sonin.mn

Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн багш, Б.Зоригтой цохивор хөгжмийн талаар ярилцлаа.

-Хөгжмийн зэмсэг бүр өөр өөрийн сайхан давуу чанартай байдаг шүү дээ. Тэгвэл таны хувьд цохивор хөгжмийн сайхан нь юундаа байдаг вэ?


-Монголд цохивор хөгжмийн зэмсгийн 40 гаруй төрөл байдаг. Энэ бүхэн нэг найрал хөгжим болж чаддаг учраас хамгийн сайхан чанар нь юм болов уу гэж боддог. Тэр төрлүүд дотор цохидог, сэгсэрдэг, мааждаг, малтдаг, хусдаг хэсгүүд ч байдаг.

Энэ утгаараа найрал хөгжмүүдээс аялгуу хамгийн баян тансаг нь юм. 2006 оноос хойш манай улс жинхэнэ утгаараа цохивор хөгжмийн иж бүрэн зэмсэгтэй болсон.

1985 онд зөвхөн мөрөөдөл төдий байсан бол 2006 онд бодит биеллээ олсон. 2007 оноос цохивор хөгжмийн найруулга тавьж, том уран бүтээлүүдийг туурвиж эхэлсэн. Дэлхийн сонгодгийг Монголд тоглож, Монгол ардын урлагийг цохивор хөгжмөөр дамжуулан түгээх нь бидний зорилт.

-Шавь нараараа бахархдаг биз дээ?


-1985 оноос хойш төгссөн шавь нар маань одоо Япон, Солонгос, Америк зэрэг дэлхийн олон газар ажиллаж, амьдарч байна. “Бөртэ” хамтлагт тоглодог байсан Б.Ганхөлөг, “Алтан ураг" хамтлагийн эмэгтэй бөмбөрчин Болортунгалаг, Монгол Улсын Морин хуурын чуулгад тоглодог Жавзандулам, Гантулга гээд олон сайхан шавь нар байна. Энхбаяр маань олон улсын чанартай хоёр уралдаанд түрүүллээ.

-Манай цохивор хөгжимчид олон улсын тэмцээн уралдаанд хэр их оролцдог вэ?


-Цохивор хөгжмийн төрөл маш олон учраас дэлхийн аль нэг хотод маримба гэдэг хөгжмийн зэмсгээр дагнасан уралдаан болж байхад өөр хотод дан бөмбөрөөр дагнасан уралдаан болж байдаг. Манай улс спортынхныг дэмжиж байгаа шигээ урлагийг 100 хувь дэмжих болоогүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд улс эх орон оюуны хөдөлмөрийг хүндэлж дээдэлж эхэлж байна.

Тиймээс урлагийнхныг болон урлагийн чиглэлээр сурч буй хүүхдүүдийг дэмжиж, олон улсын уралдаан тэмцээнд оролцох нөхцлөөр нь хангаж өгвөл тэд ч урмыг нь хугалахгүй, улс эх орныхоо нэрииг өндөрт өргөөд гараад ирж чадна гэж би хувьдаа итгэлтэй байна.

-Та ая найруулж, түүнийгээ тайзан дээр цохивор хөгжмөөр дамжуулан олонд хүртээдэг. Таны уран бүтээлийн санд хичнээн байдаг вэ?


-Энийг ярихаар өөрийгөө магтсан болох байх даа. Найруулга гэдэг өөрөө ая зохиохоос арай доогуур түвшнийх юм шиг хэрнээ асар их зүйлийг өөртөө агуулсан байдаг. Би оюутан байхдаа дэлхийн хэмжээний сонгодог аяыг бүгдийг нь тоглож байсан.

Тэр үеэс цуглуулдаг байсан миний пянзны цуглуулга одоог хүртэл бий. Миний цуглуулга Монгол Улсдаа хоёрт орох том цуглуулга. Би тэр бүх аяыг чихэндээ суулгаад авчихсан учраас найруулгаа хийхэд миний найруулга өндөр түвшинд найруулагдаж, хүмүүсийн дэлхиин хэмжээний сонгодог симфони найрал хөгжмүүд байдаг.

Жишээ нь Бетховены алдарт IX симфонийн хоёрдугаар анги скерцо юм. Зарим хүн үүнийг цохивор хөгжим дээр тоглосон гэхээр итгэхгүй байх л даа. Мөн симфони найрал хөгжмийн хэмжээнд тоглож чадахгүй л дээ.

Гэхдээ бид энэ симфонийр хөрвүүлж найруулан амжилттай тоглож чадсан. Үүнээс гадна хэд хэдэн дуурийн удиртгалууд болон алдартай бүжгэн жүжиг болох Ж.Бизе, Р.Шедриний хамтын бүтээл “Кармен” сюитээс тоглосон.

Харин Монголын сонгодгуудаас гэвэл Э.Чойдогийн “Миний сайхан орон”, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн “Алтан өргөө”, Н.Жанцанноровын “Хутагтын сахиус” зэрэг Монголынхоо сор болсон бүтээлүүдийг цохивор хөгжмийн чуулгаараа дахин тайзнаа тоглосон.

Б.Зээхүү

Эх сурвалж: "Соёмбо" сонин