sonin.mn

Гэрт хүйт хургаж савтай ус шөнөдөө өнгөн дээрээ мөхөөлдөн зайрмагтаад "Ийм янзаар энэ өвлийг яажшуухан барнаа" гэхээс Ариунаагийн сэтгэлд бөөн түгшүүр эргэлдэн энд тэндэхийн нохойн дуу чагнасаар шөнөжин зүрхшээн хонох болов. Тоононы шилэн цаана их хотын гэрлийн туяа үүр цайж байгаа мэт гэгээтэй.

Өдөр гурван мянгаар авсан ганц уут нүүрс байгаа ч өнөө шөнийг яаж ийгээд тэсч өнгөрөөхгүй бол өглөө гэрээ бүлээцүүлж цай чанах аргагүй болно. Охины нь осгоруутаж омголтсон уруул өмөлзөн хацар нь чинэрч улайгаад нүүрнээс нь цог шиг халуу дүүгэсээр.

Аргаа барахдаа духан дээр нь тавьсан хүйтэн жинг эргүүлж солих зуураа зүдрээд нүд нь гархилж айдас нөмөрсөн Ариунаа дорой харцаар охиноо гөлрөн гиюүрч аснаа гэр дотрохоо эргүүлж тойруулан ширтэв. Зарчихмаар гялайж цайх өөдтэй өнгөтэй юм үзээд өгье гэсэн ч алга байлаа.

Хоёр муу яйжгий ор, хуучин хувцас хог новшоо чихсэн хоймрын янхигар авдар, хаа очиж шинэвтэр гэхээр Гал тогооны шүүгээ угаалтуур гоожуур ингээд л болоо. Уг нь зурагт хөргөгч гээд юм юмтай товхийсэн айл байсан ч эр нөхөр нь хэрэг төвөгт холбогдож, охинд нь цэцэрлэг өөрт нь ажил төрөл олдохгүй ингэж тартагтаа тулсан хэрэг.

Амьд хүн аргатай гэгчээр өлбөрч үхэлтэй нь биш гэж гайгүй шиг юмаа зарж үрсээр одоо охиндоо эм авч өгч чадахгүй үйлээ үзэн үсээ үгтээхдээ тулсан нь энэ аж. Охин нь сулхан яраглаж аснаа зүүдлэн инээвхийлж нүдний нь урт сормуус аниастайгаа чичрэгнэхэд эхийн сэтгэл гийх шиг яаран бүлээн хар цай халбагадан

-Миний охин, май ус балга! гэж шивэгнэн аманд нь дөхүүлтэл ам нь хатаж ангаж цангасан бололтой асгаж цутгасаар хамуур шимүүр хэд балгав. Баяраа суллагдчихвал.. гэхээс наран гарах шиг санагдан үлгэр мэт амар сайхандаа жаргамаар санагдана. Тэр минь хөдөөнөөс ирээд амьдрах аргаа олохгүй цөхрөнгөө барахдаа

-Энэ хотын өндөр гоё барилгууд, сүлжилдсэн олон тэрэг, өнгө өнгийн гэрэл, тэр том талбай төрийн сайхан ордон мань мэтэд ёстой ямар ч падлийгүй гандирсын зэрэглээ юм байна. Харин амьсгал авахын аргагүй манантсан хар утаа нь л ханиалгуулж нөлөөлж байх шив... Хн хөдөөнөө л байж байдаг байж. Хаа гэж наашаа зүглэв ээ, ццц ццц? гэж элэг эмтэртэл шогширч толгой сэгсрэн гутарч суусан сан... Түргэн тусламжийн эмч

-Чи ямар арчаагүй амьтан бэ? Энэ хүүхэддээ эм авч өг л дөө. Аягүй бол хатгаа болж хүндэрнэ шүү! гэж загнасныг бодохоор орох байх газраа олж ядан "Эр нөхөр минь суллагдчихвал..." гэхээс өөр аврал горьдлого үгүй тэнгэр хол газар хатуу санагдана.

Баяраа минь байгаа хэдэн төгрөгөөрөө жолооны хичээлд явж үнэ гайгүй шиг жижиг тэрэг түрээслэн ямар ч гэсэн хоол ундаа болгож байсан сан... Даанч хугацаа нь болоогүй, суллагдахад ахиад хоёр жил дутуу. Ямар гайгаар тэр өдөр би нутгийн хүүхэн Дэлгэрмаагийн хүүхдийн найранд уригдваа.

-Чамаас олигтой сүйхээтэй эр бол эхнэрээ айлд очиход гap цайлгах юмгүй ингэж нүдний булай болгохгүй л байсан... энэ тэр гэж ахиад л мөнгө төгрөгний хэрүүл үглэл болж бухимдахад үг дуугүй л гараад явсан. Нэг цаг болсон уу үгүй юу боодолтой бөөн мөнгө барьчихсан орж ирэхдээ

-Май, гамтай хэрэглээрэй! гээд буцаад тэргээ асаасан. Надаас мөнгө төгрөг нуудаг юм байна гэхээс уур хүрч

- Хөөе энэ чинь юун ийм их мөнгө юм? Арай хулгай хийгээд ирсэн юм биш биз? гэж араас нь загнасаар үлдсэн. Гэтэл тэр нь үнэхээр хулгайнх байсан. Хоёр зуун тавин зургаан мянган төгрөг. Тэр оройгоо баригдахад нь айж сандран дүүргийн шүүх дээр очоод мөнгийг нь буцаан хураалгасан ч хутга гарган айлган сүрдүүлсэн дээрэм хийсэн гэж хүндрүүлж дөрвөн жилээр ялласан.

Хууль шүүх гээд таних, тал тохой татах хүн байх биш. Цуцалсан түрээсийн мөнгө бас сүүлчийн цалинг нь бөөн хэл үг болж байж хагас дутуу авсан ч өмгөөлөгчийн ялгүй мултлана гэж амласан зардал таван зуун мянга. Анхан шатны шүүхийн дөрвөн жилийн ялыг дав заалдсан ч тогтоол хэвээр батлагдаад ахиад дээд шүүхэд заалдахын тулд нэг шүүгчийн гap хүндрүүлэх шаардлага байна гэж өмгөөлөгч нэмж мөнгө нэхээд... тэгээд л яая гэхэв хөөрхий минь Мааньт руу ачигдсан.

Нөхрөө шоронгоос гартал амьдралаа авч явахаар зүтгэж шөнөдөө ундааны шил түүн, өдөртөө цувдай зардаг хүмүүсээс нохойн хоол бөөндөн авч эргүүлэн зарж яаж ч чардайгаад өдрийн түлэх уут нүүрс, жижиглэнгийн цувдайнаас хэтрэхгүй. Хааяа нэг хагас кило мах аваад гоймон гурилтай хоол хийгээд идэхэд хамаг биений хөлс чийхарч дээр үеийн амьдрал эргээд ирэх шиг сайхан санагдах...

Охин нь ахиад л яраглан хучлагаа тийрч гараа гарган хий сарвалзуулахад алаг хорвоогоос ээжийгээ л гэж аврал эрж байгааг мэдрэн тэврээд автал хувинтай халуун нурам шиг агаад дэмий л халууныг нь биедээ авах гэж тэрлэгээ задгайлан өвөртөө хийлээ. Удалгүй өөрийн нь чичрүүдэс хүрэн бие агзалзан даарч толгой нь өвдөж эхлэв.

Охиныхоо халууныг хэмжтэл бараг 40 хүрч байсан тул айсаэдаа айлын өвгөнөөс аврал эрэхээс өөр аргагүй болсноо сэхээрлээ. Хоёр дахиж мөнгө зээлэхэд баахан унжиж байгаад шахамдуу хугацаагаар хатуурхан өгч байсан. Мөнгийг нь увуу цувуу буцаагаад өгөхөд "Цаасаар нь биш биеэрээ л төлчихөөч дээ. Хамаагүй, би дээр нь мөнгө өгье" гэж улаан цайм оролддог өвгөн л дөө.

Миний муу зовлого яахав, харин Баяраагаа ирэхэд л журам алдаж бузардсан ичгүүр, нэгэн насны сэтгэлийн тээг болох юм даа. За тэр ч яамай охиноо алдчихаад сууж байлтай биш... Гэхдээ эр нөхрийнхөө голомтыг бузарлахгүй шүү. Заяагүй эм би өөрөөрөө л дуусъя. "Та хурдлана шүү.. Охин минь халуураад..." гэж л гуйхаас гэж шуудраад охиныхоо хамар дээр хөө түрхэн домноод алчуураа авлаа.

Хашааны хаалгыг цохин завсраар нь харж зогстол өвгөн гарч ирэн тамхины цог улалзуулан түр чагнаснаа

-Хэн бэ? гэж. асуугаад бөгшүүлэн ханиах дуулдав.

- Би байнаа. Ариунаа байна.

-Аа Ариунаашка юу? гэсээр өвгөн яльгүй бөгтийж ёолж ёхлосоор дөхөн ирж хаалга нээснээ

-Ууц нурууны өвчин хөдлөх гээд... Чи өвгөндөө жаахан иллэг хийж өгнө байгаа. Би гомдоохгүй шүү. Ер нь тэр байтухай том юм тохиролцож болно гэж би чамд хэлсэн байх аа? Наад охины чинь бие яаж байна? Түргэн ирж байгаа харагдсан гэв. Өвгөн энэ гудамжинд сэртийх сэрвийх болгоныг анддаггүй зангаараа цагдаагийнхан Баярааг гавтай авчран гэрээр нь оруулж нэгжлэг хийхэд зээгэж ирчихсэн л зогсч байсан...

Охины нь омголтсон уруул, их халуундаа улаа бутарсан царай битүү айдас ёр цондон цээжинд нь цухалзуулсаар тул үрийнхээ амийг авархын тулд юу ч хийхээс үл буцах тэнэг зориг хатуу зүрх төрөн шулуудвай.  Ариунаа нулимсаа ааштайгаа хамт барин хашааны босгыг үг дуугүй давлаа.

Хар багын юм угаахын донтой цээрч тул "Хиртэй хөнжилд оруулбал... арай бөөс гэдэг юм... муу өвчин авч биеэ бузарлан нүдний булай болох вий дээ. Чадахгүй, янз янзын юм шаардан заваараад салахгүй бол яанаа. Тэгээд бузардсан биеэ хаана угаал үйлдээд... Охиноо нөгөө өрөөнд нь яаж түр орхиноо..." гэх мэт элдэв зовлон шаналан тээсээр хамаг хувцсаараа давхарлан хулдсан охиноо тэврэн өмнө нь ороод явган хүний зам даган алхав.

МЗЭ-ийн шагналт, зохиолч Н.Нагаанбуу