sonin.mn

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд Монгол Улсын болон Олон Улсын эрхзүйн баримт бичгийн дагуу хяналт, зохицуулалт хийх эрх бүхий бие даасан, 19 жилийн түүхтэй байгууллага юм. Гэвч сүүлийн үед вэб сайт, мэдээлэх хэрэгсэлээр www.amjilt.com вэб сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарласантай холбоотойгоор тус хорооны удирдлага, хамт олон, үйл ажиллагааны талаар олон нийтэд сөрөг мэдээлэл ихээр цацагдсан.



Энэхүү мэдээлэлд тус байгууллагын хуулиар олгогдсон бие даасан байдлыг болон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг үгүйсгэж, хэн нэгэн эрх бүхий  байгууллага, албан тушаалтанд үйлчилдэг мэтээр олон нийтэд сөрөг мэдээлэл түгээсэнд тус хорооны зүгээс харамсаж байна. Иймд тус хорооны зүгээс өөрийн байр суурийг илэрхийлж байна. Үүнд:



1. Монгол Улсын “Харилцаа холбооны тухай хууль”-ийн 12.3-д заасны дагуу тус хороо нь веб сайтын үйл ажиллагааг бүртгэж, хуулинд заасан эрх хэмжээний хүрээнд холбогдох зохицуулалтыг хийдэг. Уг хуулийн хүрээнд 2011 онд “Тоон контентийн үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлага”, 2013 онд “Монголын сайтын холбоо” болон “Мэдээллийн сайтуудын ассоциаци”-тай хамтран тус хорооноос “Сайтууд дахь сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-ыг батлан гаргасан. Энэхүү үндсэн зохицуулалт нь вэб сайтууд контентоо бэлтгэх, түгээхдээ Монгол Улсын хуулийн хүрээнд ажиллах, цахим орчинд зөв, соёлтой хэрэглээг нийтэд дэлгэрүүлэх, хэвшүүлэхэд чиглэсэн.

Тус хороо нь Оюуны Өмчийн Газар, Цагдаагийн Ерөнхий Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”, “Садар самуунтай тэмцэх тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”, Эрүүгийн хууль”, “Өрсөлдөөний тухай хууль”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, тус хорооноос баталсан дээр дурдсан журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн нь холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлтээр 2012,  2013 онуудад зөрчил гаргасан веб сайтуудын Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээг авч байсан.



Гэсэн хэдий ч зарим нэгэн вэб сайт, мэдээлэх хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлагыг биелүүлэхгүй олон нийтэд мэдээлэл түгээхдээ бодитой бус, нотлох баримтгүй, сэтгүүлчийн ёс зүйгүй, аливаа асуудалд нэг талыг баримталж, хэт туйлшрах, улс төржүүлэх хандлага гаргах зэрэг хууль, журамд үл нийцэх үйлдлүүдийг хийж байгаа нь нууц биш юм.

Холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохицуулах хороо нь дээр дурьдсан хуулиуд болон тус хорооноос батлан гаргасан нөхцөл шаардлагыг биелүүлж ажиллах тухай анхааруулгыг 2013 онд хууль, тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байсан нэр бүхий веб сайтууд болон www.amjilt.com веб сайтад удаа дараа хүргүүлж байсан болно.

amjilt.com сайт нь 2012 онд Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 12 дугаар зүйлийг зөрчсөн тул Монгол улсаас хандах хандалтаа хязгаарлуулж байсан.



2. Түүнчлэн тус хороо нь Монгол Улсын Харилцаа холбооны тухай хууль, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэд, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчдийн зүгээс ирсэн аливаа өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажилладаг. Энэхүү ажлын хүрээнд  зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны талаар amjilt.com сайтад гүтгэлгийн чанартай ташаа мэдээлэл нийтэлж байгаа талаарх гомдлыг холбогдох байгууллагын дүгнэлтийн хамт тус хороонд ирүүлсэн. Иймд Зохицуулах хороо нь amjilt.com сайтын удирдлагуудтай холбогдон энэхүү мэдээллийн үнэн бодитой эсэхийг нягтлан үзэх, хэрэв баталгаатай эх сурвалжгүй мэдээлэл бол уг мэдээллийг залруулах талаар шаардлага тавьсан боловч уг тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Иймд тус хорооны зүгээс гомдлыг хоёр тал эцэслэн шийдвэрлэж, холбогдох хууль хяналтын байгууллагаар нотлогдох хүртэл энэхүү сайтын Монгол улсаас хандах хандалтыг түр хязгаарласан болно. Гэвч өдий хүртэл amjilt.com веб сайтаас өөрийн гаргасан мэдээллийн талаарх тайлбар мэдээллийг тус хороонд ирүүлээгүй байгаа болно. Сүүлийн үед олон нийтийн зүгээс вэб сайт, мэдээлэх хэрэгсэлийн нийгэмд түгээж буй мэдээллийн агуулга нь хэн нэгнийг гүтгэн доромжилсон, улс төржсөн, сөрөг мэдээлэл ихтэй, ерөнхийдөө нийгэмд сөрөг хандлага төрүүлэхүйц агуулгатай байна гэсэн гомдол байнга гарч байгаа ба цаашид ч энэ төрлийн гомдол нэмэгдэх хандлагатай байна.



3. Хүн бүр үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө эдлэх эрхтэй байдаг хэдий ч энэ эрх чөлөөг эдлэхдээ бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, ёс суртахуунд халдахгүй байх үүрэг, хариуцлагыг давхар хүлээдэг ба энэ нь ардчилсан нийгмийн үндсэн зарчим юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг чухал үүрэг хариуцлага нь олон нийтийг соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх, үнэн бодит мэдээллээр хангах байдаг.



Тус хорооны хувьд цахим орчин дахь мэдээллийн хэрэгслийг зохицуулахдаа дээрх зарчмыг баримталж, Монгол Улсын холбогдох хуулиудын дагуу нийтийн ашиг сонирхлын төлөө ажилладаг. Зарим улс орнуудын хувьд хэвлэл мэдээллийн зохицуулалтыг өөрийн зохицуулалтаар буюу хэвлэл мэдээллийн байгууллага эсхүл дундын холбооны баталсан дүрэм журмаар шийдвэрлэх зарчимд тулгуурладаг ч энэхүү зохицуулалтын болон өөрийн зохицуулалтын үндсэн зарчим нь нийгмийн хариуцлага, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай байдаг. Иймээс төр нь олон нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс ямар ч зохицуулалтын зарчим мөрдөгдөж байсан ч тодорхой хүрээнд хяналт тавьж ажиллах үүрэгтэй байдаг.



Энэхүү өөрийн зохицуулалт нь өндөр хөгжилтэй, хууль эрхзүйн болон хэвлэл мэдээллийн орчин нь тогтвортой улс орнуудад амжилттай хэрэгждэг. Харин буурай болон хөгжиж буй улсуудын хувьд, хууль эрх зүйн орчин нь харьцангуй төлөвшөөгүй нөхцөлд өөрийн зохицуулалтад даатгаж орхих нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болох бөгөөд энэ нь эргээд нийгэмд ялангуяа хүүхэд, өсвөр залуу үеийнхэнд сөрөг нөлөө үзүүлдэг байна.


Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс цахим орчны мэдээллийн хэрэгслийн зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, хууль тогтоомжийг мөрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо