sonin.mn

Амьдралд гутранги ханддаг нэгэн "Хуримаа хийснээр дурлал дуусдаг" гээд хэлчихсэн нь амьдралд дөнгөж хөл тавьж буй зарим залуусын зүрхэнд их л эмзэг тусдаг бололтой. Удахгүй намрын налгар өдрүүд эхэлж, хурим найрын зар уулсаас уулс даван, хөндий тал туулан түгнэ. Хуримаа хийх залуус зүрх сэтгэлдээ хайрын гал ноцоож, удахгүй болох хуримандаа бэлдэн зүрх сэтгэл нь догдолно.

Хурим найр гэдэг бүхний төгсгөл бус эхлэл гэдгийг улам бүр мэдэрч, зүрх сэтгэлийн их хайр, гэгээхэн дурлал хурим хийсэн тэр мөчөөс эхлэн улам бүр дэлбээгээ нээж, үзэсгэлэн төгс болон дэлгэрдэг гэдэгт итгээрэй. Хоёр биеийнхээ төгс гоог, сэтгэл зүрхнийхээ бал бурмыг нэгэндээ харамгүй өгөх өдрүүд хурим хийсэн тэр өдрөөс эхэлдэг.

Хайрынхаа галд хоёулаа дулаацаж, үр хүүхдийнхээ баяр жаргалтай инээдийг өвгөдөөс өвлөсөн голомтдоо сонсч суух шиг жаргал энэ хорвоод үгүй. Хэрэв хань чинь чамд туньж, ажилдаа түүртэн гэртээ оройтож ирвэл "Миний амьдралын зовлон ингээд эхэлдэг юм байжээ" гэж бүсгүй минь чи бүү бодоорой.

Харин ч ханиа хүлээхийн жаргал, хүрээд ирэхэд баярлаад угтахын сайхныг мэдэрч, "Чамайгаа би үүрд хүлээнэ" хэмээн итгэлдээ сүү ивэлгэж бодоорой. Амьдралыг сайхнаар харж чадвал амьдрал ч чамайг сайнаар мялаах болно.

Гэргий чинь хэрэв чамд уурлаж, туньж, үл ойлголцон маргавал залуу минь чи шаралхаж бүү уурлаарай. Харин ч "Энэ хорвоод миний хань надаас өөр хэндээ эрхэлж, хэндээ туньж, хэндээ аашаа гаргах билээ. Үүнээс хойш энэ хүнд ганцхан би л түшиг болж, тулж явах юм шүү дээ, хайраар л дутаахгүй юмсан" уужуухан бодож, эр хүний зангараг заагаарай.

Амьдрал уужуухан ухаанд дүүрэн жаргал бэлэглэдэг юм шүү. "Хуримаа хийснээр дурлал дуусдаг" гэх худал үгэнд бус хуримаа хийснээр бидэн хоёр нэгэн цул болж, хайр хайрандаа уусан, жаргаж амьдарна хэмээн итгээрэй. Итгэл бол хуримын өргөөний чимэг болсон та хоёрын сэтгэлийн их гагнаа юм шүү.

Д.Лхагва-Очир

Эх сурвалж: