sonin.mn

Агуа Цэндийн Чимэддорж найрагчийн "Малчин" хэмээх сайхан шүлэг бий. Түүнд
"...Малгайн утаа сэргээж нэрмэлд жаахан халахаараа
Мал буянаа яаж адуулан маллахыг
Марксизмаар заалгахгүй ээ гээд хэлчихдэг..."
хэмээх омог төгөлдөр мөр байдаг. Үүнийг бараг монгол хүн бүр цээжээр мэдэх байх аа. Шүлгийн гол өргөлт нь энд ч байж магадгүй юм. Соц нийгмийн үед иргэдийнхээ амьдралд хэтэрхий оролцож, дарлаж байсныг энгийн сайхнаар хэлчихсэнээрээ бидэнд хоногшсон хэрэг.

Өнөөдөр харин энэ мөрийг дахин ишилмээр санагдах үйл явдлууд олон өрнөж байна. Нэг шижгэр дарга нэгэн сайхан өглөө босоод л иргэдээ ямар нэг байдлаар боомилсон шийдвэрээ итгэл төгс хэлдэг болжээ.

Гэхдээ шийдвэр бүр нь туйлын зөв мэтээр тайлбарлаж болох өнцөгтэй шүү. Дугаар нь явдаггүй өдөр машинтайгаа гарвал эрхийг нь хасна. Зөвшөөреөгүй газар тамхи татвал торгоно. Баар, ресторанд иргэний үнэмлэхгүй орвол 72 цаг саатуулж шалгана гэх мэтээр хөвөрнө.

Өөр юу үлдээснээ санахгүй юм. Хүний эрхийг дээдэлдэг оронд иргэдээ ялихгүй зүйлээр шалтаглаж барьж хорино, эрхийг нь хасна гэж заналхийлэх нь аймар. "Хэрэв ингэхгүй л бол байдал сайжрахгүй", "Архидалт үнэхээр хавтгай байна шүү дээ", "Тамхи бол хор юм" гэх зэрэг тайлбар хэлэхэд л бид алга ташаад айдсыг хүлээн авч байгаа.

Бид үймээн самуунтай газар шиг алхам тутамдаа шалгуулах болох нь. Энэ нь явсаар нөгөө эрх чөлөө, амгалан тайван амьдрал гэдэг хэмнэлийг алдагдуулчих вий дээ. Бид бол хүмүүсээс бүтсэн нийгэм. Тиймээс төр аливаа бурууг ухуулах ажлаа л сайн хийх хэрэгтэй.

Иргэдээ айдсаар нь барьдаг төр өнөөдөр Солонгосын хойгт л нэг байж магадгүй. Төр хэмээх бидний цалинжуулдаг хэсэг хүн иргэдээ ая тухтай амьдруулах, батлан хамгаалах, хөгжиж дэвших боломжоор хангах гэсэн гуравхан үүрэгтэй шиг санагдах юм.

Ж.Баярсайхан

Эх сурвалж: