sonin.mn
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав алдарт “Ерэн баатрын дууль” найраглалдаа
 
Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүр­сэнгүй хэмээн гайхалтай шүлэглэсэн байдаг.
 
Халх голын дайны баатруудад зориулсан дээрх үгс тэрхүү дайны ялалтын 75 жилийн ойг ёслон тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд бүр ч утга төгс сонсогдох учиртай.  Адаглаад л тэрхүү зар­лаагүй дайны баатруудын хөшөө энэ л өдрүүдэд цэцгэнд даруулж, алтан нарны гэрэлд гялалзаж байх ёстой.
 
Гэтэл Халх голын дайнд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, нэрт жанжин Г.К.Жуковын орлогчоор ажиллаж, Японы хүчирхэг армийг бут цохилцсон залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөө хөсрий дааж, Бээжингийн гудамжийг засч байгаа хятад барилгачдын босгосон улаан тоосон дунд бүртэлзэнхэн зогсч байна.
 
Наймдугаар сарын 15-наас эхэлсэн Халх голын ялалтын 75 жилийн ойн баярыг хүндэтгээд ядаж л хөөрхий залуу жанжны хөшөөг цэмцийтэл арчиж зүлгэчихэж болно доо. 
 
Харин дарийн утаа үнэрлэх нь байтугай, эр цэргийн алба хаасан эсэх нь тодорхойгүй, энгийн ард сайдтай БХЯ-ны зүгээс Ж.Лхагвасүрэн жанжны хөшөөг цэцгээр дарах нь байтугай шороо тоосноос нь салгачих ухаан заяасангүй. 
 
Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Сайхан сумын малчин ард Жамьянгийнд 1912 оны гуравдугаар сарын 16-нд ихэр хүү мэндэлсний нэг нь хожмоо “Залуу жанжин” хэмээн алдарших хувь ерөөлтэй Лхагвасүрэн жанжин байжээ. Дээрээ нэг ах, таван эгчтэй ихэр хөвгүүд ард Жамьянгийн отгон хөвгүүд болон өсцгөөжээ. 
 
20 насандаа сайн дураар цэрэгт мордсон тэрээр хуучнаар ЗХУ-д дөрвөн жил цэргийн эрдэмд суралцан төгсч ирээд 1939 оны нэгдүгээр сард 27-той Ж.Лхагвасүрэн МАХЦ-ийн улс төрийн газрын орлогч даргаар, долоодугаар сард жинхэнэ даргаар томилогдон тухайн үед дайны талбар болж байсан Халх голд армийн нэгдүгээр группийн команд­лагч дивиз­ийн комиссар Г.Жуковын орлогч­оор ажиллах болсон гэдэг.
 
Халх голын дайны дараа 1945 оны чөлөөлөх дайнд МАХЦ-ийн анги нэгтгэл­үүдийг удирдан оролцож Японы булаан эзлэгчдээс Хятадыг чөл­өөлөлцсөн гавьяа түүний нэртэй салшгүй холбоотой.
 
Дайны дараа 1969 он хүртэл БХЯ-ны сайдаар ажиллахдаа Монголын ардын армийг орчин үеийн зэвсэг техникээр шинэчлэх, байлдааны бэлэн байдлыг нь сайжруулахад бүх л авьяас чадвараа зориулсан түүхтэй.
 
Нэг нас­ны амьдралаа Монголын армид зориулсан “Залуу жанжин” маань 1982 онд 70 насандаа буцаж ирдэггүй мөнхийн аянд морджээ.
 
Одоо түүнээс мөнхий гавьяаг нь хойч үед нь дурсан сануулах хөшөө нь үлдэж. Халх голын ялалтын 75 жилийн ой тохиосон энэ өдрүүдэд “Залуу жанжин”-ы хөшөө хөсрий дааж, тоос шороон дундаас гунигтайхан сүүмэлзэж байна.
 
Ёстой л хөшөө тийш очих ардын зам балраагүй ч хөсрий өвс ургаж, хөөрхийлөх сэтгэл үгүйлэгдэж байнам. Залуу жанжны хөшөө хөөрхий. 
 
 
Д.Энхтүвшин
 
Эх сурвалж: