sonin.mn

Бүтээлч хамтын ажиллагаа" нэгдсэн чуулга уулзалтыг зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатартай ярилцлаа.

-Гадаад харилцааны яам, "Цахим өртөө холбоо" төрийн бус байгууллага хамтран "Бүтээлч хамтын ажиллагаа" сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтын зорилго юу вэ. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Гадаад бодлогын үзэл баримтлалд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хилийн чанадад байгаа иргэдийнхээ сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонсож төрөөс шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх зорилгоор энэ удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Гадаад харилцааны яам "Цахим өртөө холбоо" төрийн бус байгууллагатай хамтарч энэ удаагийн чуулга уулзалтыг "Бүтээлч хамтын ажиллагаа" нэрийн дор зохион байгуулж төр засгийн холбогдох байгууллагуудаас дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол иргэдийнхээ төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам идэвхжүүлэх, тэдний явуулж буй үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхэд чуулга уулзалтын зорилго оршино.

Хилийн чанадад ажиллаж сурч байгаа монголчууд маань сурсан мэдсэнээ хуваалцдаг, тодорхой асуудал дэвшуүлэн хэлэлцдэг "Монгол орны хөгжилд" чуулга уулзалтыг Британийн монголчуудын санаачлагаар 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд 10 жилийн ой нь тохиож байна.

Тэд маань 10 дахь удаагийн чуулга уулзалтаа анх удаа эх орондоо зохион байгуулахаар тогтсон нь манай Гадаад харилцааны яамнаас санаачилсан чуулга уулзалтын ерөнхий зорилготой нийцэж байгаа тул хамтатган зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Уулзалтын үр дүн бодитой харагдах, үлдэцтэй зүйл байх ёстой гэж үзэж байна.

Тухайлбал, чуулганы үйл ажиллагаанд оролцож буй холбоод маань хамтраад "Холбоодын зөвлөл" буюу нэгдсэн нэг удирдах зөвлөлтэй, төртэй харилцах эрх бүхий бүтэц байгуулах талаар зарчмын хувьд урьдчилан санал нэгдээд байна.

Чуулганы хоёр дахь өдөр нийт цугласан төлөөлөгчид зөвлөлийнхөө бүтэц дүрмийг хэлэлцэх юм. Хоёрдугаарт, төрөөс дээрх холбоо нийгэмлэг, ТББ-ын үйл ажиллагааг тууштай дэмжих, хамтран ажиллахад чиглэсэн бодлогын баримт бичгийн төслийг чуулганаараа хэлэлцэж тер, төрийн бус байгууллагын эргэх холбоог шинэ шатанд гаргах зорилт тавьж байна.

-Чуулга уулзалтад хэдэн хүн оролцох вэ?
-Чуулга уулзалтад АНУ, Англи, Швейцарь, Солонгос, Япон, Португал, Канад зэрэг дэлхийн 22 улс дахь монголчуудын холбоо, нийгэмлэгийн 90 орчим төлөөлөгч, "Цахим өртөө холбоо" ТББ-ын илтгэгч, судлаачид, дотоодын яам, агентлаг, холбогдох байгууллагын төлөөлөл бүхий нийт 140-150 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна. Энэ чуулга уулзалтанд онцгой ач холбогдол өгч, гадаад орнуудаас зорин ирж байгаа нийт төлөөлөгчиддөө энэ дашрамд талархал илэрхийлье.

-Хилийн чанадад хичнээн монгол иргэд ажиллаж амьдарч, хэдэн холбоо, ТББ үйл ажиллагаагаа явуулдаг вэ?
-Энэ оны есдүгээр сарын 1-ний байдлаар хилийн чанадад манай улсын 113096 иргэн ажиллаж, амьдарч байна. Үүнээс 29714 оюутан сурагч, 22789 нь албан ёсоор хөдөлмөр эрхлэгч, 18563 нь албан ёсоор оршин суух зөвшөөрөл бүхий иргэд, 6142 суугаа орондоо цагаачлах эрх авсан Монгол Улсын иргэд.

Түүнчлэн 15000 нь визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж буй иргэд, 19000 гаруй нь цагаачлах эрх авахаар суугаа орны холбогдох байгууллагад хүсэлтээ өгч хариу хүлээж байгаа иргэд байна. Манай иргэдээс АНУ-д 30 мянга, БНСУ-д 26 мянга, Англид 6500, БНЧУ-д 5320, Орост 2162, Японд 5000, Швед 4100, Германд 5610 хүн аж төрж байна.

Гадаадад байгаа иргэдийн маань үүсгэл санаачилгаар нийт 25 улсад 87, тивийн болон бүсчилсэн олон улсын шинжтэй 8 төрийн бус байгууллага, холбоод үйл ажиллагаагаа явуулж байна.

Тэдгээрээс ёс заншил, хэл, боловсролын чиглэлээр 14, оюутан залуусын холбоо 20, нийгэм хүмүүнлэгийн буюу монгол иргэдийн холбоо 40, спортын чиглэлээр найм, соёл урлагийн 30 гэх мэт төрөл бүрийн зорилгоор нэгдсэн байна.

-ГХЯ-наас хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад тэдгээр ТББ, холбоодтой хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ажил нь дан ганц манай ДТГ-уудын ажил биш. Энэ үйлсэд тухайн оронд амьдарч буй манай иргэдийн идэвх санаачлага ч их чухал. Товчдоо ЭСЯ-Иргэн хооронд нягт хамтын ажиллагаа шаардсан амьд холбоо гол ажлыг нугалдаг.

Урлаг соёлын арга хэмжээ, Үндэсний баяр ёслолыг хамтдаа тэмдэглэх, монгол соёл ёс заншлаа сурталчлахаас эхлээд хүний газар бэрхшээл тулгарсан нутаг нэгтэндээ тус дэм үзүулэх гээд ергөн хүрээнд бид хамтран ажилладаг.

Тухайлбал, Чех, Орос дахь монголчууд маань биеийн байдал нь эрс муудсан монгол эмэгтэйг эх орондоо буцахад нь зориулж хандив цуглуулж байв. Мөн Сингапур, Тайландад суралцаж байгаа оюутнууд, Франц дахь монголчуудын холбооноос ч бас энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

-Чуулга уулзалтад гадаадад байгаа монголчуудын холбоод, ТББ-ууд болон гадаадад байгаа мон-гол иргэд хэрхэн оролцох вэ? Хүссэн хүн болгон уг уулзалтад оролцож болох уу?
-Сонирхсон хүн бүр оролцож, санал бодлоо илэрхийлэхийг хүсч байгаа нь мэдээж. Гэвч чуулганыг зохион байгуулах танхимын багтаамжаас шалтгаалан үйл ажиллагаанд биечлэн оролцох хүний тоог 150 байхаар хязгаарласан. Харин энэ нэгдсэн чуулга уулзалтын маань мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа NTV телевиз чуулганы үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулах бөгөөд Юнивишн компани нь дэлхийн хаанаас ч холбогдож үзэж болох Anywhere үйлчилгээндээ үнэ төлбөргүй байрлуулж, дэмжлэг үзүүлэхээр болж байгааг онцлон хэлэхэд таатай байна.

Гадаадад байгаа иргэддээ онлайнаар шууд үзэх боломжийг бүрдүүлэх зорилгоор тусгай суваг нээж, интернэтэд байршуулах бэлтгэлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, манай Гадаад харилцааны яамны вэбсайт дээрх холбоосоор шууд үзэх боломжтой.

Хөтөлбөр ёсоор Улаанбаатарын цагаар 11.30-12.30 цагт асуулт хариулт, чөлөөт хэлэлцүүлэг өрнөх бөгөөд энэ хэсэгт гадаад, дотоодоос иргэд маань өөрийн сонирхсон асуулт, санал бодлоо нээлттэй илэрхийлэх боломжтой юм. Энэ тухай дэлгэрэнгүй заавар мэдээллийг яамны вэбсайт, Цахим эртөө холбооны вэб сайтад байрлуулаад байна.

-Ер нь гадаадад амьдарч байгаа манай иргэдэд нийтлэг тулгарч байгаа бэрхшээл юу байна, ямар асуудлаар ЭСЯ-дад хамгийн их хандаж байна вэ?
-Гадаад орнуудад суралцаж, хөдөлмөрлөж байгаа зарим иргэд маань тухайн улсынхаа хууль тогтоомж, хэв журмыг зөрчих явдал гарсаар байна. Тэд бичиг баримтаа гээгдүүлэх, хууль бусаар оршин суух, хэрэг төвөгт холбогдох явдал байсаар байна.

Монголын төр засгаас иргэдээ хилийн чанадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор бүх талын арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байгаа ч иргэд маань дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. Ардаа иргэнээ хамгаалах төртэй ч хууль зөрчсөн л бол зохих хариуцлагаа хүлээдэг.

Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд манай 196 иргэн хилийн чанадад хэрэг зөрчилд холбогдож, 62 иргэн нас барсан харамсалтай тоо гарлаа. Ял эдэлж байгаа 145 иргэн, одоо хууль хяналтын байгууллагад хэрэг нь шалгагдаж байгаа 157 иргэн байгаа нь сэтгэл эмзэглүүлэхгүй байхын аргагүй.

-Гадаадад байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна, цаашид анхаарч хэрэгжүүлэх ажлуудаасаа дурдана уу?
-Гадаадад харилцааны яам, Консулын газраас хилийн чанадад байгаа монгол иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн зорчих нөхцөлийг хенгөвчлөх, консулын төлөөллийг бэхжүүлэх, иргэд, байгууллагад консулын үйлчилгээг нээлттэй, чанартай, түргэн шуурхай хүргэх зорилт тавьж ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд нэн тэргүүнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх, консул эрх зүйн туслалцааг иргэддээ ойртуулах үүднээс ДТГ-ын байршлыг шинэчлэн тогтоох шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Тухайлбал, Индонез, Бразил улсад Элчин сайдын яам, Туркийн Истанбул, Киргизийн Бишкект Ерөнхий Консулын газар, Хятадын Хайлаар, Солонгосын Пусанд Консулын газар нээж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, эрүүгийн болон иргэний хэргийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хэлэлцээрийг хэд хэдэн улстай байгуулахаар ажиллаж байна.

Ялтан шилжүүлэх хэлэлцээрийг БНХАУ-тай эцэслэн байгууллаа, БНСУ-тай байгуулсан гэрээний хүрээнд энэ онд дөрвөн ялтныг шилжүүлэн авч, цаашид БНКазУ-аас хоёр иргэнээ шилжүүлэн авахаар ажиллаж байна.

Хилийн чанадад аж төрж буй иргэдийнхээ бодит эрх ашгийг хамгаалах, нэн ялангуяа хүнд хэцүү зовлон бэрхшээл тохиолдсон үед нь анхан шатны санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлэх явдал бидний үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг тул "Иргэдэд туслах сан"-гаас 2014 он гарснаас хойш 32 иргэнд 94,1 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгоод байна.

Түүнчлэн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон иргэдийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, бичиг баримт олгож эх оронд нь буцаах журам батлуулан ажиллаж байна.

П.Дөлгөөн

Эх сурвалж: