sonin.mn

2014 оны 09 сарын 05

МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцон УИХ-д 11 суудалтай болж, Монгол Улсын Засгийн газрыг хамтран зохион байгуулж, улс орныхоо хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

Монгол Улс маань байгалийн баялаг арвин нөөцтэй орнуудын нэгд ордог. Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийг ард түмний амьдралын ирээдүйн баталгаа болсон ашигт малтмалыг гадаадынхантай бүлэглэн хуйвалдаж Монгол Улсад ашиггүй байдлаар шийдэж байна. Үүний тод жишээ нь Оюутолгой, Тавантолгойн ордууд болоод байгааг ард түмэн бид  харж байгаа билээ.

МАХН-ын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Оюутолгой, Тавантолгойн орд газрыг ард түмэндээ ээлтэй, Монгол Улсдаа ашигтайгаар эргэлтэнд оруулах хатуу байр суурийг Засгийн газар болон УИХ-аас удаа дараа шахаж шаардаж байсныг бид мартаагүй. Тиймдээ ч тухайн үеийн МАНАН-гийн удирдлага нарын бүлэглэл зөвхөн өөрсдийн хувийн ашиг сонирхлыг тэргүүндээ тавьж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаярыг  2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар үгсэн хуйвалдаж унагасан гэж ард иргэд ойлгосон.

Ингэж 2009 оноос тэд ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, Оюутолгойн гэрээг зөвхөн өөрсөддөө ашигтайгаар хийж их хэмжээний мөнгийг дундаас гувчуулсан гэж иргэд бид үздэг. Тиймдээ ч Оюутолгой, Тавантолгойг луйвардахын тулд ард түмний эрх ашгийн төлөө тэмцэж, дуугарч байсан МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр хэлмэгдүүлсэн гэж Зүүн бүсийн иргэд, намын гишүүд, дэмжигчид үзэж байна.

Өнөөдөр улс төрийн намын нэр барьсан мафийн сүлжээнд орсон бүлэг этгээдүүд өөрсдийн энэхүү луйвраа нуун далдлахын тулд ямар ч үнээр хамаагүй төрийн эрхийг авч, шударга ёсыг тогтоох чин эрмэлзэлтэй улс төрийн нам, түүний удирдагч нарыг хэлмэгдүүлсээр байна.

Мөн Монгол Улс маань Үндсэн хуулиа зөрчиж хоёр засаглалтай ч болоод байгааг жирийн ард бид зүгээр харсаар сууж тэвчихгүйд хүрлээ. Уг нь бид чинь Үндсэн хуулиндаа Парламентийн засаглалтай улс. Гэтэл сүүлийн үед Ерөнхийлөгчийн засаглал зэрэг оршин тогтнож байна. Хууль, хяналт, хүчний байгууллагууд ч үндсэн зарчмаасаа гажиж улс төрийн захиалгаар хүний хувь заяаг шийдэж, монгол хүнийг хэлмэгдүүлсээр байна.

Ардчилсан нийгэмд үүсээд байгаа дээрхи хэлмэгдүүлэлтийг тэд урдаас зохион байгуулалтайгаар бэлтгэж өөрсдийн гар хөл болсон хүмүүсийг сонгож шүүх, хууль, хяналтын байгууллагуудыг удирдуулан, нас барсан хүний хэргийг хүртэл шүүж урд өмнө байгаагүй айдас, хүйдэстэй нийгмийг бий болгов.       

Дэлхийн эдийн засгийн хямрал сүүлийн жилүүдэд хүчтэй явагдаж байгаа хүнд хэцүү энэ цаг үе манай оронд ч хамааралтайгаар өрнөж байна. Энэхүү хямралаас монголчууд хэрхэн хор хохиролгүй гарах хөгжлийн зөв бодлогыг бодохын оронд харин ч эсрэгээр албан тушаал, эрх мэдэл, мөнгөний төлөө улайран төрийн эрхэнд байгаа нам, эвслийн нэр барьсан улс төрийн мафийн сүлжээ зөвхөн өөрсдийн эрх ашгаа урьтал болгон ямар нэгэн аргаар дахин МАНАН гэгчийг үүсгэхээр завдсаар байна.

Бид МАХН-ыг шинэчлэн байгуулахдаа ард түмэн, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг үндэслэн нийгэмд шударга ёсыг тогтоох, ард түмний эрх ашгийг дээдлэх, байгалийн баялгийг ард түмэндээ ашигтайгаар тэнцвэртэй хуваарилах гэсэн эрхэм зорилтыг тавьсан.

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхэд манай нам өдөр бүр улс төрийн дарамтанд орж ажиллаж байгааг Зүүн бүсийн намын гишүүд бид харсаар ирлээ. Мөн сүүлийн үед МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт холбогдуулан дахин зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн өрсөлдөгчөө хэлмэгдүүлэх ажлыг “МАНАН”-г мөрөөдөгсөд эхлүүлсэн байна.

МАХН нь Засгийн газарт хамтарч улс эх орны хүнд хэцүү бүхий л үйл хэрэгт ачаа үүрэлцэн оролцож ирсэн. Мөн хамтарсан Засгийн газрын хэвийн, тогтвортой  үйл ажиллагааг хангах, дахин МАНАН үүсэхээс сэргийлж, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж өнөөдрийг хүрлээ.   

Зүүн бүсийн зөвлөлгөөнд оролцсон МАХН-ын гишүүд бид манай намын дарга Н.Энхбаярыг дахин хэлмэгдүүлэхийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна. Хэрэв энэхүү хэлмэгдүүлэлт нь хэн нэг нь үл мэдэгдэх гадаадын иргэний гүтгэлгээр ял тулгаж, дахин хэлмэгдүүлбэл МАХН-ын гишүүд, дэмжигчид бид улс төрийн хатуу тэмцлийг эхлүүлэх болно.

Улс төрийн энэхүү хэлмэгдүүлэлт нь МАХН-ын дарга Н.Энхбаяраас гадна МАХН-ын залуу гишүүн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянг мөн адил өөрсдийн хараат шүүхээр хэлмэгдүүлж, залуу хүний улс орныхоо төлөө гэсэн эрмүүн сэтгэлийг хязгаарлахаар оролдож эхлэв.            

Өнөөгийн энэ хүнд хэцүү цаг үед ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж, ахуй амьдралыг нь өөд нь татахын оронд ард түмнийг улам ядууруулж эдийн засгийн аргаар дарамталж,  засгийн эрхээ булаалцаж, бидний ирээдүйг балартуулсан алхамуудыг хийх гэж байгаад харамсалтай байна. Үүний оронд эв эеээ олж, хамтын хүчээр Монгол Улсаа хөгжүүлэх эрхэм зорилгыг урьтал болгон ажиллах нь чухал байна.

Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний журмын нөхдийг дахин хэлмэгдүүлэх ажлыг нэн даруй зогсоохгүй бол МАХН Засгийн газраас гишүүдээ татаж, улс төрийн хатуу тэмцлийг эхлүүлэхийг МАХН-ын Гүйцэтгэх товчоо, нийт намын удирдлагуудаас шаардаж байгааг үүгээр мэдэгдэж байна.

Мөн дээрхи улс төрийн хэлмэгдүүлэлтийг зогсоох ажилд УИХ-д суудалтай нам, эвсэл, иргэний хөдөлгөөн, нийт ард түмнийг анхаарлаа хандуулж нэн даруй зогсоож, нийгэмд үүсээд буй айдас хүйдсийг арилгахыг шаардаж байна.

Улс төрийн өрсөлдөгчидөө өөрсдийн хараат хуулийн байгууллагуудыг ашиглан дарангуйлж, хэлмэгдүүлж, төрийн эрхийг дур мэдэн залгамжлах нь  Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд хүртэл хамаатай гэдгийг бид ойлгох хэрэгтэй цаг үе ирээд байна.

Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон түүний журмын нөхдийн хэлмэгдүүлэлтийг нэн даруй зогсоож, шударга ёсыг тогтоох, сэтгэл хангалуун сайхан амьдралыг зорьсон эв нэгдэл, хүндэтгэлийг бий болгож, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас шаардаж байна.

Монгол Улсад Хүмүүнлэг, энэрэнгүй иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх болтугай.

Зүүн бүсийн зөвлөгөөнд оролцогсод