтай. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай бол хоолойгоо маш их хайрлаж, хоолойтойгоо ажиллах тал дээр үнэхээр гайхамшигтай чадвартай. Тэр хэмжээгээрээ хоолны дэглэм сайн барьж эрүүл мэнддээ их анхаардаг.
 
Уран бүтээлч хүн өвдөх эрхгүй. Биеэ авч яваа соёлд их нарийн ханддаг. Жинхэнэ ясны уран бүтээлч хүн гэж хэлмээр санагддаг. Хөдөө орон нутагт зурганд явж байхад өглөө эрт тогтмол цагт босдог.
 
Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүний хувьд маш хариуцлагатай хатуу дэг журамд захирагдаж, түүнийгээ амьдралын хэвшил болгож байгаа нь надад үлгэр дуурайлал болсон. Т.Гомбосүрэн гуай тоглох гэж байгаа дүрдээ ороход хэзээд бэлэн хүн байсан юм.
 
Харин Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бүтээх дүрдээ орж тэр бүтээлээрээ амьсгалж, тэр жүжгээр л амьдарч чаддаг. Тоглолт болохоос нэг цагийн өмнө ирээд бүх бэлтгэл ажлаа хийчихсэн, тоглоход бэлэн болчихсон байдаг зарчимч уран бүтээлч.
 
Ардын жүжигчин П.Цэрэндавга гуай гэхэд уран бүтээлч хүний сахилга бат, тайзны соёл, үзэгчдээ хүндлэх харьцааг маш нарийн баримталдаг. Энэ бүх уран бүтээлчдээс олон зүйлийн олж авсан. Ийм үг байдаг даа “Чамд тохирсон хамт олон гэж байхгүй.
 
Харин чи хамт олон дунд ор” гэдэг үгийг л театрын уран бүтээлчид мөрдөж явдаг. Энэ таван жилийн хугацаанд маш их зүйл сурсан. Нэг зүйл хэлэхэд, “Би Беларус улсын Минск хотод оюутан болж очихоод нэг шөнө хар дарж зүүдэллээ.
 
Тэгээд “Театрт тоглож байсан жүжгээсээ хоцорчихлоо” гээд год үсэрч босч ирсэн. Энэ нь азаар зүүд байж би үнэхээр их баярлаж” билээ.
 
Үүнийг яагаад ярьж байна вэ гэхээр театрт ажилласан таван жил миний хувьд ямар их утга учиртай, эрхэм, тэр уран бүтээлчдийн амьдралаар амьдарч театраа үгүйлэн санагалзаж байгааг надад мэдрүүлж өгсөн юм болов уу. 
 
-Та хийсэн бүтээснээ чамладаг юм шиг санагдлаа. Өмнө нь нэгэн ярилцлагадаа “Би мундаг сайн найруулагч биш. Манайхан намайг авьяастай гэж хүлээн зөвшөөрдөг. Би хийсэн зүйлдээ сэтгэл ханаагүй байна” хэмээн өгүүлсэн байсан? 
 
-Тэр үгийг би ийм утгаар хэлсэн юм. Хүний оюун ухаан, сэтгэлгээний орон зай, мөн чанар энэ бүгд дундаршгүй ариун нөөц баялагтай. Тэр хүн хэр хэмжээгээр хөдөлмөрлөн танин мэдэж өөрийгөө хөгжүүлж, бүр илүү бүтээх тусмаа тухайн хүний оюун ухаан, сэтгэлгээ, тархи хөгжиж, тэлж өгдөг.
 
Ганцхан урлаг гэлтгүй аль ч салбарын хүн шавхагдашгүй чадвартай байдаг. Хүн нэг хэсэгхэн зүйл хийчихээд түүндээ ханаж цадах хэрэггүй. Одоо байгаагаас илүү ихийг хийх боломж нөхцөл, оюуны цар хүрээ байгаа гэсэн утгаар би тэр үгийг хэлсэн.
 
Ер нь уран бүтээлүүдээ эргээд харахад, энэ дээр ингэх байх, тэрийг ингэдэг байж гэж маш олон анзааралгүй өнгөрсөн зүйлийг олж хардаг. Энэ бүхнээсээ суралцдаг. Би одоо хийсэн уран бүтээлдээ сэтгэл хангалуун байгаа.
 
Гэхдээ надад хийх олон зүйл байгаа гэдгийг бас харж байна. Хийхээр бодсон зүйл ч олон бий. Жишээ нь, би “Чөлөөт хос” жүжигт өмнө нь хийж байгаагүй тэр зүйлийг л хийнэ гэсэн бодолтой байгаа.
 
Чадах, чадахгүй нь хамаагүй шинэ зүйлийг эрэлхийлэх тусам сурч боловсорч байдаг учраас шинэ содон, шинэлэг санаа гаргах хэрэгтэй.
 
-“Чөлөөт хос” жүжигт тусгах шинэлэг тэр зүйл юу вэ?
 
-Маш олон зүйл хийхээр төлөвлөсөн байгаа. Одоо хэлчихвэл сонирхолгүй, бас шинэлэг байж чадахгүй. Тухайн үед нь үзэгчид мэдэх байх. 
 
-“Театрын урлагт Монгол үнэр үнэртэхгүй байна. Найруулж байгаа жүжгүүдийн ихэнх нь гадаадын зохиол байх юм” гэсэн шүүмжлэл бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг бол? 
 
-Үзэгчид хэт нэг талыг барьж тэгж ярих нь буруу. Гэхдээ энэ шүүмжлэл бидэнд нэгийг бодогдуулдаг. Театрын тайзнаа аль, аль нь хосолж байгаа. Монгол жүжиг гэвэл “Тэнгэрийн хүү”, “Ану хатан”, “Оролмаа эх” зэрэг түүхэн сэдэв жүжиг найруулан тавьсан.
 
Хүн суралцах тусмаа хөгждөг. Гадаад, дотоодын зохиол найруулан тавих нь юмыг арай өөр өнцгөөс харах боломж олгодог. Театрын уран бүтээлчид, найруулагчид тодорхой хэмжээнд өөрсдийн чадах чинээгээрээ үзэгч, олон нийт, ард түмэнд зориулан бүтээл гаргаж байгаа.
 
Заавал гадаад, дотоод гэхгүй урлаг бол хүн судлалын салбар. Тийм болохоор харилцан эн тэнцүү л байлгахыг тулд манай уран бүтээлчид ажиллаж байгаа. 
 
-Үзэгчдийн нүдээр харахад, УДЭТ-т ажиллаж байгаа найруулагчдын ур чадвар театраас гадуурх чөлөөт уран бүтээлчид арай илүү юм шиг санагддаг. Энэ тал дээр саналаа хуваалцахгүй юу? 
 
-Мэргэжлийн ганц байгууллага учраас театрт үзвэр үзэх хүн олон. Энд байгаа уран бүтээлчид муу байх, муу уран бүтээл хийх эрхгүй л дээ. Сүүлийн үед сайн, сайн уран бүтээлчид, найруулагчид гарч ирж байгаа. Тэдний харах өнцөг өөр, өгүүлэх гэсэн санаа нь зөв байгаад сэтгэл өөдрөг явдаг. 
 
-Драмын театрт шинэ урсгал чиглэлийн жүжиг тавьж болдоггүй юм уу. Тэс ондоо хэв маягтай, магадгүй орчин үеийн урлаг гэж үзэгчдэд ойлгогдохоор? 
 
-УДЭТ нэгдүгээрт, улсын байгууллага. Хоёрдугаарт, монголчуудын оюуны, уламжлалын том төв. Энэ утгаараа манай театр хүн төрөлхтөний хамгийн зөв, шилмэл дэг жаягаар явах ёстой.
 
Түүнээс биш туршилтын талбар биш. Яагаад гэвэл, бид оюуны үнэт зүйлийг хийхийн төлөө ажиллаж байгаа. Манай театр 80 жилийн түүх, уламжлал, дэг жаягтай, үнэт зүйлсээ бий болгочихсон. Тэр жаягаараа л явна. 
 
-Саяхан урлагийн салбарынхан тайван жагсаал хийсэн. Энэ талаар театрын ерөнхий найруулагчийн хувьд ямар байр суурьтай байна вэ? 
 
-Төр ичихгүй бол бид ичихгүй. Тэр жагсаалыг бид амьдралаа сайжруулах гэж хийгээгүй. Ямар нэгэн бэлэн зүйлийг нэхээгүй. Зүгээр л “Урлагийн салбарт хандуулах анхаарлаа сайжруулаач” гэсэн хүсэлт тавьж загссан.
 
Бид буруу зүйл хийгээгүй байх. Урлагийнханд аль нам, эвсэл байх нь огт хамаагүй. Түүнээс хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй болмоор байна гэж жагсаагүй шүү дээ. 
 
-Таны хүрээний хүмүүс, тэр дундаа урлагийнхан өөрийг тань их ёсорхог, дэг журамтай, зан заншил сайн мэддэг гэж ярьдаг юм байна лээ? 
 
-Би монгол хүн. Урлагийн салбарт зүтгэж байгаа уран бүтээлч хүний хувьд улс орныхоо түүх соёл, ёс заншил, дэг журам, хэм хэмжээг мэдэх нь зүйн хэрэг. Үүнийг мэргэжил маань биднээс шаарддаг.
 
Тодорхой хэмжээнд ёс заншил, дэг журам, түүх соёлоо мэдэх нь хувь хүнд хэрэгтэй л дээ. Уран бүтээлдээ энэ бүгдийг тусгаж үзэгчдэд таниулах, сурталчлах нь бидний үүрэг. 
 
-Найруулагч Ч.Найдандорж гэхээр хүмүүс хамгийн түрүүнд хар шилтэй, бүрх малгай өмссөн байгаагаар тань төсөөлдөг байх? 
 
-Тийм шүү. Ер нь би өөрийнхөөрөө л байх дуртай. Харин ч хар шил, бүрх малгай намайг тодорхойлж болох юм. Би ширүүн, догшин харцаа нуух гэж хар шил зүүдэг. 
 
-Догшин гэхээс илүү зарчимч зантай юм биш үү? 
 
-Уран бүтээлч хүн зарчим ч байх ёстой. Урлаг өөрөө уран бүтээлчээс шаарддаг зан чанаруудын нэг л дээ. Олон хүн надад “Ширүүн догшин” гэж хэлж байсан. Би солиотой галзуу хүн биш. Энгийн байдгаараа л байгаа минь энэ. Ер нь би гэлтгүй хүн бүрт бурхнаас эхлээд буг чөтгөр хүртэлх зан чанар бий. 
 
-Ярилцсанд баярлалаа.
 
Д. Нэргүй
 
Эх сурвалж: