sonin.mn

Хос бөхт тэмээн сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд эрс буурч байна. Тэмээн сүргийн энэхүү бууралтыг сааруулахад нөлөөлөх хүчин зүйлийн нэг бол ингэний сүүний биологийн болон хүнс тэжээлийн үнэт чанарт тулгуурлан түүнийг боловсруулах юм.

Энэ нь орон нутагт тохирсон дэвшилт технологи бий болгох, сувиллын ач холбогдолтой, эрэлт хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах, ингэний сүүг нийгмийн бусад салбарт зохистой ашиглах асуудлыг хөндөж байгаатай холбоотой.

Монгол улсын статистикийн мэдээнээс үзэхэд хүн амын нийт өвчлөлийн 70 орчим хувь нь хоол хүнснээс үүдэлтэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хүнс тэжээлийн болон биологийн үнэт чанартай сүү, цагаан идээний хэрэглээ нь төв суурин газрын хүн амын дунд эрс буурч байгаатай ямар нэгэн хэмжээгээр холбоотой юм.

Сүүнд агуулагдах тэжээлт бодисууд нь хүний бие махбодийг цогцлон бүрдүүлээд зогсохгүй эрүүл мэндийг дэмжих, элдэв элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэх үүргийг дангаар буюу бусад хүнстэй хослуулан гүйцэтгэнэ.

Чухамхүү монголчуудын зохистой хооллолтын өв нь байгаль, ахуй амьдралын хатуу ширүүн нөхцөлд өвчин эмгэг эсэргүүцэн дасан зохицох чадварыг олсон, бие бялдар чийрэг, цоглог, саруул ухаантай монгол үндэстний удмын санг эдүгээг хүртэл хадгалсан хүчин зүйлсийн нэг гэж үзэж болох юм.

Ингэний сүү, цагаан идээ нь говь нутгийн хүн амын зөвхөн хоол ундны хэрэгцээг хангаад зогсоогүй, ардын уламжлалт эмчилгээнд өргөнөөр хэрэглэгдэж ирсэн. Тухайлбал, ингэний сүүг, хаван хөөх, сүрьеэ болон хоол боловсруулах эрхтний өвчний үед хэрэглэж ирсэн уламжлал бий.

Ингэний сүү нь уургийн бүрэлдэхүүн бодисын харьцаагаар эхийн сүүтэй ойролцоо юм. Ингэний сүүгээр сульдаа, шүүдэст эмзэгшил, уургийн дутал зэрэг эмгэгтэй болон нярай хүүхдэд зориулсан сүүн тэжээл үйлдэхэд тохиромжтой бөгөөд бидний 1990-2009 оны хугацаанд явуулсан эмнэл зүйн туршилтаар энэ нь бүрэн нотлогдсон болно.

Ингэний 1000 г сүүгээр хүний хоногийн хэрэгцээт фосфор, кальфийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтойг судалгаа шинжилгээний үр дүнгээр нотлов. Ингэний 1000 г сүүгээр хүний биемахбодид хэрэгцээт нийт микроэлементийн 50 хүртэл хувийг хангах боломжтой.

Судалгааны үр дүнгээр ингэний сүү нь натрид, кали их хэмжээгээр агуулдаг тул цусны даралт бууруулах шингэний солилцоог зохицуулах үйлчилгээтэй байна. Ингэний сүүний тос нь хүний биемахбодийн дархлааг сэргээх, зүрх судасны эмгэгээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой линол ба линолейний хүчлийг агуулж байгаа нь шинжилгээгээр тогтоогдов.

С аминдэмийн хэмжээ нь ингэний сүүнд зарим малын сүүнээс эрс давуутай байна. Тухайлбал, ингэний сүүний эл аминдэмийн хэмжээ 8,3 бол үнээнийх 1,5, ямааных 2,0 мг|100 г байгааг судалгаагаар тогтоов. Ингэний 1 кг сүүгээр хүний биемахбодод шаардагдах хоногийн хэрэгцээт С аминдэмийг 100 хувь хангана.

Харин В төрлийн болон А аминдэмийн хэрэгцээг махан хүнс болон ургамлын гаралтай бусад хүнстэй хавсран хангаж байна. Ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг нитрозамин, аммоний, индол, фенол гэх мэт бодисын үйлчлэлийг саармагжуулах ач холбогдолтой байдаг.

Ходоодны шархлаа, цусны даралт ихсэх болон бөөрний эмгэгийн үед ингэний сүү нь юугаар ч орлуулшгүй байгалийн гарвалтай эмийн үүргийг гүйцэтгэдэг. Манай улсад ингэний сүүний бүрэлдэхүүн бүтцийг судалж улмаар түүнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах, эмчилгээ сувиллын ач холбогдлыг илрүүлэх судалгааны ажлыг 1985 оноос эхлэн явуулж байна.

Ингэний сүүний уураг, тосны өвөрмөц чанар болон лактозын агууламжинд тулгуурлан түүгээр исэг цагаан идээ үйлдэх туршилтын үр дүнд L.acidophilus-ын цэвэр өсгөвөрийн хөрөнгө ашиглах шинэ бүтээгдэхүүний технологи боловсруулав.

Мөн ингэний сүүний уургийн баяжмал, буцалгаа, ааруул зэрэг шинэ бүтээгдэхүүний технологи боловсруулж, улмаар хүүхдийн болон элэг, цөсний архаг үрэвслийн үед эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой болохыг клиник ажиглалтаар нотолгоожуулсан болно.

Ингэний сүүгээр хүний эрүүл мэндийг дэмжих онол, практикийн судлагаа 30-аад жил үргэлжилж байгаа хэдий ч түүнийг амьдралд нэвтрүүлэх технологийн туршилт судалгааны ажил дорвитой хэрэгжихгүй байна. Энэ нь юуны өмнө энэ чиглэлээр судалгаа инновацийн төсөл, хөтөлбөр манай оронд хэрэгжиж байгаагүйтэй холбоотой.

Ингэний сүүг хүнс бус харин эмийн зориулалтаар ашиглаж өвчин эмгэгийг илааршуулах, импортын өндөр үнэтэй, биологийн идэвхт нэмэлтийг өөрийн оронд үйлдвэрлэх, гадаадын зах зээлд гаргах ихээхэн нөөц бололцоо бидэнд бий.

Иймээс говийн экосиситем түүнд оршин амьдарч байгаа амьтдын төрөл зүйлийг хамгаалахад Тэмээн сүргийн ашиг шимийг зохистой ашиглах, үүний дотор ингэний сүүг рашаан хэмээн үзэж түүнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологогийн оновчтой шийдлийг зохион бүтээх шаардлага монголчууд бидний хөгжлийн нэгэн зорилт байх нь дамжиггүй.

Доктор, профессор  Ц. Батсүх