sonin.mn

АМСТЕРДАМ. /Voice of Russia/. Нидерландын дугуйчин Мартен-де-Йонге эцсийн мөчид нислэгээ сольсноор хоёр удаа үхлээс аврагджээ.

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн  өнгөрсөн гуравдугаар сард сураггүй болсон “MH370” нислэгийн дугаартай онгоцонд дугуйчин залуу суух тасалбартай байсан ч арай түрүүнд нисэх шаардлагатай болсон учраас тасалбараа буцааснаар эхний удаа үхлээс “зугтаж” чаджээ.

227 хүн сууж явсан “MH370” нь Куала-Лумпураас Бээжингийн чиглэлд явж байхдаа радараас алга болсон юм. Өнөө хэр нь тус онгоцонд яг юу тохиолдсоныг тогтоож чадаагүй байгаа билээ.

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн орой Украины зүүн нутагт осолдсон “MH17” нислэгийн дугаартай онгоцонд суухаар тасалбар авсан байсан ч илүү хямд тасалбар олсон учраас тус онгоцонд суухаа больсноор хоёр дахь удаагаа амь гарсан байна.

Тус онгоцыг Украины нутаг дэвсгэр дээгүүр нисэж байхад нь газар-агаар ангиллын пуужингаар буудан унагаасан гэж үзэж байгаа билээ. Үүний улмаас тус онгоцонд сууж явсан 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэн юм.

“Надад хоёр удаа аз тохиолоо. Гурав дахь удаагаа ... цаашид аз тохиосоор байх байх гэж найдаж байна” гэж дугуйчин Мартен хэвлэл, мэдээллийнхэнд ярьжээ.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг