sonin.mn

Нийслэлийн Тээврийн газраас өдрийн турш 500 төгрөгийн тасалбараар богино эргэлттэй зорчих нийтийн тээврийн шинэ үйлчилгээг иргэдэд энэ сарын 22-ноос 31-нийг хүртэл туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа.

Уг туршилтын үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө мөнгө болон үр дүн, цаашид хэрэгжих эсэх талаар нийслэлийн Тээврийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Д.Болдоос тодрууллаа.


-Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг арав хоног туршихад гарч буй зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа гэсэн. Уг хөрөнгийг юунд зарцуулж байна вэ?
-Иргэд бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр зорчино гэдэг нийтийн тээврийн хувьд алдагдалтай ажиллаж байгаа нь ойлгомжтой. Тиймээс нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 1.3 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 25 аж ахуйн нэгж байгууллагад хувааж өгсөн.

Үүнийг тэдгээр байгууллага арав хоногийн хугацаанд автобусныхаа түлшинд зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл, түлшний мөнгө гэсэн үг. Автобус I, III, "Цахилгаан тээвэр" компани бол төрийн өмчийн оролцоотой.

Харин үлдсэн 22 хувийн аж ахуйн нэгж байгууллага нь өөрсдөөсөө 1.8 тэрбумыг гаргаж байна. Үүнийг цалин хөлс, техникийн сэлбэг зэрэгт зарцуулж байгаа. Жолооч нэг цагт 6000 төгрөг, тасалбар шалгагч 4000 төгрөгийн цалин авч байгаа.

Мөн тасалбар шалгагч борлуулсан тасалбарынхаа арван хувийг авч байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргасан 1.3 тэрбумыг зөвхөн дээрх автобус компаниудын шатахууны зардалд гаргаж өгсөн.

-Ирэх сарын 1-нээс хуучин чиглэлээр явж эхлэх юм байна. Энэ үед туршилтын арван хоногт алдагдалтай ажилласан гээд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд. тасалбарынхаа үнийг нэмнэ гэх юм биш биз дээ?
-Тийм зүйл байхгүй. Хуучин чиглэл болон 500 төгрөгийн үнээрээ явна. Хувийн хэвшлийн 22 аж ахуйн нэгж туршилтад яагаад ингэж идэвхтэй оролцоод байна вэ гэхээр нийслэлийн Нийтийн тээврийг яалт ч үгүй өөрчлөх ёстой гэдэгт санал нэгдсэн юм. Тиймээс алдагдлыг өөрсдөө үүрч байгаа.

-Ирэх хавраас энэ үйлчилгээг дахин хэрэгжүүлнэ гэж байсан. Тэр үед Засаг даргын нөөц хөрөнгөөс дахиад мөнгө гаргах уу. Ямар журмаар хэрэгжүүлэх вэ?
-Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Тиймээс цаашид нэг чиглэлд ч юм уу, бага багаар энэ урсгалд шилжинэ. Тэр үед тасалбарын үнэд өөрчлөлт орно. Яагаад гэвэл, ийм байдлаар ажиллаж, татвар төлөгчдийн мөнгөөр алдагдлыг нөхөөд байж болохгүй.

Дэлхийн томоохон хотууд энэ аргаар замынхаа түгжрэлээс гарсан байдаг. Өөреөр хэлбэл, дэлхий нийтийн стандарт, загвар болсон арга юм. Манайх л энэ аргыг хэрэгжүүлээгүй үлдчихсэн байна.

Үүнийг хэрэгжүүлснээр богино хугацаанд жигдэрч, замын түгжрэлээс гарахгүй. Жишээлбэл, Солонгос гэхэд энэ аргыг нийтийн тээвэртээ хэрэгжүүлээд хоёр жилийн дараа жигдэрсэн.

-Яг ийм байдлаар энэ үйлчилгээ цаашид хэрэгжвэл тасалбар хуурамчаар хэвлэх зэрэг асуудал гарч магадгүй юм шиг санагдлаа. Энэ тал дээр ямар хяналттай ажиллах вэ?
-Туршилтын өнгөрсөн хугацаанд тасалбарыг дуурайлгаж, хуурамчаар хэвлэлээ гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг ЦЕГ-аас шалгахад тийм зүйл илрээгүй. Үүнтэй холбоотойгоор тухайн өдрийн тасалбарыг өдөрт нь л борлуулна гэсэн сэрэмжлүүлэг иргэдэд өгч байгаа.

Өмнөх өдөр нь борлууна гэсэн ойлголт байхгүй. Дундуур нь хүн яваад мөнгө хураадаг систем зөвхөн манайд л байгаа байх. Тиймээс цаашид үүнийг цахим хэлбэрт шилжүүлнэ. Том хүн 30 мянга, хүүхэд арван мянга төгрөгийн тасалбар авна гэсэн үг.

Энэ тоог санаанаасаа зохиосон тооцоо биш. Тухайн хүн өглөө гэрээсээ гараад буцаж харихад 1000 төгрөг. Сараар бодоход 30 мянган төгрөг. Бид энэ цахим системийн тасалбарт хамт олны, гэр бүлийн багцыг бий болгох тал дээр судалгаа хийж байна. Энэ ажил их үр дүнтэй хэрэгжих байх.

Учир нь "Өдөр бүр автобусны мөнгө өгөхөөр хүүхдүүд өөр зүйлд зарцуулж байна. Арван мянган төгрөгийн хүүхдийн тасалбар хэзээ гарах уу" гэж эцэг эхчүүд сурагладаг.

-Саяхан хөгжлийн бэрхшээлтэй иргэд "Нийтийн тээврийг нийтэд зориулъя" гэсэн уриатай жагсаал хийсэн. Эдгээр хүнд тэр дундаа тэргэнцэртэй иргэдэд зориулсан автобус гэж байдаггүй. Энэ тал дээр ямар ажил хийх гэж байна вэ?
-Солонгост тав, зургаан жил үйлчилгээнд явсан автобусыг манайх оруулж ирээд бас тав, зургаан жил явуулаад үйлчилгээнээс хасдаг. Одоо удахгүй залгаа 20 автобусыг авахаар хэлэлцээр хийж байна. Энэ автобус өвөл цантдаггүй давхар шилтэй, илүү паартай, хөгжлийн бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжтой юм.

С.Юмсүрэн

Эх сурвалж: