sonin.mn
Хэнд үнэнч байх вэ?
Энэ бол  хариулт нэхсэн асуулт. Хүмүүс бид энэ амьдралдаа хэн нэгэнд эсвэл юунд ч юм бэ, "үнэнч байх" тухай бодож, заримдаа амалж, бас тангарагладаг.
 
Хааяадаа хайртай хүндээ, анд найздаа, аав ээждээ, ажил албандаа, цаашлаад эх орондоо "үнэнч" байсан тухайгаа бахархангүй ярьж, үүнийхээ төлөө магтаалын үгс сонсохыг хүсч, яриагаа таслан бусдын амыг харах нь бий.
 
"Үнэнч хүн" гэдэг бусдын үнэлгээ нь "маш сайн хүн", "итгэлтэй хүн" гэдэг ойлголттой зэрэгцэж очих нь буй. Бид энэ ойлголтоо өөрөөсөө тэртээд холдуулж, бусдын өмнө алган дээрээ дэлгэж тавихдаа "гавьяа" мэтээр төсөөлнө.
 
Өөрийгөө золиослож, бусдын төлөө үүнийг хийсэн мэтээр ойлгуулах гэж. "Үнэнч байх" гэдэг нь сайн үйлс мөн нь мөн л дөө. Бас бахархууштай үлгэр жишээ мөн үү? гэвэл мөн л дөө. Гэхдээ хэний төлөө, хэнд үнэнч байсан хэрэг вэ?
 
Хайртай хүнээ хуурч мэхлэхгүй, түүндээ үнэнч байна гэдэг чинь чухамдаа өөрөө өөртөө үнэнч байгаагийн илрэл. Болзошгүй муу тохиолдолд нэгэн шөнийн зугаа цэнгэлээс татгалзаж, хайртай хүнээ гомдоохгүй гэсэндээ шуудхан гэртээ очиж хайртай түүнээ үнсэж, эрхлүүлж байгаа тань өөртөө үнэнч байгаагийн л илрэл.
 
Та өөрийгөө "хямдхан" бус "үнэ цэнэтэй" хүн гэдгээ бусдад нотолж байгаа хэрэг. Хэдийгээр бусдад "тэнэг" юм шиг санагдах боловч, ийм шийдвэр гаргаж чадаж байгаа тань, өөрийн үнэ цэнээ өсгөж, түүнийгээ өөрөө мэдэрч байгаа гэсэн үг.
 
Заримдаа найз нөхдөө хуурч, худлаа хэлэхгүй байгаа тань найздаа төдийгүй өөртөө үнэнч байгаагийн шинж. Зүгээр л марзганаж маазарч,бодлогогүйгээр дарвиж муу зүйл хийхээс татгалзаж чадна гэдэг нь өөрийгөө болон найзыгаа болзошгүй эрсдлээс хамгаалж байгаа хэрэг.
 
Үүний төлөө өнөө эс гэхэд маргаашийн нэгэн өдөр талархал хүлээж, найз нөхөддөө үнэлэгдэх болно. Энэ хэрээр өөрийн тань үнэлэмж, үнэ цэнэ найз нөхдийн хүрээлэлд өснө, өөртөө үнэнч байсныхаа төлөө шүү дээ.
 
Заримдаа бид бусдыг хуурч орхиод "за яахав дээ? сүртэй юм биш" гэж бодно. Нэг удаа хуурч болсон юм чинь дараагийн удаад "хуурч болох юм" гэдэг бодол тань таны үнэ цэнийг бууруулж, үнэнч бус байдал руу хөтөлдөг.
 
"Олон хавар нэгэндээ" үйлдлүүдийн дараа таныг хэн ч тэгтлээ үнэлж, танд итгэхгүй байгааг та өөрөө анзаарч мэдэх болно. Бусдыг хуурч байхдаа өөрийгөө хуурч байна гэдгээ та анзаардаггүй. Хамгийн дотно хүндээ учирлан "Чи минь надад итгээрэй, би дахиад хэзээ ч уухгүй, харж байгаарай" гэж амалчихаад, дахиад уухдаа "за яахав түүнийг хуураа л биз, яадаг юм бэ?" гэж боддог.
 
Угтаа бол танд тэртэй тэргүй итгэж чадахгүй байгаа тэр хүнийг биш, өөрөө өөрийгөө л хуурч байгаагаа та мэддэггүй. Өөрийнх нь төлөө сэтгэл зовнисон бусдын төлөө л "амьдарч байгаа мэт" дүр эсгэлт тань, хууран мэхлэлт тань өөрийгөө "алж" байгааг тэр болгон анзаардаггүй.
 
Тэр хүмүүс танаас хамааралгүй амьдарч байхад, таны өөртөө үнэнч бус байдал тань таныг "хэн ч биш" болгож байдаг юм. Өөртөө үнэнч биш хүн бусдад "хэн ч биш". Тэр бол ямар ч үнэ цэнэгүй, өчүүхэн хүн. Хорвоогийн нар мандаж, жаргаж байхад өөртөө үнэнч биш тэр хүн гандаж байдаг. Та хэнийг ч хуурч чаддаггүй, зөвхөн өөрийгөө л хуурдаг.
 
Хүн энэ амьдралд хэнд үнэнч байх ёстой юм бэ? гэвэл, өөртөө л үнэнч байх ёстой. Өөртөө үнэнч байгаа тань, таны үнэ цэнийг өсгөж, бусдад үнэлэгдэж, итгэлийг бий болгож байдаг.
 
Хүмүүсийн ам дамжсан хов яриа, элдэв гүтгэлгийн дунд "Тэр ч тэгэх хүн биш дээ?" гэж хүмүүс бодож эргэлзэж байгаа бол таны өөртөө үнэнчид хүмүүс итгэж байгаа хэрэг. Хэн нэгэнд үнэнч байна гэдэг бол түр зуурын л үзэгдэл, харин өөртөө үнэнч байгаа бол насан туршийн тань үнэлэмж.
 
Өөрөө өөртөө үнэнч байгаа хүмүүс хэнд ч юунд ч үнэнч байж чаддаг. Үнэнч байна гэдэг бол бусдын өмнө өгөх амлалт, төрийн өмнө өргөх тангараг биш, өөртөө төлөвшүүлж тогтоосон мөн чанар юм. Тэгж төлөвшүүлж чадсан бол энэ нь таны "баялаг".
 
Хэн ч танаас хулгайлж, хэн ч танаас салгаж чадахгүй. Та бусдын өмнө үнэ цэнэтэй байна гэдэг тань өөртөө үнэнч байгаагийн шинж. Та өөртөө үнэнч байж чадах аваас хайртай хүнийхээ өмнө, найз нөхдийнхөө өмнө, аав ээжийнхээ өмнө, эх орныхоо өмнө үнэнч байж чадна гэсэн үг. Тэгээд та өөрөөсөө асуу даа. "Би хэнд үнэнч вэ?" гэж.
 
 
"Новш гэж!"
Би заримдаа өөрөө ч мэдэлгүй ингэж хараадаг.  Зүгээр л итгэж явсан дотны анд минь хамтдаа хундага дарс хувааж уугаад, халамцсандаа ам алдаж ярьсан болгоныг минь өөр нэгэнд дамжуулан ярьсныг мэдэхдээ ингэж хараана.
 
Зүгээр л чин сэтгэлээсээ итгэж мөрөөдлөө ярьсан яриаг минь сонссон хэн нэгэн маргааш нь бусдад тоог тохуу болгон инээж ярьсныг мэдэхдээ би амандаа ингэж хараадаг. Зүгээр л таалагдсан нэгэн бүсгүйд сэтгэл алдран, яриа өрнүүлэх гэж мэнчийж улайн байж түгдэрснийг минь маргааш нь хүмүүст доромж болгон инээн шоолж ярьсныг нь бусдаас сонсоод амандаа ингэж хараадаг.
 
Зүгээр л хэн нэгэнд итгэсэндээ сэтгэлээ нээн байж хуучилсныг минь шоолон, шоолон байж найзууддаа ярьж инээснийг мэдрэхдээ би өөртөө ингэж хараадаг. Ингэх нь хэнд хэрэгтэй байсан юм бол доо гэж бодох дор сэтгэл хямарч, "хэнд ч итгэх хэрэггүй юмаа, амаа хамхиж яв" гэж өөртөө үглэнэ.
 
Уг нь байна шүү дээ, сэтгэлээ бусдад нээж ярилгүйгээр амандаа үглээд л явбал бусад хүмүүс намайг "галзуурч, солиорчээ" гэж оношлоод эмнэлэгт хүргэнэ биз дээ. Бид сэтгэлийн угт байгаа баяр гунигаа бусадтай хуваалцаж, сэтгэлээ онгойлгохгүй юм бол багтарч бачимдана биз дээ? Багтарч бачимдсан хүний амнаас юу эс гарах билээ.
 
Хүний сэтгэлийн чанадад байгаа шаналал гэдэг булгийн эхний ундаргыг дарсан бул хар чулуу. Түүнийг болгоомжтойёо нээх ахул булгийн ус хөгжилтэйеэ жирэлзэн урсдаг юм.
 
Тэр урсгал дунд буман жараахай үсчин наадаж, хүмүүс булгийн уснаас гараараа утган уухдаа "ямар гоё тунгалаг, бас шүд хага ташим цэвэр билээ" хэмээн бахаддаг. Урсаж байгаа тэр урсгал дээр түмэн жигүүртэн халин дэвж, өвс ургамал шим тэжээлээ авч, хар хөрсөө ярган ургадаг.
 
Тэр цэцэгс ургамлын дээр гоёмсог үзэмжит эрвээхэй далавчаа дэвэн байж гоо үзэсгэлэнгээ гайхуулдаг. Сайхан бүсгүйчүүд өглөөний нарны сондорлосон гялбаан дунд өвсний шүүдрийг хөлөөрөө үсчүүлэн байж, голын тунгалаг усанд дүрээ тольдон байж, гил хар үсээ самнан сүлждэг. Тэр гоо үзэсгэлэнт царайг өөр хэн ч тольдон баясах билээ.
 
"Новш гэж?" Өөрийнхөө зоргоор амьдрах учиртай энэ хорвоод, өрөөл бусдын тохуу болж гундах гэж үү? Сэтгэлээ уудалж бусдад дэлгэснээс бус, сэмэрч бусдыг дагуулах гэсэн үү? Багтраагаа гаргаж итгэсэн нэгэндээ уудалснаас бус, баалж бусдын мууг дуудах гэж тэнэглэсэн үү?
 
Хайраа илчилж сайхан бүсгүйд сэтгэл алдарснаас бус, харанхуй булан руу чирж балгаа тарьсан бил үү? Үгүй яахав дээ, өөр шигээ л бодож бусдад итгээ биз, шоолж тохуурхах шалтаг юун. Өөрт чинь ийм багтраа үе зөндөө л тохиолддог биз дээ?
 
Ойлгож надад туслахгүй ч гэлээ, ондоо бусдад тарааж тохуурхах шалтаг байсан гэж үү? "Новш гэж?" Бусдад итгэж нөхөрлөхгүй л юм бол, бул хар чулуунд очиж дөжиртлөө хашгираад яах ч билээ. Сэтгэл гэдэг нарны гэрэл шиг илчээ дагаж эргэдэг юм.
 
Би чамд тэнэг санагдсан бол дотроо л хадгална биз дээ, үгүйдээ надад учирлана биз. Бусдад доог тохуу болгож, өөрийгөө дөвийлгэх хэрэг юу байсан юм бол? Хүний энэ орчлон итгэлцэл дээр тогтдоггүй бил үү? "Новш гэж?" Эсвэл би андуурав уу? "Новш гэж?"
 
 
Дотно сэтгэл
..."Өнөөдөр гэрт тог тасраад, энэ завшааныг ашиглаад гэрийнхэнтэйгээ жаал ярилцаж үзлээ. Миний бодоход тэд их дажгүй хүмүүс юм аа"  \фейсбуук дээр бичигдсэн хошин яриа\
 
Мэдээллийн технологийн энэ үсрэнгүй хөгжил, нийгмийн буруу хандлагаас болж аажим аажмаар холдож байсан хүмүүсийн сэтгэлийг бүр холдуулж байнаа. Гэрт ч гадаа ч, гудамжинд машин дотор, тэр ч бүү хэл уулзаж ярилцахаар болзож цугларсан хэрнээ хүн бүр гар утса руугаа шагайлж, хуруугаараа хэн рүү ч юм бэ? мессэж илгээж товшино.
 
Бие биенээ ч анзаарах сөхөөгүй, бие биедээ ч хуучилж ярих сөхөөгүй, яах гэж ирснээ ч анзаарахгүй, бие биенээ огтоос хүндлэхгүй, бас хайхрахгүй. Утасны товчлуур дээр үсчин товчих хурууны өндөг шиг, бидний сэтгэл санаа ердөө ч тогтохгүй хаашаа ч юм бэ? үсчинэ.
 
Цахим энэ орон зайн дунд бид хэн нэгэнд дурласнаа, түүнийгээ санаж бэтгэрэх гэж буй тухайгаа бусдаар өрөвдүүлэх гэж бичиж байхдаа, зэрэгцээд сууж байгаа хайртай хүнээ ч анхаарч хайрлах завгүй.
 
Өнөөдөр юу хийх гэж байгаа тухайгаа, ямар хоол хаана идсэнээ, хаагуур хэнтэй зугаалж байгаа тухайгаа, ямар хүсэл мөрөөдөлтэй байгаа тухайгаа аав, ээж бас дотны хүмүүстэйгээ ч ярьдаггүй эрхэм зүйлсээ бусдад хуучилж, тэднээс магтаал дэмжлэг хүлээн догдлох. Яагаад ч юм бэ? Бид робот шиг сэтгэлгээтэй болж байгаагаа анзаардаг уу?
 
Мэдээж энэ бол хөгжил дэвшил, хүний эрх. Хязгааргүй энэ орон зай, хүмүүс бидэнд асар их боломжийг авчирч байгаа хэдий ч ойр дотны хүмүүсээс минь холдуулж, сэтгэл дотроо агуулж байдаг бүлээхэн дулаахан дотно сэтгэлийг минь хөргөөгөөд байгаа юм шиг санагдах.
 
Зүгээр л хэн нэгний нүд рүү эгц харж байгаад хэлж чадахгүй үгсээ, компьютерийн ард суугаад фейсбуук болоод твиттерт бичихэд хэцүү биш. Учир нь нүд рүү нь харж байгаад ярих шиг тийм мэдрэмжийг  мэдрэхгүй болохоор амар ч байж болох.  
 
Тийм мэдрэмжгүй байнаа гэдэг чинь, ердөө л давсгүй хоол идэж байгаагаас ялгаа юун. Бидний залууд бичгийн цаасан дээр өөрийн гараараа захидал бичих шиг тийм сайхан мэдрэмж, сэтгэлээ шингээж бичсэн үгс, хурууныхаа өндгөөр захидал бичиж байгаа цаасаа илэх энхрийлэл, сэтгэлээс гарч байгаа хайрын үгэндээ өөрөө ч мэдэлгүй уяраад уйлахдаа халтартуулсан цаас өдгөө алга болжээ.
 
Бид юунд ч юм бэ? сэтгэлээ шингээж чадахаа больсон ч юм уу? Хүлээж хүссэн дугтуйтай захидлаа өвөртөө хийчихээд л байн байн тэмтэрч, гараараа аяархан илбэж, гаднаас нь болтугай хайр энхрийллийг мэдрэх гэсэн догдлол өдгөө биднээс холдож оджээ. Заримдаа бодоход харамсмаар.
 
...Хүний гадаад төрхийг нь хараад дотоод сэтгэлийг нь мэдэрч чаддаггүй. Гэсэн атлаа хүмүүс бие биенийхээ дотоод сэтгэлийг нь мэдрэхийг хүсдэг, тэр тусмаа найзалж нөхөрлөхдөө.  Хүмүүний дотоод сэтгэл нь үг яриагаар л дамжин бусдад илэрхийлэгддэг.
 
Гэхдээ бас бүрэн биш л дээ. Яг нүд рүү нь харж суугаад яриаг нь сонсоход, тэр хүний дотоод сэтгэлийн сайхан илч нь зүрх рүү урсаад л урсаад л шингэж байх шиг мэдрэмж төрүүлдэг хүмүүс зөндөө бий.
 
Хараад л яриаг нь сонсоод суухад өөрийн мэдэлгүй сэтгэл татагдаж, талархсандаа нэг сайхан дулаан бүлээн үг хэлмээр ч юм шиг, хайрлахдаа гарыг нь зөөлөн атгамаар ч юм шиг санагдах үе бий. Хэн нэгнийг, аав ээжийгээ,  ах дүүсээ, дотно анд найзаа хайрлах хайр, хүндлэх хүндлэл ингэж л үүсдэг.
 
Хэн нэгний дотоод сэтгэл рүү хайр, урам шингээсэн чин сэтгэлийн яриа л хөтөлдөг. Сэтгэлийн тэртээд царцсан үл итгэлцэл, хайхрамжгүй хандлага, үл тоолт, ичимхий бүрэг харьцааг чин сэтгэлийн дотно, элэгсэг яриа л зөөлрүүлнэ.
 
"Нээрээ ч тийм шүү дээ" гэх уярам бодол л бусдын сэтгэл рүү өнгийх хаалга нь болно. Заримдаа бид ярилцаж суухдаа "Би энэ хүний тухай буруугаар төсөөлж бодож байжээ" гэж анзаарч, уулзсан хүн болгоны сэтгэл рүү чин сэтгэлийн дотно яриагаар л нэвтэрч болдгийг ухаарна.
 
Хүмүүс бид заримдаа ганцаардаж гунихаараа хэн нэгэнтэй дотно яриа өрнүүлж сэтгэлээ онгойлгохыг тэсгэлгүй хүсдэг. Яг өөд өөдөөсөө чиглэж суугаад нүд нүд рүүгээ харж суугаад ярилцах ямар сайхан гээч.
 
Манантаж сааралтсан сэтгэлийн гунигийг бие биенээ шоолж инээх дуу, хааяадаа аалигүйтээд ч болов бие биенээ цаашлуулах араншин, эрхэлж дотноссон үгс дорхноо л сарниулна. Хэрэв ингэдэггүй сэн бол хүмүүс бид яаж дотносож чадах билээ.
 
Маргаж зөрөлдөөд ч болов ойлголцож байх гэдэг хүмүүсийн сэтгэлд итгэл найдварыг ямагт гал шиг асааж байдаг. Хичнээн муудалцаж , уурлаж бухимдаж саллаа ч, холдож одсон хойноо сэтгэл нь ичиж шаналахын зовлон, хүмүүсийг үргэлж дотносол нөхөрлөлийн жаргал рүү авч очно.  
 
Хүмүүс бид бие биенгүйгээр хэрхэн хүч чадалтай, аз жаргалтай байж чадах. Хамгийн хэцүү мөчид итгэж найдан, зовлон жаргалаа хуучлах гэж очдог хүмүүсгүй бол, бидний дотоод сэтгэл түнэр харанхуй мэт байж, уйтгар гунигт автах сан.
 
Тийм ээ? Emma Buyan ! Чамтай санал нэг байнаа. Бид дотоод сэтгэлээрээ бие биенээсээ аажим аажмаар холдоод байх шиг түгшүүрт бодол, чамтай  адилхан надад ч төрдөг. Заримдаа хэн нэгэнтэй чин сэтгэлээсээ дотносон ярилцаж, уйтгар гунигаа үргэж одтол инээх сэн гэж хүсдэг.
 
Өнөө цагт бид бие биенээ урьдынхаасаа илүү ойлгож, чин сэтгэлээсээ хайрлаж, хүндэлж, итгэлцэж байх хэрэгтэй байна. Хүмүүний сэтгэл гэдэг хязгааргүй орон зай. Өнөөдрийн бидний шүлэнгэтээд байгаа мэдээллийн хэрэгслэлүүдээс тань хэд дахин том орон зай.
 
Энэ орон зай холдож, хоосорч орхивол бид аажимдаа мөхөх бус уу? Тэгэхээр одоо л бид бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярилцаж, бие биенээ хайрлаж, бие биедээ дотносож байхгүй бол урсан одох цаг хугацаа, эхлэл төгсгөлтэй энэ амьдрал биднийг хүлээхгүй.
 
Их мэдэгч шиг зөвлөж цэцэрхэх гэсэнгүй. Бичсэн саналыг тань уншаад сэтгэлдээ бодогдсоноо л буулгалаа. Хүмүүсийн дотно сэтгэл шиг үнэ цэнэтэй, гайхамшиг гэж хаана байх билээ. Нэг л гоё мэдрэмж.
 
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
 e-mail:  gala_mn@yahoo.com