sonin.mn

Юуны өмнө дэлхий дахинаа хэлний хувьд ямар түгээмэл үзэгдэл явагдаж буйг ярья. Эдүгээ дэлхийд 6000 орчим хэлээр хүмүүс хоорондоо ярьж байгаа ч зуугаад жилийн дараа 90-95 хувь нь мөхнө гэж эрдэмтэд үздэг. Дэлхийн түүхнээ олон хэл үүсч мөхөж байсан боловч орчин цагт хэлний хэрэглээнээс гарах, улмаар мөхөж сөнөх үйл явц глобализаци зэрэг нийгэм, эдийн засгийн олон шалтгаанаар улам хурдасч байна.

Эдийн засгийн хүчтэй хэлнүүд бусдыгаа "ноёрхож, эрхшээлдээ оруулах" процесс дэлхийн дахинаа "өрнөж" байна. Үүнийг байгалийн шинжлэх ухаанд явагдаж буй процесс тод харуулна. Өдийг хүртэл эрдэмтэд байгалийн шинжлэх ухаантай холбоотой эрдмийн ажил, үгүүллээ өөрийн хэлээр бичиж, дараа нь англи хэл рүү орчуулдаг байсан бол сүүлийн үед анхнаасаа англиар бичих явдал газар авч буй.

Англиар бичихгүй бол дэлхийн тавцанд гарах боломжгүй болж, 20 жилийн дараа байгалийн шинжлэх ухааны бүх судалгаа гагцхүү англиар бичигдэнэ гэсэн тооцоо байдаг. Хэдий дэлхийн дахинаа иймэрхүү процесс явагдаж буй ч ярих хүн нь байвал хэл яаж ийгээд тэсээд байна. Учир нь хэл мөхөх гол шалтгаан нь хүмүүс эх хэлээрээ ярихаа болих явдал.

Монгол хэлийг мөхөх 90 хувийн хэлд орох эсэхийг монголчуудын сэтгэл зүрх мэднэ. Монгол хэлээрээ ярихаа больсон цагт үндэстний хувьд ч монголчууд сөнөнө гэж би боддог. Тиймээс монгол хэлийг мөхлөөс аврах тухай одооноос бодож эхлэх хэрэгтэй. Үүний тулд монголчууд хэлний хувьд нэгдэх хэрэгтэй болов уу, эс бөгөөс монгол хэлний хүч бага багаар сульдсаар л байна.

Эдүгээ долоон сая гэгдэх монголчууд гурав, дөрвөн өөр бичиг үсгээр ойлголцож, жилээс жилд хоорондоо хэл нэвтрэлцэх нь хэцүү болоод байна. Тиймээс долоон сая монголчууд гурав, дөрвөн өөр хэлээр ярьж буй гэсэн ч хэтрүүлэг болохгүй. Долоохон сая монголчууд хил дамнасан хэд хэдэн бүлэгт хуваагдаж, дүрмийн хувьд өөр бичиг үсэгтэй байгаа.

Өвөр монголчууд босоо монгол бичгээр бичиж, Монгол улс, буриад, халимагууд кириллээр бичих нь адил боловч дүрмийн хувьд тэс өөр. Юуны түрүүнд түүх сануулъя.

XX зууны эхэнд энэ асуудалд хамгийн их санаа зовж, сэтгэл зүрхээ зориулсан нь буриадын сэхээтнүүд бөгөөд нэн ялангуяа Базар Барадийн болов уу. Тэрээр Петербургийн их сургуулийг дүүргэж, сургуулийнхаа Дорно дахины тэнхимд арваад жил монгол хэл заасан боловч нутагтаа буцаж соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд бүхнээ зориулахаар шийдсэн нэгэн.

1923 онд Буриад-Монголын автономит улсын боловсролын сайдаар томилогдож, 1931 оноос латин үсгийн дүрэм боловсруулж, түүнийгээ дэлгэрүүлэх үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлсэн юм. Барадийн латин үсэг боловсруулахдаа буриад төдийгүй халх аялгаар бичихэд ч бас тааруулж, монголчууд нэгдмэл үсэгтэй байхыг чухалчилж байв.

Тухайн үеийн ЗХУ-д эсперанто хэл дэлгэрч, латин үсэг "моодонд" ороод байсан нь Барадийны санаачилгад нэмэр болсон (оросууд хэт эсэргүүцээгүй) гэж болно. Халимаг 1930 онд латин үсэгт шилжээд, 1938 онд кирилл үсэгт шилжсэн. Монгол улс ч латин үсэгт шилжиж латинаар ном, сонин хүртэл гаргаж амжсан боловч тун удалгүй кирилл үсэгт шилжив.

Латин үсэгт шилжээд ном зохиол хэвлэж байсан улс гэнэт кирилл үсэгт шилжсэн нь мэдээж улс төрийн шалтгаанаас үүдэлтэй. Мөн ЗХУ монголчууд нэгдмэл бичиг үсэг, хэлээрээ хил дамнан нэгдэхээс айсан хэрэг юм. Улмаар Базар Барадийн 1937 онд баривчлагдан "ЗХУ-ын эсрэг тагнуул туршуулын" хэргээр буудуулав.

Ер нь монголчуудад сануулахад зөвхөн хэл бичгийн асуудлаар 1000-аад монгол хүн хэлмэгдэж амь үрэгдсэний ихэнх нь буриадууд. Монголд ялгаагүй хэл бичгийн хүмүүс хэлмэгдэж, цөөн хэдэн эрдэмтэн Өвөр монголд бас амь үрэгдсэн. Гэвч, хэдий богино хугацаанд ч гэсэн нэгдмэл бичигтэй байсан нь Базардийны амжилт бөгөөд үүнийг монголчууд түүхнээ мартах учиргүй.

Ингэхэд, жишээ татаж ярих нь илүү ойлгомжтой болов уу. Өнөөдөр нааш ирэхдээ "Хаврын баяр" хэмээн кириллээр, японоор бичсэн самбар харлаа. Япон хүмүүс олон байх шиг байна. Тиймээс өнөөдрийн бидний цуглах болсон арга хэмжээний нэр буюу "хаврын" гэдэг үгээр жишээ татаж тайлбарлая.

Өвөр монголд монгол бичгээр ийнхүү бичнэ (бичиж үзүүлнэ), дуудлага нь "khabur", Монгол улсад буюу халх аялгаар "хавар", Буриадууд "хабар", Халимагаар "хавр". Үүнээс харахад буриадаар бичих нь монгол бичигт ойр юм. Монгол улсад харин халх аялгуунд тааруулж "хавар" гэж бичдэг болсон.

Монголд ч гэсэн "хабар" гэж болох байсан ч оросын кирилл цагаан толгойн "б", "в" зэрэг бүх үсгийг оруулах бодлого байсан улмаас ийнхүү бичих болов. Халимагийн хувьд маш сонирхолтой ч гадаад хүнийг зовоосон дүрэмтэй. Үгийн эхний эгшгийг л зааж өгөөд бусад эгшгийг нь бичдэггүй.

Яагаад гэвэл монгол хэлэнд "эгшиг захирах ёс" бий. Энэ нь юу вэ гэвэл, эр эгшигтэй үгэнд эм эгшиг холилддоггүй. Тиймээс эхний эгшгийг заагаад өгсөн байхад арын дагалдах бүх эгшиг ойлгомжтой байна гэж үзээд ийм дүрэм зохиосон билээ.

Буряд - энхэ, сара

Монгол (халх) - энх, cap.

Монгол бичгээр enkh-e, sar-a гэж бичих тул арын эгшгийг аваад хаясан нь ойлгомжтой. Авсан шалтгаан нь "бичихгүй ч монголчууд ойлгоно" хэмээн сэтгэснээс гадна орчин цагийн халх дуудпагад аль болох дөхүүлэхийг хүссэн болов уу. Эгшиг гээгдэх ёсоор "хавар" нь "хаврын" болно. Энэ нь англи зэрэг хэлэнд байхгүй, хэлний ховор үзэгдэл юм.

Ингээд харахад аль нэг ястны аялгад (халх, буриад, халимаг, өвөр монголын аялга) тохируулъя гэвэл бусдыг нь хохироож, сөнөөхөд хүргэж буй хэрэг юм. Энэ үүднээс авч үзвэл, монгол бичиг нь нэгдмэл бичиг байсан учир бүгд нэг янзаар бичээд өөр өөрийн аялгаар уншиж байлаа. Угаасаа монгол хэлний хувьд нарийн дүрэм боловсруулах нь буруу юм.

Учир нь хэт нарийн дүрэм гэдэг зөвхөн нэг аялгын тухайн цаг үеийн дуудлагыг л гаргана. Эдүгээ дэлхий нийтэд латин үсэг голлож байна. Бүгдээрээ монгол бичигт буцаж шилжинэ гэдэг хэцүү байх. Өвөр монголчууд бүгд кириллд шилжинэ гэдэг ч хэцүү. Бүх монгол ястнууд хэрэглэж болох энгийн, ойлгомжтой, хэт нарийн биш (бүдүүн баараг гэх үү?) дүрэмтэй латин үсгийг  монголчууд өөрсдөө боловсруулбал сайн даа гэж миний бие бодном.

XX зууны Монголын 30-аад оны түүх хамгийн сонирхолтой. Монголын хувь заяа яаж ч эргэж мэдэх нь харагдаж, хүйтэн хөлс ч асгарах үе байна. Өвөр монгол, Ар монгол хоёр нэгдэх олон боломж байсан нь ч харагдаж харамсал ч төрнө. Ихийг бодуулах тул Монголын хувь заяа сайн, муу хаашаа ч холбирч болох байсан энэ үеийг сонирхоорой гэж хүмүүст зөвлөе.

Япон хүмүүст японы аялгын тухай хэлээд хэрэггүй байх, гэхдээ настай хүний хувьд нэгэн хууч хөөрөхөд, 1960-аад онд Америктай байгуулах аюулгүйн баталгааны гэрээг эсэргүүцэж оюутнууд их хэмжээний жагсаал, цуглаан хийж байлаа. Америкаас өндөр албан тушаалтан ирэхэд Нарита онгоцны буудлыг тэр чигээр нь бүслээд машин хөдлөх ч аргагүй болгож байв.

Тэр үед Токио хотын цагдаа хүч хүрэхгүй гээд орон нутгаас цагдаа татсан байв. Гэтэл Наритад татагдсан Аомори муж, Сацүмагийн (одоогийн Кюүшүү арал) цагдаа нар хоорондоо огт ойлголцохгүй хөгийн явдал болсон юм.

Үндэсний телевиз бүрэн нэвтрээгүй тул өнөөгийн төв хэлийг (Токио буюу Эдо аялга) аль аль нь мэдэхгүй нутгийн аялгаараа яриад, бие биенээ ойлгохгүй жагсагчдыг яаж ч чадаагүй юм. Энэ хэргээс хойш иймэрхүү арга хэмжээнд нэг нутгийн цэрэг, цагдаагийнхныг татдаг болов. Зурагтаар алс мужийн хүн ярихад доогуур нь төв япон хэлээр бичиж гаргадаг байсан нь ч сүүлийн үед багасч, зөвхөн настай хүмүүс ярихад л гаргадаг болжээ.

Телевизийн ачаар гэх үү, хар гайгаар гэх үү, залуус бүгд төв аялгыг ойлгодог болоод нутгийн аялга бага багаар алга болж буй. Орчин цагт хэл хамгийн хурдан мөхөж буй улсуудын тоонд Папуа Шинэ Гвиней орно. Эрдэмтэд янз бүрийн тоо хэлдэг ч тэндэхийн олон арал, ой ширэнгэд 1000 орчим хэлээр хүмүүс ярьдаг.

Тэнд ер нь ямар ямар хэл байгааг, хүмүүс хоорондоо ямар хэлээр яриад байгааг мэдэхэд бэрх. Харин мэдэх амар арга нь библи худалдаж авах. Дэлхийн хамгийн олон хэлнээ орчуулагдсан номын хувьд библийн орчуулга байвал хэлний учир нь ч яаж ийгээд олдоно.

Монголч эрдэмтэн Танака Кацүхико /Япон/

"Утга зохиол урлаг" сонин