sonin.mn
Монгол Улсын гавьяат жүжигчин Банзрагчийн Тунгалаг хэмээх намбалаг эмэгтэйг үзэгчид тайз дэлгэцийн олон сайхан дүрээр нь андахгүй.
 
Орчин цагийн урлагийн ай савд өөрийн гэсэн хувь нэмрээ хэдийн оруулж, олон арван кино, жүжигт дүрээ мөнхжүүлж, алдаршсан түүнийг энэ удаагийнхаа “Уран бүтээлч” буландаа онцоллоо.
 
Урлаг, тэр дундаа драмын урлагт бүх насаараа зүтгэж яваа түүнийг уншигчид маань Архангай аймгийн Хайрхан сумд төрж өссөн гэдгийг нь мэдэх биз ээ. Ингээд олныг нуршилгүйгээр Монголын урлагийн ажилчдын холбооны гүйцэтгэх захирлын албыг хашиж буй түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе. 
 
-Монголын алтан үеийн жү­жигчдийн ханцуйнаас шүүрсэн азтай, ховорхон хүн­тэй уулзаж ярилцаж бай­гаадаа баяртай байна?
-Маш их баярлалаа. Тийм ээ, би өөрийгөө их азтай бас хувьтай хүн гэж боддог. Намайг театрт анх ирэхэд алдарт Шукар буюу Чимэд-Осор, Цагааны Цэгмид, Бат-Очир гуай гурав театрыг эзэгнэж байсан. Тэд биш­рэл, айдас хоёрыг зэрэг тө­рүүлсэн бурхад байлаа шүү дээ.
 
Харин тэдний да­раах үе болж театрт нэ­гэн үеийн шинэ залуу жү­жиг­чин, найруулагчид орж ирсэн юм. Тэдний нэг нь би. Най­руулагч Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу, жүжигчин С.Дамдин, Г.Мягмарнаран, З.Жарантав, Н.Сувд, О.Норолхоо гээд бид театрын гу­­рав дахь үеийн уран бү­тээл­­­чид. 
 
-Мэргэжлийн жүжигчин болох зам тань тийм ч амар хялбар байгаагүй байх. УБДС-ийн кино драмын ан­гид анх элсэн орсон үеэ дурсаач?
-Үнэхээр амар байгаагүй ээ. Хүүхэд байхад манай гэр Соёлын ордонтой их ойр­хон байсан юм. Нэг өдөр найз­тай­гаа мотоциклийн ард суугаад Соё­лын ордон дээр яваад очлоо.
 
Орсон чинь тай­зан дээр нэг хүүхэн дуулж байна. Дараа нь миний нэ­рийг дуудаж би тайзан дээр гарлаа. Шүлэг уншиж чадах уу гэж байна. Чадна гэж хэлээд Аргалын утаа бор­гилсон малчны гэрт төрсөн би... гээд л үгээ мартаад таг болчихлоо. 
 
-Сандраад уу?
-Тийм ээ. /Инээв/ 
 
-Хөгжилтэй юм аа. Тэ­гээд яасан бэ?
-Тэр үед залуучуудын дуулж хит болж байсан “Шөнийн бороо” гэдэг том дууг дууллаа. Үзэгчид инээ­гээд л байна. Тэгж байтал этюд хийнэ ээ, цаанаа ороод байж байгаад гараад ир гэдэг юм байна.
 
Ээж чинь үхчихэж яана аа гэлээ шүү.  Би үнэн голоосоо “үгүй байх аа, ээж ажилдаа явсан” гэ­хэд тан­хим дүүрэн инээд боллоо. Би ч инээлээ. Тэгсэн шалгалт авч байсан эгч “Ээж чинь үхчихсэн гэж байхад яахаараа инээгээд байдаг билээ” гэхэд би гэнэтхэн айгаад уйлчихсан. 
 
Ингэж л би УБДС-ийн Кино драмын ангид орох анхныхаа шал­галтыг өг­сөн. Надаас анх­­ны минь шал­галтыг ав­сан өнөөх гоё эгч бол МУГЖ Ө.Ренцэн­норов гэдэг үзэгч түмэн, урлагийнхандаа гай­­­­хагдсан, сор болсон хүн бай­­­­сан. Энэ хүний инээм­сэг­­лэсэн сайхан нүдэнд би өртөж жү­жигчин болсондоо багшдаа залбирч байдаг. 
 
-Хэдэн онд болсон явдал вэ?
-1967 он. Анх удаа кон­курс гэж их, дээд сур­гуу­лийн элсэл­тийн шалгалт эхэлж, Улаан­баатар хо­тод ирж шал­галт өгдөг бай­лаа. УБДС дээр гурван өдөр шалгалт өгч хорин хэ­дүүлээ нэг ангид орсон. Дээд мэргэжилтэй най­руулагч, жү­жигчин бэлт­гэх гурав дахь элсэлт нь манай ангийнхан бай­сан юм. 
 
-Оюутны дөрвөн жил шуу­раад л өнгөрсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Бат­сүм­бэрийн сангийн аж ахуйд очиж хадлан хадаж, би то­гооч хийж ингэж л оюутан ахуй цаг минь эхэл­сэн юм даа. Манай ангид урлагийн салбарт ажиллаж бай­сан ах­мад хү­мүүс, 10 жилээ төгс­­сөн хүүх­­дүүд хуваа­рилагдаж оюутны дөрвөн жил хөгжил­тэй, хөөр­тэй, со­дон зүйлээр дүү­рэн өнгөр­сөн.
 
Баяр­тайгаар инээлд­сээр ахмад нэгэн нь за­луу­чуудаа даган хөгжиж, за­луучууд гэж бай­гаа бид нар нь ах­мадуудаа даган ухаан сууж, 1971 онд сургуулиа төгссөн дөө. 
 
-1971 он гэхээр та их сур­гуулиа дөнгөж төгсөөд л театрт очсон байх нь?
-Уг нь би сургуулиа төг­сөөд гэртээ харина гэж бо­дож бай­сан. Гэтэл Соё­лын яаман дээр биднийг хэрэг­цээтэй га­­­зар нь ху­ваарилж намайг Улсын драмын эрд­мийн театрт ху­ваарилсан.
 
Ингээд Б.Цэцэг­балжид агсан, Ё.Ган­тө­мөр, Ж.Бат­баяр бид дөрөв их театрын үүдээр алхаж орсноор ми­ний урлагт зүтгэн ажиллаж, амьдарч яваа 40 гаруй жи­лийн зам мөр маань эхэлсэн юм. 
 
-Театрт ороод ав­сан анх­ны дүр тань Д.Намдагийн “Жар­галт эх Оролмаа”-гийн Хүүх­­нээ байх аа?
-Тийм ээ, миний сэтгэлд одоо ч байдаг энэ дүрээрээ би дипломоо хамгаалсан. Ми­­­­ний дүр уйлж эхлээд төгс­гөлд нь бас л уйлж ордог байж билээ. Д.Намдаг гуай жүж­гийн та­лаараа их сайхан яриа хийнэ. Жү­жигчдэд ёс­той л нэг ой ухаанд нь ор­тол ярьж өгнө. Том том жү­жигчид Д.Намдаг гуайтай санал сэт­гэгдлээ солилцож ярилцана. 
 
Нэг өдөр зориг орж Д.Намдаг гуайгаас “Би энэ жүжгийн эхлэл, төгсгөлд нь ордог. Гэтэл хоёуланд нь л уйлах юм” гэхэд “Энэ жүжигт жинхэнэ шинэ цагийн, шинэ хүний дүр бол чи л байгаа юм.
 
Чамаас энэ шинэ засаг төр эхэлж байгаа. Тэгэхээр чи хуучин бурангуй нийгмийн ч тө­лөөлөл, шинэ цагийн ч тө­лөөлөл. Ингээд л уялдаа холбоог нь бодоод л уйлаад байж дээ” гэж билээ. 
 
-Түүнээс хойш та их олон жүжиг, кинонд тог­лосон шүү дээ?
-Тийм ээ. Энэ цаг мө­чөөс л би жүжигт тоглох сай­­хан хэрнээ дүр бүтээх хэцүү бэрх, ухаан зарж бие сэтгэлээ зориулсан 40 га­руй жилийнхээ хуга­цаанд дэл­­хийн сонгодог бо­­­лон өөрийн орны нэрт зо­­­хиолч­дын 60 га­руй жү­жигт тоглож, алдаж онож, магтуулж шүүмж­­лүүлж, уйлж дуулж Тун­галаг гэдэг бие хүн болон төлөвшсөн.
 
Нийгмийн ороо бусгаа үед театрынхаа тө­лөө ажиллаж, одоо Монголын ур­лагийн ажилчдын холбоо­ны гүй­цэтгэх захирлын ал­быг хашиж урлагтаа хоёр­гүй сэт­гэлээр зүтгэж явна даа. 
 
-Харин сүүлийн үед сай­хан ээж, эмээгийн л дүр бүтээж харагддаг боллоо?
-Намайг анх урлагт хөл тавьж байхад Ардын жү­жиг­чин Долгорсүрэн гуай хэлж бай­сан юм. Тэр үг одоо ч са­наанаас гардаггүй. “Жү­жигчин болно гэдэг их хэцүү шүү дээ, охин минь. Их л хүнд, бас нас боги­нотой ажил даа” гэж билээ. 
 
-Нас богино ажил гэдэг нь...?
-Уран бүтээлч хүн ид хийж бүтээх залуу насандаа л олон сайхан дүр бүтээдэг. Түүнээс хойш бол нэртэй, нэргүй ээж, эмээ­гийн л дүрд тоглодог юм бай­на. Ту­хайн үед Ардын жүжигчин Долгорсүрэн гуайн хэлсэн үгийг ойлгоогүй явж. Тэгсэн ийм л үг байж л дээ. /Инээв/
 
-Таны тоглосон жүжиг, ки­ног харахаар ихэвчлэн уян зөөлөн эмэгтэйн дүр бүтээсэн байх юм?
-Жүжигчин хүний амба­лог гэж байдаг. Чиний хэлс­нээр найруулагчид намайг ихэвч­лэн уян, зөөлөн эмэг­тэйн дүрд тоглуулдаг. Энэ олон жил ур­лагт зүтгэхдээ уйлж унжсан олон ч кино, жүжигт тоглосон доо. Харин одоо кино зохиол уншихаар нэр байхгүй “ээж” гээд л биччихсэн байх юм. Гэхдээ яах вэ дээ, ээж болгон адилгүй юм чинь. Болж л байна. 
 
-Тэгэлгүй яах вэ. Гэхдээ уран бүтээлч, жүжигчин хүний хувьд нэг ийм дүр бүтээчих юмсан гэх нууцхан бодол бий л биз дээ?
-Жүжигчин хүнд тог­лохыг хүссэн олон дүр байлгүй яах вэ. Одоо ч мөрөөдлөөр дүүрэн үлдэж дээ. Нас ахиад ирэхээр санаанаас цаашгүй болох юм байна шүү дээ. /Инээв/
 
-Таныг “Ромео, Жульетта”-гийн Өрлөг эхийн дүрд тоглохыг хүсдэг байсан гэж сонссон?
-Тийм ээ, үнэн. Залуу байхдаа бас алдарт “Гамлет” жүжгийн Офеллад тоглохыг мөрөөддөг байлаа. Даанч намайг театраас гарснаас хойш эдгээр жүжгүүд тайзнаа амилсан.
 
-Ингэхэд энэ жил Ар­хангай аймгийн хэд хэдэн сумын 90 жилийн ой тохиолоо. Таныг Хайрхан суманд төрж өссөн гэдгийг мэдэх юм байна?
-Манай Архангай их сай­хан аймаг шүү дээ. Арын сай­хан хангай гэж Монголдоо нэр­­тэй, тамгатай сайхан ну­таг. Хэзээний мал сүрэг, идээ цагаагаар баялаг. Бай­галийн зүй тогтлын хувьд ч гэсэн хангай, говь хосолсон. Ийм сайхан нутагт төрж өссөндөө баярладаг.
 
Нут­гаараа, тэр тусмаа Хайрхан су­мынхаа зон олноор бахархаж явдаг даа. Нөгөөтэйгүүр хүний өсч өндийсөн нутаг гэдэг яах аргагүй өөрийнх нь хүн болох гол ноён нурууг нь босгож өгдөг юм байна.
 
Тэр сайхан ард түмний дотроос л бид чинь хүн болж, босч өндийж ирдэг юм байна гэдгийг хүн их хожуу ухаарч, ойлгодог шиг ээ. Залуу нас гэдэг энэ тэрийг бодохгүй, ийш тийшээ гуйвахгүй хийсээд л өнгөрдөг юм байна шүү дээ. 
 
-Таны бага нас Хайрхан уулын өвөр, хормойгоор өн­гөрсөн байх. Таны үеийн хүүх­­дүүд ихэвчлэн хурга ишиг хариулж, тугал эр­гүүлж өссөн байдаг юм билээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд ахуй нас минь холбоо хоёр нуур, Хайрхан уулын бэлд өн­гөрчээ. Тэр л уулынхаа хор­мой­гоор гүйж өссөн байх юм. Миний үеийнхэн бүгд л тийм байсан.
 
Нутгийнхаа зүлгэн дээр хөл нүцгэн гүйж, хурга ишиг эргүүлж явсан минь одоо зөв­хөн дурсамж л болж. Хүний өсч өндийсөн нутаг гэдэг ямар сайхан юм бэ. Нас ахих тусам нутгийн минь сайн сайхан нь улам л торойн харагддаг юм байна. Ингэж л бодож сууна. 
 
Б.Төрбат
Эх сурвалж: