sonin.mn

УИХ-ын гишүүн, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы зав­сар­лагаанаар хоёр хөршийн төрийн тэргүүний айлч­­лал болж байна. БНХАУ-ын дарга Си Зинь­пиний айлч­лалын талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Хоёр талын болон бүс нут­гийн хөгжилд өндөр ач холбогдолтой маш чухал айлч­­лалууд. Си Зиньпин дар­гын айлчлал их үр дүнтэй боллоо. УИХ-ын хүндэт­гэлийн чуулган дээр хэлсэн түүний үг Азийн бүс нутаг болоод дэлхийн анхаарлын төвд өртсөн байгаа.

Тэрбээр манай хоёр та­­лын харилцааг шинэ ша­танд гаргах гэрээ, хэ­лэл­­цээрүүд байгуулснаа дурьд­сан төдийгүй нийт хэлсэн үгнийх нь гуравны нэг орчим нь дэлхийд, бүс нутгийн улс орнуудад хандаж хэлсэн байгаа.

Манай хоёр талын алба­ны бүх уулзалт, гэрээ хэлэл­цээрүүд дээр Монгол Улсын бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бү­тэн байдалд Хятадын тал ямар ч хоёрдмол утга­гүйгээр дандаа хүлээн зөв­шөөрсөн байдаг.

Сая УИХ дээр бүс нутаг, хөрш орнууд, дэл­хийн за­рим их гүрэнд хандаж үг хэлснээрээ, Улаан­­баатарыг хэлэх үгийн­хээ индэр болгосноор, гэрээ хэ­лэл­­цээрүүдээр хү­лээн зөв­шөөрдөг зүйлээ олон улсад улам бүр батал­гаа­жууллаа. Мөн бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын үүрэг, оролцоо, боломжийг бодитойгоор үнэлэхэд чухал түлхэц боллоо.

-Айлчлалын үеэр Засгийн газар, байгууллага хоорондын 26 баримт бичингт гарын үсэг зурлаа. Үүнийг дагаад магтаал сайшаалын үг ч сонстож, буруутгах хэсэг бүлэг ч байна.Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үеийн зөв гарц байж чадав уу?
-Зөвхөн эдийн засгийн хүндрэлээс гарахад хэрэгтэй юм боллоо гэвэл дэндүү хөнгөн хандсан дүгнэлт болно. Эдийн засгийн зарим хүндрэл, энэ цаг үеийн л асуудлаараа дуусна.

Батлагдсан баримт бич­гүүдийг харахад эдийн засаг, нийгэм соёлын асуудлын хүрээнд багаар бодоход 10-аас 15 жил­ийн хамтын ажиллагааг тодор­­хойлохоор, стратегийн түнш­лэл гэх мэт зарим баримт бичиг бол хэдэн арван жилээр манай хоёр улсын харилцааны суурь зарчмыг тодор­хойлохоор байгаа шүү дээ.

Ер нь олон улсын харил­цаанд хэт яарсан дүгнэлт, сэтгэл хөдлөл илүүц болов уу. Тиймээс буруутгаад хэрэггүй, сайшаал магтаал ч эртэдсэн зүйл.

-Гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээрүүдээс хамгийн чухлыг нь хэлээч гэвэл та алийг нь нэрлэх вэ?
-Бүгд л чухалд тоо­цогдоно. Гэх­дээ транзит тээв­р­ийн гэрээ яах аргагүй “зууны гэрээ” болсон гэж бод­ож байна. Манай тал сайн нөхцөл авч чадсан.

-Эхний өр буюу бондуудын хөрөнгийг буруу зарцуулснаас иргэн бүр гурван сая төгрөгийн өртэй байна гэж зарим ТББ мэдэг­дээд байна. Тэр ч утгаараа хоёр хөр­шийн айлчлалаас их хэмжээ­ний зээл авах шаардлагагүй гэж үзэж буй хэсэг ч байна. Таны хувьд энэ асуудалд хэрхэх нь зөв бол?
-Манай улс эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа орон. Бидэнд санхүүгийн эх үүсвэр байнга дутагдаж байна.

Иймээс сайн нөхцөлтэй зээлийг авах хэрэгтэй. Харин бондуудын хөрөнгө зөв, буруу зарцуулагдсан гэдэг дээр бол УИХ шалгадаг, хянадаг, хариуцлага тооцдог үүргээ л сайн биелүүлэх хэрэгтэй.

-Удахгүй буюу ирэх долоо хоногт ОХУ-ын Ерөн­хийлөгчийн айлч­лал болно. Саяын айлчлалаас хэр ял­гаатай байх бол. УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүл­гийн даргын хувьд тодорхой хэмжээгээр айлчлалуудын үр дүнг тодорхойлсон байх?
-Айлчлалуудыг хооронд нь шууд харьцуулалт хийх гэх нь зохимжгүй болов уу. Бид Путин Ерөнхийлөг­чийн айлчлалаар хоёр улсын хоорондын эдийн засгийн харилцааны тулгамдсан зарим асуудлаа шийдэж чадна гэсэн хүлээлттэй байгаа.

Жишээ нь сайн нөхцөлтэй транзит тээврийн гэрээ зурагдана гэж бодож байна. Манай дотоод улстөрөөс болж хөршүүдтэйгээ ярьсан тохирсон зүйл дээрээ хугацаа алдсан, буруу зөрүү ойлголттой явдаг асуудал байдаг юм билээ. Энэ тал дээрээ бид цаашид сайтар анхаарах ёстой.

-Ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг УИХ-ын зарим гишүүн шаард­сан. Мэдээж тодорхой хуулийн заалтыг баримтлах учиртай. Гэхдээ таны хувьд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тал дээр ямар бодолтой яваа бол?
-Энэ асуудлаар УИХ-ын дарга, бүлгийн дарга нартай ярьж зөвлөлдсөн. Нэгдүгээрт болж байгаа өндөр ач хобогдолтой айлч­лалуудын үеэр зохимжгүй гэж үзсэн.

Xоёрдугаарт УИХ-ын ихэнх гишүүн одоо амраад дууссан ажлын хэсэг, байнгын хороод хуралдах, цуглах, бэлтгэлээ хангах бүрэн боломжтой байгаа. Миний хувьд Засгийн газар чуулганаар шийдүүлэх асуудлаа л чамбай бэлтгэх хэрэгтэй шүү гэж хэлж байгаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, улсын төсөв тасарсан гэх зэрэг шалтгаануудаас үүдэн өнөөгийн Засгийн газрын цаашдын хувь заяа яригдаж байгаа. Таны хувьд Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?
-Түрүүн хэлсэн, өндөр ач холбогдол бүхий айлчлалуудын үеэр дотоодын зарим асуудлаа дэвэргээд огт хэрэггүй. Энэ айлчлалууд ач холбогдолоороо 10 жилд нэг тохиох юм шүү дээ.

-ЭЗЭН 100 хөтөлбөрийн тов­лосон хугацаа өнгөрсөн долоо хоногт дууссан. Айлч­лалын чи­мээнд дарагдаад нам гүм байна. Таны хувьд хэр үр дүнтэй хөтөлбөр болсон гэж дүгнэж байгаа вэ?
-Намрын чуулганы эхэнд энэ асуудал яригдаж үнэлэлт дүгнэлт өгч таарна гэж бодож байгаа.

-Сүүлийн үед Засгийн газрын бүтцийн талаар ярих болсон. Өөрөөр хэлбэл энэ Засгийн газрын дараа АН-хан МАН-тай хамтарч дахин МАНАН байгуулах тухай, бүр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад зарим хүний нэрийг цохон мэдээлж байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах бол?
-За даа, цагаа олоогүй яриа гэж харж байна. Ийм асуудлыг ер нь сонгуулийн дүнгээр хамгийн олон суудал авч Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрын зонхилох олонхыг бүрдүүлсэн АН-ынханаас асуух хэрэгтэй.

-Дээрх яриаг АН-ынхны дотоодын зөрчилдөөн хурц­даж, фракциуд хоёр, хоёр жилээр төр барина гэж тохирсон хэлцлийн эхлэл гэх нь ч бий. Нэгэнт “Шударга ёс эвсэл” эрх баригчидтай хамтран ажиллаж байгаа болохоор ямар нэгэн байдлаар асуудалд үнэлэлт дүгнэлт өгч байгаа байх?
-АН-ын фракциуд ээлжилж төр барина гэсэн хэлцэлтэй эсэхийг би мэдэхгүй, дуулаагүй юм байна. Ер нь өөрийн чинь асуух гээд байгаа энэ эвслийн Засгийн газар, түүний бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд нь эхлээд үгээ хэлэх нь зүйтэй байх аа.

Бүгдээрээ тэр хүний үгийг хүлээе. Гэхдээ битгий их яаруулаарай. Угаасаа ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал юм. Дараа нь бусад нь үгээ хэлж үнэлэлт дүгнэлтээ өгнө биз.

Манай бүлэг ч өөрийн байр сууриа илэрхийлэх болно. Надад ч өөрийн бодсон хувилбар, гарц, шийдэл бий. Цаг нь болохоор хэлнэ дээ.

Ж.Нарангэрэл

Эх сурвалж: