Олон улсын судалгааны "Transparency International" дэлхийн улс орнуудын авилгын судалгааг гаргасан байна. Энэхүү судалгаанд 107 орны иргэд оролцсон бөгөөд эндээс авилгад хамгийн их идэгдсэн есөн орныг нэрлэжээ. Үүнд Африк тивийн дөрөв, Латин Америк тивийн гурав, Европ тивийн нэг, Ази тивийн нэг орон нэрлэгдсэн нь манай улс юм.

Түүнчлэн авилгад идэгдсэн улсуудаас хамгийн бага хүн амтай буюу 3 хүрэхгүй сая хүн амтай манай улсаас бусад нь хэдэн зуун саяар тоологдох хүн амтай хэмээн судалгааны тайланд онцолжээ. Энэхүү судалгаанд оролцогч улсуудын иргэдийн дийлэнх нь Засгийн газар нь авилгатай тэмцэх чиглэлээр маш муу ажилдаг хэмээн дүгнэсэн бөгөөд тэдний дийлэнх нь төрийн байгууллага, улс төрийн намууд, цагдаа нар хамгийн их авилга авдаг хэмээн хариулжээ.

Тодруулбал Энэхүү судалгааны эхний байранд бичигдсэн Либери улсын хүн амын 86 хувь нь авилга маш ноцтой асуудал хэмээн дүгнэж, 67 хувь нь төрийн албан тушаалтнууд авилга авдаг хэмээн хариулжээ. Харин 94 хувь нь цагдаа нар авилга авдаг хэмээн хариулсан байна.

Тэгвэл манай улсын хүн амын 86 хувь нь авилга ноцтой асуудал хэмээн үзсэн бол 77 хувь нь төрийн албан тушаалтнууд авилга авдаг хэмээн хариулжээ. Харин цагдаа нар авилга авдаг хэмээн 66 хувь нь үзжээ хэмээн "USA today" сонин мэдээлжээ.

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ" сонин