sonin.mn

Бидний дунд өргөн хэрэглэгддэг зарим нэг хэлц үгийг өөрчлөх шаардлагатай болжээ. Жишээ нь, “наадмын дараа, утаа” ч гэх юм уу! Харамсалтай нь Ерөнхий сайд нь утааны талаар хайрсан хуушуурныхаа хиншүүг цонх, хаалгаа сайн онголгоод туугаад гаргачих төдийхөн ойлголттой байгаа нь шинэчлэгдэж байгаа түүний засаглалыг улам хүчгүйдүүлж байна…

Агаарын бохирдол, эдийн засгийн хямрал, бусад нийгмийн эмзэг үзэгдлээс хамаарч ардчилалд үл итгэгчдийн дуу хоолой тодорсоор сүүлдээ өмнөх нийгэм (социализм)-ийн үед л монголчууд оюун санааны болон материалын хөгжлийг олж байсан гэж сурталчлах болсон нь харамсалтай.

Гэхдээ аль ч тогтолцооны үед бид дандаа бусдаар яаж будаа тээлгэхээ заалгаж байсан, одоо ч  байна.  Өнгөрсөн нийгмийн гол онцлог бол Орос ах нар судалгаа хийгээд, бидний гараас хөтөлж, үр дүнд хүргэж байв. Харин өнөөдөр Барууныхан зөвхөн судалгааг хийж өгөөд, бидэнд бие даагаад явах ардчилсан эрхийг өгөв. Гэтэл 70 жил хөтлүүлсэн дүү өөрөө явж чадахаа больж тэдгээр судалгааг архивдаа хадгалах хамгийн тоосонцортой үүргийг хүлээж эхлэв. Тоосонцор бол агаарыг бохирдуулагч элемэнт.

2013 онд Эрүүл Мэндийн Яамны санаачлагаар, University of California, Berkeley-ын Професор, Нобелын шагналт Kirk R. Smith “Улаанбаатар дах агаарын бохирдол ба эрүүл мэнд” (Air Pollution and Health in Ulaanbaatar) сэдэвтэй судалгаа хийсэн. Энэ судалгааны сүүлийн дүгнэлт нь 2014 оны 5 сард гарчээ. Судалгааг 2014-2024 оны таамаглал байдлаар хийсэн бөгөөд үндсэн 3 загвараар Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрхэн өөрчлөгдөж болох, Улаанбаатарчуудын эрүүл мэндэд яаж нөлөөлөх талаар дүгнэлт гаргажээ.


Тэдгээр гурван загварыг дэлгэрүүлбэл:
Загвар1: Хэрвээ Улаанбаатарт одоогийн утаатай тэмцэж байгаа хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхгүй, нэмэлт шаардлагатай дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхгүй бол 2024 он гэхэд: Улаанбаатар хотын агаарын бохирдол өснө. Өнөөдөр Улаанбаатар дах агаарын бохирдол нь 70 ug/m3 (micrograms per cubic meter) буюу Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) агаарын бохирдлын зөвшөөрсөн хэмжээнээс (10ug/m3) 7 дахин их байна. Хэрэв энэ байдал үргэлжилбэл Улаанбаатарчуудын эрүүл мэндэд ноцтой хохирол учрахыг тодорхойлжээ.
Загвар2: Одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөр төслийг үргэлжлүүлэх буюу гэр хороололд амьдарч байгаа нийт өрхийг утаа бага үүсгэгч зуухаар 100 хувь хангах, 5 дугаар цахилгаан станцыг төлөвлөгөөний дагуу 2017 онд ашиглалтанд оруулах, гэр болон олон нийтийн газар тамхи татахыг хориглох, түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш хэрэглэх, тээврийн хэрэгсэлд евро 4, 5 стандартыг нэвтрүүлэх зэргийг нэрэлсэн байна. Дээрх арга хэмжээнүүдийг авсан нөхцөлд тооцоолж байгаар агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрсөн хэмжээнээс 4.5 дахин буюу 45ug/m3 их байхаар үр дүн гарсан байна.
Загвар 3: Тэдний зөвлөж эцсийн хувилбар бол агаарын бохирдлыг ДЭМБ (10ug/m3) болон Америкын Нэгдсэн Улсын (12ug/m3) түвшинд хүргэхийн тулд Монгол улс нүүрсний хэрэглээнээс татгалзах, газрын хий ашиглах болон евро 6 стандартыг нэвтрүүлэх болон хуучин цахилгаан станцуудыг шинэчлэх хэрэгтэй гэжээ.

Эдгээр загваруудаас үзвэл Монголын засгийн газрын улирлын чанартай хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр нь үр дүн багатай бөгөөд агаарын бохирдлыг Улаанбаатар хотод буруулах амлалт нь 3 байтугай 10 жилийн дараа биелж чадхааргүй хоосон амлалт болох нь харагдаж байна.

Учир нь өнөөгийн бидний эдийн засгийн хүч бололцоо, агаарын бохирдолтой тэмцэх хууль эрх зүйн орчин, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн мэдрэмж сул байгаа нөхцөлд агаарын бохирдлын зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэх буюу түүний санал болгосон загвар 3-ын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжгүй юм.

Эцэст нь дүгнэвэл өнгөрсөнд хийгдсэн болон одоо хийгдэж байгаа судалгаа, зөвлөгөөг архиваасаа гаргаж Монголчууд бид ул суурьтай, зарчимтай, үр дүнтэй улс төрийн бодлого тодорхойлох хэрэгтэй байна.

Та Kirk R. Smith – ын судалгааг дараах линкээр орж танилцаж болно.

http://ehs.sph.berkeley.edu/krsmith/?p=1591


Д. БАЯР