sonin.mn

Хичээлийн шинэ жил эхэлсээр их хот хөл хөдөлгөөнд дарагдаж, гудамж талбай, дэлгүүр, худалдааны төв, зоогийн газар, цаашлаад хотын төвийн BAR, PUB-ууд ч ачаалал ихтэй боллоо. Нэг хэсэг зам, барилгын ажлаас өөр чимээ аниргүй, нам гүмхэн байсан Улаанбаатарт одоо шөнө гэж болохоо байсан мэт.

Өөрөөр хэлбэл, оюутнууд хэтэвч дүүрэн мөнгөтэй ирээд найз нөхөдтэйгөө уулзан ёстой л нэг зад наргисан өдөр хоногууд өнгөрч байна. Харин тэдний ар гэрт аав ээж нь "Бусдын хүүхдээс хүү, охиноо дутуу сургахгүй юмсан" гэсэн бодол тээж, цалин, тэтгэврийн зээл авч, хуруу хумсаа элээн байж мөнгө олж суугаа. Гэвч өгсөн мөнгийг нь сурлагынхаа төлөө бус шоунд "цацаж" байгаа нь харамсалтай.

Гэхдээ зөв зүйлд зарцуулдаг оюутан байгааг энд үгүйсгэсэнгүй. Есдүгээр cap гарсаар арилжааны банк болон бэлэн мөнгөний автомат машинуудын дэргэд урт дараалал үүсэх боллоо. Эдгээр үйлчлүүлэгчийн олонхи нь /бараг 90 орчим хувь/ оюутан залуус гэхэд болно.

Ингээд банкнаас BAR руу цувах тэднийг үйлчилгээний газрууд нь ч уухайн тас тосон авч, ажиллах хугацаагаа уртасгаж, өнөө "21 нас хүрээгүй бол үйлчлэхгүй" гэсэн хууль журмаа зөрчиж байна.

Ингэхдээ бүр "Хоёр лааз шар айраг уувал нэгийг үнэгүй, 100 грамм хатуу "юм"-анд нэг сав ус үнэгүй" гэх мэтчилэн сурталчилж, "Манайд сул ширээ байгаа шүү! op, ор..." хэмээн урин дуудсан залуус үүдэнд нь холхисоор... Уг нь 21 нас хүрээгүй хүнд үйлчилбэл тухайн байгууллагад хариуцлага тооцох тухай хуулийн заалт бий.

Харамсалтай нь өнөө хууль, журам нь юу ч биш мэт мартагдаж байна. Үйлчигээний газруудад хяналт тавьж, хууль сахиулж буй ажилтан ч алга. Тийм болохоор үйлчилгээний газрууд арай л бага ангийн сурагчийг дуудаж согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байгаа байх.

"Бага ангийн..." гэж хэлэхийн учир нь шөнийн цагаар BAR, PUB-уудад ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ч сууж байхыг үгүйсгэх аргагүй.

Ерөнхийлөгч маань ордонд сүү өргөөд л байдаг. Гэтэл ирээдүйн ерөнхийлөгчид маань шөнийн цэнгээний газарт нанчид өргөсөөр суудаг. Ер нь хуулиа хэзээ хэрэгжүүлж, ирээдүйгээ хэн аврах вэ?

М.Наранболд

Эх сурвалж: