sonin.mn

Төрийг хамгийн муу менежер гэдэг. Алдагдалтай ажиллаж байгаа компаниудын тоо жил бүр өсч, төрийн өмч үнэгүйдсээр. Энэ нь манай улсын нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдалтай холбоотой ч нөгөө талаар зориудаар дампууруулах ажиллагаа явагдаж байна гэж үзэх хүмүүс ч бий.

Юутай ч УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж 2014-2016 онд Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнгөрсөн сарын 18-нд УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Хууль батлагчид уг асуудлыг өнгөрсөн Хаврын чуулганаар хэлэлцэж амжаагүй учир ирэх Намрын чуулганыг хүлээх үлдээд байна.

Тогтоолын төсөлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 22 аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тусгажээ. Эдгээр компани нь өнгөрсөн хугацаанд 19 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд өмч хувьчлалаас 60-70 тэрбум төгрөг улсад төвлөрүүлнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Ирэх хоёр жилийн хугацаанд хувьчлагдах 22 компанийн мэдээллийг хүргэе. Компаниудыг бүрэн болон төрийн өмчийн оролцоотой хувьчлах гэсэн хоёр хэсэгт хуваажээ.

Бүрэн хувьчлах компаниуд

1. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Энэ компанийг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангахаар нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах юм. 1973 оны тавдугаар сард Эрдэнэт-Дарханы 220кВ-ын шугамын тулгуур анх боссоноор компанийн үйл ажиллагаа эхэлж байсан төрийн 100 хувийн мэдлийн компани юм.

Тус компани нь Орхон, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Завхан, Өмнөговь, Баянхонгор зэрэг 11 аймгийн төв, тэдгээрийн 95 сум суурин газрын 4500 гаруй аж ахуйн нэгж, 55 мянган айл өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг 0.4-35кв-ын 5835.2 км шугам сүлжээ, 549 дэд станц болон хуваарилах байгууламжийг ашиглан гүйцэтгэдэг.

2.“Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Эдүгээ Хэнтий аймгийн Дадал сумаас, урд тал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл, зүүн тал нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас, баруун тал нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сум хүртэл газар нутаг, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгийн төв, долоон аймгийн 57 сумын нутагт байрлах 35768 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах хүчин чадалтай.

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1984 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “Багануур цахилгаан шугам сүлжээний газар” нэртэйгээр байгуулагдаж байжээ.

3. “Оргил рашаан сувилал” ТӨХК

Одоогоос 40 жилийн өмнө сувиллын зориулалтаар ашиглагдаж эхэлсэн тус сувиллыг 1990 он хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлөөс санхүүжүүлж байсан. 1990 оноос Эрүүл мэндийн яамны харьяанд шилжин улсын төсвөөс санхүүждэг болжээ.

“Оргил рашаан сувилал” ТӨХК нь 9300 ам метр талбай бүхий байр, 60.8 га газартай юм. Төсөл санаачлагчид үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй гэсэн нөхцөлтэйгээр хувьчлахаар төлөвлөжээ.

4.“Цагаан шонхор” ТӨҮГ

ЦЕГ-ын харьяанд 1992 онд байгуулагдсан “Цагаан шонхор” ТӨҮГ нь цагдаа болон дотоодын цэрэг бусад хүчний байгууллагын дүрэмт хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг. Хүчин чадлын хувьд 40 оёдлын төхөөрөмж, 18 оёдолчинтой.

5. “Кино урлагийн дээд сургууль” ТӨОХХК

Монгол кино нэгтгэлийг түшиглэн байгуулагдсан тус сургуулийн нийт хувьцааны 51 хувийг төр эзэмшиж, 49 хувийг “ТВШ студи” ХХК, “ЭСТИЭС констракшн” ХХК эзэмшиж байна. Төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах гэнэ.

6. “Авто импекс” ТӨОХК

Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1995 оны 45 дугаар тогтоолын дагуу хуучин “Авто импорт хангамжийн нэгдэл” нь “Авто импекс“ хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Компанийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө нь 1981 онд хуучин ЗХУ-ын хүч хөрөнгөөр баригдсан жилд Зил-130 маркийн ачааны 1500 автомашинд засвар үйлчилгээ хийх станцын иж бүрэн барилга байгууламж юм.

Тус байгууламж нь нийт 8750 ам метр талбай бүхий үйлдвэрийн хоёр байр, 5 давхар оффисын барилга, бусад туслах барилгуудаас бүрддэг ба дөрвөн га газарт үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн хувьцааны 51 хувь нь төрийн өмч, 17.3 хувийг “Сэргэн мандалт групп” ХХК, 17.8 хувийг “Жем интернэшнл” ХХК, иргэн Ч.Батхүү 4.7 хувийг, бусад хувийг 7000 гаруй жижиг хувьцаа эзэмшигч эзэмшдэг.

7. “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компани

Анх 1985 онд 65 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтайгаар сууриа тавьж байсан. “Хөтөлийн цемент шохой” ТӨХК нь нийт 876 ажилчинтай, Хөтөл тосгоныг дулааны эрчим хүчээр хангах үүрэг хүлээн ажилладаг.

Тус үйлдвэр нь Хөтөл-1, Хөтөл-2 гэсэн шохойн чулуун ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэг. “Хөтөлийн цемент шохой” ХК нь шохойн чулууны нөөц батлагдсан хоёр орд газартай. Хувьчлалын хэлбэрийн хувьд хувьцааг нь хөрөнгийн биржээр арилжих юм байна.

8.“Монсам” ТӨОХХК

БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 109 дүгээр тогтоол, Худалдаа үйлдвэрийн сайдын 1994 оны 295, Эрүүлийг хамгаалах сайдын а/24 дүгээр тушаалаар байгуулагдаж 1995 оны долдугаар сарын 1-нд ашиглалтад орсон.

Нэг удаагийн зүү тариурын үйлдвэрлэл явуулдаг. Тус компани нь 10.987.5 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 60 мянган ширхэг хувьцаатай. Төрийн мэдлийн 80 хувь, БНСУ-ын “Шина” корпораци 20 хувийг эзэмшиж байна.

9. “Авто замын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК

2000 онд Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Засгийн газрын 2006 оны 151, 185 дугаар тогтоолыг үндэслэн “Тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК байгуулагдсан. Тус компани нь долоон нэр төрлийн 14 ширхэг машин механизмаар түрээсийн үйл ажиллагаа явуулж, авто замын барилга, засварын ажил гүйцэтгэж байна.

Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд Хархорин-Цэцэрлэг, Дархан-Эрдэнэт, Зуунмод-Мандалговь, Цэцэрлэг-Тосонцэнгэлийн чиглэлийн мянганы замын бүтээн байгуулалтын их ажил, босоо тэнхлэгийн дагуух Улаанбаатар Баруунхараа, Дархан-Сэлэнгийн зам, Налайх- Чойрын зам, зүүн тийш Хэнтийн чиглэлийн зам, Улаанбаатар хот доторхи замын засвар арчлалтын ажилд техникүүдийг түрээслэх үйл ажиллагааг гүйцэтгэж байна.

10. “Эрчим” корпораци

Эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, технологийн эрдэм шинжилгээний ажил, судалгаа, туршилт, захиалагчийн хяналтын ажил гүйцэтгэдэг.

11. “Армоно” корпораци

1997 онд Засгийн газрын 31 дүгээр тогтоолоор шинжлэх ухааны дөрвөн байгууллагыг нэгтгэж “АРМОНО” корпорацийг байгуулсан түүхтэй. Арьс ширний шинжилгээний итгэмжлэгдсэн лаборатори, Арьс ширний туршилтын цех, Захиргаа засвар үйлчилгээний хэсэгт нийт 18 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

12. “Уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпораци”

Тус корпораци нь Эрдэм шинжилгээний төв, Клиник эмнэлэг, Уламжлалт эмийн үйлдвэр гэсэн үндсэн нэгжтэй санхүү, маркетингийн алба, хангамж үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, эмийн ургамал тарималжуулах плантаци, хүдрийн эрдэм шинжилгээний станц, ”Ургамал” сувилал, амбулаторийн салбар тасаг, жижиг амьтны вивари зэрэг туслах нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг

13. Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл

ХААИС-ийн харьяа тус корпораци нь хөдөө аж ахуйн салбарт шинжлэх ухаан, технологийн болон инновацийн төслүүд хэрэгжүүлдэг. Мөн ХАА-н техникийн угсралтын ажлыг гүйцэтгэдэг.

Төрийн эзэмшлийн хувийг бууруулан хувьчлах компаниуд

1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК

Засгийн газрын 1991 оны нэгдvгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг байгуулжээ.

2. “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” ТӨҮГ

Засгийн газрын 2005 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 139 дүгээр тогтоолоор “Буудай” санг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” /ТӨҮГ/ болгон өөрчлөн зохион байгуулжээ.

3. “Хөдөө аж ахуйн бирж” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани

Засгийн газрын 2013 оны 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 40 дүгээр тогтоолоор тус компанийг байгуулсан. 29 брокерын компанид гишүүнчлэл олгож, 43 агуулах, хоёр тээврийн компанид түр итгэмжлэл олгон, арилжаанд оролцуулснаас гадна улсын итгэмжлэгдсэн лабораториудтай хамтран ажиллаж байна.

4. “Монгол шуудан” ТӨХК

Монгол Улсад шуудангийн бүх нийтийн үүргийг дангаараа гүйцэтгэдэг энэ компани 21 аймаг, 334 сумын салбар болон Улаанбаатар хотын шуудангийн 39 салбарт нийт 865 ажилтантайгаар шуудангийн 20 нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна.

5. “МИАТ” төрийн өмчит ХК

Улаанбаатараас Бээжин, Хонг-Конг, Сөүл, Токио, Москва, Берлин зэрэг зургаан чиглэлд тогтмол нислэг үйлдэж дэлхийн зарим хотод захиалгат нислэгүүдийг хийдэг  компани юм. Төрийн өмчийн хорооны 2001 оны 543 дугаар тогтоолоор хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлжээ.

6. “Монголын цахилгаан холбоо” ХК

Монгол улсын Холбооны ерөнхий газрын суурин дээр 1992 онд байгуулагдаж байсан. Хувьчлалын дараа 51 хувь нь төрд үлдэх ёстой гэж албаныхан үзжээ.

7. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК

Энэ компани нь Монгол Улсын өндөр хурдын шилэн кабелийн сүлжээний 70 орчим хувь буюу 21 аймаг, 227 сумыг хамарсан 11242 км шилэн кабелийн сүлжээг эзэмшин мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд орчин үеийн бүх төрлийн үйлчилгээг орон нутагт хүргэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

8. “Шивээ-Овоо” ТӨОХК

Компанийн хувьцаа эзэмшигчдийн 1995 оны есдүгээр сарын 22- ны өдрийн хурлаар төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болон ажиллаж байна. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний орд нь Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн урагшаа 260 км-т Улаанбаатар-Замын Үүдийн төмөр болон автозамын дагуу дэд бүтэц сайн хөгжсөн бүс нутагт байрладаг.

9. “Багануур” ТӨОХК

1978 онд байгуулагдаж 1995 онд төрийн өмч давамгайлсан хувьцаат компанийн хэлбэрт шилжиж өөрчлөн байгуулагдсан. Геологи хайгуулын ажлын үр дүнгээр балансын болон балансын бус нүүрсний нөөц 623 сая тонн гэж тогтоогджээ. “Багануур” ХК нь Монгол Улсын нүүрсний хэрэгцээний 60 хувийг хангадаг.

Б.Энхзаяа

Эх сурвалж: