sonin.mn

Наадам дөхчихлөө. Ийм үед монголчууд уг нь морь, бөхөө л ярьж байх учиртай. Гэхдээ Улаанбаатар хотын иргэдийн хамгийн түгээмэл яриа бол "шаг" л байна даа. Шатар тоглоод бэрс, бодоор эсрэг талынхаа ноёныг шалахдаа "шаг" гэж хэлдэг. Гарцаагүй байдал руу түлхэж байгаа хэрэг. Өнөөдөр хаана л бол хаана билет, тасалбарын шагийн талаар л ярьж байна.

Тус бүр нь 16000 төгрөгийн үнэтэй наадмын нээлтийн тасалбар 80000 төгрөгөөр шаглагдаж байна гэнэ. "Гартаа сагсайтал билет атгасан хүн эргүүлийн цагдаад хэдийг өгчихөөд хээв нэг яваад өглөө" гэж ярьсаар нэг сурвалжлагч маань орж ирэв.

Намайг өчигдөр өдөр нийслэлийн-Засаг даргын Тамгын газрын хүлээлгийн танхимд зогсож байтал хоёр залуу орж ирээд нэг найзтайгаа уулзаж байна. Тэр найз нь тэнд мэргэжилтэн хийдэг бололтой. Ярианых нь сэдэв наадмын нээлтийн тасалбар.

Нөгөө хоёр нь нэг инээж, нэг царай алдаад л наадмын билет олж өгөхийг гуйгаад байх юм. Нөгөөх нь байхгүй, эсвэл байна гэчихгүй их ихэрхүү зогсоод л "Уг нь байгаа л байх. Гэхдээ эртхэн хэлэхгүй..." энэ тэр гэсэн юм яриад байх. Мэргэжилтэн залууг дарга нь дуудах хүртэл тэгнэ лээ.

Үсэг гэж бас нэг асуудал байна. Нийслэл хот маань 350 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй. Гэтэл Хүй долоон худгийн М зөвшөөрөл 3000 ширхэг, Төв цэнгэлдэх буюу Хурд хорооллын урд зогсоол, "Суруга Монгол" компанийн талбайд зогсох 3000 машины зөвшөөрөл иргэдэд худалдах юм байна.

А, ДК зөвшөөрлүүд нь дарга, гадаадын консул зочдынх байдаг. Угаасаа олдож байгаа зогсоол нь үүгээр хязгаарлагдаж байгаа хойно яая гэхэв. Харин нөгөө худалдах үсэгнүүд нь замын цагдаа нарын халаасанд байна гэж ярьж байна, иргэд. Хэлсэн үнээр л авч байгаа гэх.

Зүгээр ил тодоор нэг газраас, нэг хүнд, нэгийг худалдаад байвал хэн ч гомдохгүй. Харин шаглаад байгаад нь хүмүүс зэвүүцээд байгаа юм. Ер нь баяр гэхээр л бусад оронд бараа хямдардаг байхад манайд нэмэгдчихдэг. Түүний дээр төрийн үйлчилгээнүүд нь хүртэл шагийн салаагаар урсаад дээрэлхээд байх юм даа.

Ж.Энх

Эх сурвалж: