sonin.mn

Үргэлжлэл

Монгол удахгүй сөнөнө гэж ярих хүмүүс өдрөөс өдөрт олширч байна. Хэнийг баярлуулах гээд байгаа юм бэ? Хэний сэтгэлийг мохоох гэж яриад байгаа юм бол доо?
Монгол мөнхөд орших боломж бий. Бас устан алга болох ч боломж бий.
Агуу асуудалтай ард түмнээс агуу философичид төрдөг, бас агуу шийдэлтэй.  
Монголдоо хайртай Монгол хүн бүр Монголын мөнхөд оршихын төлөө амьдрах нь гарцаагүй ээ.

Мэдлэг болон эрдэм Монголын мөнхөд орших амин сүнс.
Зовлон Монголын устан алга болох үндэс суурь.
Зовлон мэдлэг, эрдэм байхгүйгээс л болдог.
Зовлон гэдэг нь бүтэлгүйтэл шүү дээ.

Саяын хэдэн сар эдийн засаг бүтэлгүйтлээ гэж ярих болсныг нэгэн төрлийн зовлон гэж л ойлгох хэрэгтэй. Мэдлэг нимгэн, морал муутай байж төрийг засаглаж, түмнийг жаргаана гэдэг бас л нэгэн зовлон. Ард түмний жаргалын диваажин болсон төрд гарчихаад хулгай луйвар хийж авилгачин нэртэй төрийн хулгайч болно гэдэг бас л нэг зовлон.

Бусдаас сонссоноо “тоть шувуу”-ууд адил шоудаж, хийж бүтээчих юм шиг ард түмнийг хуурч явна гэдэг бас нэг зовлон. Монголыг зовоогоод байгаа зовлонг Монгол түмэн хариуцлагатайгаар ухамсартайгаар шүүн хэлэлцэх цаг болжээ. Учир нь зовлон Монголыг зовоосоор байж устгах аюултай. Зовлонтой нүүр тулж, шүүн хэлэлцэж Монгол түмэн “Зовлон”-д баяртай гэж хэлцгээе.

Зовлон 14: Даяарчлал ба Монгол

Дэлхийгүй Монголыг бүтээх гэсэн үзэгдэл газар авч байна. Хүн төрөлхтөнтэй харилцан ашигтай харилцаа үүсгэхгүй хүн төрөлхтнөөс Монголыг тусгаарлах гэсэн тэнэглэл ч газар авч байна. Даяарчлал маш их мэдлэг, эрдмийг шаардах нь тодорхой. Мэдлэг, эрдэмгүйдээ зовоод байна даа.

Дэлхийн эх газрын 16 хувийг эзэлсэн эзэнт гүрнийг байгуулж хүн төрөлхтний энх тайван хөгжлийг авч явж байсан даяарчилсан оюуныхам (Global mindset)-тай дэлхийн удирдагч байсан ард түмнийг ямар сэтгэлтэй хүмүүс нь доройтуулах гээд байгаа юм бол доо? Зовлон биднийг устгана аа. Мэдлэг, эрдэм биднийг аварна аа.

Зовлон 15: Боловсролын амин сүнс

Дэлхийн улс үндэстнүүд даяарчилсан оюуныхам (Global mindset)-тай дэлхийн манлайлал (Global leadership) –ыг үндэстний оршин тогтнох боловсролын амин сүнс хэмээн үзэж боловсролын тогтолцоогоор иргэн хүнийг бэлддэг байснаасаа татгалзаж байна. Гэтэл, өнөөгийн Монголын боловсролын тогтолцооны амин сүнс нь юу юм бол доо? Өчүүхэн хүнийг бэлдэх, авилгачдыг бэлдэх, анархистыг бэлдэх... болсон юм биш үү?

Зовлон 16: Шинжлэх ухаан

Шинжлэх ухаан шашин биш. Шинжлэх ухаан хүнийг жаргалтай болгодог. Шинжлэх ухаанд хэцүү гэж юм байхгүй, харин мэдэхийг л шаарддаг. Шинжлэх ухаанд сод ухаантан байхгүй, шашинд л сод ухаантан байдаг. 15 толгойтой атгаалжин хар мангас Нобелын шагналыг авдаггүй харин шинэ шинжлэх ухааны салбарыг хөгжүүлсэн хүн л авдаг шүү дээ.

Зовлон 17: Шашин ба Философи

Философи гэдэг нь хүн төрөлхтний мэдлэгийн том салбар. Шашинд философи байна гэдэг нь хүн төрөлхтний мэдлэгийг мухар сүсэгтэй хутгаж, доромжилж байгаа хэрэг гэдгийг Монголчууд ойлгохгүй л явна даа.

Зовлон 18: Мөнхийн амьдрал ба хоосон чанар

Хүн төрөлхтний бие нь нөхөн үржихүйгээр дамжиж хичнээн жил үргэлжилэхийг одоо хүртэл тооцоолох бололцоогүй учраас мөнхийн гэж үзэж байна. Хүний оюун нь нэг үеэс нөгөө үедээ зааж сургахаар дамжуулж мэдлэгийг уламжилж байдаг учраас хүний оюун нь мөнх гэж үзэж байна. Хоосон чанар гэдэг бол мухар сүсэг. Хоосон чанарт итгэвэл мөхөл авчирна.

Зовлон 19: Мөнгө

Мөнгө юу ч биш гэж хоосон чанарын мухар сүсэгт итгэсэн ард түмэн мөхөлд л хүрэх байх. Хүн төрөлхтний нэрт философич Георг Зиммел “Мөнгөний Философи” гэдэг номондоо мөнгө бол аливаа бүхний оршин тогтнох амин сүнс гэж тодорхойлсон байдаг. Капитализм, Социализм, Ардчилал мөнгө байхгүйгээр оршин тогтнох бололцоогүй гэсэн үг.

Монгол үндэстнийг дэлхийн их мөнгөний далайгаас мөнгө шүүрч чаддаг даяарчилсан оюуныхам-тай даяарчилсан удирдагч үндэстэн болгож, цогцлон байгуулж чадвал Монгол үндэстэн мөнхөд оршин тогтнох болно.

Зовлон 20: Мэдлэгийн эдийн засаг

Хүн төрөлхтөн мэдлэгийн эдийн засаг, нийгэмд шилжиж, мөнгө мэдлэгийн араас гүйдэг болсныг хүн төрөлхтөн ойлгож, дэлхийн улс орнууд мэдлэг үйлдвэрлэж чадах магистр докторантурын түвшний боловсролыг хөгжлийн гарц, төр үндэстний оршин тогтнох баталгаа гэж бүх үндэстнээрээ улайран зүтгэж байхад, техникомын боловсролыг магтан дуулагч, тэнгэрээс ухаан татдаг антинатай хүмүүс Монголыг зовоож байна.

2014 оны 7 сарын 14-ний өдөр Бразил улсад болсон BRIC-н орнуудын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар мэдлэгийн нийгэм эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэхийн тулд  BRIC-н орнууд хамтарч STARTUPs компаниудыг хөгжүүлэх 50 тэр бум ам.долларын хөрөнгөтэй хөгжлийн банк байгуулахаар шийдвэр гаргаж байхад Монголын төр, Монголын Хөгжлийн Банк юу хийж сууна даа? Мэдлэг, эрдэмгүй хүмүүсээс бүрдсэн төр гэдэг там юм даа.

Хүн төрөлхтний түүхийг бүтээсэн хүмүүс нь нэг их олон байхгүй шүү дээ. Монголын түүхийг өөрчлөх баатарлаг, сэтгэлтэй 1,2 эрх мэдэлтэй хүмүүс мэдлэгтэй 1,2 хүнээ олж Монгол орноо хөгжүүлэхгүй юм болов уу?

Зовлон 21: Зам

Замыг аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээ тээвэрлэх зорилгоор хөгжүүлдэг. Гэтэл, аж үйлдвэрээ устгасан Монгол орон юугаа тээвэрлэх гэж зам бариад байгаа юм бол доо? Нэг л учир байна даа. Мянганы Зам-ыг хөгжүүлнэ гээд өчнөөн олон авилгачид төрснийг Монголчууд мартаагүй ээ. Бодох л хэрэгтэй байна даа. Зам барихад нэг их мэдлэг хэрэггүй. Мэдлэггүй, эрдэм муутай төр морал муутай учраас авилгажсан байдгийг Монгол түмний гэгээн ухаан мэдэж л байх ёстой.  

Зовлон 22: Мухар сүсэг

Эдийн засаг сүйрч, гадаадын хөрөнгө оруулалт ширгэж, ард түмний амьдрал хэцүүдлээ гэж гарах гарцаа эрж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн мэдлэгийн салбарт байдаг судлаач гэдэг нэрийг зүүсэн олон лам хуврагууд Монголыг Ганжуур Данжуураар галзууртал нь хөгжүүлнэ гэж Монгол хүний саруул ухааныг галзууруулж эхэллээ. Хэний явуулга юм бол доо? Монголын ард түмэн сэрээрэй. Сэрэхгүй бол мөхдөг жамтай. Төр доройтоод ирэхээр шашинтай дотносдог жамтайг хүн төрөлхтний түүх баталсан.

Зовлон 23: Жижиг дунд үйлдвэр

  Өрхийн аж ахуй буюу өрхийн бизнесийг Монгол оронд жижиг дунд үйлдвэр гэж буруу ойлгочихоод бантан хутгаж байна. Жижиг дунд бизнес гэдэг нь мэдлэгтэй улс орнуудад өндөр технологийн гарааны компаниудыг хэлдэг. Учир нь өндөр технологийн гарааны компаниуд ирээдүйд нийтийн өмчтэй корпорациуд болж үндэсний бахархал, баялаг болдог.

Өрхийн аж ахуй буюу өрхийн бизнес нь зөвхөн тухайн эрхэлж буй өрхийн эрх ашгийн төлөө үйлчилдэг. Тиймээс, өрхийн аж ахуйг хөгжүүлэх санхүүжилтийг өрхийн аж ахуйг хөгжүүлдэг санхүүгийн байгууллага л хөгжүүлдэг юм.

Зовлон 24: Монголын Хөгжлийн Банк

Дэлхийн улс орнуудын хөгжлийн банк, экспортын банк, үндэсний баялгийн сан зэрэг нь арилжааны банкуудаар дамжуулахгүйгээр улс орны стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийн салбарын компаниудын бизнесийг шууд санхүүжүүлдэг байхад, Монголын Хөгжлийн Банк яагаад, юуны төлөө, хэний төлөө арилжааны банкуудаар дамжуулж санхүүжилтээ өгч байна вэ?

Монголын арилжааны банкуудад мэдлэгийн эдийн засгийн мэргэжилтэн, инновацийн мэргэжилтэн, хөрөнгө оруулалтын сангийн мэргэжилтэн, инженерийн мэргэжилтэн, тансаг хэрэглээний мэргэжилтэн... гэж байхгүй байж яаж улс орны стратегийн салбаруудыг хөгжүүлэх зээл олгож чадах вэ?

Өнөөгийн Монголын арилжааны банкуудын хүний нөөц нь лангууны үйлчилгээ явуулдаг шүү гэхэд хилсдэхгүй. Монголын арилжааны банк хамгийн хоцрогдсон мэдлэггүй байгууллагууд шүү дээ. Сайн бодоорой.

Зовлон 25:........................... Монгол мөнхөд орших замдаа гар гараараа барилцаж гарцыг нь олцгооё. Олдох л болно.  

Б. Мөнхбат

Үргэлжлэл бий.....