sonin.mn

Үнэтэй жийп унаж тансаглах, хөрш айлын эзэгтэй торгон дээл өмссөн бол миний эхнэр үйтэн хуар өмсөх ёстой. Бат гучин хоёр угалзтай монгол гутал өмсчихөж, тэгвэл би жаран дөрвөн угалзтайг өмсөнө гэх эд хөрөнгө, эдэлж хэрэглэж буйгаараа нэгнээ давах гэсэн мөчөөрхөл монгол хүний хамгийн муу зангийн нэг.

Энэхүү далд, үл тасрах, гэхдээ хэзээ ч сайныг үл авчрах атаархуу араншин баяр наадмаар ч бас л битүүхэндээ өрнөөд авдаг. Төрийн томчууд нь ч эгэл ард нь ч тэр энэ муу гэмээ мэддэг ч засахыг эс хүснэ. Эдийн сайнаар гоёж, бусдын эдэлж, хэрэглэж буйд атаархан түүнээс давж, үнэтэйг эдлэн бусдад сайрхахыг хүсэгч хүмүүн эрээн мяраан өдөөр өөрийгөө гоодогч тоть болой.

Мэргэн үгийг мянга уншивч амьдралдаа мөрдлөг болгохыг хүсдэггүй бол тэр хүн тотиноос дорд төрлийн хүмүүн болой гэх эртний үгийг дахин нэг давтъя. Хүн бүр өөр, өөрсдийнхөө боломжоор наадмын дараа амьдрал дахин үргэлжилнэ гэдгийг санаж, эдийн засаг, өрхийн гэрийнхээ амьжиргааг уруудуулахгүй байх талаар тооцоотой хандаж баяр наадмаа тэмдэглэцгээе.

Одон авсан баяраа тэмдэглэх гээд гэрээ зарж, бусдыг дайлах бус гэртээ байгаа боломжоо ашиглаж, бусдыг ч өөрсдийгөө ч уртаас урт сунжирсан амралтын таван өдөрт уйдахгүйгээр баярлацгаая. Төр засаг ард түмний амьдрал ядруухан, эдийн засаг гундуу байгаа энэ үед амралтын таван өдөр олгож байгаа нь та биднийг улам ч сульдаана гэдэг нь хар дээр цагаанаар бичсэн шиг тодорхой.

Төр засаг баяр наадмаар олон хоног амрааж байгаа ч жилдээ ганц болдог баяр наадмаараа сэтгэлээр уналгүй, өөрт байгаа хэм хэмжээндээ тохируулж, өөдөө, тэнгэр заяатайдаа итгэж, Бөртэ чоно, Гуа марал шүтээндээ сөгдөж, хийморьтой наадацгаая.

Хэн хэмжээгээ мэднэ, тэр баян байдаг нь энэ хорвоогийн үнэн билээ. Хэн юу өмсч, хэн ямар машинтай давхиж, хэн юу идэх нь хамаагүй, хүн бүхэн өөртөө таарсан хэрэглээндээ сэтгэл ханаж, маргаашаа марталгүй наадъя.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: