sonin.mn

Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойд

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Дүгэр занги (Готовын аав гэвэл сүүлийн үеийн хүмүүс мэдэх байх) гэж хууль мэддэг номч хүн миний авга ах Н.Агваандоржид доорхи домгийг ярьж өгсөн юм гэнэлээ.

Сартагтайн гууны эхэнд Сартагтайн хот (Өндөр довын орчим) гэж байсан гэдэг. Галдан дайнд бут цохигдоод ухарч явахдаа энд нас барж түүний шарилийг Түвшинд оршуулжээ.

Манжийн амбан хил хязгаараа эргэх нэрийдлээр Галдангийн ясыг авахаар нууц даалгавартай тусгай хүмүүсийг явуулжээ. Тэгэхдээ Цагаан голоор зам засуулж явсаар Түвшинд хүрч Галдангийн ясыг цуглуулж аваад Бээжинд явуулж хийморь, сүлдийг нь дарахаар олон хүний хөлийн доор гишгүүлж байхаар бодож ордныхоо босгон дор булжээ.

Тэгээд тэнд мэргэ төлөг үздэг хүнээсээ бид баруун монголыг одоо дарж байж чадах уу гэж асуухад нь нөгөө хүн нь мэргэлээд:

-Эр хүний чадал баруун гарынхаа эрхий хуруундаа байдаг юм, та нар энэ хүний баруун гарын эрхий хурууг олоогүй юм байна. Баруун Монголыг дийлж чадахгүй юм байна гэсэн гэдэг. Галдан бошигтын шарилыг хайж явсан тэрэгний мөр гэж Цамбагаравын Түвшин рүү гардаг Цагаан гол, Цамбагаравын ар тал, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Улаан асгат, Түймэрт, Хар асгатын голуудыг хөндлөн гарсан морин тэрэг явахаар зассан зам байдаг юм.

Галдан бошигт дайнд явахдаа цэргүүдээ гурван хэсэг болгон явуулдаг байж.

1.  Толгой хэсэг-Хонгор өлөнгөөр

2.  Хэл хэсэг- хавцалаар

З.  Эрүү хэсэг- хөтөлөөр

"Толгой" хэсэг нь Хонгор өлөнгийн хавцалаар багтаж ядан цувж гарч товлосон газраа хоцорч очдог байсан гэдэг.

"Хэл" хэсэг нь Ховд голоор гарахдаа "шат" хэмээх хадан хясаа ашиглан модон дамнуур хийж гарч байтал "шат" нь нурж цэргүүд нь эрсдэж байсан юм байх.

"Эрүү" хэсгийг Хөх хөтөлөөр орж ирэхэд нь нутгийнхан усны үер орж ирлээ гэж сандарцгааж байж: Энэ нь цэргүүдийн хөө хуяг наранд гялалзаж усны үер мэт харагдаж байсан гэдэг яриа бий.

Цэрэг тоолдог хад.

Эрдэнэбүрэн сумын Хавцалын аманд "Цэрэг тоолдог хад" гэдэг гэрийн буурийн хэмжэээний том хүрэн хад бий.

"Хэл" хэсгийн цэргүүд голоор гарахдаа "шат" нь нурж цэргүүд нь осолдож хичнээн нь эрсдсэнийг мэдэхийн тулд цэргүүдээ энэ хадны хажуугаар гарахдаа нэг нэг чулуу тавиулж гаргасан гэнэ. Сүүлд нь тэнд тавигдсан чулууг тоолж эсэн мэнд цэргүүдийнхээ тоог гаргаж байсан домог байдаг.

Ноён цорос овгийн Чүлтэмийн БАТХҮҮ