sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

-Сайхан зусч байна уу. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлж хэн хүнгүй ажилдаа шамдаж байгаа энэ үед Төрийн ордон л эл хуль байна. УИХ ээлжит бус хуралдаан хийхээргүй болчихлоо.

Үүнийг БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалтай холбоотой гэж байна. Си Зиньпин даргын айлчлалыг та хэрхэн дүгнэсэн бэ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас бид ямар үр дүн хүлээх ёстой вэ?


-Чуулган хуралдах эсэхээс үл хамаараэд хоёр хөршийн тэргүүний айлчлал бидэнд онцгой ач холбогдолтой. Си Зиньпин дарга БНХАУ-ын олон улсын тавцанд, бүс нутгийнхаа хэмжээнд баримталж байгаа улс төрийн байр сууриа тодорхой ойлгомжтой, ний нуугүй илэрхийлснийг хамгийн түрүүнд дурдах ёстой.

Хятад улсын хөгжлийн хурдац байнга, тогтмол өсөн нэмэгдэж байгаа нөлөөнөөс болгоомжилж байгаа дэлхий нийтийн хандлагад хариу өгсөн гэж бодож байна. Ийм айдас цөөн хүн амтай Монголд бүр хүчтэй байдаг.

Түүхэн урт хугацаанд байсаар ирсэн энэ хандлага цөөн хүн амтай манай үндэстний хувьд ямар нэг хэмжээгээр дархлаа болдог ч биз. Гэхдээ нөгөө талаар мөнхийн хөрштэйгээ үл итгэлцэх хандлагыг бас дагуулсаар ирсэн. Си Зиньпин дарга харилцааны энэ сөрөг хандлагыг эерүүлэх гэсэн чин эрмэлзлээ илэрхийлсэн гэж бодож байна.

Монгол оронд ирээд нутагтаа ирсэн мэт сэтгэгдэл төрлөө гэсэн түүний үг, "Миний нутаг" шүлгээс ишэлсэн зэрэг нь санамсаргүй сонголт байсан гэж бодохгүй байна. Олон жил дуншсан хилийн боомтууд, транзит тээврийн асуудлыг түүний үед шийдлээ. Монгол одоо дэлхийн зах зээлд гарах бололцоо нээгдлээ.

Хэдхэн жилийн өмнө Монголын гадаад орнуудтай харилцах эдийн засгийн харилцаа, түүхий эд нийлүүлэх төвшинд л яригддаг байсан бол өнөөдөр хамтарч үйлдвэр байгуулах төвшинд ярьж байгаа нь том ахиц дэвшил гэж харж байна. Харин одоо энэ бүхнийг ажил хэрэг болгон урагшлуулах бидний чадамжид л ихээхэн санаа зовж байна.

-Айлчлалаар үзэглэсэн гэрээнүүдийг ажил хэрэг болгоход асуудалтай байна гэж та үзэж байгаа хэрэг үү?
-Үнэндээ бид өнөөдөр улс төрийн буруу системээсээ болоод тоггворгүй, чадваргүй, хүчгүй төр засагтай байна. Ажил хариуцах эзэн байдаггүй, төрийн залгамж чанар бүх талаараа хэт суларсан байна. Гэтэл хөрш маань ойлгомжтой, тодорхой, шийдвэртэй байна. Харин бид тийм байж чадах эсэх нь эргэлзээтэй.

-ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын тухайд?
-Путиний айлчлал Хятадын даргын дараа таарч байна. Тэр тусмаа амжилттай хэлэлцээр хийсний дараа айлчилна гэдэг жирийн дипломат ёс гүйцээсэн айлчлал биш байж таарна. Улс төрийн хувьд БНХАУ-ын даргын айлчлалаас дутуугүй ач холбогдолтой.

Монголчуудын оросуудад хандцаг дотно, итгэлтэй хандлага одоо хэвээр байгаа ч энэ нь эдийн засгийн харилцаагаар бүрэн илэрч чаддаггүй. БНХАУ-тай хийсэн транзит тээврийн хэлэлцээрийн негөө тал нь ОХУ учраас үүнийгээ баталгаажуулах хэрэгтэй.

Нефть, цахилгааны импортын нехцөлийг илүү таатай болгох, гааль, тарифийн хэлэлцээр, хийн хоолойг Монголоор дамжуулах асуудал, "Талын зам" төсөл гээд хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаанд том ахиц болох ажил болохуйц яриа хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэх алхам хийх байх гэж бодож байна.

-М.Зоригт, С.Дэмбэрэл нарын гишүүн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санаачилга гаргасан ч чимээгүй л байна. Ер нь таныхаар УИХ ээлжит бусаар хуралдах шаардлага байна уу?
-Улс оронд шийдэх асуудал байгаа л бол бид хуралдах ёстой. Гишүүд тойргоороо явж сонгогчидтойгоо уулзаж байгаа бол тэдний бухимдлыг мэдэрч, ойлгож авах нь бас буруу зүйл биш. Амьдралаас тасарсан хүмүүст завсарлага бол энэ талаараа их хэрэгтэй юм гэж бодож байгаа.

Сонгогчдод баахан загнуулж ирсний дараа гишүүд ихээхэн идэвхждэг юм билээ. Тэгэхээр зайлшгүй шаардлагагүй бол тойрогтоо ажиллаж, хүмүүст загнуулж явсан нь дээр.

-"ЭЗЭН 100" хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа дууссан ч Засгийн газраас албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Та энэ хөтөлбөрийн үр дүнг хэрхэн харж байгаа вэ. Ер нь эдийн засгийн хүндрэлийг төрийн түшээд юман чинээ бодохгүй байна гэсэн шүүмжлэл их байна л даа?


-Нэгэнт тоолууртай ажил хийсэн болохоор Засгийн газар мэдээлж, үр дүнгээ тайлагнах нь гарцаагүй. Миний хувьд хэвлэлээр байр сууриа илэрхийлж байгаа. 100 хоногийн хугацаанд биш ерөөсөө засаглалаа бүхлээр нь, өмнөх болон одоогийн Н.Алтанхуяг, дараа дараагийн Засгийн газрын тэргүүн болох Алтанхуягуудын хувь хүн, ажлын тухай биш Үндсэн хуулийн хэмжээнд асуудлыг ярьж байж нийгэмд тулгамдсан асуудал бүрийн шийдлийг цогцоор нь ярих боломж бүрдэнэ гэж.

Товчхондоо, гэр маань нурж байна. Харин бид дотор нь Алтанхуяг ажил хийхгүй муу байна, тэр гэрээ цэвэрлэж байна, тэр ороо хураахгүй байна гэж хэрэлдээд суугаад байна.

-Парламентад суудалгүй намууд Засгийн газрыг огцруулах 10 үндэслэл гаргаж, зарласан. Та эдгээр үндэслэлтэй санал нийлж байгаа юу?


-Тэдний танилцуулсан үндэслэлд ор үндэсгүй гүтгэлэг, хүлээн зөвшөөрехгүй гэчихээр зүйл нэг ч байгаагүй гэж бодож байна. Засгийн газрыг огцруулъя л гэвэл арав байтугай үндэслэлийг гаргаж тавьж болно. Гэхдээ огцруулдаг, эргээд Засаг бүрдүүлдэг жишгээр бид 24 жил ингэж тоглолоо шүү дээ.

Үр дүн нь одоогийн улс орон. Тиймээс энэ тоглоомоо зогсоомоор байна. Одоо нурж байгаа гэрээ засъя. Газраа тэгшлээгүй шалаа тавьчихсан байна уу, хамаа нохойн ам нийлүүлчихэж үү, эсгий нь ялзраад гадуур цагаан бүрээс нь үжрээд самбай болчихсон байна уу. Ямар ч байсан эхлээд гэрээ сайхан бариад авмаар байгаа юм.

-Засгийн газрыг огцрох хэрэгтэй гэж хүн бүр шүүмжилж байна. Харин та дотор нь байгаа хүний хувьд энэ Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ. Хэн хүнгүй эрх баригчдын буруугаас болоод эдийн засаг хүндэрсэн, "ЭЗЭН 100"-гаас үр дүн гараагүй гэж байна?


-Засагт алдаатай үйл ажиллагаа бий. Түүнийг нь хаацайлж чадахгүй. Алсын хараатай бодлого барьж чадахгүй, өнөө маргаашдаа эргэлдсэн ажлыг оролдож байгаа нь том шинэчлэл хийж чадахгүй гэдгийг нь нотолсон. Хэдхэн жилийн дараа төлж эхлэх бондын мөнгийг шууд үр ашгаа өгехгүй төслүүдэд зарцуулсан.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн мөнгийг аж ахуйн нэгжүүдэд тарааж өгсөн нь ард олноо бодсон гэхээсээ илүү хүрээллээ бодсон гэж харагдаж байна. Хүнд цаг үед нэг баг болж, нэг зорилгын төлөө хамтран зүтгэж байсны хувьд би Н.Алтанхуяг даргыг мэднэ. Асуудалд ажил хэрэгч хандах, хамт олон удирдахдаа үнэхээр гаргуун хүн.

Гэхдээ л гэрээ нурж байгааг мэдэхгүй шүүрдээд, дотор нь зохион байгуулалт хийх гээд байх юм. Дараагийн хүн ч бас л ингэнэ. Гэрээ шүүрдэх биш засч баръя гэдэг удирдагч л одоо хэрэгтэй байна.

Нэг их сайн эдийн засагч гарч ирээд засаг тэргүүллээ гэхэд одоо нэг алхаж байгааг их сайндаа гурав, магадгүй арав алхуулж чадахааргүй болчихоод байна. Түүнээс "Эзэн-100"-ийн үр дүнг хэлэлцэх нэг их чухал биш.

-Гэхдээ УИХ хуралдвал хамгийн түрүүнд энэ хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх байх?


-"Эзэн 100" сайн болсон гэвэл засгийг үлдээнэ, муу болсон бол унагаана гээд л босно. Үр дүн нь энэ л дээ. Си Зиньпин даргын айлчлалын дараа ам. долларын ханш буурлаа. БНХАУ-тай хийсэн тегрөг юанийн своп хэлэлцээр үүнд нөлөө үзүүллээ.

ОХУ-тай ч бас л ийм хэлэлцээр хийх хэрэгтэй. Гадаад худалдааны гол харилцагч орнуудтайгаа өөрсдийн мөнгөн тэмдэгтээрээ худалдаа хийж, ам.долларыг дундын зуучлагчийн байр сууринаас хасч чадвал ам.долларын ханшийн нөлөөнөөс болж бидний амьдрал савладаг байдал өөрчлөгдөх учиртай. Энэ талд Засгийн газрыг сайн ажиллалаа гэж бодожбайна.

Гэхдээ энэ дахиад л үр дагавартай арга хэмжээ. Своп гэрээгээр гадна байршуулсан нөгөө их төгрөг буцаж орж ирэхдээ ямар байдлаар гэдгийг давхар тооцох байх гэж найдаж байна. 100 хоног бол тайвшруулах, өвчин намдаах үйлчилгээтэй л болохоос анагаах эмчилгээ биш гэдгийг ойлгоод тэр хэмжээнд нь л энэ хөтөлбөрт хандвал зохино.

-Өнгөрсөн долоо хоногт төсвийн байнгын хороо сургууль, цэцэрлэгийн асуудлаар хуралдсан. Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ ямар байгаа талаар мэдээлэл сонссон байх. Ер нь энэ салбарт цаашид ямар ажил хийх нэн шаардлага байна вэ?


-Цогц арга хэмжээ хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээний хуулийг нэн даруй батлах, цэцэрлэг байгуулахаар хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг даруй шийдвэрлэхийн сацуу боломжтой цэцэрлэгийн барилгуудыг давхарлаж орон тоог нэмэгдүүлбэл олон хүүхдийг цэцэрлэгт хамруулж болно.

Хуучин цэцэрлэг байсан олон байр өнөөдөр баар, зочид буудал, караоке болсон байна. Үүнийг эргэж харж, хувьчлал явсан үйл явцыг судалж үзэх ёстой гэж бодож байна. Гэвч ийм арга хэмжээ аваад аваад дараа жил цэцэрлэгийн насны хүүхдийн тоо мөн 10 мянгаар нэмэгдэх тооцоог хэлж байна лээ.

Энэ бол нийслэл рүү чиглэсэн мөханик нүүдлийг зохицуул гэсэн үг. 3000 хүрэхгүй хүн амтай суманд 640 Хүүхдийн сургууль бариад нийслэлдээ цэцэрлэгтээ хонож дугаарладаг тэнэг системээ өөрчил гэсэн үг.

Энэ улсаа нэг улс, нэг төртэй болго гэсэн үг. Улсыг 76 болгож хуваасан үрэлгэн механизмаа өөрчил гэсэн үг. Ингээд л бүх асуудал мөнөөх Үндсэн хууль, системийн өөрчлөлт рүү аваачаад байна.

-Та чуулганы завсарлагааны үед ямар ажил амжуулав?


-Түрээсийн хуулийн судалгааны ажил дуусч, хуулийн төслөө бичих ажил руугаа орсон. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин өргөн барих бэлтгэл ажлаа хийж байна.

Архины хуулийг батлах туршлага судлахаар Шри Ланк руу бага хуралд явсан. Хүсэлт тавьсан хүмүүстэй уулзах, ирэх намрын чуулганаар болон цаашид хийх ажлаа төлөвлөх зэрэг байнгын ажлаа хийж байна.

Мөн Монгол нутгийнхаа үзэсгэлэнтэй газруудаар явж, хүүхдүүдээ танилцуулан, орон нутгийнхантайгаа уулзан, тэднийг сонслоо. Есөн cap ч гарлаа, хүмүүсийн ажил жигдэрч байна. Одоо тойргоороо явна даа.

М.Өнөржаргал

Эх сурвалж: