sonin.mn

Монгол туургатан залуус хамтран “Андууд” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны кино хийж, ирэх намар зураг авалтаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.

Хятад, Казахстан, ОХУ-ын Тува, Якут, Алтай, ӨМӨЗО-ны Ордос зэрэг дөрвөн орныг хамарсан тус киноны уран бүтээлчид ирэх пүрэв гарагт манай улсад хүрэлцэн ирж, анхдугаар уулзалтаа зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан жүжигчин, найруулагч Ө.Мөнгөнтулгыг энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа урьж ярилцлаа.

-Та бид хоёрын ярилцах сэдэв маш тодорхой. Хэдхэн хоногийн дараа дөрвөн орны уран бүтээлчид хүрэлцэн ирж, анхдугаар уулзалтаа зохион байгуулна. Таныг тэднийг хүлээж авахаас эхлүүлээд үдэн гаргах хүртэлх бүхий л ажлыг зохион байгуулалцаж байгаа гэж сонслоо?

-Тийм ээ. Юуны өмнө танай сонины нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Энэ сарын 10-15-ны хооронд тав хоногийн хугацаанд “Андууд” нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киноны уран бүтээлчдийн анхдугаар уулзалт болно.

Монгол туургатан залуусын анхдугаар уулзалт гэхээсээ илүү анд нөхдийн уулзалт юм. 10 гаруй уран бүтээлч ирнэ. Бэлтгэл ажил гээд их л завгүй явна даа.

-Ингэхэд кино зохиол бичигдээд дуусчихсан байх аа?

-Тийм ээ. Зохиол нь бичигдээд дууссан. Гэхдээ зохиолыг кино зохиол болгоход амаргүй. Нэлээд ажиллагаа шаардагдана. Өөрөөр хэлбэл тухайн зохиолыг өөрийн болгохын тулд найруулагчид ажилладаг. Найруулагчийн зохиол гэж тусад нь гаргадаг. Тэрхүү зохиол нь хараахан бэлэн болоогүй байна.

Яах вэ, эхний байдлаар зохиол гараад бэлэн болчихсон гэж ойлгож болно.Монголчууд олон зуун жилийн үнэт түүх, соёлын өвөө харийнханд ихээр алдаж байна. Кино маань энэхүү биет болон биет бус өвөө Монгол туургатан залуус хэрхэн хамгаалж, тэмцэж байгаа талаар хөндөнө.

Дээр нь залуусын нөхөрлөлийн тухай, ер нь эрчүүд хоорондоо хэрхэн анд бололцдог талаар өгүүлнэ.

Түүнчлэн өнөөдөр бид дотроо тархай, бутархай хэвээрээ байна. Бие биенээ муулж, нэгнийхээ хийсэн зүйлийг үгүйсгэдэг болж. Гудамжинд явахад хүртэл иргэд их бухимдалтай, нэг нэгэндээ итгэхээ больчихсон байгаа нь ажиглагдаж байна. Энэ талаар ч гэсэн хөндөж залууст ухаарал өгөхийг зорьж байна.

-Кино багаа бүрдүүлээгүй гэсэн үг үү?

-Анхдугаар уулзалтаар л бүх зүйл тодорхой болох байх. Монголын талаас ямар баг ажиллах вэ гэх зэргийг шийднэ. Тэр холоос өөрсдөө зардал мөнгөө гаргаад биднийг зорьж ирж байгаа найзууддаа үзүүлж, сонирхуулах юу л байна тэр бүгдийг үзүүлэхийг хүсч байна. Үүнийхээ хажуугаар санал бодлоо солилцож, ажлаа ярилцана даа.

Үүнээс гадна саяхан Бээжин хотод Дэлхийн залуу уран бүтээлчдийн холбоо гэж байгуулагдсан байна. Тэд бас манай улсад хүрэлцэн ирж, уулзалт зохион байгуулах юм билээ. “Андууд” киноны уран бүтээлчид маань энэхүү уулзалтад оролцоно.  Тэгэхгүй бол бид тогоон дотроо л сэтгээд байна шүү дээ.

Бид болж л өгвөл гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж туршлага солилцох шаардлагатай юм. Нөгөөтэйгүүр хөлс хүчээ шавхан байж хийсэн уран бүтээлээ хилийн цаана байгаа үзэгчдэд хүргэх нь чухал. Ингэвэл Монголын кино урлаг илүү хурдацтай хөгжих болно.

-Таны ярианаас тогоон дотроо л сэтгээд байгаа учраас Монголын кино урлаг хөгжихгүй байна гэж ойлгогдож байна?

-Яг ч тэгж ойлгож болохгүй. Монголын орчин үеийн кино урлаг хөгжиж л байна. Ямар ч байсан сайн, муугаараа дуудуулаад явж байна. Аятайхан уран бүтээл хийчих юмсан, нэг кино хийж, бүтээсэн зүйлтэй үлдэх юмсан гэсэн бодолтой залуус олон байна.

-Уучлаарай, гэхдээ сүүлийн үед зөвхөн мөнгө олохын тулд кино хийгээд байх шиг?

-Бүгд мөнгө олох гэж кино хийгээд байгаа юм биш. Уран бүтээлийг мөнгө болгон хардаг хэсэг бүлэг хүмүүс байгааг үгүйсгэхгүй.

-Нөгөөтэйгүүр кинонд мэргэжлийн бус хүмүүсийг их тоглуулж байна. Жүжигчин гэхээсээ илүүтэй хэн ч танихгүй загвар өмсөгч, дуучин гээд л...?

-Кинонд заавал мэргэжлийн жүжигчин тоглоно гэх ойлголт байхгүй. Тухайн найруулагч яаж харж, хэрхэн шийднэ түүгээр л болдог. Гэхдээ хэт туульширч болохгүй л дээ. Захын нэг дуучин, загвар өмсөгч, эдийн засагч, улстөрч гээд нийгэмд танигдсан, сонирхож байгаа хүмүүсийг тоглуулаад байвал утгагүй.

Учир нь бид тодорхой нарийн шалгуур давж байж, бүхэл бүтэн дөрвөн жил сэтгэл зүрх, хөлс хүчээ шавхан байж жүжигчин гэх мэргэжлийг эзэмшдэг. Энэ талаас нь бодвол кинонд мэргэжлийн бус хүмүүсийг тоглуулах нь буруу юм. Дээр нь янз бүрийн хөтлөгч, жүжигчний сургалт, дамжаанууд байна.

-Тэд яасан гэж?

-Чи бод л доо. Хаа сайгүй л “45 хоногийн дотор хөтлөгч, жүжигчин болгоно” гэсэн зар харагддаг биз дээ. Би хувьдаа ийм богино хугацаанд хүнийг хөтлөгч, жүжигчин болгоно гэдэгтэй санал огт нийлдэггүй. Бидний мэргэжил зүгээр нэг сургалт, дамжаагаар эзэмшчихдэг мэргэжил биш шүү дээ.

-Тантай санал нэг байна?

-Гэхдээ жүжигчид тухайн найруулагчийн шаардлагыг хангахгүй байхыг үгүйсгэхгүй. Уран бүтээлд нь царай зүс, бие хаагаараа тохирохгүй байж болно. Аргагүйн эрхэнд дуучин, загвар өмсөгчдийг тоглуулдаг байж магадгүй. Магадгүй шүү. Хамгийн гол нь хүн ямар мэргэжил эзэмшинэ түүндээ үнэнч, хайртай байх хэрэгтэй. Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах шиг сайхан зүйл байхгүй.

-Социализмийн үеийн мундаг кинонууд байна. Хэдэн удаа үзсэн ч уйддаггүй. Гэтэл өнөөдөр шил шилээ даран гарч байгаа энэ олон киног ганц үзээд л уйдчих юм. Энэ юундаа байна вэ?

-Бид яг энэ асуудлыг маш их хөндөж ярьдаг. Бүх талаас нь авч үздэг. Тухайн үед төр засгаас киноны төсвийг гаргаад өгчихдөг байсан. Уран бүтээлчид нь ч гэсэн нэг киног тодорхойгүй хугацаагаар хийдэг байж. Хөрөнгө мөнгө, цаг хугацаанд баригдахгүй зөвхөн уран бүтээлээ л хийдэг байсан. Бүх санхүүжилт нь төр засгаас хангагддаг байсан учраас тэдэнд яарах шаардлага байхгүй.

Дээр нь тухайн үед манайханд үзэж харах зүйл их бага байсан. Үндэснийхээ ганц телевизээс өөр зүйл үздэггүй байсан үе. Театруудад ч гэсэн одооных шиг ингэж олон кино гардаггүй байсан. Нэг жишээ ярья л даа. Наадам болоход телевизээр хэдхэн кино л ээлжилж гардаг. Түүнийгээ олон удаа давтана.

Ингэхээр тэр хүмүүсийн сэтгэлд хоногших нь аргагүй шүү дээ. Харин одоо манай залуус бүх орны киног үзэж байна. Шуудхан хэлэхэд нүд, чих нь онгойчихсон байна шүү дээ. Тэр хэрээр аливаа уран бүтээлийн харьцуулалт маш их болсон. Ингэх тусам хүмүүсийн оюуны хөгжил өндөр түвшинд хүрчихэж.

Уран бүтээлчдээс нэхэж байгаа шаардлага нь хүртэл өндөр байна.

-Хүмүүсийн шаардлагад нийцсэн кино хийе гэхээр хөрөнгө, мөнгөнөөс авахуулаад техник, технологи нь орж ирээгүй байна гэж үү?

-Иргэд “Хөрөнгө санхүү ямар хамаатай юм, сайхан уран бүтээл хийхэд л болно” гэж боддог шиг байгаа юм. Гэвч тийм биш шүү дээ. Ямар ч уран бүтээлд хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй. Бид нэг киног 100 сая төгрөгөөр чадан ядан хийж байхад гадаадад 100 сая ам.доллараар хийж байна.

Яах вэ, гадаадын жүжигчдийн өртөг өндөр байж болно. Гэхдээ л 100 сая төгрөг, 100 сая ам.долларын хооронд асар их зөрүү бий. Дээр нь тэнд шаардлагатай тоног төхөөрөмж гээд хэрэгтэй юу байна тэр бүгд нь байна.

Нэг үгээр хэлбэл уран бүтээлчдийг ажиллах боломж бололцоог нь хангаад өгчихсөн. Ийм байхад найруулагч, жүжигчид нь зөвхөн уран бүтээлээ л сайн, чанартай хийхийг бодно биз дээ.

-Харин манайд ямар гэж?

-Ний нуугүй хэлэхэд Монголын уран бүтээлчид маш их зовж, шаналж байж нэг кино хийдэг. Зөвхөн уран бүтээл ямар болох нь гэдгээс гадна хөрөнгө санхүүгийн тал дээр санаагаа зовоож байдаг. Жүжигчдээ хооллож, хаана байрлуулах вэ гэдгээс эхлээд асар их сэтгэлийн шаналал дунд нэг уран бүтээл хийдэг.

Ихэнх найруулагчид ингэж л ажилладаг. Уг нь энэ бүхнийг зохицуулдаг баг ажиллах ёстой. Гэвч тэднийг ажиллуулъя гэхээр өнөөх л хөрөнгө мөнгөний асуудал сөхөгддөг. Энэ бүгдээс болж нэг хүн гурав, дөрвөн хүний ажил хийж байх жишээтэй.

-Ингэж кино хийж байхаар хийгээгүй нь дээр юм биш үү. Гэхдээ Монголын кино урлаг ёстой л бор зүрхээрээ хөгжиж байна гэж би хувьдаа ойлгодог?

-Тийм ээ, дээр нь Монголын зах зээл нь маш жижигхэн.

-Ингэхэд нэг кино ойролцоогоор хэдэн сая төгрөгөөр босдог юм бэ. Театруудад киногоо гаргаад хэр ашиг олдог юм бол?

-Яах вэ, тухайн киноны зохиолоосоо л шалтгаална. Олон дүртэй, олон газар зураг авалттай, хэцүү хүнд зураг авалттай бол хөрөнгө санхүү их орно. Багахан дүртэй, цөөн газар зураг авалт явагдах бол зардал хумигдана.

Гэхдээ л хамгийн доод тал нь нэг кино 100 сая төгрөгөөр бүтдэг. Энэ их мөнгийг олоход хэцүү. Тэр тусмаа эдийн засгийн хямралтай байгаа энэ цагт ивээн тэтгэгч олох бүр хэцүү болчихсон.

-Жаахан тодорхой тайлбарлахгүй юу?

-Ялангуяа энэ жил их мэдрэгдэж байна. Улс эх оронд минь нүүрлээд байгаа эдийн засгийн хямралаас болж урлагт элэгтэй аж ахуйн нэгж багассан. Лангуу ажиллуулж байгаа хүн 100 сая төгрөг өгөөд “чи кино хий” гэж хэзээ ч хэлэхгүй.

Тэгэхээр уран бүтээлчид бор зүрхээрээ яаж мөнгө олдог юм, ямар нэгэн байдлаар мөнгө олж уран бүтээлээ хийж явна. Монголын зах зээл бага болохоор л кино урлаг хөгжихгүй байгаа юм шүү дээ.

-Дээр нь хэдхэн кино театртай?

-Яг үнэн. Нэг киноны нээлт боллоо. Гэтэл нээлтэй хийх кинонууд ар араасаа дугаарласан байдаг. Бүгд л хурдхан шиг киногоо үзэгчдийн хүртээл болгохыг хүснэ. Нөгөөтэйгүүр тодорхой хэмжээнд алдагдлаа нөхөхийг бодно.

Гэтэл театр нэг киног дээд тал нь сарын хугацаатай л гаргадаг. Манайд тийм л боломжтой. Хэрэв кино театр олон байсан бол өөр л дөө. Дээр нь манай залуус их буруу бодолтой байна.

-Ямар?

-Ажиглаад байх нь ээ, нэг кино хийгээд гаргаад тавьж байхад “энэ кино хэзээ сайтад тавигдах вэ үзэх юмсан” гэдэг ч юм уу. Гэтэл хүн дэлгүүрээс талх авахдаа мөнгө төлдөг биз дээ. Хулгайлаад гардаггүй шүү дээ.

Эсвэл хугацаа нь дуусаад хаяхаар нь иднэ дээ гэж боддоггүй нь лавтай. Үүнтэй л адилхан. Энэ бүхнээс болж бидний хөлс хүч, хамаг цаг заваа зарцуулж хийсэн уран бүтээл маань үнэгүйдээд байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж: