sonin.mn

Монголын хамгийн олон роман уншиж цуглуулсан дендрологич, биологийн ухааны доктор, профессор Б.Чимидтэй ярилцлаа. Тэрбээр өөр мэргэжилтэй ч номонд чин сэтгэлээсээ дурласан нэгэн юм.

-Та хэзээнээс ном цуглуулсан бэ?

-Миний аав их эрдэм номтой лам хүн байсан. Би эхээс арвуулаа. Аав минь бидэнд номон дээр бурхан битгий тавь гэж хэлдэг байлаа. Ер нь хүн номыг хобби болгон ямар нэгэн марк, шилэн болон янз бүрийн эд шиг цуглуулдаггүй байх. Номыг цуглуулахын тулд биш уншихын тулд хорхойсч авдаг болов уу.

Би дөрөвдүгээр ангид байхдаа З.Баттулгын "Хөх тэнгэр"-ийг анх уншсанаар роман ямар гайхалтай байдгийг ойлгосон. Романы хажуугаар шүлэг, яруу найргийн ном уншдаг болсон. Ер нь багаасаа л ном унших дуртай номонд хайртай хүүхэд байсан. Тэгээд л анхны романаа уншсанаас хойш ном цуглуулах санаа төрсөн.

-Роман цуглуулах хэцүү биш үү. Одоогоор таны номын санд хэчнээн ном байна вэ?

-Намайг бага байхад роман тийм ч их бичдэггүй байлаа. Одоо бол роман бичдэг хүн олширсон. Түүх соёлын холбогдолтой роман ч бичих болжээ. А.Ган-Уул "Захирал алуурчинд очих ёстой", Ж.Пүрэв "Бүргэд харьд үүрлэдэггүй" мөн Теодор Драйзерын "Америкийн эмгэнэлт явдал", Майн Рид "Морь унасан толгойгүй хүн" зэрэг романыг социализмын үед орчуулсан учраас их уншдаг байлаа.

Миний ном унших дур сонирхлыг эдгээр сонгодог бүтээл өдөөж өгсөн. Ер нь номыг унших тусам ухаарал авдаг. Бас нэг том ертөнцийг олж харах шиг болдог. Надад Монголын бүх роман анхны хэвлэлээрээ бий. Нийтдээ 3000 гаруй ном, зохиол байгаа.

-Монголын хамгийн анхны роман ямар нэртэй вэ?

-Монголын анхны роман бол Ч.Лодойдамбын "Алтайд" шүү дээ. Удаах нь Б.Ренчиний "Үүрийн туяа".

-Орчин үед техник технологи хөгжиж, зарим хүүхэд ном уншихгүй интернэт цахимаар мэдээлэл авдаг болсон байна. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хүүхдүүд ном уншихаа больжээ гэж ярих болж. Ер нь ном уншихгүй л байна биз. Уншихаа боливол сэтгэхээ болино гэж үг байдаг шүү дээ. Ер нь унших үгүй нь хувь хүний асуудал. Гэхдээ хэчнээн техник шинжлэх ухаан хөгжсөн ч ном уран зохиол бол хүнийг хүн болгодог. Хүнийг өв тэгш, гоо сайхан болгодог гайхамшигт шинж тэр бүх зүйл номонд шингэж байгаа юм.

Энэ жил сургууль төгссөн хүүхдүүдээс монгол хэлний шалгалт авсан. Эдгээр төгсөгчдийн олонхи нь шалгалтдаа унаж бичдэг хэлээрээ бичсэн гэнэ. Монгол хүн байхын гайхамшиг бол монгол хэлээ мэдэх явдал. "Ээжийг минь яаж гүйцэхэв дээ" гэдэг шиг "Зохиолчдыг яаж гүйцэхэв. Гэхдээ монгол хэлээ мэддэг, эх хэлээрээ ярьдаг, энэ хэлнийхээ яруу тансгийг мэдэрдэг байх хэрэгтэй.

Хүний хахир хатуу сэтгэлээс хатуу зүйл байхгүй, өрөвч нинжин сэтгэлээс зөөлөн зүйл байхгүй, хурц сэргэлэн ухаанаас хурц зүйл дэлхийд байхгүй. Тийм учраас хүн хүнээ үнэн сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй. Өнөөдрийн залуус хайртай гэх үгийг их хэлэх болжээ. Энэ үгийн үнэ цэнийг ухаарахгүй байна.

Чингиз Айтматовын "Улаахан алчуурт хонгор минь", "Жамилия", "Ингэн нүд" гурван туужийг уншаагүй байж хайр дурлал гэж битгий ярьж бай. Энэ гурвыг уншаагүй бол чи дурлахыг, дурлуулахыг, дурлалын талаар юу ч мэдэхгүй гэсэн үг байдаг юм.

-Шинэ сонирхолтой номыг хүмүүс нэгэндээ бэлэглэх болсон байна. Бас ном цуглуулж асрамжийн газар ч юмуу ямар нэгэн газарт хандивлах болжээ. Та ер нь ном хандивлаж байв уу?

-За ер нь ном уншдаггүй хүнд ном өгөх нь гутамшиг. Бараг тэр хүнийг доромжилж байна гэсэн үг. Номыг уншихгүйгээр шинээр нь хуучруулж байгаа хүмүүсийг би өрөвддөг. Цуглуулсан номоо бол өгч байгаагүй. Өөрийнхөө зохиосон номоо бол засан хүмүүжүүлэх газар, цэргийн ангиуд, асрах газруудад өгч байсан.

"Диваажинд уулзъя" гэсэн номоо арван удаа хэвлүүлсэн. Би тэр номыг уншаасай гэж бичсэн, ашиг олох гэж бичээгүй учраас бүгдийг үнэгүй тараасан.

-Сүүлийн үед ямар ном уншиж байна вэ?

-Монголын шилдэг уран зохиолуудыг цуглуулж, уншиж байна. Хэвлэлийн чанар их сайжирчээ.

-Та бас ном бичдэг юм байна. Зохиосон номуудынхаа талаар ярихгүй юу?

-Хүн болж төрснийх үр удмаа үлдээх, ном бичих, мод тарих гэсэн гурван буянт үйлийг зайлшгүй хийх ёстой гэдэг. Би бол гурвууланг нь хийсэн. Үр удмаа үлдээсэн, модыг бол хэдэн мянгаар нь тарьсан, ном бичсэн гээд. Хүн бүр ном бичээд байдаггүй. 1994 оноос хойш уран зохиолын, мэргэжлийн, эссэ дурсамжийн, хөрөг найрууллын зэрэг төрлөөр 20 шахам уран бүтээл хийсэн.

Хамгийн анх "Өвлийн мөнгөн шүүдэр" шүлгийн ном гаргаж байв. Дараа нь "Үүл усны заяа", шүлгийн ном, аавынхаа дурсгалд зориулж "Диваажинд уулзъя", "Тогоруун цэнхэр зэрэглээ", "Өргөмөл заяа" мөн ээжийнхээ дурсгалд зориулж "Ижий бурхан" зэрэг ном хэвлүүлсэн.

Ц.Заяа

Эх суравлж: