sonin.mn

Өмнөд хөршийн дарга манай оронд айлчилж байна. Үүнтэй уялдуулж зам хааж, хамгаалалт гаргаж нийслэл хот хэрдээ л хөлтэй байгаа. Энэ бол байх л зүйл. Гэвч хамгаалалтад гарсан хүчний байгууллагын ажилтан болоод иргэдийн дунд харилцааны үл ойлголцол их гарлаа.

Тухайлбал, зочин явж өнгөрөхөөс цаг гаруйн өмнө автозамыг хаасан. Түүний дээр цагдаа нар явган хүмүүсийг ил харагдаж болохгүй хэмээн загнаж зандарсан тухай олон хүн хэлж байна.

Хотын төвийн байгууллагуудын үүдэнд хамгаалалтад гарсан цагдаа нар хүмүүсийг ажил руу нь оруулахгүй, аль эсвэл гаргахгүй байгаа гэх. Түүний дээр гудамжаар явсан хүмүүсийг бороохойгоор зангаад "Дэлгүүрт ороод байж бай" гэж хэлж байгаатай ч таарлаа. Бид чинь биө биедээ ямар ч дээрэлхүү юм дээ.

Ер нь иймэрхүү явдал гадаадын аль нэг томоохон төлөөлөгч ирэх бүрт тохиолддог. Үүнийг цагдаагийн байгууллагын удирдлагууд анхааралдаа аваад хэвийн сайхан болгочихож болдоггүй юм байх даа. Гадаадын зочин төлөөлөгч ирж л байг. Машиных нь бараанаар өмнүүр нь гүйчихгүй л бол иргэд чөлөөтэй явж байг л дээ.

Замын хажууд зогсоод харахад ер юу нь болохгүй байна аа. Манайхаас өөр оронд ингэж сүржигнэдэггүй. Бид л гадаадын төрийн том зочид ирнэ гэхээр "Зам таг гацна даа", "Явган ч явуулахгүй дээ" гээд зовлонд дарагдчихсан байдалтай хөмсгөө атируулдаг боллоо. Иргэнээ дээдэлсэн орон мөн юм бол аль болох л чирэгдэл багатайгаар зохицуулах хэрэгтэй биш үү.

Ер нь ч тэгээд иргэдээ нууж хаагаад байгааг нь ойлгохгүй юм. Эх орноосоо ичдэг иргэн гэж байдаггүй юм. Ямар ч хэцүү зовлонтой улс орон байсан иргэд нь эх орноо л хамгийн сайхан гэдэг. Барилга дээр ажиллаж байгаа Хойд Солонгосын ажилчдаас "Манай орон сайхан байна уу" гэхэд "Манай орныг яаж гүйцэхэв дээ" гэж билээ. Ийм байтал төр нь иргэдээсээ ичиж болно гэж үү.

Төр гэдэг нь ард түмнээсээ удирдах эрхийг аваад үйлчлэх ёстой хэсэгхэн хүн шүү дээ. Тийм байтлаа бусдыгаа далдлах гэж оролдох нь ядарсан айлын гангалсан хүүхэд эцэг, эхээсээ ичиж байгаагаас ялгаагүй харагдана. Түүнийг нь бусад нь мэдвэл хэн нь ичих хэрэг вэ.

Ж.Баяр

Эх сурвалж: