sonin.mn

“НАТ-1” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гаргаад буй өмгөөлөгч, зураач Ч.Энхээг дугаарын зочноор урьж ярилцлаа.

-Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасанд баяр хүргэе. Ямар нэгэн шалтгаанаар хүмүүсийн авьяас илэрдэг. Таныг ямар шалтгаан зурагт дурлуулав?
-Би багасаа зурах дуртай байсан. Ангийнхаа ханын сонинг гаргаадаггүй л байлаа. Харин бийр будаг бариад зураг зурж эхэлсэн нь 2004 он юм. Түүнээс хойш 10 жил зурсан зургуудаа тайлагнаж байна. Бусад уран бүтээлчтэй харьцуулбал хамаагүй орой зурж эхэлсэн учраас хүмүүс намайг мэддэггүй.

Зурах шалтгаан гэвэл ажилтай холбоотой. Би 2000 онд өмгөөллийн эрхээ аваад өмгөөлөл хийж эхэлсэн. Өмгөөлөгчийн ажил стресс ихтэй. 3-4 жил ажиллахдаа маш их ядарсан. Хоёр хүний амь бүрэлгэсэн хэрэгтний өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм.

Түүнийг өмгөөлөхийн тулд уулзаж, ярьж хөөрч хувийн байдлыг нь судалсаар сүүлдээ найз болчихно. Гэтэл нөгөө хүн маань шүүхээр ороод яах аргагүй дээд хэмжээ авдаг. Тийм үед би сэтгэл эмзэглээд арваад хоног унтаж чаддаггүй байсан учраас надад энэ бүх стрессээс салгах ямар нэгэн гарц шаардагдсан. Тэгээд л зураг зурж эхэлсэн дээ.

-Хамгийн анхны зураг чинь оны шилдэг зургаар шалгарсан. Ямар утга агуулга гаргаж, үг санаа илэрхийлэхийг хүссэн бэ?
-Анхны уран бүтээл маань “Сандал” нэртэй зураг. Энэ зургаараа 2004 онд шилдэг бүтээлийн үзэсгэлэнд оролцсон. Энэ надад урам өгч, цаашид зурах эхлэл болсон. Түүнээс хойш би будаг бийрнээс салаагүй.

-Зөвхөн авьяастай байхаас гадна ертөнцийг үзэх үзэл, мэдлэг боловсрол уран бүтээлчид чухал юм шиг санагддаг. Таны хувьд яагаад сюрреалист чиглэлийг сонгов?
-Би Урчуудын эвлэлд 1997 онд урлаг судлаачаар элсч байсан. Миний зургийн үндсэн арга барил бол сюрреалист юм. Энэ нь бодитой юм шиг хэрнээ холбогдохооргүй зүйлсийг хооронд нь холбодог урсгал. Энэ урсгалын эхлэл болсон зураг бол “Сандал”. Энэ үзэсгэлэнгээ ч би реалист натюрмортын чиглэлээр сүүлийн хоёр жилд зурсан зургуудаараа голдуу бүрдүүлсэн.

-Таны үзэсгэлэнг үзсэн хүмүүс ямар сэтгэгдэлтэй байна. Та үзэгчдэд мэдрүүлэхийг хүссэн зүйлээ зургаараа ойлгуулж чадаж уу?

-Ерөнхийдөө хүссэндээ хүрсэн. Хүмүүс намайг зураач гэж мэдэхгүй. Тиймээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд би ямар зураг зурж ирснээ, ямар түвшинд яваагаа харуулах тайлан болгоё гэж бодсон.

Нөгөө талаар бол есдүгээр сар миний хувьд тэмдэглэлт өдрүүд тохиодог баярын сар. Би Монголын радиогийн ахмад ажилтан. Есдүгээр сарын 5-нд Монголын радиогийн 80 жилийн ой тохиолоо. 7-нд би төрсөн өдрөө тэмдэглэдэг. 10-нд Хэлмэгдэгсдийн өдөр болдог.

Би чинь “Хятадын тагнуул, төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан” гэсэн хэргээр баригдаж удаан хугацаанд хоригдож хэлмэгдэж явсан хүн. 16-нд өмгөөлөгчдийн өдөр тохиодог. Энэ бүх баярууддаа бэлэг болгон өөрийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасан.

Реалист натюрмортын төрөл уран зургийн биеэ даасан их гоё төрөл. Энэ төрлөөр зурдаг зураач цөөхөн болсон. Тиймээс энэ төрөл чиглэл рүү залуу зураачдыг хандуулах зорилго тавьсан. Үзэсгэлэндээ сэтгэл хангалуун байна.

-Та нэг уран бүтээлийг ямар хугацаанд зурж байна?
-Янз бүр. Дөрвөн жил зураад дуусгаагүй зураг байхад өглөө эхлээд орой нь дуусгасан зураг ч бий. Гэхдээ бусад зураачтай харьцуулахад арай хурдан зурдаг юм шиг ажиглагдсан.

-Зурах хугацаа таны цаг заваас шалтгаалж байна уу, онгод сэтгэлгээ эсвэл сэдвээс болж байна уу?

-Ерөөсөө надаас өөрөөс шалтгаалдаг. Би эхнээсээ зургаа сайн бодоод, нүдэндээ харчихвал хурдан зурдаг. Харин дутуу бодоод, дэндүү яарч эхэлсэн зураг санаанд хүрэхгүй удах, үндсээрээ өөрчлөгдөх тохиолдол зөндөө гардаг. Миний яаруу сандруу, адгуу зангаас хамаардаг юм шиг.

-Таныг өмгөөлөгч учраас зургууд чинь нэлээд улстөржсөн нийгмийн амьдрал харуулсан зургууд байх болов уу гэж бодож байлаа?
-Би сэдэвт баригддаггүй. Сюрреалист чиглэлээр ямар ч сэдвийн зураг зурж болно. Уран зураг гэдэг хүний сэтгэлийг цэвэршүүлэх, ариусгах зүйл гэж боддог. Тиймээс миний зургуудад улстөрийн сэдэвтэй зураг ховор.

Миний уран бүтээл бусад зураачдын арга барилаас арай өөр, танигдахуйц, өөрийн гэсэн арга барилтай байх гэж хичээж явдаг. Зураач хүний гол шаардлага ч энэ шүү дээ. Түүнээс биш хэн нэг зураачийг хуулбарласан, дуурайсан мэт ижил төстэй байвал утгагүй.

Би Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч. Анх намайг зохиолоо бичиж эхлэхэд “Аавынхаа үлдээсэн уран бүтээл дээр өөрийнхөө нэрийг тавьж гаргаад байдаг юм биш биз” гэж олон хүн асууж байсан. Тиймээс би яруу найрагт оролгүй аавынхаа цөөхөн бичсэн үргэлжилсэн үгийн төрлийг барьж авсан.

Шоронд байхдаа л бухимдаж нэлээд хэдэн шүлэг бичсэн. Түүнийгээ удахгүй ном болгож хэвлэж гаргах санаатай байна. Одоо эрхбиш намайг аавынхаа бүтээлийг хулгайлсан гэж хардахгүй байлгүй. Зураачийн хүүхэд зураач, зохиолчийн хүүхэд зохиолч болоход иймэрхүү хардалт байдаг юм билээ.

-Уран бүтээлийг үзэгчид өөр, өөрийнхөөрөө хүлээж авдаг. Гэхдээ зураач өөрөө тайлбарлахгүй бол ойлгоход хэцүү уран бүтээл байдаг?  
-Надад “68” гэсэн нэртэй ёгтлол зураг бий. Би тайлбарлаж өгье. Манай нийгэм харанхуй сонирхолгүй нийгэм байсныг ийм хар бараан өнгөөр үзүүллээ. Тэр нийгэмд ардчилал хэмээх цэцэг 1964 онд анх ургасан.

Гэтэл тэр цэцгийг дэлбээлж амжихаас нь өмнө “Сэхээтний төөрөгдөл” гээд тайраад хаячихсан нь энэ унасан үндэс. Дараа нь 1968 онд цахилгаан гитар орж ирсэн гэдэг юм. Энэ гитарыг бурхнаас бидэнд илгээж. Залуус та нар яриад байх хэрэггүй.

Энэ гитарыг аваад дуул, хүсч байгаа зүйлээ дуу хөгжмөөр илэрхийл гэж. Ингээд бид нийтээрээ гитар сурч, орцонд тоглон дуулдаг болсон. Энэ нь явсаар байгаад 1989-1990 оны ардчилсан хувьсгал өрнөсөн гэсэн үг.

Харин тэр цаана нь байгаа загас бол гитар барьсан залуучууд юу ярьж дуулах нь вэ гэдгийг нүд цавчилгүй харж, сонсч байгаа улаан коммунист төлөөлөгч юм. “68” зураг маань ийм ёгт утгатай юм. Зураач өөрөө тайлбарлахгүй бол ойлгодоггүйгээрээ ёгтлол зураг онцлогтой. Надад ёгтлол зургууд нэлээд бий. Хожим ёгтлол зургаараа үзэсгэлэн гаргана.

-Үзэсгэлэнгийн нэр сонирхол татаж байна. “НАТ-1” гэж ямар утгатай нэр вэ?

-Цаад утгаараа би өөрийгөө хатуу самар юм гэдгээ харуулах зорилгоор самар гэдэг үгийн англи дуудлагыг авсан. Шууд утгаараа бол натюрмортын төрлийн зургийн үзэсгэлэн гэдгээ тодруулах санаатай өгсөн нэр.

Намайг олон удаа түлхэж унагаах оролдлого ирж байсан. Тэр бүхний эсрэг хариу барихдаа би юм хийж чаддаг гэдгээ үзүүлдэг. Энэ үзэсгэлэн бас л тэр хүмүүсийн эсрэг үзүүлж буй хариу үйлдэл гэж ойлгож болно. “Намайг юу ч гэж муулж болно, над шиг бодит юм хий л дээ, өөрсдөө чадахгүй байж юм хийж байгаа хүнийг битгий оролд” гэсэн утгатай.

Миний хийж буй ажил хүмүүст сонирхолтой сюрприз байдаг. Хийе л гэж хүсвэл юуг ч байсан хийж чадах хүн гэж бодож бардаж, өөрийгөө хөглөж хурцалж явдаг. Тэр утгаараа би залхуурахгүй байх ёстой гэж ташуур өгдөг.

-Авьяаслаг зохиолчийн хүүг зохиолч болоход гайхах хүн гарахгүй. Харин таныг зураач болгосон авьяас хаанаас өвлөгдөв?
-Манай удамд өвлөгдөж ирсэн авьяас. Өвөг эцэг Чойжил Маршал Чойбалсангийн комиссар байсан хүн. Нэртэй зураачид хэлэхдээ “Танай өвөг эцэг Маршалын комиссар байгаагүй зургаараа дагнасан бол өдийд Ардын зураач болчих хэмжээний авьяастай хүн байсан” гэдэг.

Хонины шагайг тойруулаад 12 жил багтаан сийлээд үлдсэн зайнд нь “Ленин-100” гэж бичсэн байдаг. Манай хамаатан садан дундаас дөрвөн зураач төрсөн. Отгонбаяр, Өнөржаргал, Уртнасан байна. Өвөг эцэг маань их гоё нарийн сийлбэрүүд хийхээс гадна өнгө өнгийн цэцгийн дэлбээг хатааж хадгалчихаад зураг хийдэг гайхалтай сэтгэмж, авьяастай хүн байсан.

-Таны зургуудад материаллаг зүйлсийг их нарийн гаргасан байх юм. Чимхлүүр ажилд илүү анхаардаг юм шиг санагдлаа?
-Би зургийнхаа материаллаг зүйлсийг аль болох нарийн зурах дуртай. Дээл гэхэд хээ хуар, материалыг нь тод гаргахыг хичээдэг. Бусад зураачид залхуурахаар хүнд зүйлсийг би нэг бүрчлэн зурж гаргадаг. Энэ нь надад их кайфтай байдаг.

Би зургийн сургууль төгсөөгүй ч уран бүтээлдээ нямбай хандахыг хичээдэг. 10 жилийн хугацаанд 200 гаруй зураг зурсан байна. Тэднээсээ цөөхнийг сонгож гаргасан нь энэ.

Х.Монголхатан

Эх сурвалж: