sonin.mn

Улсын драмын эрдмийн театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбууг энэ удаагийнхаа “Өглөөний хүн” буландаа урьж, ярилцлаа.

-Өмнө нь тантай нэг биш удаа уулзаж, ярилцаж байлаа. Юутай ч хүсэлтийг минь хүлээн авсанд баяр­лалаа?
-Юун түрүүнд танай хамт олон болон нийт уншигчдад тань энэ өдрийн мэнд хүргэе. Чи бид хоёрын хэн хэн нь л ажлаа хийж явна.

-Баярлалаа, тэр ч тийм шүү. Тэгэхээр хоёулаа ярилц­­­лагаа маш энгийн зүйлээс эхэлье. Театрын хамт олон маргаашнаас хө­дөө орон нутгийг зорино. Зүүн гурван аймгийн үзэгч­дэдээ ямар бэлэгтэй очихоор төлөвлөж байна?
-“Соёл урлагийн ажилт­нууд хөдөөгийн уул талаар соёлын үрийг цацаж, ард түмнийг соён гэгээрүүлэх, тэдний хөтөч нь байх үүрэгтэй” гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн бай­даг. Театрын хамт олон жил болгон энэхүү үүргээ биелүүлдэг.

Манай ахмад уран бүтээлчид хөдөө, орон нутгийн үзэгчдэдээ соёлын үр түгээхээр ачааны машин дээр суугаад явдаг байсан. Ингэхдээ хавар нэг сар, зун 45 хоногоор хөдөө, орон нутгаар явдаг байж. 1990-2002 оны хооронд амьдрал хэцүү байлаа шүү дээ. Энэхүү аялан тоглолт 10 гаруй жил зогссон.
Харин бид 2002 оноос нэг хэсэг тасалдсан энэхүү үйл ажиллагааг “Театрын өдрүүд” болгон өөрчилж, ая­лан тоглолтоор явж эхэлсэн.

-Анх Эрдэнэт хотоос эхэлж байсан байх аа?
-Тийм ээ. Өнгөрсөн ху­га­­цаанд театрын хамт олон Монгол Улсынхаа бүх айм­гаар явж, тоглолтоо сонир­хуулсан. Харамсалтай нь бүх сумаар явж чадахгүй байна. Тийм ч боломж, бололцоо алга.

-Театрын хамт олон өн­гөрсөн оноос эхлэн хоёр дахь төслөө хэрэгжүүлж эхэл­сэн шиг санагдана?
-Бид хоёр дахь төслөө говийн аймгуудаас эхэлсэн. Энэ жил зүүн аймгуудаар явахаар төлөвлөөд байна. Энэ сарын 18-30-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаар явна. Театрын урын санд бай­гаа сүүлийн үед тайз­наа тавигдсан шилдэг, со­нир­холтой гэсэн дөрвөн ч бүтээлээ дээжлэн орон нут­­гийн үзэгчдэдээ сонир­хуулна.

-Жүжгээ тоглож со­нир­хуу­лахаас гадна өөр ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах уу?
-Тэгэлгүй яах вэ. Хөдөө, орон нутгийн иргэдтэйгээ уулзалт зохион байгуулна. Энэ их сонирхолтой ажил болдог. Бид тухайн орон нутагт байгаа мэргэжлийн урлагийн байгууллагуудтай гэрээтэй ажилладаг. Энэхүү гэрээгээ дүгнэж, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгнө. Нэг үгээр хот, хөдөөгийн байгууллагын хамтын ажиллагаа явагддаг юм. Энэхүү аялан тоглолт хөдөө, орон нутгийн үзэгчдийн талархлыг хүлээсэн сайхан тоглолт болдог.

-Д.Цэрэнсамбуу за­хир­лаа ингэхэд танай театрт яг юу болоод байгаа юм бэ?
-Ямар утгаараа.

-Яах вэ дэ, энэ сард тов­логдсон жүжгүүд яагаад хойшлогдов. Дээр нь жил хагасын хугацаанд таван ч жүжигчин театраас гарлаа шүү дээ?
-Үнэнийг хэлэхэд тайз­ны боломж, бололцоо ол­дох­­­­­гүй­гээс жүжиг хойш­логдсон. Манайх Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга хоёр нэг тайзтай гэд­гийг үзэгчид маань мэдэх байх. Бид чуулгад тай­заа ашиглуулах гэрээтэй ажил­ладаг. Тэгээд ч тө­рийн өмчийн төлөөллийн хувьд чуулгатай тайзаа булаа­цал­даж, нэгнийхээ ажлыг үрээд яах вэ гэж бодсон. Энэ сард чуулгын хамт олон тоглолттой. Манай жүжгүүд ирэх аравдугаар сараас тайзнаа тавигдана.

Харин театр үүсгэн бай­­гуулагдсан цагаас уран бүтээлчид орж, гарч л бай­даг. Зарим нэг нь мэргэж­лийн ур чадварын хувьд тэнцээгүй тохиолдол ч бий байх. Театраас гарч, орох нь хувь хүний хүсэл сонирхол шүү дээ. Түүнийг нь бид хаах ёсгүй. Нөгөө талаар уран бүтээлийн даль жигүүр нь ургаж гүйцээд биднээс өрх тусгаарлаад гарч байгааг үгүйсгэхгүй. Үүнд нь бид нэг их эмзэглэдэггүй.

-Гэхдээ олон нийтийн зүгээс театраас гарч бай­гаа шалтгааныг нь өөр өөрийн­хөөрөө л харж, тайлбарлаж байна. Нэг хэсэг нь жүжигч­дийг театрыг ашиглаж нэрд гарчихаад карьераа хөөж театрыг орхиж байна гэж байхад зарим нь театрын цалин бага, хө­рөнгө мөн­гөний хөшүүр­гийн асуудал хүндрэлтэй гэж үзэж бай­на. Үүнд та ямар тайл­бар өгөх вэ?
-Хүн эцсийн эцэст сайн сайхан л амьдрахыг хүс­нэ биз дээ. Уг нь манай театрын хамт олон бусдаас илүү баян цатгалан амьдрах ёстой. Цалин мөнгөний хувьд шүү дээ.

Үнэнийг хэ­лэхэд бид тийм байлгаж чадахгүй бай­на. Тиймээс амьд­ралын­хаа сонголтыг хийж бай­гаа хүмүүсийг буруутгах арга­гүй. Тэглээ гээд театрын үйл ажиллагаа доголдохгүй.

Театр хүнээр дутахгүй л гэдэг юм. Заримдаа ду­тах тохиолдол бий л дээ. Ма­гадгүй УДЭТ-т дутагдах зүйлгүй байсан бол энэ уран бүтээлчид гарахгүй ч байсан юм бил үү. Нэг талаараа харамсалтай. Нөгөөтэйгүүр байдаг л үйл явц. Дэлхийн аль ч театрт уран бүтээлчид орж, гарч л байдаг. Үүнийг үзэгчид ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

Гэхдээ энд нэг зүй­лийг хэлье. Монголын мэргэж­лийн байгууллага, уран бү­тээлчид бүгдээрээ хошин шог тоглож болохгүй. Бүгдээ­­рээ драмын жүжиг тавьж болохгүй. Энэ утгаараа ма­най театрын эрхэм зорилго ч маш энгийн. “Мэргэжлийн өндөр түвшинд чанартай уран бүтээл туурвиж, ард түмнийг соён гэгээрүүлэх, тэдний оюуны хөтөч нь байх” гэж.

Яагаад ингэж хэлж байна гэхээр энэхүү эрхэм зорилгыг биелүүлэхийн тулд театрт төр дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Өнөөдөр нэг хэсэг нь урлаг уран бүтээлээрээ бизнес хийж байна. Үүнийг би буруутгахгүй. Гэхдээ бүгд бизнесийн зорилготой бүтээл туурвиж болохгүй биз дээ.

-Тантай санал нэг байна?
-Соёл урлагийн салбарт ажиллаж байгаа хүмүүс ард түмнээсээ нэг алхмын өмнө нь байх ёстой. Ийм бичигдээгүй хууль бий.
Харамсалтай нь энэхүү эрхэм зорилго маань тө­дийлэн биелэгдэхгүй байна. Эцсийн эцэст улс эх ор­ны том эрх ашиг хаана явж байна гэдгийг бодох хэрэгтэй. Тэнд л бид үйлчлэх үүрэгтэй.

-Нэг хэсэг театр гэлтгүй соёл, урлагийн салбар өнчин хүүхэд шиг л явлаа. Харин шинэчлэлийн Засгийн га­зар байгуулагдснаар энэ салбар өөрийн гэсэн яамтай болсон?
-Үнэн л дээ. Үнэхээр бид нэг хэсэг өнчин хүүхэд шиг явсан. Нэг үе төр засаг ч хүнд соёл, урлагийн эрэлт хэрэгцээ байдаггүй юм шиг аашилсан. Хүн ном уншиж, хөгжим сонсч, кино үзэж, театрт очихгүй юм шиг л байлаа шүү дээ. Гэхдээ энэ бол том эндүүрэл байсан. Өнөөдөр цаг үе өөр болж байна. Театр урлагийн түв­шин, түүнийгээ дагаад иргэдийн үзэл бодол ч өөрчлөгдөж байна.

-Тийм ээ, тантай санал нэг байна. Үнэхээр үзэгчид нэг үеэ бодоход театрт оч­дог, тэр хэрээр шинэ, соргог жүжиг үзэхийг хүсч, хүлээдэг болж. Театрын хамт олон Соёл, спорт, ая­лал жуулчлалын яамтай хэр уялдаа, холбоотой ажил­лаж байна вэ?
-Энэ асуултад хариу­лахын өмнө 1990 оны ард­чил­сан хувьсгалын дараа соёл, урлагийн байгууллага ямар хүнд байдалд орсон тухай ярих хэрэгтэй байх.

-Тэг л дээ?
-Улс орон зэх зээлийн эдийн засагт шилжсэн шүү дээ. Бүх зүйл тэрхүү зах зээ­­­лийнхээ голдирлоор явах юм шиг санасан. Гэтэл тэр голдирлоор нь явдаг­гүй салбар гэж байна шүү дээ. Үүнийг тооцоолж үзэл­­­гүйгээр “соёл, урлаг Мон­голд хэрэггүй ээ” гээд яамгүй болгочихсон.

Ингэснээр энэ салбар төр засгийн бодлого, ямар ч зохицуулалтгүй болсон. Энэ нь Монголын соёл, урлагийн хөгжилд үнэхээр уналт, ухралт гэж байдаг бол түүнийг нь авч ирсэн. Харин 2007 онд Соёл урлагийн ажилтнуудын улсын зөвлөгөөн болсон юм. Тэр зөвлөгөөн дээр бид хэд хэдэн асуудлыг дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл төр засгаас зайлшгүй шийдвэрлэх ёстой зүйлээ дээш нь уламжилсан гэсэн үг л дээ.

Улмаар 2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд соёл гэдэг үгээр эхэлсэн яамтай боллоо. Монголын соёл, урлагийг хөгжүүлэх, шинэ шатанд авч ирэх төлөвлөгөө тусгагдсан. Тэрхүү төлөв­лөгөө, программынхаа дагуу яам болон урлагийн байгууллагууд өнөөг хэр нь хамтарч ажиллаж байна даа.

-Тэгэхээр сүүлийн үед тайзнаа амилж байгаа том бүтээлүүд төр засгийн дэмж­лэгтэйгээр үзэгчдийн хүртээл болж байгаа гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Манай театрын зүгээс өнгөр­­сөн онд шинэ уран бүтээ­лүүддээ санхүүгийн дэмж­лэг үзүүлэхийг яаманд улам­жилсан. Тэд ч уриал­гахан хүлээж авсан. Өмнө нь төр засаг байр, дулаанаар нь хан­гаж, хүмүүст нь хэдэн төгрөг л өгдөг байлаа шүү дээ. Ингэхдээ гол зүйл бо­лох уран бүтээлийг маань санхүү­жүүлдэггүй байсан.

Харин өнгөрсөн онд “Кихот ноён”, “Эцсийн зог­соол зөвхөн чи”, “Норовын намтар” зэрэг шинэ уран бүтээл хийлээ. Зөвхөн уран бү­тээлийг маань дэмжиж яамнаас 200-гаад сая төгрөг олгосон.

-Харин энэ жилийн хувьд?
-Энэ жил улс орны эдийн засаг амаргүй байх шиг байна. Гэхдээ бид зүгээр суусангүй. Яамнаасаа бага зэргийн дэмжлэг авсан. Хамтарч ажиллаад уран бүтээлээ хийж байна. Ам нээвэл уушги нээ гэдэг. Энд зориуд нэг зүйл хэлэхийг хүсч байна.

-Юу тэр билээ?
-Цаашид ямар ч засгийн газар гарч ирсэн соёл, ур­лагийн салбарыг хариуцах нэгжгүй, төрийн аппаратгүй орхиж болохгүй. Үүнээс болж нэг хэсэг Монголын соёл, урлагийн салбарт үнэлж баршгүй хохирол учир­­сан. Энэ алдаагаа ямар ч төр засаг битгий да­в­таасай. Соёлын яамыг байнга байлгаж, их холыг бодсон улстөрийн бодлого явуулаасай гэж хүсч байна.

-Ирэх онуудад Улсын драмын эрдмийн театрын хамт олон үзэгчдэдээ ямар бэлэг барихаар зэхэж бай­на вэ?
-Манай театр 2014 онд то­дорхой ажлууд төлөв­лөсөн. Сүүлийн таван жилд 30 гаруй бүтээл хийсэн байна. Энэ бүтээлүүд манай театрын урын санд бий. Түү­нийгээ үзэгч түмэндээ үзүүлэхийг түлхүү анхаарч ажиллаж байна.

Гэхдээ манай театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар 2014 оны ажил төлөвлөж байхад нэг санал ирүүлсэн. Театрт бэсрэг жүжгийн төсөл хэрэгжүүлмээр бай­на. Гадны уралдаан тэм­цээнд оролцоход тайз, жүжигч­дийн хувьд их цомхон. Тэр ч битгий хэл хөдөө, орон нутагт аялан тоглолтоор явахад ч зардал бага, үзэгч­дэд олон талын ач холбог­долтой.

Нөгөөтэйгүүр төс­лийн зорилго долоон өөр найруулагчийн долоон өөр уран бүтээл хийнэ. Энэ ч утгаараа уран бүтээлийн эрэл хайгуул хийх, өрсөл­дөөн бий болгох зэрэг олон давуу талтай гэж. Энэ төс­лийн хүрээнд эхний та­ван жүжгийг үзэгчдэдээ хүр­гээд байна. Одоо үлдсэн хоёр жүжиг дээр ажиллаж бай­на. Ирэх аравдугаар сард үзэгч­дийн бүртээл болно. Яг одоогоор бол 2015 онд театр хийх ажлаа төлөвлөж байна.

-Тухайлбал?
Найруулагч Н.Наран­баатарын санаачил­гаар “Үнэний хаан Будда” гэж сайхан жүжиг тавих гэж байна. Одоо зохиолыг нь бичүүлэх гээд захиалчихсан байгаа. Өнөөг хэр нь бүрэн хэмжээний бурхан багшийн тухай жүжиг тайзнаа нэг ч тавигдаж байгаагүй юм билээ. Ирэх ондоо багтааж үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна даа.

Нөгөөтэйгүүр хөрөнгө мөнгөнийх нь боломж гар­даг бол Н.Наранбаатар найруулагч алдарт “Ромео жульетта”-г тайзны бүтээл болгохыг мөрөөддөг юм. Олон жилийнх нь мөрөөдөл л дөө. Уран бүтээл туурвина, хийнэ гэдэг бол тайз дэл­гэцийн тухайн уран бүтээ­лийн эмзэглэл байдаг юм болов уу гэж би боддог.

Тий­мээс Н.Наранбаатар найруу­лагчийн төслийг хэрэг­жүүлэхээр ажил­лаж байна. 1980-аад онд тавигдаж байсан “Үгүй­лэгдсэн хайр”, “гарын таван хуруу” жүжгийг шинээр тайзны бүтээл болгохоор төлөвлөж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Төрбат

Эх сурвалж: