sonin.mn

Жил бүрийн намар уламжлал болгон шинэ ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хувьд ногооны үзэсгэлэн худалдаа илүү өргөн цар хүрээтэй болж байгаа аж.

Тодруулбал, нийслэлийн зургаан дүүрэгт 217 лангуу түрээс төлөхгүйгээр ирэх аравдугаар сарын 1 -н хүртэл уг үзэсгэлэн худалдаа үргэлжилэх юм. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт "Скай" худалдааны төвийн урд талбай, Сүхбаатар дүүрэгт "Гурван гал" худалдааны төвийн талбайд, Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд, Сонгинохайрхан дүүрэгт "Цамбагарав" худалдааны төвд тус тус шинэ ногоо худалдаалж буй.

Тус худалдааны төвүүдээр өргөн хэрэглээний хүнсний ногоо болох төмс, лууван, байцаа, сонгино, манжин зэрэг ногоо кг-ийг нь 800-900 төгрөгөөр худалдаалж байгаа бол нарийн ногоо болох ногоон сонгино 1500, улаан лооль 4000-5000, броклий байцаа 4000, хүрэн манжинг 4000 төгрөгний үнэтэй худалдаалж байгаа нь үнэтэй байна гэдгийг худалдан авагчид хэлж байгаа юм.

Ингээд Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд худалдаалж буй Шинэ ногооны үзэсгэлэн худалдааг сонирхлоо. Иргэдийн хөл хөдөлгөөн их биш ч иргэд ихэвчлэн тарвас, лууван төмс, байцаа, улаан лооль зэргийг худалдан авч байгаа харагдав.

Тус худалдааны төвөөр үйлчлүүлж буй Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн Э.Оюун "Миний хувьд хүнсний ногоо жаахан үнэтэй санагдлаа. Зарим газруудад төмс, лууван кг-ийг нь 800 төгрөгөөр зарж байсан. Энд төмс, лууван кг нь 900 төгрөг гэж байна. Зарим ногооных нь үнийг мэдэлгүй л авсан" гэж байв.

Энд бидний өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг ногоо, нарийн ногоо, зөгийн бал зэргийг худалдаалж байгаа бөгөөд үнийн хувьд кг нь төмс, лууван, шар манжин 800, хүрэн манжин 1000, сонгино 1500, зэрлэг сонгино 5000, байцаа 500, брокли 4000, өргөст хэмх 2000, дардаг өргөст хэмх 2000, сармис нэг сүлжээндээ 25 ширхэгтэй нь 15000, тарвас 1500, зөгийн бал нэг кг нь 20 мянган төгрөгийн үнэтэй байв.

Сүүлийн үед хүмүүс нарийн ногоо их хэрэглэх болсонтой холбоотойгоор наймдугаар сарын сүүлийн долоо хоногийн үнэ ханштай харьцуулахад 500-1000 төгрөгөөр үнэ нэмэгджээ. Тус үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн сумд болон Дархан-Уул аймгаас ногоочид өөрсдийн тариалсан хүнсний бүтээгдэхүүнээ үзэсгэлэнд оролцож байгаа аж.

Үзэсгэлэн худалдаанд оролцогч ногоочдын хэлж буйгаар "Энэ жил хүнсний ногоо үнэтэй байгаа. Учир нь ургац хураалт муу, бороо эрт орсон. Өнгөрсөн жилийн өдийд төмс, лууван зэргийг 600 төгрөгийн үнээр худалдаалдаг байсан бол энэ жил 800 төгрөгөөс буухгүй л байна. Хэчнээн цаг агаарын байдал өөрчлөгдсөн ч ногоогоо тарьчихна. Харин зарах л хэцүү байна" гэсэн юм.

Уг нь ургац хураалтын ажил эхэлсэн энэ үед хүнсний ногоо хямдардаг боловч жил ирэх бүрт үнэ нь нэмэгдсээр байна. Түүнчлэн энэ жил төмс, луувангийн ургац хураалт тааруухан байгаа гэнэ. Мөн иргэдийн худалдан авах чадвар буурсан гэдгийг онцолж байлаа. Төмсийг шуудайгаар нь зарж байгаа хэдий ч хүмүүс шуудайгаар авах нь байтугай 1-2 кг-аас хэтэрдэггүй гэнэ.

Харин амралтын өдрүүдээр л худалдан авагч арай ихтэй байдаг гэнэ. Дархан-Уул аймгийн ногоочин Л.Оюун "Анх удаа үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Ченжид өгснөөс хамаагүй дээр юм. Худалдан авагчдын хувьд зарим нь ямар үнэтэй юм гэж байхад нөгөө хэсэг нь боломжийн үнэтэй байна л гэдэг. Манайх дэлгүүрт худалдаалж буй хүнсний ногоог бодвол хямд үнээр худалдаалж байгаа. Төмс их олон сортынх байдаг. Би гэхэд голланд сортын төмс борлуулж байна. Хотын иргэд сортоо мэддэггүй юм билээ. Хятад, монголоо ялгахгүй байх жишээтэй" гэв.

Нэгэн худалдан авагчийн хувьд нэг кг улаан лооль хоёр ширхэг яншуй, салатны навч авахад 6000 төгрөг болж байв. Тус үзэсгэлэн худалдаанаас хүнсний бүтээгдэхүүн худалдан авагч нарын хувьд ихэнх нь Чингэлтэй дүүргийн иргэд байх аж. Орой ажлаа тараад явж буй иргэд ойр зуурын хүнсний хэрэглээгээ цуглуулдаг байна. Энэ үеэр худалдан авагчдын сэтгэгдлийг сонслоо.

Чингэлтэй дүүргийн IX хорооны иргэн Д.Ундармаа
-Шинэ ногооны үзэсгэлэн худалдаагаар хүнсний ногоог хямдралтай үнээр худалдаалж байгаа. Таны хувьд ногооны үнэ ханш ямар санагдав?
-Хүнсний ногооны үнэ нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 600 төгрөгөөр худалдан авдаг байсан бол энэ жил 800-1000 төгрөгийн хооронд буухгүй байна. Дэлгүүрийг бодвол 100, 200 төгрөгөөр хямд байх шиг байна. Зарим нь бас үнэтэй баина. Уг нь хямд л зарах ёстой шүү дээ. Гэтэл 800 төгрөгнөөс буухгүй байна гэдэг чинь үнэтэй л санагдаж байна.

-Та хүнсний бүтээгдэхүүнээ ихэвчлэн хаанаас цуглуулдаг вэ. Өмнө нь тус худалдааны төвүүдээр үйлчлүүлж байсан уу?
-Гэрийнхээ ойролцоо захаас цуглуулдаг. Шинэ ногооны үзэсгэлэн худалдаа хямдралтай үнээр зарж байна гэдэг. Зах дээр зарж байгаа үнэтэй адилхан худалдаж байна лээ. "Хүчит шонхор" захаар орж үзсэн. Ялгаагүй үнээр зарж байгаа юм биш үү. Бүгд л 800-1000 төгрөгийн үнэтэй байна.

Намайг уржигдар тус захаар үйлчлүүлэхэд ногооны үнэ 800 төгрөг байсан. Өнөөдөр 100 төгрөгөөр нэмсэн байна. Зурагтаар хүнсний ногоо хямдхан байна л гэж мэдээлэх юм. Очоод үзэхээр жижиглэнгийн худалдаа нь үнэтэй байдаг. Өөрсдөө очиж үзэх л хэрэгтэй.

   Хүнсий ногоо зарж буй ногоочид хүнсний ногоо үнэтэй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байсан юм. Тэд хүнсий ногооны үнэ нэмэгдсэн шалтгаанаа ургац хураалт муу, хур бороо их орсонтой холбогдуулан тайлбарлаж байгаа юм.

Шинэ ногооны үзэсгэлэн худалдааны хувьд ногоочид өглөө ургах нарнаас үдшийн бүрий хүртэл ажилладаг аж. Ногооны үнэ ханшийг ҮХААЯ-ны зүгээс хянах боломжгүй бөгөөд ногоочдын хувьд тээврийн зардал дээрээ өөрсдийн ашиг болох 10-20 хувийг нэмж борлуулдаг юм байна.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: