sonin.mn
Уржигдархан манай со­нины редакцид мэдлэг, чадвар муутай хөдөөгийн эмчээс болж орчлонг харах хоёр мэлмийнийхээ нэгийг үүрд алдсан есхөн сартай хүүгээ тэвэрсэн залуу хос орж ирсэн юм. 
 
Б.Хүсэлбаатар хүү хоёр­хон сартай байхдаа нүд нь нуухтаж, үрэвссэн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын зургаадугаар ба­гийн хэнэггүй, мэдлэг­гүй эмч “Юун сүртэй юм” гэсээр дусаах эм бичиж өгсөн нь нүдний үрэвсэлд бус даралтны дусаалга байснаар өрөөсөн нүднээсээ салах эхлэл тавигджээ.
 
Баруун-Урт хотоосоо ч гарч үзээгүй гурван хүүхэдтэй залуу хос тэр цагаас хойш ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгчийг мэдэрч яваагаа нулимс дуслуулан ярьсан.
 
2014 оны нэгдүгээр сард дөрвөн сая төгрөгийн цалингийн зээл авсан хоёр өнөөдөр эрэмдэг болсон хүүгээ тэврэн их хотын нүр­гээн дунд ёстой л яахаа ч мэдэхгүй барьц алдаж явна.
 
Цалингийн зээлээ ч авсан цагаасаа хойш төлж чадалгүй явж байтал нөх­рийг нь ажлаас халчихаж. Нүдний хорт хавдартай болсон өөдсөн чинээ үрдээ өөрийнхөө нүдийг өгөхөөр эрэлт буцалтгүй шийдсэн эцэгт өнөөдөр хоол ундны байтугай, автобусны мөнгө ч байхгүй талаараа сэтгэл өвдмөөр зовлонгоо нууж хаалгүй бүгдийг ярьсан.
 
Тэд хатуу сорилтын өмнө үнэхээр яах ч аргагүй хү­чин мөхөсджээ. Аргаа бар­сан залуухан хос төрийн ордныг бараадаж, нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригтод учир зовлонгоо тоочжээ. 
 
Аймшигт сорилтын өмнө өвдөг сөхөрсөн тэд “Хүн ядрахаараа ургаа, тураг ядрахаараа уулаа” гэдгийг бодолцон эрхбиш нутгаас нь сонгогдсон тө­рийн түшээ туслах болов уу гэж тун их горьдсон нь тодорхой.
 
УИХ-ын гишүүн, “Бодь” групп, “Голомт” банкыг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, яах арга­гүй Монголын томоохон баячуудын нэгэн учир их хотын нүргээнд барьц алдсан хоёр нутгийнхаа ахыг бараадсан нь ойлгомжтой. 
 
Харин төрийн ордны дэргэд аюулт өвчинд нэрвэгдсэн өөдөсхөн хүүгээ тэврэн суугаа тэр хоёрт хандаж УИХ-ын эрхэм гишүүн М.Зоригт цахим хуудсаараа “Хүүхдээ эмч­лүүлэхгүй, хүүхдийнхээ нэрээр мөнгө нэхэж, те­левизээр намайг шахаж яахнэв” гэсэн шүү юм бичээд л сууж байна. 
 
Сон­гуулийн сурталчил­гааны үед эрхэм улстөрчид маань ганц ч болтугай сонгогчийн итгэлийг олж авахын тулд ёстой л гал ус руу ороход бэлэн байцгаадаг.
 
Сонгогчдынхоо өмнөөс хог шүүрдэнэ, хашаа хороог нь сэлбэж засна, гэрт нь ороод боорцог хайрахаас наах­нуур яглаж жинхэнэ жү­жиг тоглоцгоодог билээ. Харин сонгогчдод молиго үмхүүлсээр УИХ-д гараад ирвэл дахиж уулзахгүй улаан нүүр шиг зугтаж оддог. 
 
Хяслантай нь 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхлэх арай л болоогүй байна. Хэрэв хөөрхий Б.Хүсэл­баатар хүүд ийм золгүй явдал 2015 оны энэ үед то­хиолдсон бол М.Зоригт ги­шүүн “Би өрөөсөн нүдээ өгсөн ч болох л юм” гэсэн шүү юм яриад харайлгаж явах байсныг үгүйсгэхгүй.
 
Аль эсвэл ““Голомт” банкны зүгээс Б.Хүсэлбаатар хүү­гийн эмчилгээний зардалд зориулан 10 сая төгрөг хандив­­лаж байна” гээд те­ле­­визийн дэлгэц дүүртэл ма­лилз­тал инээгээд зогсож байх байсныг мөрийцсөн ч алдахгүй. 
 
Монголын улстөрчид гэдэг хаашаа ч янзын хүмүүс юм бэ дээ, хөөрхий. Улстөрчид өө гэж. 
 
 
Д.Түвшин
 
Эх сурвалж: