sonin.mn

Сонгуулийн хууль эрх баригчдын “өмч” үү

УИХ-ын хаврын чуул­ганаар Сонгуулийн болон Улстөрийн намуудын ту­хай хуулийг хэлэлцэж ам­жаагүйд зарим улстөрч ихээ­­хэн гомдолтой яваа. Энэ нь ч аргагүй.

Амьд явбал улсын наа­дам үзнэ гэгчээр наадам дамжин, хөдөө, гадаа хэссээр ирэх сарын дундаас намрын чуулган эхэлнэ. Мэдээж орж ирүүтээ дахиад л сайдын суудал, эдийн засгийн хям­рал гэсээр хэсэг хугацааг өнгөрөөнө. Уг нь гишүүдийн үзэж буйгаар Сонгуулийн тухай хуулийг эртхэн бат­лачихвал нийгэмд үүсэх элдэв хард­лагаас сэргийлэх давуу талтай гэлцээд байгаа.

Гэвч эрх баригчдын хувьд энэ нь өөрсдөдөө ашигтай байдлаар зохицуулах давуу тал үүсгэх тул тэгтлээ яарахгүй байгаа юм. Өмнө нь олонх хойш тавьж, цөөнх нь хэлж, хатгаж, үгээ хэлж, үстэй толгойгоо зулгаах шахам болж байсан.

Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй гэгчээр одоо бидний ээлж гэсэн шиг ийн улстөрийн нөхцөл байдлыг шийдвэрлэх то­моохон хуулийн төслийг өмчилсөн мэт аяглах нь улс, эх орныхоо төлөө бус эрх мэдлийн төлөө намчирхах үзлээр хандаж буйн хамгийн тодорхой илэрхийлэл юм.

Одоогийн эрх баригчид өмнө нь “Тоглоомын дүр­мээ эртхэн батлах нь монгол төрийн төлөвшилд хэрэгтэй” хэмээн тухайн үед олонх байсан МАН-ынханд хандаж мөн ч их шаардсан.

Харамсалтай нь МАН-ынхан цагийг нь тулган байж хуулиа баталсан нь багагүй хэл ам дагуулсан түүхтэй. Тэгээд ч мордохын хазгай болж МАН тухайн сонгуульд өвдөг шороодсон.

Хэрвээ сонгуульд ялалт байгуулан МАН өдгөө УИХ-ын хуралдааны танхимын эсрэг талд нь сууж, Засгийн газраа байгуулсан бол Сонгуулийн хуулийн булхай будилааныг АН-ынхан маш сайн тайлбарлах байсан нь ойлгомжтой. Харин өөрсдөө ялалт байгуулж, Засгийн эрхийг авсан тулдаа л амаа хамхиж, чимээгүй суугаа нь энэ.

Ямар ч тохиолдолд улс­төрчид өөрсдөдөө ашиг­тай хуулийн төсөл санаа­чилж, олонхоороо хүч түрэн ба­талдаг гэдгийг олон нийт байтугай зарим гишүүн нь ч хэлдэг. Яг л энэ янзаараа хоног хугацаа хожиж, хойш тавьсаар байгаад цагийг нь тулгаж, Сонгуулийн тухай хуулиа хэлэлцэх гэж байна.

Одоо ч гишүүд тоглоомын дүрмээ эрт зохиох нь сон­гуулийн үед хэл ам, маргаан гарахгүй, талууд нэг гараанаас зэрэг гарах боломж бүрдэнэ гэдгийг хэлсээр байгаа.
Харамсалтай нь эрх ба­ригчид хэзээ, ямар хуулиа хэлэлцэхийг шийддэг зарч­маар Сонгуулийн тухай болон Улстөрийн намуудын тухай хуулийг хойш тавь­саар байгаа.

Эдгээр хууль нь өөрсдийнх нь хувь заяа, улстөр дэх цаашдын ирээдүйд нь сөргөөр нө­лөөлөх вий гэдгээс ухаанаа гартал айж суугаа нь ч тодорхой. Улстөрчдийн ойлголтоор бол сонгуультай холбоотой хуулийг эрх баригчид өмчилдөг, өөрсдөө зохиогч нь байх давуу эрхийг эдэлдэг бололтой юм.

Үүнийх нь хариу бол­гож Ерөнхийлөгч дээрх хуулиудын араас Сон­гогд­сон болон томи­логдсон төрийн өндөр албан ту­шаалтанд хариуцлага хүл­­ээлгэх тухай хуулийн төслөө өргөн бариасай. Тэгж байж өөрсдөдөө зо­риу­лан тоглоомын дүрмээ зохиогоод, гол дүрд нь тог­лодог хүмүүст хариуцлага ногдуулдаг бололцоотой болно.

Угаасаа Ерөнхийлөгч хариуцлагын тухай бие даасан хууль өмнө нь гаргаж байгаагүй учраас нэлээд бодож, төлөвлөж байж дээрх хуулиа боловсруулсан тухайгаа нэгэнтээ хэлсэн. Тиймээс Сонгуулийн тухай хууль хэдий оройтсон ч хариуцлагын тогтолцоог нэлээд чангатгавал эргээд тухайн этгээдтэй чангахан ярьж, амыг нь асуух боломж ард иргэдэд нээгдэх учиртай.

Тоглоомын дүрмийг өөрөө зохиочихоод, ялалт бай­гуулах нь шударга бус гэдгийг бага насны хүүхэд ч мэднэ. Тиймээс ард түмний итгэлийг өвөрлөн, тэдний төлөөлөл болж буй эрхэм гишүүд тоглоомын дүрмээ эзэмшиж, хүч тэнцвэргүй байдал үүсгэдгээ болих нь шударга ёсонд нийцнэ.

Өнөөдрийн тухайд Мон­голын улстөрчдөд шу­­дарга ёс төдийлөн хамаатай биш гэдгийг Сон­гуулийн тухай хуулийг удаашруулсаар бай­­гаа эрх баригчдын үйлд­­­­­лээс тодорхой харж бо­­лохоор байна. Монголын улс­төр нэг иймэрхүү л бай­далтай яваад байх юм даа.

Б.Төгөлдөр

Эх сурвалж: