sonin.mn

Улаан сахиусны хувилсан дүр

Улсаа хамгаалсан илдний ир

Аялгуут найргийн агсам хүлэг

Анимаагийн зүрхний гэрэлт хөвгүүн Та сайн уу?

Уйдах, хоргодохын орчлон

Нөгөө л хэвээрээ байна аа, энд

Увайгүй шуналт ноход л харин

Бүүр даварсан шүү..

Өрнө дорнын тэнүүлчид

Өт хорхой шиг олширсоон

Өмөөрч хамгаалдаг газар шороог чинь

Өмлөж цөлмөөд, өмчилж хуваагаад дууссаан.

Гадаадыхан таныг эзгүйд

Гаарсаан

Газар өмчлөх хууль батлагдсаан

Галина найз чинь хүртэл огт чимээгүй болсоон.

Дайснууд чинь харин хачин их өөрчлөгдсөн шүү

Дандаа л таныг магтдаг болсоон.

Ард түмэн таныг үгүйлэхдээ

Ам дамжин шүлгүүдийг чинь уншсаар........

Яруу найргийн гэгээн тэнгэр

Янагийн тухай уянгалах нь ихэссээн

Ярдаг нохой шиг ганцаараа

Ай найз чинь л боргож байгаа.

Эх орон, газар шороо минь гэж

Эмзэглэх хүмүүс ховордоод

Эрээний бараагаар зээлийн лангуу дүүрээд

Эмсийн хормой мөнгөний салхинд хийсээд

Эх орончид гэж цээжээ дэлдэгсэд дэмийрээд

Эрх мэдэлтнүүд шуналын далайд живээд

Эгэл ардууд худлын цуурайд чихээ таглуулаад

Энд нэг л биш байгаа, ах минь.

Наана чинь харин ямар байна?

Нам тайван уу? Нямсүрэн багштайгаа та

Нямба бясалгаж сууна уу?

Бурхдын гүрнээс бидэндээ

Буяны гараа сунгаарай

Хөх Монголынхоо талд

Хүлэг морьтойгоо ирээрэй.

Энд,

Эх орон чинь таны

Үнэн үг, үнэнч сэтгэл, үлэмж зоригоор дутсаар.........

Эргэж ирээд энэ "муусайн нохойн гөлөгнүүдийг"

Эгээртэл нь, ичтэл загнаад өгөөч.... Балбар ах аа.

Н.Мөнхсайхан