sonin.mn

Хойт зүгт Онон, Балжийн нурууны уулс хөхрөн, цэцэг навчис алаглаж, хөвч нутгийн байгал, өвс, ургамлын үнэрт согтон, хамар цоргин байна. Баруунаа Ононгийн их шугуй харлан ногоорон, Онон мөрөн савандаа багтахгүй мэлтэлзэн байх нь гайхалтай. Ононгийн гүүрэнд бүртгэл явагдан, хэдэн зуун машинтай хүмүүс дугаарлан байхуй байгаль орчны зураг авч, цэнгэн байгаа нь нэгэн сонирхолтой зураглал болон харагдана.

Алтаргана наадам 20 жилийн тэртээ 1994 онд алдарт хүмүүс Ц.Балдандорж, Б.Мөнхжаргал нарын санаачлагаар эхэлснээс хойш 1996 онд Биндэр сум, 1998 онд Батширээт сум, 2000 онд Дашбалбар сум, 2002 онд Агын тойрог, 2004 онд Дорнот аймгийн төв, 2006 онд Буриад улсын нийслэл Улаан-Үд хот, 2008 онд Эрхүү хот, 2010 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, 2012 онд Агын тойрогт явагдаж, Монголын эртний угсаатнуудын нэгэн болох Буриад Монголчуудын найр, наадам өргөжин тэлсээр, олон улсын наадам болон, 20 дахь жилдээ анх үүссэн Дадал сумандаа энэ зуны сайхан цагт буриад түмний баяр баясал дунд ёслол төгөлдөр нээлтээ хийлээ.

Буриадууд бол Байгаль нуурын орчимд анх бүрэлдэн, бий болсноос хойш хэдэн мянган жилийг ардаа орхиж, одоо гурван гүрэнд хуваагдан, түүхийн нугачаанд урт замыг туулж, түүх, өв соёлоо хадгалан, энэ үетэй золгож байгаа угсаатан билээ.

Монгол угсаатан, үндэстний өв соёлыг өвлөн тээгч Буриад зоны Алтаргана наадам эзэн Чингис хааны төрсөн нутаг Онон, Балжийн голын сав нутаг Дадал суманд Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор хоёр дахь удаагаа спортын 3, урлагийн 12 төрлөөр явж, Буриад зоны цэнгэлийн магнайг тэнийлгэв.

Нутгийн зон Дадал сумын төвөөс урагш, баруун урд уулын энгэрт Эзэн Чингисийн тоонот хаалганд гийчид биднийг айраг цагаан идээгээр дайлан угтлаа. Дадал сумын төв нь эргэн тойрон нарс, шинэс модоор хүрээлэгдсэн хүнхийд байрлах модон байшин бүхий буриад тосгон байлаа.

Энэ наадамд лав арван мянган хүн зон ирсэн байх. Хойд Буриадууд, Шэнэхээний буриадууд, Английн буриадууд болон бусад олон орны зочид, гийчид ирсэн байлаа. Чингис хааны хөшөөний өмнөх талбайд яруу найргийн уралдаан болж, яруу найрагч Батширээт сумын Д.Гансүрэн тэргүүн байр эзлэж, 2-дугаар байранд Биндэр сумын С.Цэдэндорж оров.

С.Цэдэндорж бол Политехникийн дээд сургуулийн багш, доктор, профессор цолтой нэгэн байлаа. Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогоос харахад баруун хойт уулсын завсраас Балжийн голын хүрэн шугуй тунаран их хөндий үргэлжпэн харагдана.

Онон, Балжийн сав газар нь Баянхаан уул, Энергийн төв, Цагаан чулуутын гол, Сөөгтэйн агуй, Хёрхон гол, Агацын гол, Балжийн гол , Дэгэн жигэний хавцал, Онон мөрний хавь нутаг юм. Дадал сумын төвийн байрлал нь нэгэн гол гудамж бүхий төвөөс гарсан салаа гудамжтай, их тохилог, лав Хэнтий нутгийн хамгийн цэвэрхэн сумын төв байлаа.

Алтаргана наадмын Буриад бөхийн барилдаанд Батноров сумын бөх түрүүлж, Батширээт сумын уугуул, Биндэр сумын харъяат аймгийн заан Бадамжавын Баярмагнай үзүүрлэн, Батширээтийн аймгийн арслан Б.Хадбаатар, Биндэрийн аймгийн арслан Отгонзориг нар шөвгөрлөө.

Баян-Овоо уул нь Эзэн Чингисийн тугийн овоо хэмээн алдаршиж, битүү ногоон нарсан ойгоор хучигдсан тахилгатай уул гэдэг. Энэ уулын энгэрт сумын төв байрлана. Чингис хааны хөшөө нь Гурван нуурын рашаан сувиллын төвд 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойгоор босгожээ. Энд ирсэн гурван улсын буриад зон Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа нь сайхан байлаа.

Онон гол нь энэ сумын нутгаар 100 км урсан өнгөрнө. Гольдрилын өргөн 65 орчим метр гэдэг. Шинэ Соёлын төвд "Дангина" гоо бүсгүйн уралдаан болж, Ага нутгийн охин түрүүлж, Дадал нутгийн охин удаалсан гэнэ. Буриад хувцасны шилмэл загварын уралдаан болсон юм. Бага Соёлын төвд Буриад ардын дуу дуулаачдын уралдаан боллоо.

Хилийн цэргийн соёлын төвд Буриадын гар урлалын үзэсгэлэн шалгаруулалт явагдав. Сургуулийн спорт заалд Баримтат кино үзүүлэх арга хэмжээ явагдлаа. Гурваннуурын амралтын соёлын төвд "Буриадын нэг өдөр" сэдэвт өв, соёлын жүжигчилсэн тоглолтын уралдаан боллоо.

Буриадын үлгэрч, туульч, ерөөлч, магтаалчдын уралдаан болж байлаа. Төвийн цэнгэлдэх хүрээлэнд "Алтаргана-2014" олон улсын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хэнтий аймгийн удирдлагууд, Соёлын яам, гадаадын төлөөлөгчид оролцож, өргөн хүрээг хамарсан нээлт болж, Буриад түмний сэтгэлийн наадам эхэлсэн юм.

Энд Буриад бөхийн барилдаан болж, орой нь "Хан Хэнтий" чуулга тоглолт хийсэн байна. Наадмын хаалтын ажиллагаанд төгсгөлийн Гала концерт тоглож, галын наадам, Ёохорой хатараан уянга дууны эгшигэнд явж байлаа. Буриадын орчин үеийн зохиолын дууны уралдаан болж, эстрад хөнгөн хөгжмийн аялгуу эгшиглэж, олон газрын хүмүүс баясан байхыг харахад сайхан байж билээ.

Дадал сумын нутгийн хойд хэсгийг эмжин Онон, Балжийн нурууны салбар уулс үргэлжпэнэ. Сохондын сарьдаг орчмын их хөвч, хангайгаас гурван гол урд зүгийг чиглэн урсан ирж, Балжийн голд цутгана. Хөмөлийн гол, Хёрхон гол, Агацын голууд ус ихтэй байна. Балжийн гол Баян-Овоо уулын араар урсан өнгөрч байх нь сонин байлаа.

Онон, Балжийн голуудын сав газар болох дэлхийд гайхагдах үзэсгэлэн төгс нутаг, ой хөвчийн тансаг байрлал, өмнөт хэсгээрээ Онон мөрний номин өнгөт хөндийнүүд ногоорон цэнхэртэнэ.

Буриад монголчуудын дээд өвөг Хорилар овгийнхон, Хорилардай мэргэний охин Алунгуа, Есүхэй эцэг, Өүлэн үжин тэргүүтэй үе үеийн түүхэн хүмүүсийн энэ нутагт "Алтаргана-2014" наадам дүүрэн сайхан болж, дараагийн "Алтаргана-2016" наадмын тугийг Буриадын улсын нийслэл Улаан-Үд хотын төлөөлөгчдөд гардуулан өглөө.

Дадал нутгийнхны Сүлд дуу

Үгийг Сундуй,    аяыг Чинзориг

НЮТАГ
Баянхаанай ууламнай
Бугын урамдаатай нютаг юм
Анханай саhанаар яаранхай
Аншан баавайн нютаг юм.
Урадхал долгион Балжамнай
Улаалзай мойхоной орон юм
Уургай сайгаа аягаланхай
Уяхан эжымни нютаг юм.
Агацын уужам хөндиймнэй
 Адуу малай бэлшээри юм
Ардай дуугаа аяланхай
Ахайн багын нютаг юм.
Мараанай сэнхир хөндиймнай
Мангир таанай орон юм
Хаанаш явааhаам намтаяа
Хамтдаа л байдаг нютаг юм гэж дуулан,

Дадал нутгийнхан үдэн гаргаж байлаа. Би Алтаргана наадамд ирсэн нөхөддөө зориулж "Дуулнамдаа" гэж дууны үг бичсэн юм.

Хэжэнгэ, Яруунын басгадтаа
Халуун мэндэ эльгээжэ
Ой мүшид гэрэлтэхэн
Онон, Улзхаа дуулнамдаа
Туяа сасыш намдаа
Түрэл Буриад заяамни
Эргэнэ, Сагсын басгадта
Энхэрэл хайр эльгээжэ
Олон зоной үймэхэн
Онон, Балжахаа дуулнамдаа
Туяа сасыш намдаа
Түрэл Буриад заяамни Хори,
Сэлэнгэй басгадтаа Хатар наадан эльгээжэ
Найрай дуунда баясажа
Найдан байжа дуулнамдаа
Туяа сасыш намдаа
Түрэл  Буриад заяамни гэж бичсэн шүлгэнд залуу дуучин Б.Эрдэнэбаатар ая оруулж, "Алтаргана-2014" наадмын Гала тоглолтод дуулж, өндөр үнэлэлт авч байхыг харахад гоё мэдрэмж төрж билээ:

Хорь Буриад Гутаар хальбан омогой Өвхөөндэйн Дашдондог 2014оны 7 сарын 26