sonin.mn

"Равсал панз" хэмээн харсан хүн бүр дууддаг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Магсаржав өдгөө 50 гаруй киноны гол ба туслах дүр бүтээжээ. Тэрбээр хамгийн сүүлд "Цэн тогоруу" хэмээх дэлгэцийн бүтээлд тоглосон аж. Бүтээсэн дүрийнхээ алдраар үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч тийм ч олон биш.

Эцэг, эхийнхээ хайрласан нэрнээс илүү тоглосон дүрдээ хайртай тийм нэгэн эрхмийнд зочиллоо. Одоо тэрбээр "Дэнжийн 1000"-д үр хүүхэд, ач, зээ нарын хамт амьдарч байна.

-Сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлч болсон гэж дуулсан. Кинонд тоглох урилга хэр их ирж байна вэ?
-Залуу уран бүтээлчдийн хийж байгаа кинонуудад дүр бүтээж байна. Хамгийн сүүлд "Цэн тогоруу" уран сайхны кинонд тоглолоо. Зураг авалт дуусаад удаагүй байна. Урлагийн салбарт ажиллаж байгаа залуус маань намайг мартахгүй байгаад их баярлаж явдаг даа.

-"Цэн тогоруу" кинонд ямар дүр бүтээж байгаа вэ?
-Энэ кино залуучуудын хайр сэтгэлийн талаар өгүүлдэг. Амьдралын үнэн төрхийг өгүүлсэн. Монгол ахуй, ёс заншил, хөдөөний болон хотын амьдралын талаар гардаг. Кинонд малчин өвгөн Сандагийн дүрийг бүтээсэн. Д.Мэндбаяр маань миний гэрийн хүн болж өвгөн эмгэн хоёрт тоглолоо.

30 гаруй жилийн өмнө "Гарьд магнай" кинонд эхнэр нөхөр болж тоглож байлаа. Зураг авалтын үеэр манай киноны багийнхан "Гучин жилийн дараа эргэж нийлж байгаа хосууд" гэж ярьж инээлдцэг байлаа. Кино багийн ихэнх нь залуус байсан. Д.Мэндбаяр бид хоёр л хөгшин байсан байх шүү.

Их зөв хүмүүс нийлж баг болон энэхүү киног бүтээж байгаа юм байна лээ. Ахмадаа хүндэлж, үгэнд сайн ордог, ёс заншлаа сайн мэддэг хүүхдүүдтэй хамтарч ажиллах маш сайхан байсан.

-Таны залуу үе, одооны кинонд тоглож байгаа хоёрыг харьцуулбал?
-Би кино шүүмжлэгч биш болохоор сайн хэлж мэдэхгүй юм. Үзэгчид, ард түмэн тэртээ тэргүй шүүн тунгаадаг юм шүү дээ. Гэхдээ миний бодлоор бол тун гайгүй шүү. Бидний үөд дүр авсан л бол сайн амьдруулахын төлөө их хичээдэг байсан.

Тухайлбал, хоригдлын дүр бүтээхийн тулд жүжигчин шоронд ямар байдаг талаар судалгаа хийдэг байлаа. Ер нь аливаа зүйлийг хийхэд хамгийн чухал нь судалгаа. 1990-ээд оноос хойш "Монгол кино нэгтгэл" жилд дөрвөн кино хийдэг байсан. Зарим киног нэг, хоёр жил ч хийнэ. "Гарьд магнай" бол хоёр жил гаруй хугацаанд бүтсэн кино шүү дээ. Улирал солигдохыг хүлээнэ. Одоо бол зун цас бударч, өвел нь бороо оруулаад нэг cap хүрэхгүй хугацаанд кино бүтээдэг болжээ.

Энэ бол нэг талаар сайн зүйл. Залуус эхлээд кино хийж байх үедээ тааруухан байсан. Одоо бол туршлагажсан байх. Бас кино бүтээхэд баг хамт олон их чухал байдаг. Залуус настай хүмүүсээ их хүндэлж, соёлтой, ухаалаг харьцаж байна. Энэ бол сайшаалтай хэрэг юм. Хүний бодож сэтгэж байгаа бүх зүйл нүдээрээ гардаг. Операторууд жүжигчидтэйгээ харилцан ойлголцож мэдэрч байх ёстой.

Яг ид тоглолтдоо ороод жүжиглэж. байхад урдаас авах юмыг хажуунаас нь авсан байх жишээний алдаа ажиглагддаг. Хамтарч жүжиглэж байгаа хэрнээ "Миний зохиолын төгсгөл юу гэж дуусч байна вэ" гэдгийг мэддэггүй. Зөвхөн өөрийнхөө хэсгийг л цээжлээд байдаг. Иймэрхүү зүйл зөндөө бий. Уран бүтээлчид үүнд л анхаарах хэрэгтэй.

-Урлагт насаараа зүтгэлээ. Тэгвэл урлаг танд юу бүтээж бий болгож өгөв?
-Урлагт зүтгээд 52 жил болж байна. Хамгийн анх Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор "Улаан дарцаг" кинонд Дагва гэж тогоочийн дүрд тоглосон. Түүнээс хойш 50 гаруй киноны жижиг, том рольд тоглосон байна лээ. Би багаасаа л урлагийн хүн болно гэж бодож яөсан.

Долдугаар ангиа төгсөөд гутлын үйлдвэрт хоёр жил ажилласан. Нэг өдөр радиогоор хүүхдийн төв театрт жүжигчин элсүүлнэ гэсэн зар явсан. И.Нямгаваа бид хоёр очиж шалгуулсан. И.Нямгаваа намайг бодвол сайхан дуулчихдаг. Би бол солгой хоолойтой хүн шүү дээ. Ганц шүлэг цээжлээд очсон. Шүлэг маш их цээжилж уншдаг хүүхэд байлаа. Тухайн үөд шүүж байсан хүмүүсийн хэлснээр этюд үзүүлж байсан санагдана.

Тэгээд нэг мэдэхэд тэнцсэн. Ардын жүжигчин С.Гэндэн, Э.Оюун багш, хүүхдийн төатрын А.Очирбат, Ч.Авирмэд, Б.Энхтуяа гээд бүгдээрээ тойрч сууж байгаад шүүж байж билээ. Урлагаас би маш их юм сурсан. Урлагаар хүмүүжсэн, гэж хэлж болно.

-Залуусын сэтгэхүй өөрчлөгдсөн. Мөн ном уншихгүй байна гэж хүмүүс ялангуяа өвөө эмээ нар их харамсах болжээ. Та хэр ном уншдаг вэ?
-Бидний үед бүх зүйл өөр байсан. Шалгалт өгч байгаа нь ч тэр авч байгаа багш нар нь ч тэр маш чанга байсан. Одоо бол бүх зүйл зөөлөн болж. Гэхдээ амьдрал эрээнтэй бараантай байдаг. Сургуульд сурсан нэрийдлээр төлбөрөө өгчихөөд таслаад явдаг нэгэн байхад.

Сурах сонирхолтой авьяастай нэг нь төлбөрийн чадваргүй хар ажил хийж байх жишээтэй. Залуус ном уншихгүйн шалтгаан бол бүх мэдээлэл телевиз, сайтаар цацагдчихаж байгаатай салшгүй холбоотой л доо. Залуус ном унших хэрэггэй. Ном уншихгүйгээр цааш явна гэж байхгүй. Ялангуяа уран бүтээлч хүн.

Бидний үед маш их ном уншдаг байсан. Шөнө унтахгүй орон дотроо лаа барьж ном уншиж байгаад аавдаа загнуулж байсан. Сүүлд нь Оросын гар чийдэнтэй болж байж билээ.

-"Гарьд магнай" киноны Равсал панзын дүрийг ард түмэн үеийн үедээ мартахгүй биз ээ. Энэ кинонд хамт тоглож байсан Далайцэрэн, Удвал хоёртойгоо холбоотой байдаг уу?
-Бунтар найруулагч киноны монтаж хийж байхдаа хэлж байсан юм. "Их сонин юм аа, би уг нь нэг бөх залуу, саальчин бүсгүй хоёрын хайр сэтгэлийн тухай кино хийе гэж бодсон юм, гэтэл Равсал панзын тухай кино болчих юм" гэж. Далайцэрэн хотод байгаа. Ойрд сураггүй л байна. Удвал маань ажлаа хийгээд л явж байгаа байх даа. Надад урлагийн туг дарцаг шиг явсан үе бий. Тэр үөдээ аархаж гайхуулж явах ёстой байсан юм билээ л дээ.

Бид чинь үзэл бодлын боол байж. Туг бариад "МАХН мандтугай" гээд хашгирч явсан үө бий. Хотын аварга болгохоор Дарханы Х.Энхбат бид хоёрыг Хотын захиргаан дээр дууддаг юм байна. Яваад очлоо. Тэгэхэд Х.Энхбат Хөгжим бүжиг төгсөөд дөрвөн жил болж байсныг И.Нямгаваа авчраад дуулуулж байсан үе. Нэг өрөөнд 10-аад дарга суучихаж.

Цэвээнжав дарга надад "Магсаржав гуай та сөрөг дүрийг маш чадварлаг бүтээх юм. Одоо та нэг сайхан эерэг дүр бүтээ. Түүний дараа таны асуудлыг шийдье. Таныг ямар соггуу хүний дүр сайн бүтээлээ гэж шагналтай биш. Дараа жил сайхан бодитой дүр бүтээгээд ирээрэй". Буржгар гуай яагаад Лениний дүрийг бүтээсэн юм гэж байна. Тэгэхэд нь "Та бүхэнд баярлалаа. Та бүхэн үргэлж эндээ байгаарай" гэж хэлээд гарч байлаа.

Тэгэхээр би дандаа сөрөг дүр бүтээсэн их муу жүжигчин. Магадгүй би Д.Сүхбаатар эсвэл В.Лениний дүр бүтээсэн бол аль хэдийнэ гавьяат болчихсон байх байсан. Намайг "Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагная" гэхэд нь би татгалзаж сарын цалингаар шагнуулаад өнгөрч байсан юм. Над шиг олон хүүхэдтэй хүнд тэр нь дээр шүү дээ.

-"Хэцүү анги" кинонд тоглосноос болж сургуулиасаа хөөгдсөн хүү тань Сингапурт сурч байгаа гэсэн. Одоо юу хийж байгаа вэ?
-Хүү маань сургуулиа төгсөөд ирчихсэн. Одоо богино хэмжээний кино хийж байгаа. Намайг бас л нэг хөгшний дүрд тоглуулж байгаа. Ер нь би ихэвчлэн эсрэг дүрд тоглодог. Сайн талын дүр надад тохирох ч үгүй байх. Миний хүү М.Наранмөнх их ухаантай. Хүүгээ чадварлаг, сайн уран бүтээлч болно гэж боддог.

-Урлагийн хүний гэр бүл байх маш хэцүү юм шиг санагддаг. Долоон сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн ханийнхаа талаар ярина уу?
-Тэр хүн намайг өдий зэрэгт хүргэсэн л дээ. Үр хүүхэд гэр орон бүх зүйлийг хань минь авч явдаг байж дээ. Би бол хамгийн бага хүүхдээ төрөхөд нь л хажууд нь байсан. Бусад хүүхэд маань төрөхөд би хөдөө ажлаар л явж байдаг. Ирээд нэрийг нь өгөх л үүрэгтэй байсан.

Манай гэрийн хүн маш сайхан хоол хийдэг. "Улаанбаатар", "Баянгол" ресторанд тогооч хийж байсан. Би тэр хүнээс ганцхан хоол хийхийг л сурсан. Одоо тэнгэрээс ханийгаа, үр хүүхдээ харж явдаг л байх. Муу юм дуулгачихгүй зөв амьдрах л юмсан гэж боддог доо.

-Манайхан кино урлаг ч гэлтгүй урлагийг төрөөс дэмжихгүй байна гэж их шүүмжилдэг. Энэ тал дээр та хэр шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Социализмын үед соёл урлагийн газрыг их харж хөрөнгө мөнгө өгдөг байсан. Кино хийхээр бол бүх санхүүжилт цаанаасаа орж ирдэг байсан. Одоо бол бор зүрхээрээ л явж байна. Нэг кино хийвэл жүжигчин, зураглаач, туслах ажилтнаас эхлээд бүгд цалин мөнгөөр хөдөлдөг. Их мөнгө зарцуулж байж сайн бүтээл гардаг болсон байна шүү дээ.

-Таны бодож хүсч явдаг зүйлийг сонирхож болох уу?
-Миний ганц бодож баримталж явдаг зарчим шударга байх. Одор энэ цаг үөийн хүмүүс бага зэрэг хачин болчихож. Нэгийгээ их гомдоож байна. Шударга байя гэж уриалж байгаа хэрнээ үнэн хэрэг дээрээ хэлсэндээ хүрч чадахгүй байна. Одоо бол сайхан амьдрах, хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй болгох. Надад ач, зээ, гуч гээд зөндөө бий. Уран бүтээлийн тал дээр бол юунд ч тоглосон бэлэн байгаа. Миний хийж бүтээх зүйл их байна.

-Та орон сууцны өргөдөл өгч байсан уу. Нас дээр гарч байна. Гэр хороололд амьдрахад хүндрэлтэй болохоор нэг сайхан байранд орчих хүсэл байдаг л байх?
-Наадах чинь л миний биелшгүй мөрөөдөл болоод байна. Дулаахан, тав тухтай байшинд амьдрахыг хүсэхгүй хэн байхав дээ. Гэхдээ одоо би ямар бэлэн мөнгөө тоолж өгөөд байр худалдаж авч чадах биш. Гавьяат жүжигчин болсныхоо дараа шууд Хотын дарга, ИТХ-ын дарга нарт өргөдөл бичиж өгсөн.

Хоёр гурван жил болж байна. Одоо болтол хариу байхгүй л байна. Нас яваад бие ядраад ирэхээр байр сууцтай болох юмсан гэж бодох л юм. Өрх толгойлж яваа хань ижилгүй хүнд юм, юм л хэрэгтэй болох юм даа.

Ц.Заяа

Эх сурвалж: