sonin.mn

Ертөнцөд муу хүн гэж байдаггүй л гэдэг. Гэхдээ илүү сайн нь түрүүлээд явчихдаг нь үнэн бололтой. Самдан маань яваад өглөө. Хөдөө явсан юм байх л гэсэн чинь бурханы оронд одсон байж. Утсаар нөхөддөө дуулгахад, "аан хаашаа яваав, хөдөө юу " гэснээ үнэнийг сонсоод гайхан дуу алдацгаана. Арав гаруйхан хоногийн өмнө инээж, шуугиж, ноцолдож, хөгжиж байгаад салсан болохоор арга ч үгүй биз.

Бид 60 жилийн тэртээ сургуулийн босго алхаж, 50 жилийн өмнө 10 дугаар ангиа дүүргэн тал тал тийшээ таран одсон нэг ангийнхан. Залуу халуун байхад ч бие биенээ бараг л танихгүй болтлоо л сураг тасарсан үе бий. Хүн бүр л тэгдэг буйзаа. Ямар сайндаа л " Тураг ядрахаар уулаа, хүн өтлөхөөр нутгаа" гэсэн үг гарахав.

Үсэнд буурал сууж, нас тогтоод ирэхийн цагт залуу цагаа, хүүхэд насаа, тэр тусмаа ухаан санаа сууж асан сурагч үеээ илүүтэй санаж, бие биенээ үгүйлдэг бололтой. Ялангуяа сургуулийн ахлах ангийн сурагч нас бол бодол ухаан сууж, бие махбодь жигдрэн, үеийн нөхөддөө сэтгэл татагдах, хайрын уянга эгшиглэн харц солилцож, захидал бичилцэх гээд аз жаргалын амтыг ид л мэдэрч эхэлдэг онцлогтой он жилүүд болохоор хэзээ ч мартагддаггүй биз ээ.

Тийм л мартагдашгүй үеийн сайхан анд маань гэнэтхэн тэнгэрт хальчихлаа. Бид саяхан сумынхаа наадмыг тохиолдуулан хагас зуун жилийн уулзалтаа хийсэн юм. Хөвсгөл аймгийн Тариалан сумын сургууль төгссөн 34 хүүхдээс 12 маань бурханы оронд заларч үлдсэн 22-оос 19 нь цугларлаа.

Зарим нь эхнэр хүүхэд, ач зээгээ дагуулж ирсэн тул нийтдээ 40 орчим хүн нийслэл, Орхон, Дархан, Дорнод. Мөрөн, Их-уул, Рашаант зэрэг газраас зорин очсон гээч. Энэ сайхан уулзалтыг анх санаачилж, хооронд нь холбон, бэлтгэлийг жилийн өмнөөс эхлэн базаасан хүн бол манай Самдан.

Манай анги 29 бандь таван охинтой өвөрмөц анги байж билээ. Ажил, сурлага, урлаг спорт гээд тун ч идэвхтэй. Багш маань ингэж сургасан хэрэг. Манайхан бүгд их, дээд сургууль дүүргэсэн дээ.. Манай 9 хүвгүүн ЗХУ-д сургууль төгссөн инженерүүд. Самдан тэдгээр мундагчуудын эхэнд бичигдэнэ.

Эхийн тал нь Ховд аймагтай холбоотой л гэдэг. Гэхдээ Их-уул сумын уугуул Дарьсүрэн гэдэг айлд төрж, Сэлэнгэ мөрний усаар угаалгаж, ундаалж өссөн
Хөвсгөлийн уугуул яах аргагүй мөн. Сурагч байхын л нийгмийн идэвхтэй,    хөдөлгөөнтэй, найзархаг, тусархуу, цагаан цайлган хүүхэд байсан юм.

Хичээл сурлагадаа ч сайн. Нийтийн бүжиг сайхан хийдэг, гар бөмбөг гоё тоглодог, аман хуур, гармони хөгжимд ч дажгүй, ер нь л юм юмтай. Одессын политехникийн дээд сургуульд хувиарлагдан, гурилын үйлдвэрийн инженер мэргэжил эзэмшсэн, Монголын шилдэг инженерүүдийн нэг гэдгийг мэргэжпийнхэн нь үнэлдэг.

Хөвсгөл, Булганы гурилын үйлдвэрт инженерээр ажлын гараагаа эхлээд нийслэлд татагдан ирж, тэтгэвэрт гарах хүртлээ "Алтан тариа" үйлдвэрийн Ерөнхий инженер, ургацын Төв комиссын гишүүн, улсын Зөвлөх инженерээр ажилласан гээд бодохоор аргагүй л "Төрд хэрэгтэй зайран" явсан даа. Нэг хэсэг "Ургацын Самдан" л гэдэг байж билээ.

Хавар, намрын цагт бол гэрийн бараа хардаггүй л хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан нөхөр. Салбарын тэргүүнээс эхлээд Алтан гадас одон, олон медалиудаар шагнагдсан нь түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлсэн үнэлгээ. Хүндэт үнэмлэх, сайшаалын үнэмлэх, өргөмжлөлүүд бараг шуудайгаараа бий.

Бидний залуу үед хүний хичээл зүтгэлийг ингэж л үнэлдэг байсан юм чинь. Самдан маань сая уулзалтанд ирэхдээ аман хуураа халааслаад очсон байсан. Сайхан тоглодогоо мартаагүй байсан гээч. Биднийгээ их хөгжөөсөн дөө, найз минь. Эхнэр хүүхдээ суулгаад, бас ангийнхандаа өгөх майхан, аяны хөнжил \ ирсэн хүүхэд болгондоо нэг нэг майхан дурсгасан юм л даа \ зэргийг машиныхаа таазанд тултал ачаад гарсан нь хүний чанарын л илрэл мөн болов уу.

Мань хүн өөрийгөө биднээс хамгийн ахмад нь гэх дуртай. Магадгүй ганц нэг ах байж мэднэ. Тийм  болохоор алив арга хэмжээний нээлт, хаалтыг хийж, сөн түших, нөхдөө танилцуулах, уралдаан тэмцээн хөтлөх, бэлэг дурсгал гардуулах үүрэг ноогдоно. Хүндтэй тэр даалгаварыг их ёс төртэй, сайн гүйцэтгэдэг болохоор мань хүнд даалгачихна.

Нээрээ сая сөн түшихдээ "найз нар минь бид ойр ойрхон уулзаж, бие биендээ сураг ажиг тавьж байхгүй бол, уулзах болгонд л нэг хоёроор хасагдаад ..." гэж сануулсан нь учиртай л үг байж. Зөн совин нь ийнхүү хэлүүлсэн байх л даа. Манай Самдан их шооч. Гэхдээ хариу цохилтонд амархан орох төдийгүй, заримдаа үг алдаад өөрийгөө цоллочихсон байх нь цөөнгүй.

Буржгардуу үстэй, монхордуу хамартай, шар хүүхэд байсан болохоор "шар халзан" л гэдэгсэн. 15 жилийн өмнө бид сургуулийнхаа ойд нэг сайн цугларсан юм. Олон машин уралдаж давхиад, мань хүн жаахан хоцорсоноос гадна, ойр ойрхон зогсож, хуучлах, тамхилах сонирхолтой байж л дээ.

Тэгээд Тариаланд очсон хойноо "Ангийнхаа уулзалтанд очино гэсэн авто раллид оролццог юм байна" гэснийг нь манайхны нэг өлгөж аваад " ахиад ингэж давхих юм бол араас чинь гүйцээд мөргөнө шүү. Аргай аргай дүг" гэж Самдан хэллээ гээд л явуулж өгсөн нь сая инээд наргиан болсоор л. Ийнхүү түүний тухай дурсамж төгсөхгүй.

Уг нь өвчин хуучгүй, бидэн дотроо л эрүүл чийрэг нь байсан юмсан. Майхан саваа авчиж аваад эхнэр хүүхдүүдтэйгээ Завхан, Ховд, Хөвсгөл, Дорнот гээд хаа сайгүй явж сурсан хүнсэн. "50 хүрээд тавьж уу, 60 хүрээд жаргаж уу" гэх атлаа,70 настанд даруулга хэрэгтэй" гэдэг нь архи ууж болохгүй гэсэн сануулга шүү гээд л өөрөө ч амсахгүй, бусдыгаа ч шахахгүй зохицуулаад байсныг яана.

Санаандгүй л цохилт болсон доо. Далай ээжийнхээ элгэн тушаа, төрсөн нутгийнхаа ариун уснаас амсаж аваад, тэнгэртээ одох тавилантай байж дээ анд минь. Ангийн хүүхдүүд чинь сайн нөхрийнхөө хойноос харууслын нулимсаа залгилан, хань ижил, үр хүүхэд, ахан дүүсийн чинь өмнө эмгэнэл илэрхийлэн толгой гудайж байна.  Анд минь "манай ангийн Самдан" хэвээрээ бид бүхний сэтгэлд хоногшин үлдэх болтугай. Тэнгэр чамайг ивээг.

Ангийн нөхөд, тэдний гэр бүлийнхнийг төлөөлж сэтгэлийн зул өргөсөн Олхонууд ШААБАР