sonin.mn

Энэ удаагийн дугаартаа "Орлон тоглогч", "Ану хатан" зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдийй эчнээ танил болсон найруулагч В.Агартай ярилцлаа. Тэрээр тун удахгүй түүхт Халх голын дайны тухай сэдвийг хөндсөн "Эх орон дуудаж байна" хэмээх шинэхэн уран бүтээлээрээ үзэгчдэд бэлэг барих гэж байгаа билээ.

-Яагаад заавал түүхэн сэдэв, тэр дундаа Халх голын дайны тухай сэдвийг хөндөж уран бүтээл туурвих болсон тухай асуултаас ярилцлагаа эхэлье?
-Яагаад болохгүй гэж /инээв/. Нэгдүгээрт, энэ сэдвийг хөндсөн дэлгэцийн уран бүтээл хийгдэлгүй чамгүй хугацаа өнгөрсөн байна. Бараг гучаад жил болчихсон байна. Тэр утгаараа хөндөөд үзэхээр зориглосон.

Хоёрт, ''Ану хатан" киног дэлгэцэнд гарсны дараа үзэгчдийн дунд судалгаа явуулж үзсэн л дээ. Тэгэхэд дийлэнх нь гучаас дээш насныхан байсан. Тиймээс яг энэ сэдвээр уран бүтээл хийж залууст үзүүлмээр санагдсан. Гуравдугаарт, энэ жил Халх голын түүхт 75 жилийн ой тохиож байгаа.

Дөрөвдүгээрт, хүн үндсэрхэг үзэлтэй байна гэхээрээ монгол хувцас өмсөөд л, хас тэмдэг зүүгээд л явахыг хэлдэггүй байх. Харин би сэтгэлдээ эх орноо багтааж, уран бүтээлч хүнийхээ хувьд чадах ядахаараа өөрийн энэ үзэл бодлоо уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог.

-Кино зохиолыг та өөрөө бичсэн байна лээ?
-Оросын "Ирээдүйгээс ирсэн нь" гэж кино байдаг. Тэрнээс сэдэвлэж кино зохиолоо бичсэн. Хэлэх гэсэн гол санаа нь таалагдсан болохоор тэр.

-Найруулагчид кино зохиол бичих нь ихэсчээ. Энэ нь мэргэжлийн түвшинд кино зохиол бичих зохиолчид ховордсонтой холбоотой юу. Эсвэл найруулагч өөрөө зураг авалтаа нүдэндээ харж, төсөөлөн бичиж чаддагтай холбоотой юу?
-Үнэн л дээ. Яг одоогийн нөхцөлд найруулагч хүн өөрөө кино зохиол руу орохоос аргагүй болоод байна. Ямарваа нэгэн хүний зохиолыг авах, захиалаад бичүүлэхээр дараа нь заавал өөрөө задалж, кино зохиол хэлбэрт шилжүүлэх шаардлагатай болох юм. Ингэхээр чинь л яваад орчихож байгаа байхгүй юу. Кино зохиолын бүтэц арай ондоо шүү дээ. Энэ нь ч амаргүй ажил.

-Үзэгчдийн хувьд найруулагч В.Агар болон таны гэргий жүжигчин Т.Алтантуяаг "HOT чинжүү" нэвтрүүлгээр илүүтэй мэддэг байх. Энэ тухайд?
-Эхнэр бид хоёр Польш улсад долоон жил орчим ажиллаж, амьдарч байгаад нутагтаа ирсэн л дээ. Тэнд байх хугацаандаа Монголоо маш их санадаг байлаа. Ер нь монгол хүн гадаадад амьдрах хугацаандаа нутгаа маш их санадаг.

Харин гадныхны хувьд аль бол тэндээ шингэх, үлдчих бодолтой байдаг юм билээ. Бид шөнө болгон нутгаа зүүдэлж хонодог байлаа. Улаанбаатарынхаа гудмууд, 40, 50 мянгатынхаа байрнуудыг нүдэндээ хардаг байлаа. Нутагтаа очих юмсан гэж өдөр болгон хоорондоо ярьдаг байсан. Тэнд амьдарч байхдаа л монголоо санагалзаад нэвтрүүлгийнхээ санааг боддог байсан.

Тэгээд долоон жилийн дараа нутаг буцахаар шийдээд хүрч ирсэн. Би чинь Польш явахаасаа өмнө Драмын театрын жүжигчин байсан шүү дээ. Харин буцаж ирээд хувцас зарж үзлээ. Ямар ч сонирхол алга. Тэгэхээр нь больчихсон.

Тухайн үед "HOT чинжүү" нэвтрүүлэг "UBS" телевизээр гардаг байсан. "UBS" телевизийнхэнтэйгээ ярилцаад нэвтрүүлэгт нь нэг хоёр удаа орж үзсэн. Сүүлдээ өөрсдөө хийдэг болсон. Хоёр жил гаруй нэвтрүүлгээ үргэлжлүүлсэн. Тэр маань хүмүүст хүрсэн шиг байгаа юм. Бидний хийж эхэлсэн нь хоёрдахь хувилбар нь шүү дээ.

-Тэгвэл кино урлагтай холбогдсон үе нь?
-"Гэрэгэ интернэшнл", "Шинэ үе" продакшнд ч жүжигчнээр ажиллаж байлаа. Тэгж явж байгаад кино урлагтай холбогдсон. Анх "G entertainment''-ийн Д.Ганболд ах олон ангит кинонд ажиллаж үзэх санал тавьсан. Тэгээд "Эцсийн цэг" гээд 60 ангитай кинонд ажилласан. Тэрнээс хойш л кино урлагт татагдаад орчихсон доо.

Дараа нь мөн л "G entertainment''-тай хамтраад 13, есөн ангитай гээд кинонууд хийсэн. Харин яг миний өөрийн ерөнхий найруулагчаар ажилласан анхны дэлгэцийн уран бүтээл маань "Орлон тоглогч" гээд триллер төрлийн кино байлаа. Анх удаа тэр төрөл зүйлийн киног хийж үзсэн л дээ.

Триллер, аймшгийн төрлийн кино их хүнд байдаг юм билээ. Харахад их энгийн юм шиг мөртлөө хийц, ур их шаарддаг төрөл зүйл. Дараа нь эхнэртэйгээ "Ану хатан" кино руу ханцуй шамлан орсон. Мөн л ингэж түүхэн сэдэвтэй кинонд татагдсан. Ямар гоё гэж санана. Их хэцүү, хүнд.

Гэхдээ тэрийг даваад, ард нь гарсны дараа маш гоё сэтгэл хамамжийг авч чаддаг. Тиймдээ ч гурав дахь уран бүтээл мөн л түүхэн сэдвээр бүтээл байна байх. Тэрний дараагийнх ч бас түүхэн кино байхыг үгүйсгэхгүй шүү /инээв/.

-"Ану хатан" дэлгэцэнд гарсан даруйдаа нэлээдгүй шуугиан тарьсан шүү дээ. Төсөв өндөртэй, их өргөн баг бүрэлдэхүүнтэй ажилласан гэх мэтчилэн. Энэ тухайд?
-Энэ уран бүтээлд нийт 600 гаруй уран бүтээлчид ажилласан. Зураачид, нүүр хувиргагчид гээд л. Зураг авч байгаад эргээд харахад ард 100 гаруй хүн бүгд команд хүлээгээд чимээгүй зогсч байхыг харахад ямар сайхан сэтгэгдэл төрдөг гээч.

Тэр олон хүн тэрхүү уран бүтээлд сэтгэлээ зориулж байгааг харах сайхан. Тэр хүмүүсийн сэтгэл, итгэлийг алдчих вий дээ гэсэн айдас ч маш их байсан. Түүхэн кинонд ганц л жижиг алдаа гаргахад олон хүний хүч хөдөлмөр талаар болно шүү дээ.

-Энэ удаагийн "Эх орон дуудаж байна" бүтээл ч чамгүй олон уран бүтээлчдийн хөдөлмөрөөр бүтсэн байгаа?
-Тавь гаруй цэргүүд оролцсон. Нийтдээ бас л 100 гаруй уран бүтээлчийн хамтын хөдөлмөр.

-"Ану хатан", "Эх орон дуудаж байна" уран бүтээлүүдэд зураглаач Д.Ангарагтай хамтран ажилласан. "Эх орон дуудаж байна" бүтээлийн зураг авалт их өвөрмөц санагдлаа. Мөн өнгө шүүлтийн хувьд америк стандартыг хэрэглэсэн. Энэ талаар тодруулаач?
-Ангарагтай гар их нийлдэг. Нэг нэгийгээ их сайн ойлгож, сонсоно. Их зөвшилцөж байж зөвийг нь сонгодог. Олон сайхан санаа гаргадаг, туршдаг. Манай хүн ч их нарийн мэдрэмжтэй.

Энэ удаагийн уран бүтээлийн зураг авалт өвөрмөц байгаа нь үнэн. Ангараг маань зохиолоо уншиж үзчихээд "Би энэ удаад ямар ч хөл хэрэглэхгүй" гэсэн. Их ч гайхсан. Тэгтэл "Энэ чинь дайны тухай шүү дээ. Яагаад тийм үйл явдал дунд орчихсон юм шигээр үзүүлж болохгүй гэж" гэж хэлсэн л дээ. Тэр санаа нь ч их таалагдсан.

Өнгө шүүлтийн хувьд Ангараг маань албан ёсоор эрхийг нь авч хэрэглэсэн. Тухайн 1939 оны ертөнцөд өөрийн гэсэн өнгө гэж байгаа шүү дээ. Тэр өнгөтэй хамгийн их дөхүүлсэн гэж бодож байгаа.

-Кинонд зөвхөн нэг өдрийн үйл явдал өрнөнө. Зураг авалтын үед гэрэл, цаг агаар гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалаад хүндрэлүүд гарч байв уу?
-Тийм зүйл гарна. Нарны гэрэл таарахгүй байх, цаг агаарын өөрчлөлт гээд нөлөөсөн зүйлүүд бий. Тийм учраас маш шахуу ажилласан. Зураглаач маань ч түүнийг маш сайн мэдэрч ажилласан. Өдрийн 12:00 цагт нар энд байдаг, 14:00 цагт тэнд байдаг гээд л мэддэг болчихсон байлаа /инээв/.

-Зураг авалтын үеэр гэр бүлийн хүнтэйгээ санал зөрөлдөх, маргалдах зүйл гарах юмуу?
-Байнга /инээв/. Уран бүтээлийн жижиг зүйлүүд дээр ч санал зөрөлдөнө. Гэхдээ ажил бол ажил шүү дээ.

-Ер нь уран бүтээлч гэр бүл байхын жаргал, зовлонгооос хуваалцаач?
-Бие биенийхээ ажлыг мэддэг учраас ойлгодог, хүлээцтэй ханддаг. Хэн хэн нь л цаг наргүй ажилладаг хүмүүс шүү дээ. Ажлын явцад санал зөрөлдөх асуудал гарахаас биш өөр хүндрэл гэхээр зүйл байхгүй ээ.

-Хүүхдүүд тань урлагийн мэргэжил сонгох шийдвэр гаргавал хэрхэн хүлээн авах бол. Аав, ээжийнхээ мэргэжлийн онцлогийг харж л өсч байгаа шүү дээ?
-Том охиныг минь Төгссайхан гэдэг. Саяхан сургуулиа төгсөх үеэр нь эхнэр бид хоёр "Миний охин ямар мэргэжилтэй болох вэ" гээд асуулаа. Тэгтэл нөгөөдөх маань дуугардаггүй. Миний дотор пал гээд л явчихсан. Дотроо "Яанаа, энэ яг жүжигчин болно гэж хэлэх гэж байна" гэж бодоод л. Тэгээд лавлах гээд "Миний охин урлагийн хүн болох юмуу. Жүжигчин болох уу" гээд асуулаа.

Гэтэл өөдөөс "Үгүй. Би хэзээ ч урлагийн хүн болохгүй. Хэцүү юм байна лээ" гэдэг юм байна. Энэ үгийг нь сонсоод дотор цэлмээд явчихаж байгаа юм чинь. Эхнэр бид хоёр чинь бие бие рүүгээ,харж инээгээд л /инээв/. Харин хүү маань одоо таван настай.

Ямар мэргэжилтэй болохыг мэдэхгүй байна. Гэхдээ үнэхээр урлагийн мэргэжил сонгоно гээд л гүрийх юм бол хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Сонголтыг нь хүндэтгэхгүй бол болохгүй.

-"Эх орон дуудаж байна" уран бүтээлийн дүрийн сонголтуудын тухайд?
-Найруулагчийн хувьд хувьд би дүрийн сонголтуудаа их зөв хийсэн гэж үзэж байгаа. Ялангуяа гурван гол дүрийн жүжигчиддээ их сэтгэл хангалуун байна. Тухайн дүрийнхээ характерийг илэрхийлж чадахуйц жүжигчид. Энэ кинонд дөрвөн орны жүжигчид ажилласнаараа онцлог.

Монгол, Орос, Польш, Японы жүжигчид оролцсон. Польш бүсгүй орос сувилагчийн дүрд тоглолоо. Өөрөө мэргэжлийн жүжигчин биш мөртлөө их уран бүтээлч сэтгэлгээтэй бүсгүй байсан. Тухайн үеийн жижиг хэрэглэлийг өөрөө хайж байгаад олчихно. Нэг удаа зураг авалтын үеэр тэр бүсгүй гараа боочихсон явж байлаа. Гайхаад асуутал "Би чинь бас байлдаж яваа хүн биз дээ" гэсэн шүү.

Тийм л уран бүтээлч сэтгэлгээтэй хүн байсан. Анх кино зохиолоо бичиж байхдаа гол дүрийн жүжигчдээ нүдэндээ харчихсан байсан. Энэ дүрд Батуушка /Т.Баттулга/, энэ дүрд нь Ууганаа /Э.Ууганбаяр/ гээд л буугаад ирсэн.

Харин Г.Дөлгөөн-Аюушийн хувьд сонгон шалгаруулалтаар сонгосон. Энэ дүрд гоё залуу байх хэрэгтэй, бие хаа сайтай, эрэмгий байдал харагддаг байх, дээр нь нас залуу байх хэрэгтэй гээд шаардлагууд байсан л даа. Түүнд тохирсон.

-Та түрүүн дараагийн уран бүтээлээрээ дахин түүхэн сэдвийг хөндөж магадгүй гэж ярьсан. Тэгэхээр таны дараагийн уран бүтээл хэдийд үзэгчдэд хүрэх бол?   
-Одоохондоо хоёр зүйл яригдаад явж байна. Эхнийх нь түрүүн ярьсан кино. XV зууны үеийг, Мөнх хааны үеийн түүхийг өгүүлнэ. Миний бодож байгаагаар бол ирэх 2016 онд л хийгдэх байх.

Тэрнээс өмнө АНУ-д Холливуудад нэгэн шинэ уран бүтээл хийгдэх гэж байгаа. Тэрэнд монголоос жүжигчин, найруулагч, зураглаач, зураач, дууны инженер аваад уран бүтээлчид орж ажиллана. Он гараад тэр уран бүтээл дээр ажиллах байх.

А.Халиун

Эх сурвалж: